Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2024/00051/И |
Дугаар | 189/ШШ2024/00049 |
Огноо | 2024-11-18 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 189/ШШ2024/00049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
******* овогт *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч , 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Эдийн засаг гадаад харилцааны яамны харьяа Багахангай дүүрэг дэх Материал техникийн хангамжийн нэгдэлд 1997 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл КС-4562 маркийн 20 тоннын даацтай Краз краны жолоочоор ажиллаж байсан бөгөөд одоо хүнд нөхцөлөөр тэтгэвэр болоход дээрх хугацаанд ажилласан жилийн ажлаас гарсан тушаал бичигдээгүй байгаа тул 1997 оны 4 дүгээр сарын 01-ний 2002 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүнд даацын краны жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгийн хураамж төлсөн баримт, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, цахим үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, Монголын Багахангай-импекс компаний ерөнхий захирлын тушаал, Э.*******ийн тодорхойлт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б.******* тодорхойлт, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. /хх-3-15/
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Э.*******, Б.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс Д.*******ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн ... өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандсан болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо буюу хүний ажиллаж байсан байдлыг нэхэмжлэгчийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг үндэслэн шийдвэрлэдэг.
3.Нэхэмжлэгч Д.******* нь 1997 оны 4 дүгээр сарын 01-нээс 2002 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Багахангай импекс ХХК-д краны жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах үйл баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Д.*******ыг 1997 оны 4 дүгээр сарын 01-нээс 2002 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Багахангай импекс ХХК-д краны жолоочоор ажиллаж байсан нь нийгмийн даатгалын дэврийн тушаалын бичилттэй тохирч байна.
Тодруулбал: Нийгмийн даатгалын дэвтэрт Багахангай импекс ХХК-д краны жолоочоор 2002 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажилласан болохыг баталгаажуулж бичилт хийсэн,
Мөн гэрч Э.*******ийн“...Би 1992 онд Материал техникийн хангамжийн нэгдэлд ажилд орсон, намайг ажилд ороход Д.******* нь няраваар ажиллаж байсан...1997 оноос Д.******* нь краны жолоочоор 2002 он хүртэл ажиллаж байсан нь үнэн гэх” мэдүүлэг,
гэрч Б.******* “…Намайг ажиллаж байх үед Д.******* краз, краны жолоочоор ажиллаж байсан, Анх ажилд ороход краны жолооч байсан, Надаас арай өмнө 2001, билүү 2002 онд ажлаас гарсан, компани татан буугдаад хувьчлагдахад хүмүүс халагдаж гарсан, тэр үед ажлаасаа гарсан. Би хувьд шилжсэн компанидаа үлдсэн” гэх мэдүүлэг, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд зэрэг баримтуудаар нотлогдоно.
4. Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ыг 1997 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Багахангай импекс ХХК-д краны жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсуга
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ