Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 01742

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01742

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01114 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрын 2010 оны 04 сарын 09-ний өдрийн 22 тоот шийдвэрээр 1 764 052 ам. долларыг гаргуулж Кипр улсын хуулийн этгээд Смайнекс Инвестментс Лимитед ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй 827,69 м.кв талбайтай 3 давхар оффисын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925 дугаарт бүртгэлтэй 144 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 01 сарын 06-ны өдөр 4 166 224 000/дөрвөн тэрбум нэг зуун жаран зургаан сая хоёр зуун хорин дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлсэнтэй 2020 оны 01 сарын 09-ний өдөр мэдэгдсэний дагуу танилцсан. Үнэлгээтэй танилцахад дээрх үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэсэн заалтыг зөрчсөн байна. Учир нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй 827,69 мкв талбайтай 3 давхар офисын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925 дугаарт бүртгэлтэй 144 мкв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ хамааралгүй обьектыг оролцуулан илт үндэслэлгүй үнэлгээг гаргасан нь үнэлгээтэй танилцах явцад илэрлээ. Тодруулбал, Үнэлгээний обьектыг тодорхойлохдоо Зоорийн давхарт- Офисийн талбай, 1 давхарт ариун цэврийн өрөө, болон 2 давхарын Ажет ХХК-ийн өмчлөлийн талбай зэрэг манай өмчлөлийн бус хамааралгүй хэсгийг оролцуулж, үнэлгээний үнэн зөв байдалд эргэлзээ төрүүлсэн. Мөн 20 тэрбумын зах зээлийн дундаж үнэлгээтэй хөрөнгийг хэт багаар буюу 4 166 224 000/дөрвөн тэрбум нэг зуун жаран зургаан сая хоёр зуун хорин дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохирол учруулсан үнэлгээ гаргасан байна. Бид хураагдсан байгаа оффисыг нийт 20 тэрбум төгрөгөөр үнэлэх боломжтой гэж үзэж байгаа. Гэтэл 4,167,224,000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн зоорийн давхрын оффис манай өмчлөл биш байгаа. 1 давхрын ариун цэврийн өрөө болон 2 давхрын Ажет компанийн оффисын өрөөнүүдийг манайд оролцуулж үнэлсэн. Тийм учраас тухайн үнэлгээг хуулийн дагуу хийгдсэн бодит үнэлгээ гэж үзэхгүй байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсноор 2020 оны 01 сарын 06-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй 827,69 м.кв талбайтай 3 давхар оффисын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925 дугаарт бүртгэлтэй 144 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний Арбитрын 2010 оны 4 дүгзэр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр М ХХК-иас 1.764.052 ам.долларыг гаргуулж Смайнекс Инвестментс Лимитед ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “М” ХХК-д 2010 оны 150/109, 2011 оны 150/01, 150/01, 2015 оны 150/25, 2019 оны 157/02, 157/01 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлөрийг төлөөгүй тул М ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 157/01 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 157/02 дугаар хураах тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 4.166.224.000 төгрөгөөр тогтоож, 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4/1183 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн. “М” XXК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг удаа дараа гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өнөөдрийн байдлаар 5 удаа түдгэлзүүлээд байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хэргийг шийдвэрлэхдээ тал бүрээс нь үнэн бодитойгоор шийдвэрлээгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэсэн заалтыг зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч зохигчдын хоорондын  маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв оновчтой сонгож хэрэглэж садаагүй байх тул  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд  хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрын 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр 1 764 052 ам.долларыг гаргуулж, Кипр улсын хуулийн этгээд Смайнекс Инвестментс Лимитед ХХК-д олгож шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэр заавал биелэгдэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт заасан зарчим хэрэгжээгүй байна.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох оффис, гараашийн зориулалттай барилгуудыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ.

Төлбөр төлөгч нь 2019 оны 09 сарын 18-ны өдөр төлбөрт хураагдсан эд хөрөнгийн талаарх үнийн санал өгөхөөс татгалзсан тул хариуцагч НШШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 12 сарын 25-ны өдрийн тогтоолоор Виннер Вэй ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх орон сууцны үнэлгээг 4 166 224 000 төгрөгөөр тогтоосон байна. /хх101-122/

Хариуцагч НШШГГ хөрөнгийн үнэлгээний Виннер Вэй ХХК-ийн 2020 оны 01 сарын 06-ны өдрийн үнэлгээг төлбөр төлөгчид 2020 оны 01 сарын 09-ний өдөр танилцуулж, үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь болох 2 916 356 800 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдсэн болох нь хэргийн 123 дугаар талд авагдсан мэдэгдлээр тогтоогдож байна.

Хэргийн 7-15 дугаар талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан Сүхбаатар дүүрэгт байрлах 827.69 м.кв талбайтай 3 давхар оффисийн зориулалттай барилга, 144 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөрөнгийн үнэлгээний өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргаар тус тус үнэлж, зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч Сүхбаатар дүүрэгт байрлах оффиссын зориулалттай гурван үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэгт байрлах гурван гарааштай харьцуулах замаар зах зээлийн үнийг 4 166 224 000 төгрөг гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, илүү өндөр үнээр 20 тэрбумаар үнэлэх ёстой гэх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй буюу өөрийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилох, дүгнэлт гаргуулах хүсэлт тавьсан байх боловч шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна./хх155-156/

Хариуцагч НШШГГ албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Харин шүүх талуудын маргааныг шийдвэрлэхэд хамааралтай Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой зөв сонгож хэрэглэж чадаагүй алдааг хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01114 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1” гэж нэмж, 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 гэснийг “55 дугаар зүйлийн 55.7” гэж өөрчилт оруулж, бусад хэсгийг  хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                

                                         ШҮҮГЧИД                               Д.НЯМБАЗАР

 

                                                 Б.НАРМАНДАХ