| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2136001800086 |
| Дугаар | 01 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 18.12.2.2., 23.2.2., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 01
2023 01 17 2023/ДШМ/01
Г.Өөдэйд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Бадрал, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/177 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн цагаатгагдсан этгээд Г.Өөдэйд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүү хяналт, аудитынн албаны дарга ажилтай, ам бүл тав, эхнэр гурван хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, Жаргалан багийн 4 дүгээр 30 айлын орон сууцны 08 тоотод оршин суух, хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Нацаг ургийн овгийн Галаагийн Өөдэй, регистрийн дугаар: ПЕ85092717.
2. Шүүгдэгч Г.Өөдэй нь Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Б.Байгалмаа, бага ангийн сургалтын менежер А.Чулуунчимэг, Г.Наранцэцэг, тус сургуулийн харуул хамгаалалтын ажилтан Г.Ууганбаяр нарын гарын үсгийг ашиглаж, төрсөн эцэг Н.Галааг Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш хөгжлийн төвд буюу ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ухаан алдаж, улмаар нас барсан гэх утга бүхий гэрчийн тодорхойлолт, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, үйлдвэрлэлийн осол хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж 57,800,000 төгрөгийн буюу их хэмжээний буцалтгүй тусламж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3. Ховд аймгийн Прокурорын газраас: Г.Өөдэйгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүх:
4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Г.Өөдэйгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,
4.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан эрүүгийн 2136001800086 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэч Нацаг ургийн овогт Галаагийн Өөдэйг цагаатгаж,
4.3 Шүүгдэгч Г.Өөдэй нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
5.Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарах ёстой байсан гэж үзэж байна. Учир нь шүүгч гэмт хэрэг гэж үзсэн атлаа цагаатгаж шийдвэрлэсэн. Мөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа шүүхээр хохирол төлүүлэх эрхтэй гэж цагаатгах тогтоолд заасан. Хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
5.2 Цагаатгах тогтоолд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэх хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна гэж дүгнэсэн байх боловч цагаатгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, түүнчлэн шүүх Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана гэж заасныг зөрчсөн.
5.3 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хэлэлцэж гэмт хэргийн шинжтэй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж буруу хэрэглэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрхгүй гэж тайлбарлаж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д “...Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө: Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэр туйлын үнэн, зөв гарна гэсэн ойлголт байхгүй. Давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
6. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
6.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орсон байх тул прокурорын эсэргүүцэлд дурдсан хуулийн заалт байхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хэргийг бүрэн дүүрэн цагаатгаагүй.
6.2 Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлд заасныг гэмт хэргийн шинжтэй байна гэж өөрчилж шийдвэрлэсэн. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д зааснаар төсвийн 57,800,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн.
6.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд цагаатгах тогтоол гарсан нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж үзэж байгаа учир нь аудитын дүгнэлт хэрэгт авагдсан. Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлд “Хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан бол… ” гэж заасан.
6.4 Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн шийтгэх эсхүл цагаатгах тогтоол гаргах зарчмын дагуу цагаатгах тогтоол гарсан. Харин шүүгдэгчийг бүхэлд нь цагаатгасан зүйл байхгүй. Хуурамч баримт бичиг үйлдсэн гэх үндэслэлээр шалгах үндэслэл байхгүй болсон буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Цагаатгах тогтоол гаргахдаа хохирлын талаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй гэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхээс гарах шийдвэрийг харж байж цаашид хохирол нэхэмжлэх эсэхээ шийдвэрлэнэ гэж хэлсэн. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй тул цагаатгах тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
7. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
8.Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
9.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
10. Г.Өөдэй нь Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Б.Байгалмаа, бага ангийн сургалтын менежер А.Чулуунцэцэг, Г.Наранцэцэг, тус сургуулийн харуул хамгаалалтын ажилтан Г.Ууганбаяр нарын гарын үсгийг ашиглаж, төрсөн эцэг Н.Галааг Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш хөгжлийн төвд буюу ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ухаан алдаж, улмаар нас барсан гэх утга бүхий гэрчийн тодорхойлолт, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж 57,800,000 төгрөгийн буюу их хэмжээний буцалтгүй тусламж авсан гэмт хэрэгт холбогджээ.
11. Прокуророос Г.Өөдэйгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйл буюу “хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргээр зүйлчилж, түүний үйлдлийн улмаас Ховд аймгийн төсөвт 57,800,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан гэж үзэж мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
12. Анхан шатны шүүх цагаатгагдсан этгээд Г.Өөдэйгийн үйлдсэн гэх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргээр зүйлчилж, уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Өөдэйг цагаатгаж шийдвэрлэсэн нь “хэргийн бодит байдалтай нийцээгүй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
12.1 Цагаатгагдсан этгээд Г.Өөдэй нь нэр бүхий гэрч нарын гарын үсгийг ашиглаж, төрсөн эцэг Н.Галааг Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш хөгжлийн төвд буюу ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ухаан алдаж, улмаар нас барсан гэх утга бүхий гэрчийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авч улмаар Ховд аймгийн төсөвт 57,800,000 төгрөгийн хохирол учруулсан байхад прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйл буюу “хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохироогүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар цагаатгагдсан этгээд Г.Өөдэй нь дээр дурдсан нэг удаагийн буцалтгүй тусламжийг нийгмийн халамжийн сангаас аваагүй бөгөөд Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс буюу Ховд аймгийн төсвөөс авсан байна.
Иймд Ниймгийн халамжийн сангийн хөрөнгөөс халамж, үйлчилгээ авах, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах нь хоёр өөр ойлголт байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
12.2 Анхан шатны шүүх цагаатгагдсан этгээд Г.Өөдэйгийн дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохироогүй байна.
Тухайлбал хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг нийтийн албаны эсрэг гэмт хэрэг буюу 23 дугаар бүлэгт хуульчилсан байна. Энэ утгаараа тухайн бүлэгт заасан гэмт хэргийн төрлийн объект нь нийтийн албаны ашиг сонирхол буюу төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа байдаг.
Өөрөөр хэлбэл энэ бүлэгт нэрлэж заасан гэмт хэргийн улмаас нийтийн албаны ашиг сонирхол буюу төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүндэд хохирол учирсан байдаг.
Гэтэл шүүгдэгчийн санаа, зорилго, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэх арга хэрэгсэл зэргээс үзэхэд анхнаасаа нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг санаа зорилго агуулаагүй, мөн өөрийн албан тушаалын байдлаа ямар нэг хэлбэрээр шууд ашигласан эсэхийг нь тогтоох боломжгүй байна.
12.3 Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг тохироогүй гэж үзсэн тохиолдолд шүүгдэгчийн үйлдсэн гэх хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр бүлэг, зүйл хэсэгт нэрлэн заасан ойролцоо төрлийн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсний дараа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг ч гэмт хэргийн шинж байхгүй гэж үзсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзнэ.
Гэтэл прокуророос цагаатгагдсан этгээд Г.Өөдэйгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 18 дугаар бүлэгт нэрлэн заасан буюу Эдийн засгийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн байхад шүүх Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт нэрлэн заасан өрсөлдөх хэм хэмжээ буюу ойролцоо төрлийн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгахгүйгээр, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
13. Шүүх “шүүгдэгч Г.Өөдэйгийн үйлдлийг хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжийг хангаж байна” гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийг цагаатгасан нь хууль зүйн хувьд тодорхойгүй, ойлгомжгүй болсон” гэх прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
13.1 Аливаа гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуульд заасан ял шийтгэл оногдуулах боломжгүй болдог тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үр дагаварт хүргэдэг.
Харин хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргах, шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгох боломжтой байдаг.
Гэтэл шүүх өөрийнхөө хийсэн үйлдлийг “гэм хэрэг биш, хууль ёсны үйлдэл” гэж маргаж байгаа Г.Өөдэйгийн хэргийг хянан шийдвэрлэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг гэм буруутайд тооцохгүй байх, цагаатгах тогтоол гаргах үндэслэл болдог гэж ойлгосноос шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үр дагаврыг буруу ойлгосон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн, улмаар цагаатгах тогтоолын тодорхойлох, болон тогтоох хэсэг агуулгын хувьд зөрүүтэй бичигдэх нөхцөл бүрдсэн байна.
13.2 Иймээс шүүх тодорхойлох болон тогтоох хэсэг нь агуулгын хувьд эрс зөрүүтэй цагаатгах тогтоол гаргасан нь агуулгын хувьд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан зорилтод нийцээгүй”, хэлбэрийн хувьд “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуульд заасан шаардлага хангахгүй болжээ.
14. Дээр дурдсан үндэслэлүүд нь “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад хамаарч байна.
Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан бөгөөд энэхүү хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байна.
Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг “...хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн даган мөрдөгдөж байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрх хэмжээгүй болсон хэдий ч мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хүчингүй болгох” эрх олгогдсоны дагуу анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/177 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. Хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэх үед шүүгдэгч Г.Өөдэйд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР