Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 01733

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/01733

 

 

 

Д.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01583 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Оийн хариуцагч Т.Дд холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч  Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Т.Д нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр н.Отгонбаяр гэдэг хүнээр хэлүүлэн өөрийн данс руугаа 3 000 000 төгрөг болон 2 000 000 төгрөгөөр хоёр хувааж нэг өдөр нийдээ 5 000 000 төгрөгийг надаас шилжүүлүүлэн авсан. Би энэ хүнээс мөнгөө авах гэж утсаар өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан ярьсан боловч өгөхгүй байгаа.  Би энэ хүнд өргүй, мөнгө өгөх үүрэггүй. Гэтэл энэ хүн надаас үндэслэлгүйгээр 5 000 000 төгрөг авч хөрөнгөжсөн. Иймээс үндэслэлгүйгээр надаас авах өр авлага байхгүй атлаа өөрийн өмчлөлд авсан 5 000 000 төгрөгийг Дэлгэрмөрөнгөөс гаргуулан өгнө үү гэжээ.

            Хариуцагч Т.Д шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О, түүний нөхөр Б.Ганбаатар нарыг Т.Д нь огт зүс танихгүй, мэдэхгүй ба тэднээс ямар нэгэн мөнгө өгөөч гэж гуйж худал хэлж авсан зүйл байхгүй. Харин Д.Оийн өөрийн нэхэмжлэлдээ дурьдсанаар Д.О нь Р.Отгонбаяр гэх хүнтэй харилцан тохиролцон, түүний хүсэлтээр мөнгийг шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлдээ 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Р.Отгонбаяр  гэдэг хүнээр дамжуулсан гэж хэлсэн. Р.Отгонбаяр нь Д.Оөөс надан мөнгөний хэрэг гарлаа гэж гуйгаад Т.Д гэх хүний данс руу шилжүүлээч гэж хэлсэн байдаг. Энэ асуудал нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шийдвэр дээр нэхэмжлэгч Д.Оийн нөхөр болох Б.Ганбаатар нь Р.Отгонбаярын гуйлтаар 17 000 000 төгрөг зээлээд, 12 000 000 төгрөгийн бэлэн мөнгөөр өгөөд үлдэх 5 000 000 төгрөгийг нь түүний хэлсэн данс болох Т.Дгийн данс руу хийсэн гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Т.Д нь Д.Оөөс мөнгө гуйгаагүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон баримтыг нотлохгүй гэж заасан байдаг. Р.Отгонбаяр нь Д.Оийн нөхөр Б.Ганбаатараас мөнгө зээлээд уг зээлсэн мөнгөө Т.Дгийн 5556354621 данс руу нь 5 000 000 төгрөг хийсэн гэж мэдүүлдэг. 2017 онд Р.Отгонбаяр нь Д.Оийн 5556450520 данс руу гурван удаагийн шилжүүлгээр нийт 5 360 000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Т.Дгийн данс руу Р.Отгонбаяр гуйлгаад хийсэн гэх 5 000 000 төгрөг нь эргээд 5 360 000 төгрөг болж Д.Оийн дансанд орсон баримтууд нь хэрэгт авагдсан байгаа. Д.Оийн нөхөр Б.Ганбаатар нь Хархорин сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан. Тухайн шүүхийн шийдвэрт дурдсанаар Р.Отгонбаярын эхнэр болох Ч.Батхуягаас Д.Оийн нөхөр болох Б.Ганбаатарийн дансанд гурван удаа 2 655 000 төгрөг орсон гэдгийг нь шүүхийн шийдвэр дээр дурдаад Д.Ганбаатар нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл Р.Отгонбаяр нь 8 015 000 төгрөгийг төлсөн байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Т.Дгөөс 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбо давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг ноцтойгоор зөрчсөн. Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг зөрчсөн. Д.О нь 2017 оны 10 сарын 11-ний өдөр Т.Дгийн данс руу 2 000 000, 3 000 000 төгрөгөөр цувуулан 5 000 000 төгрөг хийсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр болон нэхэмжлэлийн тайлбарт Т.Д Д.Отэй ямар ч өр зээл, бусад мөнгөний харилцаа байхүй гэдгээ илэрхийлдэг, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод байгаа шүүхийн шийдвэрт энэ хэргийн зохигчид огт оролцоогүй, мөн шийдвэрээр Т.Дгийн Д.Оөөс авсан 5 сая төгрөгийг өөр хэн нэгэнд өгүүлэхээр заасан зүйл огт байхгүй, харин ч хариуцагчийн төлөөлөгч өөрөө уг шүүх хурал дээр Т.Дгийн авсан мөнгийг Т.Дгөөс өөрөөс нь гаргуул гэсэн агуулгатай зүйл ярьсан байдаг. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 заалтуудыг зөрчиж, хэргийг буруу шийдвэрлэсэн байдаг тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Б.Оюунтөгс нь хариуцагч Т.Дд холбогдуулан 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл, тэмдэглэлд дурдсан мэдээлэл нь нотлох баримт болно.

Гэтэл анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01583 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, нотлох баримтыг шинжилсэн байдал тусгагдаагүй байх тул шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт заасан дэгийн дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. / 1хх-ийн 30-31/

Анхан шатны шүүх хуралдааныг хуулиар тогтоосон дэгийн дагуу явуулаагүй нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарах бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцыг нэг бүрчлэн  агуулгыг нь алдагдуулахгүйгээр үйлдэх учиртай, үүнд шүүх хуралдааны даргалагч хяналт тавих үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүхийн дээрх алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлд хамаарах тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01583 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

                                         ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

                                                                                            Б.НАРМАНДАХ