Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 158/ШШ2024/0018

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Монгол даатгал” ХК,

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононтамир, Г.Ууганбилэг,

Хариуцагч: Булган аймгийн Засаг дарга,

Хариуцагч Булган аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар,

Хариуцагч Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,

Хариуцагч Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранбаатар нарын хоорондын  

“Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/115 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, төрийн үйлчилгээний цахим бүртгэлд өөрчлөлт оруулахыг тус газарт даалгах, Булган аймгийн Засаг даргын газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн газар эзэмших эрхийн хугацааг хүчин төгөлдөр үйлчилж буй захирамжид заасан эзэмшил газрын хэмжээгээр буюу 988 м.кв талбайн хэмжээгээр сунгахыг Булган аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Монгол даатгал” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононтамир, Г.Ууганбилэг, хариуцагч Булган аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. “Монгол даатгал” ХК нь Булган аймгийн аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан
    • Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/115 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, төрийн үйлчилгээний цахим бүртгэлд өөрчлөлт оруулахыг тус газарт даалгах,
    • Засаг даргын газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн газар эзэмших эрхийн хугацааг хүчин төгөлдөр үйлчилж буй захирамжид заасан эзэмшил газрын хэмжээгээр буюу 988 м.кв талбайн хэмжээгээр сунгахыг мөн Засаг даргад даалгуулахаар маргаж байна.
  2. Булган аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай захирамж болон 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-гээр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт 0,1668 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг нэхэмжлэгчид олгосон боловч мөн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/373 дугаар захирамжаар дээрх газрын хэмжээг “988м2”  болгон өөрчилжээ.
  3. “Монгол даатгал” ХК-ийн зүгээс газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем болон 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/80 дугаартай албан бичгээр тус тус хариуцагч Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт илгээсэн байна.
  4. Харин Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/111 дугаартай албан бичгээр “хавсралт материал дутуу” гэх үндэслэлээр хүсэлтийг буцаасан байх ба мөн сарын 15-ны өдрийн 01/115 дугаартай албан бичгээр “газрын хэмжээ зөрүүтэй байгаа тул одоо байгаа хашааны хэмжээгээр буюу 668м2 талбайгаар газрын хэмжээг өөрчлөн газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгах боломжтой” гэсэн хариуг өгчээ.
  5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ““Монгол даатгал” ХК нь Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, Жаргалантын 1266 тоот хаягт байрлах 988 м.кв талбайтай газрыг Булган аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаар захирамж, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/373 дугаар захирамж, 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх гэрээ”-ний дагуу 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа ба тус компанийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг Газрын тухай хуульд заасны дагуу төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр илгээсэн.

Гэвч цахим бүртгэлийн системд алдаа зааж, гаргасан хүсэлтийг хүлээн авсан эсэх талаар тодорхой хариу ирүүлээгүй тул 2024 оны 02 сарын 02-ны өдөр компанийн холбогдох ажилтнууд Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албатай биечлэн уулзаж тодруулахад “Танай газар 668 м.кв талбайн хэмжээтэйгээр бүртгэгдсэн байгаа тул хүсэлтийг буцааж шийдвэрлэсэн” гэх хариуг амаар өгсөн.

Мөн Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 02 сарын 14-ний өдрийн 01/111 тоот албан бичгээр “хавсралт материал дутуу” гэх шалтгаанаар хүсэлтийг буцаасан талаар мэдэгдэж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг багасгасан талбайн хэмжээгээр буюу 668 м.кв хэмжээгээр хийлгэж, хүсэлтээ дахин ирүүлэхийг шаардсан мэдэгдэх хуудас гардуулсан.

Дээрх төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системийн алдаатай бүртгэлийн улмаас манай байгууллага газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байх тул уг асуудлыг тодруулж, шийдвэрлүүлэхээр 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрүүдэд удаа дараа бичгээр хандахад Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/115 дугаартай хариу албан тоотоор “Танай байгууллагын эзэмшиж буй 6308007256 нэгж талбар нь бусдын эзэмшил газартай давхцалгүй бөгөөд аймгийн Засаг даргын 988 м.кв талбайн хэмжээг өөрчилсөн захирамж шийдвэр гараагүй. Гэвч газрын хэмжээ зөрүүтэй байгаа тул одоо байгаа хашааны хэмжээгээр буюу 668 м.кв талбайгаар газрын хэмжээг өөрчлөн, газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгах боломжтой" гэж өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захирамжилсан шинжтэй шийдвэр гаргаж мэдэгдсэн байна.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.11 дэх хэсэгт “Энэ хуулийн 29.10-т заасан шийдвэрийг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон эдэлбэр газрын бүсчлэлд нийцүүлэн аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана" гэж заасан байх бөгөөд Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа Аймгийн Засаг даргын захирамжилсан шийдвэрийг үндэслэлгүйгээр өөрчлөн, шийдвэрлэх талаар бичгээр мэдэгдэж, газар эзэмших хугацааг сунгуулах хүсэлтийг илгээхдээ талбайн хэмжээг багасгасан байдлаар ирүүлэхийг шаардаж байгаа нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5 47.1.7 дахь хэсгүүдэд тус тус заасан илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэхээр байна.

Мөн тус газар нь манай байгууллагын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн цахим бүртгэлийн алдааг залруулах талаар гаргасан хүсэлтийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй, цахим бүртгэлд өөрчлөлт оруулаагүй байх бөгөөд энэ талаар тодруулахад 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/115 дугаартай ...албан тоотоор хариу мэдэгдсэн гэх тайлбар өгч байгаа нь мөн хууль бус шийдвэр гаргаж байна гэж үзэхээр байна.

Түүнчлэн тус компанийн зүгээс дээрх нөхцөл байдлыг залруулан, газрын хугацааг сунгах асуудлыг шийдвэрлүүлэхээр 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэд бичгээр хандсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй, газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй гаргасаар байна.

Иймд Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын гаргасан 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/115 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, төрийн үйлчилгээний цахим бүртгэлд өөрчлөлт оруулахыг тус газарт даалгаж, мөн Булган аймгийн Засаг даргын газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн газар эзэмших эрхийн хугацааг хүчин төгөлдөр үйлчилж буй захирамжид заасан эзэмшил газрын хэмжээгээр буюу 988 м.кв талбайн хэмжээгээр сунгахыг Булган аймгийн засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбилэг шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Монгол даатгал” компанид 1998 оны Засаг даргын захирамжаар 0.9 га газар эзэмших гэрчилгээ олгосон. 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаартай Засаг даргын захирамжаар 1668 м.кв талбайн хэмжээ олгосон. Гэтэл 2016 оны А/373 тоот Засаг даргын захирамжаар талбайн хэмжээг багасгаад 988 м.кв гэж газар эзэмших захирамж гарсан. 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 15 жилийн хугацаагаар газар эзэмших гэрээ байгуулаад 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хугацаа дууссан. Ингээд хуульд зааснаар хүсэлтээ 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр цахимаар илгээсэн. Цахимаар илгээхэд алдаа заагаад хүсэлтийг хүлээж авсан эсэх нь мэдэгдэхгүй байсан тул 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр газрын албатай ирж уулзахад манай газрын хэмжээг 988 м.кв биш байна, бүртгэл дээр 668 м.кв гэж байна гээд хүсэлтийг буцаагаад хүсэлтээ 668 м.кв гэж өөрчилж явуул гэсэн. Талбайн хэмжээ яагаад өөрчлөгдсөн талаар асуухад хариу өгөөгүй. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Засаг даргын ямар захирамжаар талбайн хэмжээнд өөрчлөлт орсон захирамж гарсан талаар тодруулж өгнө үү гэж албан бичиг хүргүүлэхэд 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хариу ирсэн. Мөн албан бичигтээ 2 дугаар сарын 09-ний өдрийн бүртгэл буруу бичигдсэн байна уу?, тодруулж өгнө үү... Хэрэв алдаатай байгаа бол засвар оруулж хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэсэн дээр хариу ирээгүй байгаа. Гэхдээ аман байдлаар тодруулахад 2 дугаар сарын 15-ны өдөр ирсэн тоотоор 2024 оны 02 дугаар сарын 9-ний өдөр өгсөн албан бичгийн хариуг өгсөн гэсэн. Газрын албатай уулзаад Засаг даргад хүсэлтээ гаргасан. Талбайн хэмжээнд өөрчлөлт орсон эсэх, захирамжид өөрчлөлт орсон эсэхийг тодруулахад... 988 м.кв гэсэн шийдвэрт өөрчлөлт ороогүй. Хашааны хэмжээгээр 668 м.кв талбайг сунгах боломжтой гэсэн ч талбайн хэмжээг өөрчлөөд байгаа нь илт хууль бус акт байна. Шийдвэр гаргаагүй байж сунгагдана гэсэн шийдвэр яагаад гаргаж өгөөд байгаа юм. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр илт хууль бус байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, цахим бүртгэлд үнэн зөв бүртгэл орвол цахимаар хүсэлтээ илгээх боломжтой болно. Талбайн хэмжээ буруу байгаагаас болоод цахимаар хүсэлтээ илгээх боломжгүй болоод байна. Засаг дарга... Газар эзэмших хугацааг сунгах хүсэлтийг шийдэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй байна. Хүсэлт илгээсний дараа тухайн хүсэлтийг шийдэхийг Засаг даргад даалгаж өгнө үү. Газрын албаны 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.6, 47.1.7 дахь заалт, 47.2, 47.3 дахь заалтад зааснаар илт хууль бус байна... 988 м.кв гэж буруу бичигдсэн... гэх зүйл нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мэргэжлийн байгууллагын санал дүгнэлт хаана байна... Техникийн алдаа гаргасан гэж байгаа нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна... Нэхэмжлэлийн шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалттай эсэх асуудал хамаагүй. 2004, 2007, 2015 онд кадастрын зураг гаргасан. Программ хангамж ашиглаад газрын хэмжээг тогтоосон. 2016 онд олон айлд олгосон байгаа... захирамж дээр “Долоон бар” гэдэг компани ...1000 м.кв... эзэмшүүлсэн зүйл байхгүй тул энэ алдаатай болсон. Магадгүй 1668 м.кв гэж оруулах гэж байгаад 668 м.кв гэж оруулсан байх. Газрын албаны мэдээллийн ажилтны буруутай үйлдэл байгаа гэж харж байна... 1998, 2003, 2016 онуудад Монгол Улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байсан. 2020 онд гадаадын хөрөнгө оруулалттай болсон. Гадаадын хөрөнгө оруулалттай компани газар эзэмших, ашиглах хүсэлт гаргах эрхтэй. Эзэмших, ашиглах эрхийн алийг олгох нь Засаг даргын өөрийнх эрх. Цахим бүртгэл үнэн байх юм бол бид... Дахиж хүсэлтээ гаргах боломж нээгдэнэ. Хүсэлтээ гаргах боломж нээгдсэнээр ашиглахаар хүсэлтээ өгөх боломж нээгдэнэ... 988 м.кв гэсэн хэмжээгээр хүсэлтээ илгээх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Цаанаасаа 668 м.кв гэж гарч ирээд байгаа. Цахим бүртгэл хүсэлт гаргах эрхийг зөрчөөд байгаа... Хэмжилт хийсэн, хүлээн зөвшөөрсөн гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна. Хэмжилт хийсэн бол яагаад баримт байхгүй байгаа юм. Баримт байхгүй тул маргахгүй... Засаг дарга өөрийн эрх хэмжээнд багасгах ёстой ч захирамж гараагүй... Захирамж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3 дахь заалтыг зөрчсөн... Хүчинтэй байгаа гэж үзээд байгаа баримт эрх зүйн хувьд үндэслэлгүй байна. 2016, 2009 оны захирамжид заасан талбайн хэмжээгээрээ ...эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу цахим бүртгэлд бүртгэгдэх ёстой... Энэ алдааг засаж залруулбал манайх хүсэлтээ гаргамаар байна. Бид эрхээ хэрэгжүүлэх юм бол Засаг даргын 2 сарын 9-ний өдрийн хариуг өгөхгүй байгаа эс үйлдэхүйгээ залруулаад эзэмшүүлэх, ашиглуулах гэх захирамж гаргах эрх үүснэ...гэв.
  2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононтамир шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Г.Ууганбилэг төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Хариуцагч талаас “Долоон бар” ХХК-д 1000 м.кв нь хамаатай гэж байгаа ч 1000 м.кв газрыг “Долоон бар” ХХК эзэмшдэг гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Газрыг хэзээ салгаад 1000 м.кв, 668 м.кв болгосон нь тогтоогдоогүй. Засаг даргын захирамж өөрөө кадастрын зурагт өөрчлөлт оруулсан болохоос гэрчилгээ шинэчилсэн захирамж биш. Маргаж буй газар дээр очсон...гэв.
  1. Хариуцагч Булган аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ““Монгол даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна. “Монгол даатгал” ХХК-ийн Булган аймаг дахь салбарт газар эзэмших эрхийг шинэчлэн олгох үедээ буюу 2016 оны А/373 дугаар захирамжийн хавсралтын 3 дугаарт зааснаар 988 м.кв газар олгохоор тогтоосон байна. Тухайн үед техникийн алдаатай, буруу бичигдсэн буюу 668 м.кв-ыг 998 м.кв болгож бичсэн... одоо газрын цахим санд 668 м.кв-р тусгагдсан байна. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Засаг даргын захирамжийг өөрчлөх талаар захирамжлалын баримт бичиг гаргаагүй байна. Мөн нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах талаар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний 01/81 дүгээр албан бичгээр гаргасан хүсэлтэд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны 08/176 дугаар албан бичгээр хариу өгсөн бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 09-ний 01/130 дугаар албан бичигт дурдсан асуудал нь өмнө ирүүлсэн албан бичигтэй агуулга адилхан учир хариуг өгсөн гэж үзсэн байна. Иймд “Монгол даатгал” ХХК-ийн Булган аймаг дахь салбарт олгосон эзэмшил газрын хэмжээгээр буюу 988 м.кв талбайн хэмжээгээр сунгах боломжгүй байна” гэжээ.
  1. Тэрээр шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байгаа. 2009 оны 30 тоот захирамж хүчин төгөлдөр байгаа. Хүчинтэй байгаа захирамжуудыг тухайн үед болон одоо ч гэсэн мэргэжлийн байгууллагын саналд үндэслээд захирамж гаргадаг. Эсвэл Газрын алба төлөвлөөд гарын үсэг зуруулдаг... Аймгийн Засаг дарга 988 м.кв гэснийг 688 м.кв болгож засварлахад татгалзахгүй... 2009 онд гэрээ байгуулаад 15 жилийн хугацаа дууслаа гээд аймгийн Засаг дарга, Газрын албанд хандсан. Мэргэжилтэн хариугаа өгсөн. 2 сарын 5-аас өмнө хандсан. Нэг асуудлаар 2 албан бичиг бичихгүй гээд өмнөх албан бичигтээ багтаасан гэж хариу өгсөн... 2009 оны захирамж... дээр 1668 м.кв гэж байж байгаад 988 м.кв болсон. Газрын мэдээллийн санд 668 м.кв гэж туссан ч захирамж дээр 988 м.кв гэж туссан... Захирамжийн алдаа байгаа тул... 668 м.кв гэж захирамжаа гаргаад өгнө. Шүүхийн шийдвэр яаж гарна тэрнээс хамаараад асуудлыг шийднэ. Шүүх дээр байгаа тул захирамжийг түдгэлзүүлээд байгаа... “Долоон бар”-д газар олгосон захирамж 2003 оны 10 сард гарсан... “Долоон бар” ХХК-д ...2009 онд 1668 м.кв байснаас 1000 м.кв газрыг өгөхөөр 668 м.кв үлдэж байхад 988 м.кв-аар авна гэдгийг ойлгохгүй байна. Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль зөрчсөн шийдвэр гаргаад байна... Эцсийн үр дагавар эзэмших эрхийн хугацаа сунгаж болох эсэх асуудал яригдах тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гадаадын хөрөнгө оруулалттай компани газар эзэмших эрхийг сунгаад байж болох уу гэдэг асуудал яригдана...” гэв.
  2. Хариуцагч Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол даатгал ХК-ийн 6308007256 дугаартай нэгж талбарын хувийн хэрэгт хадгалагдаж буй нотлох баримтыг үндэслэсэн болно.

“Монгол даатгал” ХК-д Булган аймгийн Булган сумын Засаг даргын 1998 оны 9 сарын 16-ны өдрийн 102 тоот захирамжийг үндэслэн газрын хэмжээг 0.09 га-аар 1998 оны 9 сарын 16-ны өдөр гэрээ байгуулж, 050400018 тоот гэрчилгээг олгосон байна.

2003 онд Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж газар эзэмших гэрээ гэрчилгээний загвар өөрчлөгдсөнтэй холбогдуулан сумын хэмжээнд газар эзэмшиж буй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших гэрээ, гэрчилгээг шинэчилэн олгох зорилготой гаргасан Булган сумын Засаг даргын 2003 оны 10 сарын 24-ний өдрийн 116 тоот ...захирамжийн хэрэгжилтийг хангахаар 2004 оны 4 сарын 30-ны өдөр 944м2-аар эзэмших газрын баталгаат хэмжээг тогтоож схем зураг үйлдэж газар эзэмших гэрээг байгуулсан байна.

2007 онд анх Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Булган сумын кадастрын зураглалыг хийсэн бөгөөд энэхүү зураглалыг ашиглан Булган аймгийн Засаг даргын 2009 оны 02 сарын 02-ны өдрийн 30 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох тухай” захирамжаар 1668.8 м2 олгож 2009 оны 02 сарын 20-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан байна.

Газар харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны 05 сарын 13-ны өдрийн А/143 дугаар тушаалаар Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг Булган аймгийн Булган суманд нэвтрүүлснээр 2015 онд шинэчлэгдэн хийгдсэн кадастрын зураглалаар иргэн, хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж, ашиглаж буй газрын хэмжээнд өөрчлөлт орж газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээдийн газрын гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгох хүсэлт гаргасан тухай бүр газрын хэмжээ өөрчлүүлэх шийдвэрийг гаргуулж ажиллах иргэн, хуулийн этгээдэд хүндрэл, чирэгдэл учруулж байсан тул манай байгууллагын зүгээс газрын хэмжээнд өөрчлөлт орсон иргэн, хуулийн этгээдийн “Газар эзэмших эрхийг шинэчлэн олгох тухай” аймгийн Засаг даргын 2016 оны 08 сарын 17-ны өдрийн А/373 тоот захирамжийг гаргасан байдаг.

Энэхүү захирамжийн 2 дугаар хавсралтын 3 дахь мөрөнд Монгол даатгал ХК-тай холбоотой Булган сумын Засаг даргын 2009 оны 2 сарын 2-ны өдрийн 30 тоот захирамжаар олгосон 1668м2 газрыг хүчингүй болгож өөрт ногдох 668м2 /Долоон бар ХХК-эзэмшил газрыг хасаж/-аар тус хүснэгтийн “газрын хэмжээ” гэсэн баганад бичигдэх байсан 988м2-аар буруу /бичиглэлийн буюу техник алдаа гаргаж/ бичигдсэн болж энэхүү маргаан үүссэн болно.

Манай байгууллагын зүгээс аймгийн Засаг даргын 2016 оны 08 сарын 17-ны өдрийн А/373 тоот захирамжид газрын хэмжээг буруу бичигдсэн талаар 2004 оны 04 сарын 30-ны өдөр 944м2-аар эзэмших газрын баталгаат хэмжээг тогтоосон схем зураг, 2007, 2015 онд хийгдсэн кадастрын зураглалыг үндэслэн тайлбарлаж /ямар 1998 оноос хойш уг эзэмшил газарт баригдсан хашаа өөрчлөгдөөгүй болно/ газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын хэмжээгээр газар эзэмших эрхийг сунгаж өгөх боломжтой талаар 2024 оны 2 сарын 15-ны өдрийн 01/115 тоот албан бичгээр дурдсан байдаг.

Ингээд Монгол даатгал ХК-ийн 2024 оны 2 сарын 28-ны өдрийн 01/206 тоот албан бичгээр 668м2-аар газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтээ гаргасны дагуу www.opendata.burtgel.gov.mn цахим системээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийг шалгаж үзэхэд эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн байсан тул лавлагаа авахаар 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 01/202 тоот албан бичгээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандах нь зүйтэй гэсэн хариу ирүүлсний дагуу 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 01/233 тоот албан бичиг хүргүүлж Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 9/3943 тоот албан бичгээр хариуг ирүүлсэн байдаг.

Лавлагааг үндэслэн аймгийн Засаг даргын холбогдох шийдвэрийг гаргуулах явцад Монгол даатгал ХК-наас Захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа гэсэн мэдээллийг авснаар газар ашиглах эрхийн хугацаа сунгаж, мэдээллийн санд холбогдох өөрчлөлт хийгдэх ажил хийгдээгүй болно” гэжээ.

6.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Монгол даатгал” компаниас газрын хэмжээ буруу, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/115 тоот албан бичиг буруу гэж байна. Бид “Монгол даатгал” компанид 1998 оны захирамжаар 0.9 га газар олгосон нь мэдээллийн санд байхгүй байсан... 2009 онд ...кадастрын зураг хийгдээд “Долоон бар” ХХК, “Монгол даатгал” ХК 2 нэг хашаанд байсан тул ...томоор кадастр хийгдсэн. Тэгээд “Долоон бар” ХХК-ийн газрыг салгалгүйгээр 1668 м.кв гэж буруу эрх зүйн акт гаргасныг 2016 онд газрын кадастр хийсний дагуу А/373 захирамжаар 988 м.кв гэж өөрчилсөн. Яагаад 988 м.кв болсон гэхээр нийт газар 1668 м.кв байсан. “Долоон бар” ХХК-нд 1000 м.кв газар өгсөн байхад тухайн үеийн ажилтан 688 м.кв гэхийг буруу 988 м.кв гэж бичсэн. “Монгол даатгал” компаниас цахимаар хүсэлт ирүүлсэн. Хүсэлтийг хянахад компани мөртлөө хугацаа сунгах хүсэлтээ гаргахдаа иргэнд газар өмчлүүлэх маягтын дагуу гаргасан. Мөн цахим хүсэлтийг хянаад ийм баримт хавсаргаагүй байна, ийм баримт буруу байна гэж цахимаар хариу өгсөн. Өөрсдөө цахимаар ороод хүсэлтээ хянах боломжтой... Дараа нь биечлэн ирж уулзахад нь ийм ийм материал бүрдүүлээд хүсэлтээ цахимаар илгээ, тэгээд эх хувиар нь авч ирээд хувийн хэрэгт хавсаргах ёстой гэдгийг хэлсэн. Газрын хэмжээ яагаад их бага болсон талаар өөрсдөд нь хэлсэн. Анх 1998 оноос хойш хэдэн онд барилга байгууламж барьсан байна яг тэр хэвээрээ байгаа ба газрын хэмжээ өөрчлөгдөөгүй. Анх 1668 м.кв байж байгаад “Долоон бар” ХХК-д 1000 м.кв газар олгоод, үлдсэн 668 м.кв газар танайд байна, одоо танай газрыг сунгахад хорогдуулаагүй, бодит хэмжээг залруулж байна гэж хэлж тайлбарлаад явуулсан. Тэгээд ойлголоо гээд явсны дараа нь шүүхээр явна гэдэг байдлаар хандаад явж байгаа. Нэгэнт уг асуудал шүүхийн шатанд явж байгаа тул хугацаа сунгах хүсэлт яригдахгүй өнөөдрийг хүрсэн. Хүсэлтэд дурдсан газрын хэмжээний дагуу 668 м.кв талбайг сунгая гэж анх ярьснаараа Засаг даргын захирамжийн төсөл боловсруулж байхад “Монгол даатгал” ХК-ийн регистрээр шалгахад гадаадын хөрөнгө оруулалттай гэж гарч ирээд байсан. Ингээд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авсан. “Монгол Даатгал” компани Монголын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байна уу гэхэд Улаанбаатарт бүртгэлтэй тул Улсын бүртгэлийн ерөнхий газарт ханд гэсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад “Монгол даатгал” компани Англи улсын иргэний 99.8 хувийн хөрөнгө оруулалттай, эцсийн өмчлөгч нь 99.8 хувь гэх гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж болсон байсан тул газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй болсон... Гадаадын хөрөнгө оруулалттай байх тул газар эзэмших эрхийг дуусгавар болгоод, “Монгол даатгал” компанид газар ашиглуулах уу гэдэг зүйл яригдана гэдэг нөхцөл байдал үүссэн байгаа. 998 м.кв байсныг 668 м.кв болгосон нотлох баримт байна гэсэн. Гүүглэ эт программ ашиглаад ухраахаар газар сунгасан зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар талбайн хэмжээ өөрчлөгдөөгүй... 1668 м.кв яагаад “Долоон бар” ХХК-ийнх болсон гэдэг дээр анх маргаан үүсээд “Долоон бар” ХХК ...манайх энэ газрыг эзэмшдэг, газрын бичиг баримтаа авна гэсэн хүсэлт ирэхэд байшингийн ханын хүрээгээр хуваагдах нь зүйтэй гэж зөвшилцсөний дагуу 2003 оны 116 дугаартай захирамжийг үндэслэн бичиг баримт олгосон. 2 компани тэр үед ойлголцоогүй байсан бол 1000 м.кв гэж гэрчилгээ олгох боломжгүй. Тухайн үд зөвшилцсөний дагуу “Долоон бар” ХХК 1000 м.кв, “Монгол даатгал” ХК 668 м.кв гэж зөвшөөрөөд 116 тоот захирамж гарсан. 2016 оны А/373 тоот захирамж дээр “Монгол даатгал” ХК-ийн нэрийг дурдаагүй гэсэн. “Монгол даатгал” ХК-ийн газарт өөрчлөлт ороогүй байсан тул дурдах шаардлагагүй. Анх 2016 онд ”Газрын кадастрын мэдээллийн сан” гэх программыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэсэн. Ингэж гүйцэтгэхдээ “Монгол даатгал” ХК-ийн газрын хэмжээг мэдээллийн санд 1668 м.кв гэж буруу холболт хийсэн байдаг. Засварлахын тулд танилцуулж, өргөдөл бичүүлж, эрх зүйн акт гаргаж өөрчлөлт оруулдаг. Бид... Хүсэлт ирэхгүй бол завсарлах эрх байхгүй... Газрын кадастрыг геодези зураг зүй хариуцсан мэргэжилтэн Одбаяр хийсэн. Схем зураг үзүүлсэн... Нэг байшингийн 2 талаар байгаа ба хананаас хойш, урагш хуваасан. “Долоон бар” ХХК 1000 м.кв, “Монгол даатгал” ХК 668 м.кв гэсэн байдлаар хэмжээг нь тогтоосон... хүлээн зөвшөөрөөд... Байшингийн хойд талаар хамар хашаагаа барьсан. Энэ зураг “Долоон бар” ХХК, “”Монгол даатгал ХК-ийн хүмүүс хэмжилт хийгээд газрыг хуваагаад харандаагаар зурсан зураг хувийн хэрэгт байсан. Энэ хүмүүсийг ирэхэд хувийн хэргийг үзүүлсэн... хувийн хэргээс харандаагаар зурсан баримтыг сугалаад аваад үлдсэн байна лээ. 2004 онд зурсан зургаар ½ зурсан. Одоо 1/3 гэж зөвшилцөөд “Долоон бар” ХХК 1000 м.кв, “Монгол даатгал” ХК 668 м.кв гэсэн зураг байгаа... 2 талыг байлцуулж хэмжилт хийсэн... Хэрвээ шинэ захирамж гаргах байсан бол дуудлага худалдаагаар газар олгох ёстой байсан. Социализмын үеэс “Долоон бар” тухайн газарт байсан... “Монгол даатгал” компани 2020 онд гадаадын хөрөнгө оруулалттай компани болчихоод эзэмшлээ ашиглах болгох хүсэлтээ яагаад гаргаагүй юм... “Монгол даатгал” ХК 2020 онд гадаадын хөрөнгө оруулалттай компани болсон тул нэхэмжлэгч талын яриад байгаа хэмжээ нэмэх, хугацаа сунгах асуудал үүсэх боломжгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай болчихоод эзэмшээд яваад байгаа нь буруу... хүсэлтээ өгөөд газар ашиглуулах уу гэдэг дараагийн асуудал... Гэрчилгээг цуцлах эрх зүйн үндэслэл болж байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд “...Булган аймгийн Засаг даргын цахим бүртгэл үнэн зөв хийгдсэн эсэхийг тодруулж, алдаатай бүртгэлийг залруулж өөрчлөн, гаргасан хүсэлтийг шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлээгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших, ашиглахтай холбоотой гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэх “Нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг тодруулах тухай” баримтыг өгсөн боловч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа илэрхийлсэн тул уг шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэв.
  2. Нэхэмжлэл үндэслэлгүй байна.  
  3. “Монгол Даатгал” ХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6, 47.1.7, 47.2, 47.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлүүдийг заан
    1. Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар[1]-ын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/115 дугаар шийдвэр болон тухайн байгууллагын Засаг даргын шийдвэргүйгээр манай компанийн эзэмшиж буй газрын хэмжээг “988м2” гэж байхыг төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системд “668м2” гэж бүртгэсэн нь газар эзэмших эрхийг маань зөрчсөн илт хууль бус захиргааны акт болсон,
    • дээрх бүртгэлээс болж газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг цахимаар гаргах гэхээр хүсэлтийн загварт “668м2” гэх хэмжээ программаас шууд татагдан ороод байгаагаас болж тухайн хүсэлтээ гаргах боломжгүй болсон,
    • Засаг даргын хүчин төгөлдөр үйлчилж байгаа захирамжилсан шийдвэрийг үндэслэлгүйгээр өөрчлөн, шийдвэрлэх талаар бичгээр мэдэгдэж, газар эзэмших хугацааг сунгуулах хүсэлтийг илгээхдээ талбайн хэмжээг багасгасан байдлаар ирүүлэхийг шаардаж байгаа,
    • тус Газар нь өөрт нь хандаж 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтийн хариуг өгөөгүй,
    1. Булган аймгийн Засаг дарга[2] нь манай компанийн газар эзэмших эрхийг сунгасан шийдвэр гаргахгүй эс үйлдэхүйг тус тус гаргаж байна гэх агуулгаар маргав.
  1. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
    1. Нэхэмжлэгч “Монгол даатгал” хувьцаат компани нь 1996 онд байгуулагдан, 1998 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт 0.09 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших “Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээ”-г Булган сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтантай байгуулж, 050400018 дугаартай гэрчилгээг авсан байх ба газрын хэмжээг тухайн өдөр үйлдсэн “Булган аймгийн нутаг дэвсгэр дээрх аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилт, ашиглалтын баталгаат хэмжээ тогтоосон акт”-д “Эзэмшил, ашиглалтын газрыг газар дээр нь хэмжилт хийж: 1. 0.09 га”, “2. (59х16) га”, “нийт 0.09 га болохыг тогтоов” гэжээ.
    2. “НЭГЖ ТАЛБАРЫН ХУВИЙН ХЭРЭГ”-ийг Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 116 дугаартай захирамжийг үндэслэн 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нээж, түүнд болон мөн өдрийн огноотой “Эдэлбэр газрын схем зураг”, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нүүдэд газрын хэмжээг “944м2” гэж тэмдэглэсэн байна. 
    3. Улмаар Булган аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох тухай” захирамжаар “Монгол даатгал” ХК-нд 1668.8м2 газрыг “албан контор” зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн, мөн сарын 20-ны өдөр тус компанийн Булган салбарын захирал Д.Алтанцэцэг Булган сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтантай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулжээ. Гэрээнд эзэмших эрх олгосон газрын нийт хэмжээг “0,1668 га”, зориулалтыг “албан контор”, гэрээний хугацааг “...талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн арван тав жилийн хугацаатай байгуулав” гэснийг    
    4. Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/373 дугаартай “Газар эзэмших эрхийг шинэчлэн олгох тухай” захирамжийн “1”-д “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх ажил хэрэгжсэнтэй холбогдуулан газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж... Хуулийн 53 этгээдийн нэр, газрын хэмжээг хоёрдугаар... хавсралтаар тус тус баталсугай” гэх үндэслэлийг тусган, хавсралтын “3”-аар

 

 

 

 

д/д

 

 

 

 

Нэгж талбарын дугаар

баг

 

 

 

 

Оноосон нэр

Регистрийн дугаар

 

 

 

 

Газрын зориулалт

Газрын хэмжээ /м2/, /га/

Өөрчлөгдөж буй талбайн хэмжээ

Зөвшөөрөл олгосон байгууллага

Хүчингүй болгох аймаг, сумын Засаг даргын захирамж

Хүчингүй болгох хэлбэр

 

 

 

 

 

3

 

 

 

6308003369

 

 

 

5

 

 

 

МДБулган салбар

2115099

 

 

 

даатгалын салбар

 

 

 

988

 

 

 

1668

 

 

 

АЗД

 

 

 

30

2009-02-02

Холбогдох хэсгийг

                       

 гэж өөрчлөн шийдвэрлэжээ. Тодруулбал: Нэхэмжлэгчийн дээрх эзэмшлийн газарт нэгж талбарын “6308003369” дугаар олгон, газрын хэмжээ “1668м2” байсныг “988м2” болгон багасгаж, газрын зориулалтыг “даатгалын салбар” хэмээн өөрчилсөн байх ба тухайн шийдвэрийг үндэслэн шинэчлэн байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ газрын хувийн хэрэгт байхгүй, хэргийн оролцогчид ийм гэрээ байгуулаагүй талаар шүүх хуралдаанд тайлбарлав.

    1. “Монгол даатгал” ХК-ийн нэгж талбарын 6308003369 дугаартай 988м2 талбай бүхий газрыг эзэмших эрхийн хугацааг Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай захирамжийг гаргасан өдрөөс эхлэн тооцжээ.
    2. Хэргийн оролцогчид энэ хүртэлх үйл явдлын талаар маргаагүй.
  1. Харин хариуцагч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэвлэсэн кадастрын зурагт нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын нэгж талбарын дугаарыг “6308007256” гэж, талбайн хэмжээг “668 квадрат метр” хэмээн тусгажээ. Тодруулбал: Засаг даргын 2016 оны А/373 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтад тусгагдсанаас дээрх мэдээллийн хэсэг өөрөөр тусгагдан байна. Хэргийн оролцогчид нэгж талбарын дугааруудын талаар маргаагүйн дээр тэдгээр дугаарууд бүхий нэгж талбарын хоёр өөр газар байх нотлох баримт тогтоогдоогүй тул шүүх “6308003369” болон “6308007256” гэх дугаарууд нь нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 988м2 газарт хамаарах дугаар гэж дүгнэв.
    1. Нэхэмжлэгч нь дээрх газрыг эзэмших эрхийн хугацааг сунгуулах болон тухайн харилцаатай холбогдох хүсэлтүүдийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр, мөн сарын 31-ний өдрийн 01/80 болон 01/81, 02 дугаар сарын 05-ны өдрийн 01/110, 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/129, 130, 28-ны өдрийн 01/206 дугаартай албан бичгүүдээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, аймгийн Засаг дарга нарт хандан гаргажээ.
    2. Харин Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил хийлгэх мэдэгдэх хуудас”, мөн сарын 14-ний өдрийн 01/111, 15-ны өдрийн 01/115 дугаартай албан бичгүүдээр, Засаг дарга /түүний Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Давааням/-аас 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08/176 дугаартай албан бичгээр тус тус хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.    
  2. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ” гэж тайлбарласан бол мөн хуулийн тавдугаар бүлэгт газар эзэмшүүлэх, ашиглуулах харилцааг нарийвчлан зохицуулсан. Тухайлбал: Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын …аж ахуйн нэгж…д олгоно”, 31 дүгээр зүйл[3]-ийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын…аж ахуйн нэгж… байна”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах…, 37.2-т “Аймаг…ын Засаг дарга …хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал… цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна”, 60 дугаар зүйлийн 60.2-т “…аж ахуйн нэгж… газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1…-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг …эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
  3. Засаг даргын 2016 оны А/373 дугаартай захирамж нь “Монгол даатгал” ХК-ийн эзэмшиж буй газрын талбайн хэмжээг тогтоосон хүчин төгөлдөр үйлчилж буй сүүлийн шийдвэр болох нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/115 дугаартай албан бичгээр нотлогдож байна.
  4. Хариуцагч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ““Монгол даатгал” ХК болон “Долоон бар” ХХК-уудын эзэмшлийн газрын хилийн заагийг тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийн ханаар зааглан хэмжилт хийн нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын бодит хэмжээг “668м2” гэж тогтоосон” гэх агуулгаар мэтгэлцэж байх боловч түүнийгээ нотлох баримтыг шүүхэд гаргасангүй.
  5. Тиймээс “Монгол даатгал” ХК нь Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, Жаргалантын 126б хаягт байршилтай “988м2” талбай бүхий газрыг эзэмших эрхийг дээрх А/373 дугаартай захирамжийн дагуу эдэлж байсан нь үгүйсгэгдсэнгүй.
  6. Нэхэмжлэгч нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “…2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/115 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, төрийн үйлчилгээний цахим бүртгэлд өөрчлөлт оруулахыг …даалгах” гэж тодорхойлсон бөгөөд тухайн албан бичигт “...газрын хэмжээ зөрүүтэй байгаа тул одоо байгаа хашааны хэмжээгээр буюу 668м2 талбайгаар газрын хэмжээг өөрчлөн газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгах боломжтой” гэжээ.
  7. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь газрын кадастр эрхлэх, аймгийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах эрхийг, газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг тус тус хэрэгжүүлэхээр хуульчилсан.
  8. Тиймээс хариуцагч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь аймгийн Засаг даргын шийдвэргүйгээр нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын хэмжээнд өөрчлөлт оруулах, цахим бүртгэлд өөрөөр бүртгэх эрхгүй бөгөөд “Монгол даатгал” ХК-ийн эзэмшиж байсан газрын “988м2” гэх хэмжээг “668м2” гэж цахим бүртгэлд бүртгэсэн үйлдэл нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7 дахь хэсгийг зөрчсөн байх тул уг зөрчлийг арилгах үүрэг тухайн хариуцагчид үүснэ.
  9. Нэхэмжлэгч нь мөн Булган аймгийн Засаг даргад холбогдуулан “…газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн газар эзэмших эрхийн хугацааг хүчин төгөлдөр үйлчилж буй захирамжид заасан эзэмшил газрын хэмжээгээр буюу 988 м.кв талбайн хэмжээгээр сунгахыг …даалгах” шаардлагыг гаргасан.
  10. Засаг дарга нь “Монгол даатгал” ХК-ийн гаргасан “Газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлт”[4]-ийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор түүний эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангасан эсэхийг хянаад хангасан тохиолдолд уг гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргах, эс бөгөөс татгалзсан шийдвэр гаргах эрхтэй байсан ба зохих шийдвэр гаргах нь түүний үүрэг байжээ.
  11. Гэвч тэрээр хүсэлтийг хуульд заасан хугацаанд багтаан шийдвэрлэх үүргээ гүйцэтгээгүй эс үйлдэхүйнхээ улмаас Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийг зөрчсөн байна.  
  12. Захиргааны акт нь зөвхөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр илт хууль бус болох ба нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэл болгож буй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй”, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэжээ.
  13. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар Засаг дарга нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах эсэх талаар шийдвэр гаргах бол, хугацаа сунгасан шийдвэр гаргасан тохиолдолд түүнийг үндэслэн сумын газрын даамал цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
  14. Шүүх хариуцагч нарын Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон ч дараах нөхцөл байдлын улмаас нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв. Тодруулбал: “Монгол даатгал” ХК-ийн эзэмшлийн газрын хувийн хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 9/3943 дугаартай албан бичиг болон тус хувьцаат компанийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа авагдсан байна.

 

  1. Уг лавлагааны “Эцсийн өмчлөгчийн мэдээлэл” хэсэгт:  

Төлөв

Ангилал

Эцсийн өмчлөгч

Хувь нийлүүлсэн хөрөнгө

Бүртгэсэн

Өөрчилсөн

Регистрийн дугаар

Эцэг /эх/-ийн нэр

Өөрийн нэр

Улсын нэр

Нийт дүн

 Хувь %

Ажилтан

Он, сар, өдөр

Ажилтан

Он, сар, өдөр

Идэвхитэй

Иргэн

53 0290923

ГРОМОВ

СЕРГЕЙ БОРИСОВИЧ

Оросын Холбооны Улс

6,399,766.31

99.79

Г.Алтай

2020.06.10

 

 

 

 

Хуулийн этгээдийн нэрийн мэдээлэл” хэсэгт:

Одоогийн эсэх

Хуулийн этгээдийн

Бүртгэсэн

Нэр

Хэлбэр

Хувийн хэргийн дугаар

Ажилтан

Он, сар, өдөр

Тийм

Монгол даатгал

Хувьцаат компани

9010001148

М.Монголжин

2019.12.23

гэжээ.

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 5-д “Төрөөс гадаадын …хуулийн этгээд…д газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэсэн бол Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгүүдэд зааснаар гадаадын хуулийн этгээд нь Монгол Улсад газрыг зөвхөн ашиглах болон энэ талаар хүсэлт гаргах эрхийг эдэлнэ.
  2. Нөгөө талаар Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 17.1.2, 18.1.6-д заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заасан бол мөн хуулийн 17 дугаар зүйлд “Улсын Их Хурлын бүрэн эрх”, 17.1.2-т “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах”, 18 дугаар зүйлд “Засгийн газрын бүрэн эрх”, 18.1.6-д “энэ хуулийн 17.1.2-т заасан газрын зааг, ашиглах журмыг тогтоох” гэж тус тус хуульчилсан.
  3. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт зааснаар “Монгол даатгал” ХК 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болсон нь дээрх лавлагаагаар тогтоогдож байх тул мөн өдрөөс Засаг даргын 2016 оны А/373 дугаартай захирамжаар эрх олгосон 988м2 газрыг үргэлжлүүлэн эзэмших, энэ эрхээ сунгуулах хүсэлтийг гаргах эрх нь Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуулиудаар тус тус хязгаарлагдан, энэ төрлийн эрх зүйн харилцааны оролцогч биш болсон байна. Тодруулбал: Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар шийдвэрийн “11”-д тусгагдсан цахим системд “Монгол даатгал” ХК-ийн эзэмшиж байсан газрын хэмжээг “668м2” гэж бүртгэснийг “988м2” болгон залрууллаа ч тухайн компанийн Монгол Улсад газар эзэмших эрхтэй холбогдох харилцаа үргэлжлэхгүй тул түүний 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө эдэлж байсан “газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол” нөхөн хамгаалагдахгүй.
  4. Тиймээс “Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/115 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, төрийн үйлчилгээний цахим бүртгэлд өөрчлөлт оруулахыг тус газарт даалгах, Булган аймгийн Засаг даргын газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн газар эзэмших эрхийн хугацааг хүчин төгөлдөр үйлчилж буй захирамжид заасан эзэмшил газрын хэмжээгээр буюу 988 м.кв талбайн хэмжээгээр сунгахыг Булган аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
  5. Дээрх дүгнэлт нь “Монгол даатгал” ХК-ийн Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан газар ашиглах эрх зүйн харилцаанд оролцох эрхэд нөлөөлөхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.2, 60 дугаар зүйлийн 60.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3,  47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн “Монгол Даатгал” ХК-ийн Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон тус аймгийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/115 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, төрийн үйлчилгээний цахим бүртгэлд өөрчлөлт оруулахыг тус газарт даалгах, мөн аймгийн Засаг даргын газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн газар эзэмших эрхийн хугацааг хүчин төгөлдөр үйлчилж буй захирамжид заасан эзэмшил газрын хэмжээгээр буюу 988 м.кв талбайн хэмжээгээр сунгахыг Булган аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЧИМЭГ

 

 

 

[1] Цаашид “Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар” гэх.

[2] Цаашид “Засаг дарга” гэх.

[3] Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл. Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага.

 

[4] Нэхэмжлэлд тусгаснаар бичив.