| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Орсоогийн Батдорж |
| Хэргийн индекс | 124/2024/0005/З |
| Дугаар | 124/ШШ2024/0010 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 124/ШШ2024/0010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 2 дугаар багт оршин суух, Б овогт У-ийн Б,
Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга нарын хооронд үүссэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг, нэхэмжлэгч У.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Увс аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/116 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч У.Б 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт байрлах Наран халх гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар 800 м.кв газар эзэмших хүсэлтийг Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан.
2.2. Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/388 дугаартай захирамжаар нэхэмжлэгч У.Б-д тухайн байршилд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгожээ. (Хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас)
2.3. 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ц.Н-аас ...миний өвөлжөөний газрыг бусдад эзэмшүүлсэн тухай гомдлыг Увс аймгийн Засаг даргад гаргаснаар нэхэмжлэгчид өвөлжөө, хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/388 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. (Хавтаст хэргийн 9, 26 дугаар хуудас)
2.4. У.Б Увс аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/116 дугаартай захирамжийг эс зөвшөөрч 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч У.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/388 дугаартай захирамжаар олгосон, 0000140624 дугаартай гэрчилгээтэй өвөлжөөг 1997 онд эцэг Д.Б-тай хамт барьж, 1997-2003 оныг хүртэл өвөлжиж байсан. Өвөлжиж байх хугацаанд том охин 1998 онд төрсөн, 1 дүгээр хүү 2000 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2 ихэр хүү тухайн өвөлжөөн дээр төрсөн. 2000 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрөхөд хамт айллаж өвөлжиж байсан. 2003 онд эрүүл мэндийн шаардлагаар Улаангом сум орохдоо хүргэн С.Г-т өвөлжөөгөө захиж үлдээсэн боловч С.Г 2003 оноос хойш 2-3 жил өвөлжиж байгаад Улаангом сум орохдоо өвөлжөөн дээр барьсан хашааны хагас модыг өөрөө ачиж аваад, хагас модыг нь Ц.Н-д худалдаж, миний өвөлжөөн дээр 1 ширхэг шУг нь амбаар (хашаа) үлдээсэн байдаг. Хэсэг хугацаанд эзэнгүй байсан өвөлжөөний газарт айлууд ирж отроор бууж 10-20 хоноод нүүдэг байсан. Зарим нь айл хэлж зарим айлууд хэлэхгүйгээр оторлодог байсан. 2014 оноос одоог хүртэл би өөрийн өвөлжөөний газраа Н.А гэх айлд харж байхыг захисан. Учир нь манай өвөлжөөний хажууд байрлах З.Ш-ын өвөлжөөн дээр 2014 онд Н.А гэх айл нүүж очсоноор би өөрийнхөө малаа маллуулж эхэлсэн бөгөөд одоог хүртэл маллуулж байгаа болно. 2014 оноос хойших онуудад Ц.Н нь отрын гэрээрээ бууж 10-20 хоноод нүүдэг байсан. Гэтэл 2022 онд манай өвөлжөө буюу Наран халхын дунд өтөг гэх газар П.Э гэх айл өвөлжихөөр бууж байна гэх мэдээлэл Н.А хэлснээр би өвөлжөөний газрын гэрчилгээ авахаар 2022 оны 10 дугаар сард Увс аймгийн ГХБХБГ-т хувийн өргөдөл өгөхөд ...багийн засаг даргын тодорхойлолт материал бүрдүүлж өгөөрэй гэснээс өөр материал шаардаагүй бөгөөд тухайн гэрчилгээ нь газар төлөвлөлтөд орж байж хүчин төгөлдөр болохыг сануулж, зөвлөж хэлээгүй. Гэтэл 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн захиргааны хууль зүйн мэргэжилтэн Э.Н миний гэрчилгээг газар төлөвлөлтөд орж байж хүчин төгөлдөр байх ёстой гэж тайлбарласан. Хууль зүйн мэргэжилтэн Э.Н-тай очиж уулзахдаа Д.Б, С.Г, Н.А зэрэг гэрчлэх хүмүүсийг дуудаж мэдүүлэг авахыг хүсэж бичгээр бичиж өгсөн. Гэвч Увс аймгийн захиргааны хууль зүйн мэргэжилтэн Э.Н нь тухайн өвөлжөөний газартай очиж танилцаагүй, гэрчийн мэдүүлэг аваагүйгээр шийдвэр гаргасан байна. 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Л.Дэлгэрцэцэг шүүгчийн туслах н.Мөнхгэрэл надтай утсаар холбогдож таны газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон тухай хэлсэн. Ингээд аймгийн захиргаанаас очиж мэдэгдэх хуудсыг хууль зүйн мэргэжилтэн Н.Н бичиг хэргийн ажилтнаас авч өгсөн.
Иймд Увс аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/116 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд гаргасан тайлбартаа: ...Улаангом сумын 2 дугаар багийн иргэн Ц.Н Увс аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргасан. Тухайн гомдлыг хуульд заасан харьяаллын дагуу ирүүлсэн, чиг үүргийн хүрээнд урьдчилан шийдвэрлэх боломжтой гэж үзэж холбогдох байгууллагуудаас баримт бичгүүдийг авч судалж, дүгнэлт хийсний дагуу аймгийн Засаг даргын 2024 оны А/116 дугаар захирамжаар У-ийн Б гэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.
Улаангом сумын Засаг даргын Газар эзэмшүүлэх тухай 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтаар У-ийн Б-д газар эзэмшүүлэхдээ тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлээгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан төлөвлөгөөнд тусгаагүй газар байсан.
Мөн У.Б нь 2022 оноос хойш газрын төлбөрөө төлж байгаагүй, Ц.Н нь 2014 оноос хойш өдийг хүртэл 10 гаруй жил тухайн газарт өвөлжиж байгааг Ц.Н өөрөө, багийн Засаг дарга Т.Эрхэмбаяр нотолно. Газрын хувийн хэрэгт нь хээрийн болон суурин судалгаа хийсэн, хөршийн тэмдэглэл үйлдсэн баримтгүй байсан. Иймд У-ийн Б-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. У.Б нь Увс аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/166 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
3. Нэхэмжлэгчээс ...тухайн өвөлжөөг 1997 онд эцэг Д.Б-ийн хамт барьж, 1997-2003 оныг хүртэл өвөлжиж байсан. ...2022 оны 10 дугаар сард Увс аймгийн ГХБХБГ-т өргөдөл өгөхөд ...багийн засаг даргын тодорхойлолт материал бүрдүүлж өгөөрэй гэснээс өөр материал шаардаагүй бөгөөд тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөлтөд орж байж хүчин төгөлдөр болохыг сануулж, зөвлөж хэлээгүй, төлөвлөгөөнд тусгагдаагүй газар эзэмшүүлсэнд намайг буруутгах үндэслэлгүй гэж тайлбарлав.
4. Хариуцагчаас ...Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/388 дугаар захирамжаар У-ийн Б-д газар эзэмшүүлэх эрх олгохдоо тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлээгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан төлөвлөгөөнд тусгаагүй, хээрийн болон суурин судалгаа хийсэн, хөршийн тэмдэглэл үйлдсэн баримтгүй байсан гэж маргаж байна.
5. Нэхэмжлэгч У.Б 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт байрлах Наран халх гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтдээ 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, тойм зураг зэрэг баримтыг хавсаргасан болох нь хэрэгт авагдсан 8516015328 дугаартай нэгж талбарын дугаартай газрын хувийн хэргээр нотлогддог. (Хавтаст хэргийн 46-49 дүгээр хуудас)
6. Гэрч Улаангом сумын газрын даамал Ч.Болд-Эрдэнэ ...нэхэмжлэгч У.Б нь өргөдөлдөө ...өмнө тухайн газарт гэрчилгээтэй байсан, гэрчилгээг шинэчилж өгнө үү гэж тусгасан байсан учир багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, маргаан бүхий газар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг шалгаж тогтоохгүйгээр Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/388 дугаар захирамжаар түүнд Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт байрлах Наран халх гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар 800 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн гэж мэдүүлсэн ба маргаан бүхий газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлэхээр тусгагдаагүй болох нь Улаангом сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын цахим системд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 59-70, 76-77, 78-90 дүгээр хуудас)
7. Иргэн Ц.Н-аас ирүүлсэн гомдлоор хариуцагч Увс аймгийн Засаг дарга хүчингүй болгох шийдвэр гаргахаас өмнө нэхэмжлэгчээс холбогдох тайлбар мэдүүлэг авч, нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулж У.Бөд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлэхээр тусгагдаагүй газар эзэмшүүлсэн, хээрийн болон суурин судалгаа хийсэн, хөршийн тэмдэглэл үйлдээгүй гэх үндэслэлээр Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/388 дугаар захирамжийн У.Бөд холбогдох хэсгийг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/116 дугаар захирамжаараа хүчингүй болгож шийдвэрлэжээ.
8. Ийнхүү газар эзэмших эрхийг цуцалсан тухай мэдэгдлийг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1/433 дугаар албан бичгээр нэхэмжлэгч У.Бөд мэдэгдсэн байна. (Хавтаст хэргийн 8 дугаар хуудас)
9. Эдгээр нөхцөл байдлаас үзвэл, Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/116 дугаар захирамжаар У.Бөд тухайн жилийн зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болохоор тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн гэх үндэслэлээр 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/166 дугаар захирамжийн У.Бөд газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцжээ.
9.1. Тодруулбал, Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/388 дугаартай захирамжаар У.Бөд Улаангом сумын 2 дугаар багт байрлах Наран халх гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар 800 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгосон газар нь Улаангом сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна., 33 дугаар зүйлийн 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана. гэж тус тус заасныг зөрчиж газар эзэмшүүлсэн байх тул хариуцагч аймгийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд сумын Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлтэй.
9.2. Өөрөөр хэлбэл, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Газрын тухай хууль тогтоомжид нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй.
10. Түүнчлэн, нэхэмжлэгчээс ...өмнө нь тухайн маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан гэж тайлбарлаж байх боловч тус шүүхэд Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн ...У.Бийн Улаангом сумын 2 дугаар багт байрлах өвөлжөө, хаваржааны зориулалтай 800 м.кв газрыг урьд нь хэн нэгэн этгээд эзэмшүүлж байгаагүй болно гэх албан бичгээр үгүйсгэгдэж байна.
11. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ гээд 60.1.1-д Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга, 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж тус тус зааснаар аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийн газар эзэмших эрх анхнаасаа хууль ёсоор үүсээгүй гэж үзэж, хүчингүй болгосон нь хуульд нийцсэн, дээд шатны захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр тул нэхэмжлэгч У.Б-ийн Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Увс аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/116 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 60.1.1 дэх заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Б-ийн гаргасан Увс аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/116 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ