| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0007/э/ |
| Дугаар | 18 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 18
2018 01 10 18
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Б.Б-Д холбогдох эрүүгийн 1721001360123 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн бус дунд боловролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг Ивээлийн 9-02 тоотод оршин суух, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж , 2008 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Дорнод аймгийн Сум дундын 10 дугаар шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар тус тус 5 жил, 7 сарын хорих ял оногдуулж 2016 оны 08 сарын 31-ний өдөр тэнсэн суллагдсан, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Бодонгууд овогт Базарваанийн Батбаяр./РД: /
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутаг “Сангийн далай” гэх газар оршин суух О.Шагдарын малыг маллаж байх явцдаа гэрээс нь “Хонда” маркын мотоцикль, дуран /нэг нүдний орос/ зэрэг эд зүйл хулгайлж бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Батсуурь гэдэг айлд 10 гаруй хоног мал хараад өгчих гэхээр нь харж өгсөн. Гэтэл Ш, Г нар мал хараад өгөөч гэхэд нь Халхгол сумын Сангийн далай гэх газарт очсон. Тухайн үед намайг Ш малыг харахаар явна гэхэд Б ахын эхнэр нь дургүй байсан. Би Ш ахын мотоциклийг нь унаж Матад суманд Д гэдэг хүнтэй уулзах гэж очиход аймгийн төв рүү явсан байсан. Б ахынд малыг нь харах гэж очсон. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Мотоциклийг нь айлд орхиод ирсэн..... гэв.
Хохирогч О.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Би Халхгол сумын 2 дугаар баг Сангийн далай гэх газар мал маллаж амьдардаг бөгөөд хэдэн малаа харах гэхэд өндөр настай болохоор хүн хүч муутай гээд 2017 оны 08 дугаар сарын эхээр аймгийн төв орохдоо “Шүр” зах дээр явж байгаад хуучны зүс таних М гэх хүнтэй таарч малчин авах талаараа ярихад нэг залуу байгаа аймгийн төвөөс урагш айлд мал харж байгаа гэсэн надаас айлд мал хармаар байна гэж ярьж байсан. Тэр айл руу яваад асууя гээд аймгийн төвөөс урагш 60 гаруй км орших Б гэх айлд мал харж байхад нь очиж мал маллах уу гэхэд тэгье гэж хэлэхээр нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шууд гэртээ аваачиж малаа харуулсан. Манай үхэр, адууг тэр Б гэх залуу хардаг байсан бөгөөд 10-14 хоног л харсан байх би аймгийн төв орох ажилтай болсон болохоор төв явж байхад манайд цуг амьдардаг Г гэх дүү маань надруу утсаар яриад ахаа таны мотоцикль, дуран, буу, түлш, тамхи чинь байхгүй байна. Намайг уулын тахилганд яваад ирэхэд Б малчин байхгүй аваад явчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд Цагдаагийн газарт өргөдөл гаргаад 4-5 хоногийн дараа Сангийн далай дахь гэртээ ирэхэд мотоцикль дуран хоёр байхгүй харин 40 литр түлш, 4 хайрцаг тамхи, миний нэр дээр байдаг зөвшөөрөлтэй дорвинк маркийн буу маань байсан. Дүү Г гэрээр хайгаад олохгүй болохоор нь надад алга болсон байна гэж хэлсэн юм билээ. Тухайн дорвинк маркийн буу, 40 литр түлш, 4 хайрцаг тамхи маань гэрийн гадаах мухлаганд хийчихсэн байсан юм... Тухайн Б гэх залуу миний эзэмшлийн цэнхэр өнгийн мотоцикль, хар өнгийн нэг нүдний орос дуранг маань хулгайлж авч явсан байсан.Дүү Г уулын тахилганд явахдаа Б гэх тэр залууг ганцааранг нь гэрт үлдээгээд явчихсан байна лээ... гэжээ /хх-ийн 23-26 тал/
Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... Би мал дээрээ малчнаар авчирсан Б-гийн хамт байсан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Б мал дээр нь ганцааранг нь үлдээгээд “Вангийн Цагаан-Уул”-ын тахилганд 10 цагийн үед яваад орой 18 цагийн орчимд гэртээ ирэхэд Б байхгүй байсан. Ойр хавийнхаа хүмүүстэй уулзаж манай малчин харагдсан уу гэхэд харагдаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрөө яваад малаа цуглуулчихаад малын бэлчээр дээгүүрээ харахад Б харагдахгүй байхаар нь Ш ахын гэрт байдаг эд зүйлсийг нь бүртгээд үзэхэд дорвинк маркийн буу, хайрцагтай тамхи, бензин, дуран, мотоцикль зэрэг нь байхгүй байхаар нь сүлжээ барихаар газар очоод Ш ахтай яриад нөгөө малчин маань байхгүй байна. Таны дорвинк маркийн буу, 40 литер бензин, 4 хайрцаг тамхи, дуран, мотоцикль зэрэг эд зүйлс чинь харагдахгүй байна өөрийнхөө хувцаснуудыг аваад явчихсан байна. Аймгийн төв рүү орох байх та Цагдаагийн газарт мэдэгдээрэй гэж хэлсэн. Ш ах мал харж байхдаа унаж хэрэглэж бай гээд өөрийнхөө цэнхэр өнгийн хондо маркийн мотоцикль, нэг нүдний орос дурангаа хэрэглүүлсэн бөгөөд тэр хоёрыг нь хулгайлаад аваад явчихсан байсан. Ш ах удалгүй аймгийн төвөөс ирээд өөрийнхөө эд зүйлийг бүртгэж үзээд дорвинк маркийн буу, 40 литр бензин, 4 хайрцаг тамхиа гадаах мухлагандаа хийчихсэн байна. Миний дуран, мотоцикль хоёрыг хулгайлчихаж гэж хэлж байсан... гэжээ /хх-ийн 29-30 тал/
Дорнод аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 09тал/
Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол /хх-ийн 10 тал/
Гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 15-17тал/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18-19тал/
Гэрч А.Б мэдүүлэг /хх-ийн 31-33тал/
Гэрч Д.С мэдүүлэг /хх-ийн 34-35тал/
Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Б.Б ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 55 тал/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56, 60-81 тал / зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б. Б нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутаг “Сангийн далай” гэх газарт оршин суух хохирогч О.Ш малыг маллаж байх явцдаа гэрээс нь “Хонда” маркийн мотоцикль, дуран /нэг нүдний орос/ зэрэг эд зүйл хулгайлж бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-26 тал/, гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/, Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол /хх-ийн 10 тал/, Гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 15-17тал/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18-19тал/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Б бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Б бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт 1 /нэг/ хоног цагдан хоригдсон бөгөөд хохирогч О.Ш нь шүүгдэгч Б.Б хохирол төлбөр, нэхэмжлээгүй, энэ хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖВ82110359 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг /цуурсан/ Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бодонгууд овогт Б.Б бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 6 / зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон нийт 1/ нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт баримт бичгээр хурааагдан ирсэн шүүгдэгч Б.Б / / тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхнийг /цуурсан/ Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ