Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 01740

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01740

 

 

С.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/01978 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Бын хариуцагч Н.Э д холбогдох хамтран өмчлөх дундын өмчөөс 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гантуяа, түүний өмгөөлөгч Н.Золжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч С.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Э тай 2001 онд танилцаж, 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Сүүлийн үед гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/02913 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан юм. Гэр бүлээ цуцлуулах үед эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй ба дараа шийдэхээр тохиролцсон. Хамт амьдрах хугацаандаа бид чадлаараа зүтгэж олсон мөнгөөрөө машин авна хэмээн 18 сарын өмнөөс мөнгө цуглуулж, Н.Э гийн нэр дээр данс нээлгэн хуримтлал бий болгосон. Түүний хадгаламжийн дансанд 20.000.000 төгрөг цугларсан ба энэ мөнгө бол бид хоёрын гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон дундын хөрөнгө юм. Гэтэл хариуцагч нь одоо болтол ногдох хувийг гаргаж өгөхгүй байна. Иймд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хаан банкны 5075208155 тоот хадгаламжийн данснаас 20.000.000 төгрөгийн тал хувь болох 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/02913 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Тэр үед хөрөнгийн маргаангүй гэж шийдвэрлэсэн. Байраа худалдаж мөнгийг нь хувааж авсан. С.Б нь 9 700 000 төгрөгийн үнэтэй машинаа авч, байрны мөнгөнөөс 14 000 000 төгрөгийг нэмж аваад, нийт 23 700 000 төгрөгийн хөрөнгө авсан. Би Хархорин Барс-2 зах дээр лангуу түрээсэлж бараа зардаг. Өдөр бүрийн орлогоос байрны зээл төлж, байрны урьдчилгаа мөнгө хийсэн. Байрны бүх зардлыг би төлж байсан. Хуримтлуулсан 20 000 000 төгрөгийг би өөрийн хүч хөдөлмөрөөрөө бий болгосон. С.Б энэ хуримтлалыг бий болгоход оролцоогүй тул хуваах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасныг баримтлан Н.Э гаас 10.000.000 төгрөгийг гаргуулан С.Бт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э гаас 174.950 төгрөгийг гаргуулан С.Бт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “хариуцагчийн зүгээс, дээрх хуримтлал бий болоход нэхэмжлэгч С.Б оролцоогүй, өөрийн хуваарьт хөрөнгө гэх боловч уг тайлбараа нотолж чадаагүй” гэж дүгнэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Н.Э гийн эзэмшилийн Хаан банк дахь 5075208155, 5925243595, 5925243595, 5075208155, 5019904114 дугаартай данснуудын хуулга хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тус дансны хуулгаар хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарласан “Хархорин, Барс-2 зах дээр лангуу түрээслэн махны худалдаа хийдэг, махны мөнгийг өөрийн дансаар авдаг, гүйлгээ хийдэг байсан. С.Б нь энэ мөнгийг бий болоход оролцоогүй,” гэх үйл баримт нь “махны үнэ” “мах” гэсэн утгатай гүйлгээнүүдээр нотлогдож байхад шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас үнэлээгүй гэж үзэж байна. С.Б нь махны худалдааг С.Энхтуяатай хамтарч хийдэггүй, тус мөнгийг бий болгоход түүний хөдөлмөрийн оролцоо байхгүй, болох нь гэрлэлт цуцлуулахад шүүхэд гаргасан  “Хувийн машинаараар таксинд явдаг” гэсэн хариултаар түүний хөдөлмөр эрхлэлтийн байдал харагддаг. Шүүх, хариуцагч Н.Э гийн Хаан банк дахь 5075208155, 5925243595, 5925243595, 5075208155, 5019904114 эдгээр дансны гүйлгээнүүдийг буюу бодитоор одоо байхгүй, өмнө нь гэрлэлт цуцлуулах тухай шүүхийн шийдвэр гарахаас өмнө гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдсан мөнгийг тухайн үед данс хоорондоо шилжүүлж байсан гүйлгээг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хийсвэр байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх зарцуулчихсан мөнгийг одоо бодитоор байгаа мэтээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж, 10 000 000 төгрөгийг Н.Э гаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Н.Э д холбогдуулан хамтран амьдрах хугацаанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгө болох 20 000 000 төгрөгийн өөрт ногдох хэсэг болох 10 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1-2, 14/

С.Б, Н.Э  нар 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ20219/02913 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. /хх7/

Хариуцагч Н.Э гийн ХААН банкин дах 5075208155 дугаарын дансанд 2017 оноос хойш 2018 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэл 20 000 000 төгрөг хуримтлагдсан. Хариуцагч уг мөнгөн хөрөнгийг 2018 оны 10 сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн 5925243595 дугаар хугацаатай хадгаламжийн данс руу шилжүүлсэн, 21 120 000 төгрөгийг 5925243595 дугаартай данснаас 5075208155 дугаарын данс руу шилжүүлсэн, 5075208155 дугаар данснаас 21 120 000 төгрөгийг 5019904114 дугаар хадгаламжийн данс руу шилжүүлсэн, 5019904114 дугаар дансны үлдэгдэл болох 23 794 363 төгрөгийг 2019 оны 10 сарын 25-ны өдөр өмнөх 5075208155 дугаар данс руу буцаан шилжүүлжээ.  Зохигчид тухайн үед гэр бүлийн хамтын амьдралтай байсан, 2018 оны 12 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан зэрэг нь зохигчдын тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдож байна. /хх-118-132, 207/  Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгчийн “... уг мөнгийг хамтран амьдрах хугацаанд бий болгосон ...” гэх тайлбар үндэслэлтэй байна. Нөгөө талаар хариуцагч нь 20 000 000 төгрөгийг хамтын амьдралын хугацаанд, гэрлэлт цуцлахаас өмнө захиран зарцуулагдаад дуусгасан, байхгүй хөрөнгийг хуваах үндэслэлгүй гэх тайлбар гомдол гаргах боловч энэ талаар нотлосон эргэлзээгүй баримт хэрэгт авагдаагүй болно.

Иймээс маргааны зүйл болж буй мөнгөн хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Шүүх хуулийн эдгээр зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч Н.Э  нь “хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг бий болгоход нэхэмжлэгч С.Бын оролцоо байхгүй, би өөрөө хүч хөдөлмөрөөрөө бий болгосон” гэх боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэгчдийг гэрлэлтээ цуцлуулахаас өмнө бий болсон дундын мөнгөн хөрөнгө байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хариуцагч Н.Э г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/01978 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

                                                                                           Б.НАРМАНДАХ