Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 124/ШШ2024/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймаг, У сум, … дүгээр баг, … тоотод оршин суух, Ц овогт Д-ийн Д,

Хариуцагч: Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нарын хооронд үүссэн Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалт болон гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг, нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, хариуцагчийн өмгөөлөгч А.Б /цахим/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Д.Д тус шүүхэд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохыг даалгуулах болон Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Д.Д Увс аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүрэгт ажилд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 12 сарын хугацаатай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. (Хавтаст хэргийн 6, 20-24 дүгээр хуудас)

2.2. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж, оролцох иргэдийн материал ирүүлэх хугацааг 2023 оны 10 сарын 12-ны өдрөөс 10 сарын 27-ны өдрийн 17 цаг 00 минутад дуусгавар болохыг тогтоож, 2023 оны 10 сарын 30-ны өдрөөс 11 сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. (Хавтаст хэргийн 81 дүгээр хуудас)

2.3. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Д.Д, О.О, Б.О нар оролцсон бөгөөд сонгон шалгаруулалтад оролцогчдоос нэхэмжлэгч Д.Д хамгийн өндөр буюу 82,1 оноо авчээ. (Хавтаст хэргийн 82-184 дүгээр хуудас)

2.4. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Увс аймгийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/33 дугаар захирамж, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 3.2.6, Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 6.4.9 дэх заалтыг тус тус үндэслэн Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дтой байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлжээ.

2.5. Нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохыг даалгуулах гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах гэж ихэсгэсэн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Д овогтой Д 2016 онд сонгон шалгаруулалтад орж Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдоод 2020 онд сонгуулийн хуулийн дагуу орон нутгийн сонгуульд оролцохоор ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Засаг даргын захирамжаар түр томилогдсон бөгөөд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалт зарлагдсан байх хугацаанд цар тахлын цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан сонгон шалгаруулалт хойшлоод үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээс ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэх шийдвэр гарч 2022 оны 4 дүгээр сард ажилдаа томилогдсон. Энэ хугацаанд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль хэрэгжиж Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн даргыг томилох, чөлөөлөх эрх мэдэл тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд шилжсэн. Төлөөлөн удирдах зөвлөлтэй Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулаад ажиллаж байх хугацаанд 2023 оны 10 дугаар сард Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлагдаж, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сонгон шалгаруулалт болсон. Тус сонгон шалгаруулалтад миний бие хамгийн өндөр оноо авсан тул Авлигатай тэмцэх газарт миний материал хянагдаад ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн дүгнэлт ирснээр томилогдох ёстой гэж бодож байсан. Гэтэл томилохгүй 1 сар гаруй хугацаа болсон учраас би Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэл гаргасны дараа 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж тогтоол гаргаж намайг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Энэ талаар надад урьдчилан мэдэгдэж, надаас хурал дээр тайлбар сонсоогүй, шууд тогтоол гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Энэ тогтоолыг мөн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иймд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн захирлын ажилд эгүүлэн томилуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Д Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн захирлаар ажиллаж байгаад хууль бусаар ажлаасаа халагдсан. Энэ талаар Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэж, улмаар ажилдаа эгүүлэн томилогдсон байдаг. Тухайн үед Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн захирлыг Увс аймгийн Засаг дарга томилох, чөлөөлөх эрхтэй байсан. Гэтэл хуульд өөрчлөлт орж эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаж, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлыг томилох, чөлөөлөх эрхтэй болсон. Нэгэнт хуульд өөрчлөлт орчихсон байхад Увс аймгийн Засаг дарга өөрөө анх ажилд томилсон шийдвэрээ хүчингүй болгосон. Увс аймгийн Засаг дарга томилох, чөлөөлөх эрхгүй болсон үедээ уг томилсон шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөл Увс аймгийн Засаг даргын шийдвэрийг үндэслээд Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г цуцалсан. Увс аймгийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн захирамж гараагүй байхад 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г байгуулаад явж байсан нь Төлөөлөн удирдах зөвлөл эрхээ хэрэгжүүлж байсан гэж үзэхээр байгаа. Тийм учраас Төлөөлөн удирдах зөвлөл хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Мөн Захиргааны гэрээ учраас захиргааны гэрээг цуцлах талаар Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д Захиргааны гэрээ үндэслэл бүхий байхаар заасан байдаг. Үндэслэл нь бичгээр илэрхийлэгдсэн байхыг хангаагүй. Сонгон шалгаруулалтын тухайд яагаад томилоогүй талаараа хариуцагч талаас 4 төрлийн хариу тайлбар гаргасан. Сонгон шалгаруулалт нь шударга бус явагдсанаас нэг оролцогчид давуу байдал үүсгэн бусад оролцогчдын эрх тэгш байдлыг үл хүндэтгэн эрхийг нь зөрчихөд хүргэж, улмаар сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэл болоод байна гээд бичсэн. Тухайн үед сонгон шалгаруулалтад орж Д.Дтой өрсөлдөөд ялагдсан 2 хүний хэн нь ч сонгон шалгаруулалт хууль бус болсон, бид нарын эрхийг зөрчлөө гэсэн гомдлыг гаргаагүй. Эдгээр хүмүүс сонгон шалгаруулалтын дүнг хүлээн зөвшөөрсөн. Анх сонгон шалгаруулалтын тест бэлтгэхээс эхлээд бүхий л үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож, удаа дараагийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан дээр сонгон шалгаруулалт үнэн зөв болсон талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Д хэлж байсан. Сонгон шалгаруулалтын дүн гарсны дараа Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаад Д.Дын урьдчилан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар руу явуулаад ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн бичиг ирсэн. Өөрөөр хэлбэл, Д.Дыг хүнийг томилоход шаардагдах бүхий л нөхцөл бололцоо үүссэн. Гэтэл ажилд томилогдох гэж байх үед Увс аймгийн Засаг дарга Ч.Ч өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн тухайн үеийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үеийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь мэс засалчдын холбооноос нэр дэвшсэн хүн байсан бөгөөд холбоо нь түүний талаар гомдол гаргаагүй байхад Увс аймгийн Засаг дарга Ч.Ч шууд ажлаас чөлөөлж, нэг намын, үзэл бодол нэгтэй Д.Д гэх хүнийг даргаар томилсноор Д.Дын эрх ашгийг хөндөж эхэлсэн. Сонгон шалгаруулалтад ялсан байхад томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байсан учраас үүнийг хууль бус болохыг тогтоолгох, сонгон шалгаруулалтыг үндэслээд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн захирлын албан тушаалд томилуулахыг даалгах гэсэн эхний нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Сая хариуцагч талаас сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгч байна. Бидний хувьд сонгон шалгаруулалтын дүн гарсан үеэс Д.Дыг томилохгүй байгаа факт үргэлжилж байгаа үйлдэл, үүнээс үргэлжлээд Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г цуцалсан хугацааны эрх зүйн харилцаа нь бүхэлдээ Д.Дын эрхийг зөрчиж байгааг тогтоолгохоор хандсан. Үүнээс хойших асуудал бүхэлдээ шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болсон учраас шүүхийн шийдвэр гараагүй байхад дур зоргоороо аашилж байгаа нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учраас бид нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах боломжгүй. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй, цаг хугацаа авсан, удаашруулсан асуудал үүснэ. Түүнчлэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Дд 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат гэх хүнээс Д.Дтой холбоотой хөдөлмөрийн маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн захирлын албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахгүй байх нь зүйтэй гэсэн хариу хүргүүлэх тухай бичиг ирсэн. Тийм учраас Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон шийдвэр нь өнөөдрийг хүртэл хэрэгжиж чадаагүй, яамнаас зөвшөөрөөгүй байдалтай байгаа. Хэдийгээр, хариуцагч тал нотлох баримт гаргаж өгсөн боловч эрх зүйн хувьд ач холбогдолгүй гэж үзэж юм хэлээгүй.

Сонгон шалгаруулалт хүчингүй болсон учраас Д.Дыг сонгон шалгаруулалтыг үндэслээд томилох боломжгүй гэж ярьж байна. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зайлшгүй шаардлагатай. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу эрх зүйн үйлчлэлгүй акт. Захиргааны байгууллага шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад яагаад шийдвэр гаргадаг юм. Хэдэн ч удаа ямар ч шийдвэрүүдийг гаргаж болно. Шийдвэр гаргах бүрд бид нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгээд хөөцөлдөөд байвал энэ хэрэг шийдвэрлэгдэхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго бол миний үйлчлүүлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах. Захиргааны байгууллага хэрэг хянан шийдвэрлэх болохоор л 1 акт гаргаад байвал зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй байх хэмжээнд хүрч байна. Мөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас шийдвэр гаргахыг хориглосон. Тийм учраас үүнтэй маргах зүйл байхгүй. Анхны сонгон шалгаруулалтыг хууль бус гэж үзэж байгаа, хэрэгжүүлж болохгүй байгаа талаар тайлбар хийсэнгүй шүү дээ. Тэгэхээр анхны сонгон шалгаруулалтыг хүлээн зөвшөөрөөд байна. Хүлээн зөвшөөрөөд томилох нөхцөл байдал үүссэн боловч томилоогүй байсан тул сүүлд шинээр акт гаргаж, үүнээс үндэслээд байна. Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-д Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.11, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7.1, 16-д заасан гэрээг хийсэн. Энэ гэрээгээр зөвхөн Д.Дын хөдөлмөрийн харилцааг зохицуулаагүй. Энэ гэрээгээр эмнэлгийн удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөл хоёрын хоорондын харилцааг, эмнэлгийн даргын эрх үүрэг зэргийг зохицуулсан учраас энэ бол захиргааны гэрээ юм. Захиргааны гэрээ учраас гэрээг хүчингүй болгохын тулд 1 сарын өмнө урьдчилан мэдэгдэх талаар гэрээндээ тодорхой шаардлагуудыг тавьсан байгаа. Гэтэл энэ шаардлагаа биелүүлэхгүйгээр нэг тал дангаараа гэрээг цуцалсан нь хууль бус. Нэмж хэлэхэд нэхэмжлэгч тал Захиргааны хэргийн шүүхэд анх гаргасан тайлбараа дэмжиж байна гэж хэлсэн. 2023 оны 12 дугаар сарын сарын 27-ны өдөр гаргасан тайлбарт дотоод аудитын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Д.Дыг зөрчил гаргасан нь тогтоогджээ. Үүнийг үндэслээд томилохгүй байгаа гэсэн тайлбарыг гаргасан. Энэ тайлбарыг шүүхэд гаргахын өмнө Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаад аймгийн Засаг даргад хариу ирүүлэхдээ дотоод аудит эс үйлдэхүй гаргаад хуульд заасан хугацааны дотор манайд ирүүлээгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авах хугацаа өнгөрсөн тул арга хэмжээ авах боломжгүй гээд хариуг нь өгсөн. Андуураагүй бол 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл болон холбогдох баримтуудад тусгагдсан байгаа. Улс төрийн намын гишүүн гэдгийг анх томилохгүй байгаа талаар тайлбар гаргахдаа бичээгүй. Үүнийг сүүлд өмгөөлөгч олж хараад нөхөн тайлбарлаж байгаа хэлбэр. Харин анхны Төлөөлөн удирдах зөвлөлийн хүсэл зорилго биш. Анх тайлбар гаргасан 4 үндэслэлийг хүлээж авах боломж байхгүй гэжээ.

3.3. Хариуцагч Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн Захирлыг сонгон шалгаруулах журмын дагуу уг сонгон шалгаруулалт явуулж, хамгийн өндөр оноо авч шалгарсан Д.Дыг Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл хурлаараа хэлэлцэн тогтоол гаргаж томилох хуулийн заалттай хэдий ч дараах шалтгааны улмаас томилгоо хийх боломжгүй байна. Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн болон Д.Дтой холбоотой дараах үйлдэл, шийдвэрүүд, зөрчил нь уг сонгон шалгаруулалт шударга бус явагдсанаас нэг оролцогчид давуу байдал үүсгэн бусад оролцогчдын эрх тэгш байдлыг үл хүндэтгэн эрхийг нь зөрчихөд хүргэж, улмаар сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэл болоод байна.

1. Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн олон нийтийн төлөөлөл хэсгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Ганхуягийг аймгийн Засаг даргын 2023 оны 11 сарын 24-ний өдрийн Б/45 дугаар захирамжаар чөлөөлсөн нь Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээ аваагүй. Дотоод аудитын хорооны 2023 оны 06 сарын 23-ны өдрийн 42-р тогтоолыг хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гарган удаа дараа ашиг сонирхлын зөрчил давтан гаргасантай нь холбоотой.

2. 2023 оны 11 сарын 02-ны өдөр Увс аймгийн санхүү хяналт шалгалт, дотоод аудитын албанаас ирүүлсэн Нэгдсэн эмнэлэгт хийсэн хяналт шалгалтын тухай санхүү хяналт шалгалтын дотоод аудитын хорооны тогтоол, улсын байцаагчаас тавьсан актуудтай Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд сонгон шалгаруулалтын өмнө танилцах боломжтой байсан боловч 2023 оны 11 сарын 17-ны дотор хариу ирүүлэх хугацаатай байсан гэсэн шалтгаанаар сонгон шалгаруулалтын дараа танилцуулсан нь уг сонгон шалгаруулалтад оролцогч Д.Дт давуу байдал үүсгэсэн. Улмаар 2023 оны 11 сарын 21-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар нэгдсэн эмнэлгийн удирдлагуудын тайлбар мэдээлэл сонсоход шалгалтаар илэрсэн санхүүгийн 3 зөрчлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байсан нь төсвийн тухай болон бусад холбогдох хуулийн заалтууд, Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 6.4.9 дэх заалтыг зөрчсөн болохыг нотлогдсон.

3. Хүүхдийн эмнэлэг дотор шинээр ажиллуулсан Ариун цайны газрын төсвийн зарцуулалт, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой илэрсэн зөрчил, улмаар мөнгө угаах шинж агуулсан үйлдэл нь хуулийн байгууллагад хандах шаардлагатай байсан.

4. Д.Д нь аймгийн санхүү хяналт шалгалтын дотоод аудитын хорооны тогтоол, улсын байцаагчийн актуудыг хүлээн авснаасаа хойш Төлөөлөн удирдах зөвлөлд огт танилцуулаагүй нь албан тушаалаа ашиглан уг мэдээллийг нуун дарагдуулах замаар өөртөө давуу байдал үүсгэсэн гэсэн хардалтыг төрүүлж, улмаар Авлигын эсрэг хуулийн 7.1.4 ба 7.1.6 дахь заалт, Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан онцгой нөхцөлт хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.9 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэл болж байна. Ийнхүү төлөөлөн удирдах зөвлөлийн зохион байгуулсан нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалт шударга явагдаагүй, оролцогч Д.Д санхүүгийн зөрчил гаргасан болох нь нотлогдож байгаа тул уг сонгон шалгаруулалтын үр дүнг хэрэгжүүлэх боломжгүй. Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлсэн орлогч дарга О.О нь 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 326 дугаар албан бичгээр Нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагын сонгон шалгаруулалт явуулсан үр дүнг үндэслэн томилж өгнө үү гэж хандсан тул Төлөөлөн удирдах зөвлөл 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны шийдвэрийг албан бичгээр хүргүүлсэн ба хоёр өдрийн дараа /2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр/ Д.Д нь өмнөх бичигтэй утга адил албан бичиг ирүүлсэн тул өмнөх Төлөөлөн удирдах зөвлөл дахин хуралдаж шийдвэр гаргаж хүргүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Мөн Увс аймгийн Засаг дарга 2023оны 09 сарын 25-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар нэгдсэн эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон өмнөх захирамжийг хүчингүй болгосноор уг албан тушаалд Д.Дыг томилсон шийдвэр хүчингүй болж, холбогдох хуулийн дагуу захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчийг томилох шаардлага үүссэн. Д.Д нь нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүргийг аймгийн Засаг даргын захирамжаар эрхэлж байсан тул нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл 2023 оны 04 сарын 12-ны өдөр Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г 2023 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. Гэвч аймгийн Засаг даргын 2023 оны 09 сарын 25-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн үүргийг хэн нэгэн гүйцэтгэх эрхзүйн чадамжгүй болсон тул томилгоогүй ажилтантай /хүнтэй/ уг гэрээ үргэлжлэх боломжгүй, дуусгавар болсон. Нэгэнт уг Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул гэрээний хугацааг тооцох, гэрээ цуцлах талаарх мэдэгдэл хүргэх, сонсгол хийж тайлбар авах үйлдэл шаардлагагүй гэж үзсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Эмнэлгийн гүйцэтгэх удирдлагын сонгон шалгаруулалт 2023 оны 11 сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан. Аймгийн Засаг дарга нь 2023 оны 09 сарын 25-ны өдрийн Б/33 дугаар захирамж болон холбогдох эрхзүйн актуудыг хэрэгжүүлээгүйн улмаас Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Л.Ганхуягийг эгүүлэн татсаныг үндэслэлтэй хэмээн үзэж байгаа болно. Увс аймгийн санхүүгийн хяналт шалгалт дотоод аудитын албаны улсын байцаагчийн актуудыг хүлээн зөвшөөрч, гарын үсгээр баталгаажуулсан, биелэлтийн хариуг гаргаж өгсөн баримтуудаар Д.Д нь санхүүгийн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх хүрээний ажил (Хоолны газар ажиллуулах/ санаачилсан хэдий ч үйл ажиллагаанд нь хяналт тавиагүй, ноцтой зөрчил алдаа гаргахад хүргэсэн. Улмаар Төлөөлөн удирдах зөвлөлд уг асуудлыг танилцуулж хамтран шийдэхгүй, эс үйлдэхүй үйлдэж байгаа зэрэгт үндэслэн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 3-р зүйлийн 3.2.6-д зааснаар гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар хариуцлага хүлээлгэж уг гэрээг цуцалсан гэжээ.

3.4. Хариуцагчийн өмгөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 21 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ шаардлагын хувьд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь:

Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх нийтийн эрх зүйн маргаан биш харин Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу зохицуулагдаж байгаа хувийн эрх зүйн харилцаа буюу төрийн үйлчилгээний албан тушаал. Төрийн захиргааны албан тушаал буюу төрийн жинхэнэ албан тушаал биш. Мөн нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн тухай хуульд заасан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан. Энэ гэрээний харилцаа Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахгүй, Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Тухайн тушаалыг гаргахдаа Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ний 6.4.9 дэх заалтыг үндэслэл болгосон бөгөөд 6.4.9-д Захирлын буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ажил олгогчийн итгэлийг алдсан, хуульд болон холбогдох дүрэм журам, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг давтан эсвэл ноцтой зөрчсөн нь тогтоогдвол ажлаас чөлөөлж, гэрээг цуцална гэх заалт юм. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байгаа. Энэ маргааныг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн гэрээг цуцлахад ажилтан тухайн гэрээг цуцалж байгаа шийдвэрийг эс зөвшөөрвөл ямар журмаар маргах талаар журам байгаа. Тухайлбал, хөдөлмөрийн маргаан таслах комисс гэх мэтчилэн Хөдөлмөрийн тухай хуульд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмуудыг тодорхой заасан. Тэр журмуудыг биелүүлсний үндсэн дээр иргэний хэргийн шүүхэд хандах маргаан байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн татгалзах үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас нэг зүйлийг тодруулж хэлэх нь зөв байх. Нэхэмжлэгч Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын ажлын эрхэлж байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Онгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ээр нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлж байсан. Тухайн албан тушаалд жинхлэгдэж томилогдож байгаа харилцаа биш. Түр орлон гүйцэтгэнэ гэдэг нь хуулийн дагуу хэн нэгэн иргэнийг хуульд нийцүүлж бүрэн буюу жинхэлж томилох хүртэл түр орлон гүйцэтгүүлэх харилцаа байдаг. Заавал би түр орлон гүйцэтгэх ёстой гэдэг эрх байхгүй учраас шаардах боломжгүй. Үүнд хөдөлмөрийн жинхэлсэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй байгаа гэдгийг тодруулж хэлэх нь зөв байх.

Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс эмнэлгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлага мөн адил үндэслэлгүй. Учир нь: Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс тухайн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа ...би сонгон шалгаруулалтад оролцоод хамгийн өндөр оноо авсан учраас намайг томилох ёстой байсан, гэтэл томилоогүй эс үйлдэхүй гаргасан гэж байгаа. Би хамгийн өндөр оноо авсан гэж байгаа сонгон шалгаруулалт хүчингүй болчихсон шүү дээ. Сая шүүхэд түүнийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүгчийн зүгээс захиргааны акт гарсан байна, үүнтэй холбоотой санал хүсэлт байна уу гэж асуухад нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс санал хүсэлт байхгүй гэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх шаардлагагүй гэж үзсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй гэж хэлсэн. Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно. Учир нь сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож байгаа нь шинэ захиргааны эрх зүйн акт байгаа. Энэ захиргааны актыг нэхэмжлэгч хууль бус гэж маргаагүй. Хэрвээ үүнийг хууль бус гэж маргаж байгаа бол үүнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх байсан. Өмгөөлөгчтэй оролцож байгаа, өмгөөлөгч нь процесс ажиллагааны журмыг мэдэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээд маргах боломжтой гэдгийг ойлгож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхгүй Төлөөлөн удирдах зөвлөлийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон тогтоолыг хүчингүй болгуулъя гэж маргахгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан үр дагавар үүсгэж байгаа буюу шүүх хэргийн оролцогчийн маргаагүй болон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийхгүй, шийдвэр гаргахгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэр гаргана. Харин нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн нэхэмжлэгч тодорхойлно. Нэхэмжлэгч тус Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргаж өгсөн тогтоолыг хүчингүй болгуулъя гэж маргаагүй байхад шүүх үүнийг хууль бус гэж дүгнэлт хийх боломжгүй. Мөн хүчингүй болгох боломжгүй. Энэ тогтоол хүчинтэй байгаа цагт тухайн хүчин төгөлдөр бус болсон сонгон шалгаруулалтыг үндэслээд сонгон шалгаруулалтын үр дүнд оноо авсан хүнийг төрийн албанд томилох боломжгүй. Гагцхүү сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон нь хууль бус эсэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаж байж энэ асуудал яригдах байсан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй учраас үүнтэй холбоотой шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна. Нэхэмжлэгч нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийг эс үйлдэхүй гаргасан гэж маргаж байгаа. Өөрөөр хэлбэл, томилоогүй эс үйлдэхүй гаргасан. Эс үйлдэхүй гэдэг нь тухайн асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргахгүй орхигдуулахыг хэлж байгаа. Эс үйлдэхүй гаргаж байж эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах буюу томилох эсэх асуудал яригдана. Гэтэл тус нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон шийдвэрээ гаргачихсан. Ямар нэгэн байдлаар шийдвэр гаргасан байхад үүнийг эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг мөн адил хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд улс төрийн албан хаагч, улс төрийн намын гишүүн биш хүн нэгдсэн эмнэлгийн захирлын ажилд томилогдоно, хэрэв улс төрийн намын гишүүн байвал энэ албыг хашихгүй гэх заалт байгаа. Энэ хуулийн заалтыг хангаж байсан эсэх талаар бид өмнө нь маргаад нотлох баримтаа цуглуулж байсан. Ямар нотлох баримт цуглуулсан гэвэл нэхэмжлэл гаргаж байгаа хүн маань өөрөө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Ардын намаас нэр дэвшээд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон. Улс төрийн намын тухай хуульд улс төрийн намын сонгуульт гишүүн гэж хэн бэ гэдгийг заасан. Сонгуульт гишүүн гэж тухайн намд албан тушаал хашиж байвал буюу намын дарга, удирдах зөвлөлийн гишүүн, эсвэл намаас нэр дэвшээд улс төрийн албанд төрийн албан тушаал хашиж байвал тухайн хүнийг улс төрийн намын сонгуульт гишүүн гэж ойлгоно гэж заасан байдаг. Хэдийгээр, намын гишүүнээс түдгэлзэх талаар хүсэлт гаргасан гэж байгаа боловч түүнийг шийдвэрлээгүй. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүн буюу улс төрийн албан тушаал хашиж байгаа цагт Улс төрийн намын тухай хуулийн тодорхойлолт ёсоор улс төрийн намын сонгуульт гишүүн гэдэг статустай байна. Тийм учраас хуульд заасан шаардлага хангахгүй. Гэхдээ энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй зүйл биш гэж үзэж байна. Чухал нөлөөтэй зүйл бол Нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон асуудал. Хүчингүй болгосон 1 үндэслэл нь улс төрийн намын гишүүн гэх асуудал байсан. Үүнийг яагаад ялгаж ярьж учир нь нэгэнт шинэ захиргааны акт гарсан боловч шинэ захиргааны акттай маргаагүй учраас бид шинэ захиргааны акт үндэслэлтэй гэдгийг ярихгүй байгаа. Анх томилохгүй байсан шалтгаан нь улс төрийн намын гишүүн гэх асуудал байсан. Тийм учраас нэхэмжлэлийн 2 дахь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Тэгэхээр эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Нөгөө нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 414 дугаартай тушаалын хавсралтаар төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулах журам баталсан. Маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалт энэ журмаар зохицуулагдаж байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд тухайн журмын 2.10 дахь заалтыг үндэслэл болгосон бөгөөд энэ сонгон шалгаруулалтын дараа эмнэлгийн захиралд нэр дэвшигч баримт бичиг хуурамчаар бүрдүүлсэн, ял шийтгэлтэй зэрэг хуульд заасан шаардлагыг хангаагүй асуудал үүсвэл сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож дахиж зарлана. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын дараа хуульд заасан шаардлага хангаагүй асуудал үүсвэл сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож дахин зарлана. Үүний дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гаргасан. Үүнийг нэхэмжлэгч хүчингүй болгуулъя гэж маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй, шийдвэр гаргахгүй. Иймд үүнийг хууль бус эсвэл илт хууль бус гэдгийг дүгнэх боломжгүй. Сонгон шалгаруулалт хүчингүй байгаа нөхцөлд тухайн сонгон шалгаруулалтын үр дүнд оноо авсан хүнийг томилохыг даалгах боломжгүй. Анх яагаад томилохгүй байсан бэ дурдсан журмын 5.5-д Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ журмын 5.1-д заасан баримт бичгийн бүрдлийг шалгаж дутуу эсвэл хуурамч баримт бичиг бүрдүүлсэн иргэнийг бүртгэхээс татгалзаж, өөрт нь энэ тухай бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн баримт бичиг дутуу, үнэн зөв биш байсан. Англи хэлний мэдлэгийн түвшин тодорхойлох баримт бичиг ирүүлээгүй. Сонгон шалгаруулалтын журмын 5.1.9-д англи хэлний мэдлэгийн түвшнийг тодорхойлох баримт бичиг дотроо TOEIC, TOEFL, IELTS гээд олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар байна гэж заасан боловч нэхэмжлэгч олон улсын гэрчилгээний хуулбар ирүүлээгүй, дотоодын англи хэлний сургалтад хамрагдсан бичиг баримт ирүүлсэн байх. Мөн улс төрийн намаас чөлөөлөгдсөн гэж мэдээлэл өгсөн боловч тэр нь худлаа байсан. Дахиад нэг зүйл дутуу байсан нь дээрх журмын 5.1.11-д заасан улс төрийн намын гишүүн бус гэж бичсэн баталгааг өөрөө бичих ёстой. Үүнийг бичиж ирүүлээгүй байсан. Гагцхүү намаас чөлөөлж өгнө үү гэдэг өргөдлөө ирүүлсэн гэж харагдаж байгаа бөгөөд намын гишүүн биш гэдэг худал болсон тул анхнаасаа томилох боломжгүй нөхцөл байдал байсан. Түүнчлэн аудитаас арга хэмжээ ав гэж байсан учраас томилох боломжгүй гэдэг байдлаар тухайн үед тайлбар гаргаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Д Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан. Хуулиар өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлэн, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, энэ шаардлагын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

3. Нэхэмжлэгч талаас ...Сонгон шалгаруулалтын дүн гарсны дараа Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж Д.Дын урьдчилан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар руу явуулаад ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн бичиг ирснээр томилоход шаардагдах бүхий л нөхцөл бололцоо үүссэн. Сонгон шалгаруулалтын дүн гарсан үеэс Д.Дыг томилохгүй байгаа факт үргэлжилж байгаа үйлдэл, үүнээс хойших асуудал бүхэлдээ шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болсон учраас шүүхийн шийдвэр гараагүй байхад дур зоргоороо аашилж байгаа нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учраас бид нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах боломжгүй. ...Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.11, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7.1, 16-д заасан гэрээг хийсэн. Энэ гэрээгээр зөвхөн Д.Дын хөдөлмөрийн харилцааг зохицуулаагүй. Энэ гэрээгээр эмнэлгийн удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөл хоёрын хоорондын харилцааг, эмнэлгийн даргын эрх үүрэг зэргийг зохицуулсан учраас энэ бол захиргааны гэрээ юм. Гэрээг хүчингүй болгохын тулд 1 сарын өмнө урьдчилан мэдэгдэх талаар гэрээндээ тодорхой заасан шаардлагаа биелүүлэхгүйгээр нэг тал дангаараа гэрээг цуцалсан нь хууль бус гэж тайлбарлав.

4. Хариуцагч Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл ...нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн тухай хуульд заасан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан. Энэ гэрээний харилцаа Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахгүй, Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Энэ маргааныг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй. ...мөн сонгон шалгаруулалтын дараа хуульд заасан шаардлага хангаагүй асуудал үүсвэл сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож дахин зарлана гэж журамд заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гаргасан. Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон тогтоол нь шинэ захиргааны эрх зүйн акт юм. Гагцхүү сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон нь хууль бус эсэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаж байж энэ асуудал яригдах байсан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй учраас үүнтэй холбоотойгоор шүүх хэргийн оролцогчийн маргаагүй болон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийхгүй, шийдвэр гаргахгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байна.

5. Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, томилохоос татгалзсан шийдвэр буюу Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох тухай 12 дугаар тогтоолоор маргахгүй гэх тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргасан.

5.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлийн шаардлагын талаар тодруулахад захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон шийдвэр буюу Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоолтой маргахгүй, харин Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохыг даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул шүүх дээрх тогтоолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

6. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

7. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирал-д тавигдах шаардлагыг, харин 16.2-т Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Захирлыг сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан; Эрүүл мэндийн сайдын сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Журам батлах тухай А/414 дүгээр тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам-ыг баталсан.

Харин Эрүүл мэндийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалтын журмын 4-т Төлөөлөн удирдах зөвлөл нь сонгон шалгаруулалтыг 3 үе шаттайгаар зохион байгуулна. 4.1.1-д Нэгдүгээр шат-Баримт бичгийг хүлээн авч, үнэлэх 4.1.2-т Хоёрдугаар шат-Ур чадварын үнэлгээ хийх; 4.1.3-т Гуравдугаар шат-Шалгарсан нэр дэвшигчийг эмнэлгийн захирлаар томилох гэж тус тус заасан.

8. Хариуцагч Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны хооронд тус эмнэлгийн захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах зарыг тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалт, сонгон шалгаруулалт явуулах хаягийн зарласан; зарын дагуу ирүүлсэн нэр дэвшигч Д.Д, О.О, Б.О нарын баримт бичгийн бүрдлийг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар шалгаж, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн нэр дэвшигч Д.Д, О.О, Б.О нарыг дараагийн шатны сонгон шалгаруулалтад оролцуулж, шалгаруулалтад оролцогч Д.Д 82,1 оноо, О.О 69.6 оноо, Б.О 64 оноог тус тус авчээ. (Хавтаст хэргийн 82-184 дүгээр хуудас)

9. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5-д Эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх; Эрүүл мэндийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны А/414 дүгээр тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалтын журмын 8.1-д Төлөөлөн удирдах зөвлөл сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг эмнэлгийн захирлын албан тушаалд томилох тухай тогтоолыг гаргана. гэж зохицуулсан.

10. Хариуцагч Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 31 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч Д.Дт Аймгийн аудитын хорооны 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолыг хэрэгжилт эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул ...журмын 8.1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байна гэж хариуг өгч шалгарсан нэр дэвшигч Д.Дыг Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохоос татгалзжээ.

10.1. Улмаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл 12 дугаар тогтоолоор ...нэр дэвшигч Д.Д нь улс төрийн намын гишүүн бус талаар илэрхийлж бичсэн баталгааг ирүүлээгүй, ... Англи хэлний мэдлэгийн түвшин тодорхойлох баримт бичгийг ирүүлээгүй, ...аймгийн Монгол Ардын намын бүлгийн гишүүн буюу улс төрийн намын сонгуульт гишүүн болох нь сонгон шалгаруулалтын дараа тогтоогдсон гэх үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам-ын 5.1.9, 5.1.11, 2.10, Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалтуудыг баримтлан 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр явуулсан эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон байна.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана. гээд 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох. гэж заасан бөгөөд даалгах нэхэмжлэлийн төрлийн урьдчилсан нөхцөл захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр буюу эс үйлдэхүй байхаар заасан.

12. Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохыг даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 12 дугаар тогтоолоор ...нэр дэвшигч Д.Д нь улс төрийн намын гишүүн бус талаар илэрхийлж бичсэн баталгааг ирүүлээгүй, ...Англи хэлний мэдлэгийн түвшин тодорхойлох баримт бичгийг ирүүлээгүй, ...аймгийн Монгол Ардын намын бүлгийн гишүүн буюу улс төрийн намын сонгуульт гишүүн болох нь сонгон шалгаруулалтын дараа тогтоогдсон гэх үндэслэлээр 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр явуулсан эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож томилохоос татгалзсан шийдвэр гаргажээ.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэснийг шүүх зөрчиж, Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам-ын 2.10-д зааснаар сонгон шалгаруулалтын дараа эмнэлгийн захиралд нэр дэвшигч нараас баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, ...хуульд заасан шаардлагыг хангаагүй асуудал үүсвэл... үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүйгээс гадна нэхэмжлэгч Д.Д нь Эрүүл мэндийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны А/414 дүгээр тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалтын журмын 8.1-д зааснаар Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож хамгийн өндөр буюу 82,1 оноо авч томилогдох эрх үүссэн боловч хариуцагчийн тус журмын 2.10-д заасан эрх хэмжээний хүрээнд сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон шийдвэр хүчинтэй байгаа тохиолдолд хариуцагчийг тус эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохгүйг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

13.1. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон захиргааны акт хүчин төгөлдөр, түүнийг хууль бус эсэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тохиолдолд нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохыг даалгах хууль зүйн үндэслэлгүй.

14. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

15. Нэхэмжлэгч Д.Д Увс аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүрэгт ажилд түр томилогдон, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 12 сарын хугацаатай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. (Хавтаст хэргийн 6, 20-24 дүгээр хуудас)

16. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Увс аймгийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/33 дугаар захирамж, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 3.2.6, Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 6.4.9 дэх заалтыг тус тус үндэслэн Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дтой байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

17. Хариуцагч ...Хөдөлмөрийн тухай хуульд заасан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан. Энэ маргааныг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж маргасан.

18. Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 4 дүгээр зүйлийн 4.3-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно., 14.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна, 14.1.2. ...эрүүл мэнд, ...зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж тус тус заасан.

19. Харин Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-т заасан суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ., 17.10-т Төлөөлөн удирдах зөвлөл дараахь эрхтэй байна: ...17.10.5. эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ., 16.4-т Эмнэлгийн захирлыг төлөөлөн удирдах зөвлөл таван жилийн хугацаагаар томилох бөгөөд дахин нэг удаа улируулан томилж болно., 16.7-д Эмнэлгийн захирал дараахь нийтлэг үүрэгтэй байна. гээд 16.7.1 төлөөлөн удирдах зөвлөлтэй гэрээ байгуулан ажиллах гэж тус тус хуульчилжээ.

20. Нэхэмжлэгчийн томилуулахаар маргаж буй албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байгаа боловч тэрээр сонгон шалгаруулалтын үндсэн дээр хариуцагчтай гэрээ байгуулан ажилладаг, төрийн /үйлчилгээний/ байгууллагын удирдах албан тушаалтан буюу төсвийн шууд захирагчийн хувьд төрийн захиргааны чиг үүргийг гүйцэтгэдэг.

21. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулагдан ажиллаж байсан боловч хариуцагч Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г цуцалж эмнэлгийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн харилцаа нь Эрүүл мэндийн тухай хууль болон Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхгүй, түүний ажилд томилох, чөлөөлөх, халахтай холбоотой харилцаа нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан юм.

22. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс нэгдсэн эмнэлгийн захирлын албан тушаалыг томилж, чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэх чиг үүргийг хуулиар шилжүүлэн авч, хуулийг хэрэгжүүлж сонгон шалгаруулалт явуулах үүднээс нэхэмжлэгчийг тус эмнэлгийн захирлын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон ба улмаар Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г цуцалж эмнэлгийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...урьдчилан мэдэгдэх шаардлагыг биелүүлэхгүйгээр нэг тал дангаараа гэрээг цуцалсан нь хууль бус гэх тайлбар үндэслэлгүй.

23. Түүнчлэн, нэхэмжлэгч Д.Дтой 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 12 сарын хугацаатай байгуулагдсан ба эрх зүйн үйлчлэл дуусгавар болжээ.

24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болохыг тодорхойлохоор, мөн хуулийн 106.3-т маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор заасан.

25. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Дтой байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон, хугацаа нь дуусаж цаашид сунгагдаагүй, эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон тул нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдөөгүй, мөн хуулийг хэрэгжүүлж сонгон шалгаруулалт явуулсан ба нэхэмжлэгчийг тус эмнэлгийн захирлын захирлын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсныг ажлаас халсан, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

26. Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд, нэхэмжлэгч Д.Дын Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохыг даалгуулах болон Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5 дахь заалт, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дүгээр зүйлийн 16.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Дын Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохыг даалгуулах болон Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.Доос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ