Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

Улсын яллагч Б.Батнасан,

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Өөлд овогт Д-ийн А-д холбогдох 1716001340005 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Говь-Алтай аймгийн ..... сумын Улаан туг багт оршин суудаг, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2015 оны 11 сарын 5-ны өдөр суллагдаж байсан, ..... регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, Өөлд овогт Д-гийн А  гэв.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.А нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багийн нутаг дэвсгэрт 2017 оны 11 сарын 11-ний өдөр малын бэлчээрээс болж иргэн П.Б-гийг ташуурдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багийн нутаг дэвсгэрт 2017 оны 11 сарын 11-ний өдөр малын бэлчээрээс болж иргэн П.Б-гийг ташуурдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарчээ. Уг гэмт хэргийг шүүгдэгч Д.А  үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Д.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Б гэдэг хүн Б-ийн малыг хариулж байсан. тэр Б  гэдэг нь манай өвөлжөөний урд талд буучихсан. Тэр өвөлжөө нь манай өөрийн нэр дээр гэрчилгээ нь байдаг манай өвөлжөө байгаа юм. Хашаагүй байхад нь би энэ намар хашаа хатгасан. Б Б-ийг буулгачихаад явахаар нь Б-тэй би уулзаад манай өвөлжөө байгаа юм аа ах нь энэ дээр хашаа хатгах  гээд банз авч ирээд тавьчихсан байгаа. Тэгээд хашаа хатгана гэж хэлээд битгий шахаарай энд овоо хэдэн жил байсан. Хашаа буулгахаар хөр бууц нь гарахгүй хавар өвөлдөө ах нь түлээ муутай байна гэж хэлээд явчихсан. Тэгээд тэрнээс хойш доор дээр 2 өвөлжөөн дээр хашаа хатгаад яваад байсан. Тэгээд 1 удаа уулзахад за за ах явахгүй ээ гэсэн. Дараа нь малаа доошоо аавынд аваачиж өгчихөөд ирэхэд явж байхаар нь манай эхнэр очоод уулзаад байж байсан. Тэгээд дуудсан чинь хүрээд ир гэхээр нь очоод би чамд наснаасаа л илүү хэллээ хүний үг авдаггүй гэж хэлээд Б-ийг ташуурдсан юм. Нөгөө хамт явсан залуу нь босоод зугтаачихсан. Тэгээд тэр залуутай нь уулзахад ирээд 2, 3 хонож байна надад мэдсэн зүйл байхгүй өнөөдөржин л хүнд хөөгдлөө одоо хэд хоногоос Ба ийг дуудаад явуулъя дээр доороос хүмүүс хөөгөөд байна гэсэн. Тэгээд Б-тэй уулзъя гэхэд гэрлүүгээ явчихсан байхаар нь би гэрлүүгээ явчихсан. Тэгээд Батсүх тэрнээс 14 хоногийн дараа нүүгээд явчихсан байна лээ. Батхүлэг гэдэг нөхөртэй дараа нь уулзаад яаж байна гэхэд гайгүй багийн эмчийг дуудаж үзүүллээ тархи л болохгүй байна гээд өөрөө гэж байсан. Тэгээд аймаг ороод үзүүлэхэд тархинд нь жаахан доргилт өгчихсөн байна гэж байсан. Тэрнээс хойш уулзаж яриагүй...Ташуурдсан нь миний буруу л даа. Тэр хүмүүсийн ч гэсэн буруу аль алиных нь буруу...Хүлээн зөвшөөрч байна...800.000 төгрөгийг 3 сараар хэсэгчилсэн төлбөл болох байх...600.000 төгрөгийг сарын дотор бол төлж болох байх...” гэх мэдүүлэг,

Хохирогч П.Б-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017.11.11-ний өдрийн 12 цаг өнгөрч байх үед би малаа хариулан нутгийн залуу болох Уба/бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх хүнтэй хамт бэлчээр дээр явж байхад нэг морьтой хүн ирж байсан юм. Тэгээд тэр морь унасан хүн нь миний мал хариулж байгаа багийн иргэн А  гэх залуу байсан ба А  мэнд усны зөрүүгүй намайг шууд ташуураар толгой руу цохиж аваад намайг тонгойход мориноосоо бууж ирээд зодсон...А  эхлээд морьтой ирээд 1 удаа толгой руу ташуураар цохиж аваад мориноосоо бууж ирээд толгой хэсэг рүү ташуураар 3 удаа цохиж аваад намайг зугтахад хойноос чулуу шидсэн юм...Би зодуулсан өдрийнхөө яг 3 хоногийн дараа ухаан алдаж унасан гэж эмчид хэлсэн...” гэх мэдүүлэг/хх 22-23-рт/,

Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...А  гэх залуу мотоцикльтой эхнэр дээрээ ирээд эхнэрийнхээ унаж явсан морийг аваад Б  бид хоёр дээр ирээд мэнд усны зөрүүгүй эхлээд намайг гартаа байсан ташуураар нүүрэн хэсэг цохиж аваад шууд Б-ийг цохиж зодож эхэлсэн юм. Тэр үед А  гэх залууг барьж аваад Б-ийг зугтаалгасан юм...” гэх мэдүүлэг/хх 24-25-рт/,

Гэрч М.Д-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 11 сарын дундуур Б гэх хүн зодууллаа гэж дуудлага ирсэн юм. Тэгээд би Шарга сумын Улаан туг багийн Соёт гэх газар очиж Б-гийн биед үзлэг хийсэн юм...Ухаан санаа эрүү, биеийн ил харагдах хэсэгт шарх сорви байхгүй. Тархи хэсгийн илж үзэхэд хавдсан байсан. Тархи толгой нь хагарч цус гараагүй байсан...” гэх мэдүүлэг/хх 27-28-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч а/д Д.Д-гийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №365 “...1.Иргэн П.Б-ийн биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.

4. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 35-36-рт/,

Шинжээч эмч а/д Д.Д-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хэсгийн төлөөлөгч, дэслэгч Т.Гэндэнсүрэнгийн тогтоолоор иргэн П.Б-гийн биед үзлэг хийж, дүгнэлт гаргасан. Үзлэгээр зовиур хамар өвдөнө, дээд үүдэх шүд өвдөнө, толгой өвдөнө, гэсэн зовиуртай бодит үзлэгээр тархи доргилтийн шинжтэй, хэсэг газрын үзлэгт толгой хуухинд эмзэглэлтэй, эмнэлэгийн бичиг баримтанд тархи доргилт гэсэн эмчийн оноштой эдгээрийг үндэслэн Батхүлэгийн биед гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Тархи доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг/хх 32-33-рт/,

Шүүгдэгч Д.А-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Би өмнө нь П.Б-т манай малын бэлчээрээр малаа хариулаад яваад байхлаар нь миний уур их хүрээд би П.Б-гийг ташуурдсан юм...Би өөрийн гэм буруугаа хүлээж байгаа, хохирогчийн хохирлыг барагдуулсан, дахиж гэмт хэрэгт холбогдохгүй...” гэх мэдүүлэг/хх 45-рт/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх 64-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон шүүгдэгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хавтаст хэргийн 22-23 дугаар хуудсанд хохирогч Б.Б-гийн мэдүүлэг,  хавтаст хэргийн 27-28 дугаар хуудсанд Шарга сумын 4 дүгээр багийн, багийн их эмч М.Д-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг, хавтаст хэргийн 32-33 дугаар хуудсанд шинжээч Д.Д-гийн мэдүүлэг, хавтаст хэргийн 44-45 дугаар хуудсанд А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хавтаст хэргийн 64 дүгээр хуудсанд Д.А-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.А  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Д.А-ийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Д.А  нь шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Би гэм буруугаа хүлээж байгаа, хохирогчийн хохирлыг барагдуулсан, дахиж гэмт хэрэгт холбогдохгүй...”/хх 45-рт/ гэж мэдүүлсэн, хохирогч төлөх төлбөргүй болох нь прокурорын 2018 оны 01 сарын 11-ний өдрийн тэмдэглэл/хх 88-рт/, хохирогчийн Говь-Алтай аймгийн Прокурорын газарт ирүүлсэн хүсэлт/хх 89-рт/ зэргээр тогтоогдож байна.

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Д.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.А-ийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, шүүгдэгчийн харилцаа хандлага зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Д.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь хохиролд нэхэмжилсэн зүйлгүй, прокурор 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Д.А-ийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Д.А  нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 94-рт/ бөгөөд шүүхээс гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.А  нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “...3 сараар хэсэгчилэн төлбөл болох байх...” гэсэн хүсэлтийг шүүх харгалзаж үзэж түүнд оногдуулах торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.А  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, харин иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар шилжин ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өөлд овогт Д-гийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, харин иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар шилжин ирсэн зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА