Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 12

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж, шүүгч Ч.Мөнхтуяа, З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Иргэдийн төлөөлөгч Б.О

         Улсын яллагч Б.Батнасан

         Хохирогч Л.Ц

         Шинжээч эмч Т.А

         Шүүгдэгч Э.Б түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан

         Шүүгдэгч Т.П түүний өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Прокурорын газраас газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овогт Т-н П, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Э-ы Б нарт холбогдох 17160006800031 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Мөрөн Алтай” ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .... тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Э-ний Б, РД: ДЮ....  гэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1991 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ..... тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Адуучин овогтой  Төмөрбаатарын Пүрэвдорж, РД: ... гэв.

2.

Шүүгдэгч Т.П нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд Л.Ц, Э.Б нарыг “та хоёр намайг гар утас хулгайлсан гэлээ” гэх шалтгаанаар зодож, Л.Ц, Э.Б нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Э.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд Т.П-той зодолдож, Т.П-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Т.П нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумруу чулуунд явж байх замдаа Цээл суманд Л.Ц, Э.Б нарыг “та хоёр намайг гар утас хулгайлсан гэлээ” гэх шалтгаанаар зодож, Л.Ц-н биед цээжний зүүн хөндийд шингэн болон цус хуралдалт, зүүн уушигны шалчийлт, зүүн уушигны няцрал, цээж, хүзүүний арьсан доогуур хий хуралдалт, зүүн дээд доод зовхи, баруун эгэм зүүн эгэмд цус хуралт, дээд доод уруулд зулгаралт, дээд уруулд шарх гэмтэл, Э.Б-ын биед цээжний зүүн хөндийд цус хуралдалт, зүүн уушигны шалчийлт, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хамар ясны хугарал, баруун зүүн дээд доод зовхи, баруун чихний ар хэсэг, баруун тохойд цус хуралт, баруун хацар, шанаа, зүүн шанаа, баруун чихний дэлбэн, хүзүү, зүүн тохойд зулгаралт гэмтэл буюу Л.Ц, Э.Б нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Э.Болдбаатар нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд Т.П-той зодолдож, түүний биед баруун бугалага, баруун мөр, зүүн эгэм, зүүн бугалаганд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан шүүгдэгч нарын үйлдэл нь  хүний  хуулиар хамгаалагдсан халдашгүй байх эрхэд халдсан, мөн эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан  гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Т.П, Э.Б нар гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Т.П-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Бид гурав 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын чулуунд явсан. Замдаа Цээл сумын төв дээр хоол идсэн. Хоол идчихээд гарч ирэхэд Г гээд манай найз таараад архи авч өгсөн. Бид гурав тухайн архийг уучихаад дахиад 3 дахь шил архиа ууж байгаад би унтаад өгсөн. Намайг сэрээд харахад байсан газраасаа өөр газар очсон мөн хоорондоо зодолдсон байсан. Тэгэхэд Г ирсэн байсан. Э.Б цагдаагийн газар руу явсан Л.Ц, Г бид гурав араас нь очсон. Цагдаагийн байранд очиход бид гурвын зургийг аваад эрүүлжүүлэх байранд хийчихээд цагдаа Л.Ц-г эмчид үзүүлэх гээд аваад явсан. Э.Б, Г бид гурвыг эрүүлжүүлэх байранд хийсэн. Бид гурав сууж байхад би чамд хүрэхгүй байсан ч миний үр хүүхэд чамд хүрнэ гээд над руу дайраад жоохон зодолдсон. Тэгээд нөгөө хоёр эмнэлэгт үзүүлчихээд ирээд Э.Б-г бас эмчид үзүүлнэ гээд Э.Б-г эмчид үзүүлсэн. Сумын эмч та хэд хурдан аймаг яв гээд цагдаагийн машинтай аймагт ирсэн. Машины шилийг та хоёр намайг нийлж зодлоо гээд чулуу  шидээд би хагалсан... Эрүүлжүүлэх байранд намайг хана налаад сууж байхад Э.Б над руу гараа савчаад дайрсан. Тэгэхээр нь би хүзүүгээр нь тэвэрч байгаад хоёр цохисон... Э.Б, Л.Ц нарын биед хүнд гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 1.600.000 төгрөг, Л.Ц-т 550.000 төгрөг, Э.Б-т нь 500.000 төгрөг өгсөн. Дараа нь хоёуланд тус бүрд нь 1.500.000 төгрөг, Л.Ц-т 800.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг,  

 

           Шүүгдэгч Э.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Т.П-н мэдүүлэгтэй ижилхэн гэхдээ эрүүлжүүлэх байранд ороод хол явж байж яах гэж ингэж байдаг юм бэ? Бид хоёр чамтай  зодолдуул зодолдох байсан гэж хэлэхэд та хоёр зодолдъё гэсэн ч та хоёрын гар хүрэхгүй юм чинь гэж хэлсэн. Тэгэхээр нь би барьж авах гэтэл намайг доороо хийгээд зодсон. Эрүүлжүүлэх байранд Т.П-д хөнгөн гэмтэл учруулах хэмжээний зодоон хийгээгүй гэж бодож байна. Аймаг явъя гэхээр нь би аймаг явж чадахгүй эмнэлэгт үзүүлье гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт тариа хийлгээд манай гэрийнхэн тосч очсон тэгээд шөнө ирээд эмнэлэгт хэвтсэн байдаг... Эхлээд зогс гэхээр нь зогсохгүй байхад миний машины шилийг хагалсан. Тэгээд зогсоход бууж ирээд нөгөө талын хаалга онгойлгоод Л.Ц энэ хоёр зодолдоод би салгах гээд хүчгэрэхгүй хойшоо савж унасан. Тэгээд би босгож ирээд боль гэхэд та хоёр нийлж зодлоо гэж хэлээд миний машины шил хагалаад хүчирэгдэхгүй байхаар нь би цагдаа дуудах гээд явсан...” гэх мэдүүлэг,

 

           Хохирогч Л.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Аймаг дээр гар утас алга болсон. Тэгээд гар утас алга болоход П-г авсан гэж хэлээгүй. Уг нь Э.Б бид хоёр явах гэж байсан. Тэгээд маргааш нь Т.П-той таарахад би явъя гэхээр нь бид хоёр Т.П-г аваад явсан. Тэр мотоциклиор дайрсан гэдгийг би мэдэхгүй. Цээл сум дээр Т.П-н найз нь архи авч өгөөд нэг шил архи сумын төв дээр уучихаад сумын төвөөс гарсан. Архиа гартал машинд унтъя гээд сумаас гарсан. Тэгээд хөдлөөд явж байхад Т.П сэрээд та хоёр арайчдээ намайг гар утас авсан гэж бодоод байгаа юм уу? гэхээр нь үгүй тийм юм бодоогүй гэж хэлсэн. Тэгээд машинаа зогсоо гээд шил хагалсан. Тэгэхээр нь машинаа зогсоогоод байж байтал Т.П ирээд миний хөлнөөс чирж буулгаад хоёр гурав дэвсээд би ухаан алдаад унасан. Тэгээд эмнэлэг дээр тариа хийлгээд ухаан орсон...” гэх мэдүүлэг,

 

           Гэрч Б.С-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:  “...Би Цээл сумын олон нийтийн цагдаагаар ажилладаг. 9 сард цагдаагийн байранд байхад Э.Б гэдэг залуу над дээр зодуулсан нүүр ам нь цус болсон ирсэн. Тэгээд нөгөө хүмүүс чинь хаана байгаа юм бэ? гэхэд урд дэнж дээр байгаа гэсэн. Тэгээд тухайн машин дээр очиход шил нь хагарсан, хүнгүй байсан, түлхүүр нь байхгүй байсан. Намайг буцаад ирэхэд Г, Т.П, Л.Ц гурав ирсэн байсан. Тэгээд юу болсон юм бэ? гэхэд Т.П намайг зодчихлоо гэсэн. Л.Ц гэдэг залуу миний цээжээр хатгаад байна босч чадахгүй байна гэхээр нь нөгөө хоёрыг нь эрүүлжүүлэх байранд хийчихээд Л.Ц-г аваад эмнэлэг орсон. Эмнэлэгт үзүүлэхэд эмч яаралтай аймаг авч явахгүй бол дотуур цус алдаж байна гэж хэлсэн. Эргээд ирэхэд Э.Б нь намайг нэмээд зодчихлоо би босч чадахгүй байна гэж хэлсэн. Дахиж эмнэлэг орж Э.Б-г нь үзүүлэхэд хавирга нь хугарсан байна бас дотуур цус алдаж байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд би өөрийн машинд шатахуун хийгээд аваад явсан. Э.Б-н ар гэрээс машинтай хүмүүс тосч авсан. Би аймаг дээр ирээд цагдаад хүлээлгэж өгөөд буцсан байгаа...” гэх мэдүүлэг,

 

 Гэрч Ч.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр энэ гуравтай гудманд таарсан. Нэг шил архи авч цуг уусан. Дахиад нэг шил архи авч уусан. Би гудманд гарч архинд явсан. Тэгэхэд байсан газраа байхгүй байсан. Буцаад ирэхэд голын урд хамар дээр машин нь байсан. Тэгээд намайг очиход Т.П Л.Ц-г унагасан нүүрэн рүү нь нэг цохиод дэвсэж байсан. Би салгаад цагдаагийн байр руу явсан. Бид хэдийг очиход Э.Б цагдаагийн үүдэнд байсан. Тэгээд Л.Ц миний бие өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг аваад явсан. Эрүүлжүүлэх байранд Э.Б Т.П хоёр зодолдсон. Би тэр хоёрыг салгахад гаднаас Э.Б, Т.П хоёр орж ирэхэд Э.Б миний бие өвдөөд байна гэж хэлэхэд цагдаа эмнэлэг аваад явсан. Эмнэлэгт үзүүлэхэд аймаг авч явах шаардлагатай гэж хэлсэн. Сумын цагдаа та дөрвийг авч явна гэхээр нь би зодоон хийгээгүй учир явахгүй гэж хэлээд үлдсэн...” гэх мэдүүлэг,

 

Шинжээч эмч Т.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Л.Ц-н биед цээжний хөндийн хий хуралт, зүүн уушигны шалчийлт, зүүн уушигны няцрал цээж хүзүүний арьсан доогуур хий хуралдалт гэсэн гэмтэл байгаа. Хамгийн гол нь цээжний хөндийн хий, шингэн хуралт нь амь насанд аюултай гэмтэл байсан учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т  цээж болон үнхэлцэг хэвлийн хөндийд хий шингэн агаар хуралдах юм бол хүнд гэмтэлд хамаарна гэж заасан байгаа. Хавирга ясанд гэмтэл учруулахгүйгээр эдгээр гэмтэл учрах боломжтой. Л.Ц-ын биед хөл хэвлий орчим гэмтэл байгаагүй. Мотоциклиор мөргөхөд хөлний мөч орчим гэмтэл үүснэ гэтэл хөлний орчим гэмтэл үүсээгүй байгаа учраас мотоциклиор мөргүүлсэний улмаас эдгээр гэмтлүүд үүсээгүй... Хохирогч Э.Б-н биед дүгнэлт гаргахдаа Э.Б-н биеийг үзсэн мөн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан. Цээжний хөндий шингэн хуралт, уушиг шалчийлт гэмтэл үүссэн учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарсан байгаа. Хохирогч нарын биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохилт доргилтод үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Л.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн “...П нь машинд 5-10 минут унтсан. Тэгж байгаад босоод машинаас буугаад явсан. Би тухайн үед П-г бие засах гэж байгаа юм байх гэж бодож байтал П нь машин тойрч ирээд миний сууж байсан хэсгийн хаалгыг нээгээд намайг хөлнөөс татаж унагаасан. Тэгээд миний цээжин дээр 2-3 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг /хх20-рт/,

 

Э.Б-н мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн “...П машинаас буугаад Ц-г татаж буулгаад газарт унагаагаад дээр нь дэвссэн. Би машины урд хэсэгт сууж байгаад машинаас буугаад очиж салгах хооронд П нь Ц-н дээр нь гараад суусан нүүрэнд нь цохиж байсан. Ц би чамтай зодолдохгүй гээд доор нь байж байсан. Би П-г чи болиоч хол явж байж хоорондоо зодолдоод гэж хэлсэн чинь та нийлээд намайг пойлдож зодох гэж байна уу гээд надруу дайраад миний нүдрүү цохиод  авсан...” гэх мэдүүлэг /хх28-рт/

 

Гэрч Т.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...П нь та хоёр намайг гар утас авсан гэж бодож байгаа юм байна гээд зодсон гэсэн. П нь эхлээд Ц-г цохиж зодсон гэсэн. Тэгэхэд манай нөхөр Б салгаж болиулах гээд очсон чинь П манай нөхрийг зодсон гэж хэлж байсан. Мөн цагдаагийн газарт П, Б нарыг үлдээгээд Ц-г аваад эмнэлэг явсан байхад П нь Б-г нэмж зодсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх44-рт/,

Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл болон түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 283, 284, 285 дугаартай актууд, өвчний түүхүүд зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Батнасангийн хүсэлтээр: Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх13-15-рт/, хохирогч Л.Ц-с дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-21-22-рт/, хохирогч Э.Б-с дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-31-32-рт/, гэрч Д.Б-ны мэдүүлэг /хх53-54-рт/, шинжээч эмч Т.А-н 284 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-62-63-рт/, шинжээч эмч Т.А-ын 283 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-82-83-рт/, шинжээч эмч Т.А-н мэдүүлэг /хх-55-57-рт/, яллагдагч Т.П-н мэдүүлэг /хх-114-115-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Т.П-н өмгөөлөгч Б.Болормаагийн хүсэлтээр: Хохирогч Л.Ц-н мэдүүлэг /хх-19-20-рт/, хохирогч Э.Б-ын дахин өгсөн мэдүүлэг /хх-30-32-рт/, хохирол төлсөн баримт /хх-33-рт/, Т.П-н хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-39-40-рт/, гэрч Б-гийн мэдүүлэг /хх-45-46-рт/, гэрч С-н мэдүүлэг /хх-47-48/, гэрч Г-н мэдүүлэг /хх-51-52-рт/, шинжээч эмч Т.А-н 284 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-62-63-рт/, шинжээч эмч Т.А-н 283 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-82-83-рт/, шинжээч эмч Т.А-н мэдүүлэг /хх-55-57-рт/, яллагдагч Т.П-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-115-116-рт/, багийн Засаг даргын тодорхойлолт /хх-123-рт/, ял шалгах хуудас, өмгөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд өгч байсан хүсэлт /хх-173-рт/, хариу мэдэгдэх хуудас /хх-175-рт/, зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Э.Б-н өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр: Шүүх хуралдаан гэрч Ц.М-н мэдүүлэг /хх-41-42-рт/, гэрч  Т.Б-н мэдүүлэг /хх-43-44-рт/,  гэрч Ч.Г-н мэдүүлэг /хх-51-52-рт/, Э.Б-ын өвчтөний түүх /хх84-97/, шинжээч эмч Т.А-н 283 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-82-83-рт/, ял шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг тус тус хэлэлцүүлэхээр санал гаргасныг шинжлэн судлав.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй  байна.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Т.П-г хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, шүүгдэгч Э.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Б шүүгдэгч Т.П-г зодож гэмтэл учруулаагүй гэж мэдүүлж байгаа болон түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн Э.Б-н хүний биед хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байх тул хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Т.П-г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу  5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хавтаст хэргийн материалаас үзэхэд хохирогч Л.Ц нь “...Т.П-с хохиролд 2017 оны 10 дугаар сард 550.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 1.500.000 төгрөг төлүүлж авсан болно. Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал үгүй. Т.П-н хэргийг хөнгөлж өгнө үү” гэх хүсэлтийг, Э.Б нь “...Хохирогч Э.Б би Т.П-с хохиролд 2017 оны 10 дугаар сард 500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 1.500.000 төгрөг, мөнгөн гинж зэргээ төлүүлж авсан болно. Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал үгүй. Т.П-н хэргийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх хүсэлтийг тус тус цагдаагийн газарт гаргасан байх тул шүүгдэгч Т.П-г гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзэх үндэслэл болж байна.

 

Шүүхээс шүүгдэгч Т.П, Э.Б нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Т.П нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно гэж заасан байна.

 

 Шүүгдэгч Т.П хоёр хүний биед хүнд хохирол учруулсан боловч хохирогч нарын гэмтэл эдгэрсэн, хохирогч нар гомдолгүй гэж байгаа, шүүгдэгч хохирогч нарт эмчилгээний зардал бусад хохирлыг бүрэн төлсөн, гэм буруугаа зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан хуульд зааснаар оногдуулж байгаа хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Т.П, Э.Б нар нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.П нь хохирогч Л.Ц-т 3.209.580 төгрөг, Э.Б-т 2.312.420 төгрөгийг эмчилгээний зардалд тус тус төлсөн, Т.П нь Э.Б-с хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Т-н П-г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б овогт Э-ы Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.П-г 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.П-д оногдуулсан  5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг Э.Болдбаатарт танилцуулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд  зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Э.Б-н өвчний түүхийн бичлэг 1 ширхэг, 2 ширхэг рентген зургийг буцаан олгосугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.П нь хохирогч Л.Ц-т 3.209.580 төгрөг, Э.Б-т 2.312.420 төгрөгийг эмчилгээний зардалд тус тус төлсөн, Т.П нь Э.Б-с хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.П-г цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.П-д авсан цагдан хорих, шүүгдэгч Э.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА

                                            

                                              ШҮҮГЧИД                         Ч.МӨНХТУЯА

 

                                                                                        З.НАНДИНЦЭЦЭГ