Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 01732

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/01732

 

 

Б.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01886 дугаар шийдвэртэй, Б.Аын нэхэмжлэлтэй, Б.З.Д 202 Цт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А би 2015 оны 01 сарын 26-нд тус цэцэрлэгт бүлгийн багшаар ажилд орж үндсэн бүлгийн багшаар тасралтгүй 5 жил ажилласан. Ажиллах хугацаандаа хүүхдүүдийн хөгжил, хүмүүжилд хувь нэмрээ оруулж, тогтвор суурьшилтай ажиллаж байсан. Гэтэл 2019 оны 12 сарын 27-нд няягтлан бодогч Ж.Даваацэрэн надад мэдэгдэх хуудас өгсөн ба эрхлэгч Д.Цэрэндуламтай уулзаж тодруулах гэсэн боловч ажилдаа 3 хоног ирээгүй. Ингээд эрхлэгчтэй уулзаад би ажлаа хийх сонирхолтой байгаагаа хэлэхэд тэтгэмж чинь 01 сард орох учир, ажиллуулах үндэслэлгүй, ажлаа 2020 оны 01 сарын 27-нд хүлээлгэж өг гэж хэлсэн. Би тэтгэврээ тогтоолгох гэхээр 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт орж миний тэтгэвэр авах эрх зөрчигдсөн. Надад ажилдаа гаргасан алдаа дутагдал байхгүй. Үүнийг хамт олон, эцэг эхчүүд маань мэдэж байгаа. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийлгэж ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А 2015.01.26-ны өдөр бүлгийн багшаар ажилд орохдоо 3 жил ажиллаад өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгоно гэж амаар хэлсэн. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ёс зүйн зөрчил байнга гаргаж хамт олноо хэл амаар доромжилдог, хамт олонтойгоо баг болж ажиллаж чаддаггүй бөгөөд ангийнх нь хүүхдийн эцэг, эхчүүдээс багшаа солих шаардлага удаа дараа гаргаж байсан. Хамгийн сүүлд манай арга зүйч Б.Оюунмаа ажлын шаардлага тавьсаны төлөө түүнийг эсэргүүцээд зодсон бөгөөд үүнийг ахлах тогооч Б.Гэрэлтуяа харсан тул хамт олны хурал хийж сахилгын сануулах арга хэмжээ авсан. Гэхдээ миний бие энэ асуудлаар нь түүнийг ажлаас халаагүй бөгөөд түүний өөрийн хүсэлтийн дагуу л ажлаас халсан. Тэрээр 2018 оны 09 сарын 17-ны өдөр “2020 оны 01 сарын 26-ны өдрөөс насны тэтгэвэртээ гарах хүсэлтэй байна гээд тэтгэмжид хамруулж өгөөч” гэсэн өргөдлийг өгсөн. Уг өргөдлийг үндэслэн 2019 оны 06 сард тэтгэмжийн материалыг нь бүрдүүлж өгснөөр 2020 оны төсөвт суулгасан. Ингээд түүний тэтгэмж төсөвт суугдаж 2019 оны 12 сарын 26-ны өдөр мэдэгдэл гаргаж 27-ны өдөр танилцуулсан. Үүнээс хойш 2020 оны 01 сарын 13-ны өдөр Б/03 тоот тушаал гаргаад түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас халсан. Мөн тэрээр Нийслэлийн боловсролын газарт 2020 оны 01 сарын 23-ны өдөр “1 сард тэтгэврээ тогтоолгож байгаа тул тэтгэмж олгож өгөөч” гэсэн өргөдлөө өгсөн байдаг. Өндөр насны тэтгэвэрт гарах сонирхолгүй байсан бол ингэж олон өргөдөл гаргах шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Б.З.Д 202 Цт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж, дүгнэж чадаагүй. Миний бие 2015 оны 1 сарын 26-нд 202 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшаар ажилд орж ажилласан бөгөөд 2018 онд манай цэцэрлэгийн эрхлэгч Д.Цэрэндулам нь намайг тэтгэвэр авангаа энэ цэцэрлэгтээ үргэлжлүүлж ажиллах боломжтой гэж хэлж, ятган тэтгэвэр авах өргөдөл бичүүлсэн. Миний хувьд цэцэрлэгийн багшаараа үргэлжлүүлэн ажиллах бодолтой байсан боловч цэцэрлэгийн эрхлэгч Д.Цэрэндуламын үгэнд орж өргөдөл бичсэн юм. Гэхдээ миний бие ажлаас чөлөөлөгдөх ямар нэг хүсэлт гаргаагүй, зөвхөн тэтгэвэр авах өргөдөл бичсэн байхад өөрийн хүсэлтээр гэх үндэслэлээр чөлөөлсөнд гомдолтой. Анхан шатны шүүх өргөдлөөсөө татгалзаж, тэтгэвэрт гарахгүй гэж ажил олгогчид мэдэгдсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Нягтлан бодогч Ж.Даваацэрэн 2019 оны 12 сарын 27-ны өдөр манай гэрт ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг авчирч өгсөн. Би эрхлэгч Д.Цэрэндулам, нягтлан бодогч Ж.Даваацэрэн нарт хандаж ажлаа үргэлжүүлэн хийх хүсэлтэй байгаа талаар маш тодорхой хэлсэн. Ингээд миний бие 2020 оны 01 сарын 24-ний өдөр хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийсээр байсан бөгөөд 2020 оны 01 сарын 24-ний өдрөөс коронавирусын улмаас улс орон даяар сургууль, цэцэрлэгийг карантилсан. Ингээд цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсож, цэцэрлэгийн багш нарыг ажилдаа ирэх хэрэггүй гэсэн. Гэтэл 2020 оны 2 сард буюу цагаан сарын үед нягтлан бодогч Ж.Даваацэрэнгийн хадам эгч гэх хүн миний халагдах тушаалыг миний гэрийн хаягаар хүргэж ирсэн. Эрхлэгч Д.Цэрэндулам нь миний тэтгэвэр авах өргөдлөөр далимдуулан намайг ажлаас халж, миний эрх ашгийг зөрчлөө. Анхан шатны шүүх нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг бүх талаас нь бүрэн бодитой үнэлээгүй тул гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.З.Д 202 Цт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Б.А нь  Б.З.Д 202 Цт багшаар томилогдон 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээг сунган ажилласан байна. /хх-ийн 137-140/

Хариуцагч Б.З.Д 202 Цийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Б.Аыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон багшийн албан тушаалаас чөлөөлж, ажилтаны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажилтаны өргөдөл, тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 4, 19/

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэлээ “...Б.Аыг өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөл, хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан...” гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтан санаачилсан болон ажилтан өргөдөл өгснөөр цуцлахаар зохицуулсан.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заажээ.

Хэргийн 19 дүгээр талд авагдсан “Б.А би ... 2020 оны 01 дүгээр сарын 26-нд тэтгэвэрт гарах хүсэлтэй байгаа тул намайг 2020 оны 01 дүгээр сарын 26-нд тэтгэврийн тэтгэмжинд хамруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн хариуцагч байгууллага Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламж авах ажилтны тоонд хамруулж, төсвийг батлуулж, нэхэмжлэгч үүний дагуу тэтгэмжийн мөнгө авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон./хх-24-25, 61/ Түүнчлэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч нь энэ талаарх буюу “2020 оны 1 дүгээр сард тэтгэвэр тогтоолгох тухай” өргөдлөө Нийслэлийн боловсролын газарт гаргасан байна./хх-23/ Уг үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хугацааг зааж тэтгэмжид хамруулах тухай хүсэлт, өргөдлийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцуласан ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ. Шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн маргааныг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг хэрэгт авагдсан  нотлох баримтад харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01886 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                              ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                     Б.НАРМАНДАХ