Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 02

 

 

                                      

    2023          01           17                                      2023/ДШМ/02

 

 

 

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/200 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Буянд суманд төрсөн, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрэгтэй, ард казак, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа газар тариалан эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* ******* ******* . /РД:ПВ78091116/

 

            2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт “Булт” гэх нэртэй газарт байрлах өөрийн эзэмшлийн торноос 2021 оны 02 дугаар сарын 26-наас 2020 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нойтон бургас мод тайрч бэлтгэн ойн санд 4382379 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Ховд аймгийн Прокурорын газраас: *******ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүх:

4.1 Шүүгдэгч ******* ******* ******* ******* ийг зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, Эрүүгийн хуулийнн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ******* ******* ийг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 650000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд, сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлж,,

4.4 Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар зааснаар шүүгдэгч *******аас 4082379/ дөрвөн сая наян хоёр мянга гурван далан ес / төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд олгож, 2 жилийн хугацаанд нөхөн төлүүлэхээр тогтоож,

4.5 Эрүүгийн 2136000000096 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 259 ширхэг бургас модыг улсын орлого болгуулахаар, мөн модон иштэй сүхийг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохиролд 300000 төгрөг төлснийг нийт төлөх 4382379 төгрөгөөс хасаж тооцсон, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

4.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

4.7. Шүүгдэгч *******д өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шүүгдэгч *******, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг бид шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэдэг үндэслэлээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хэргийг хянуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

5.2 Шүүх хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, *******ы үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй атлаа гэм буруутайд тооцож ял оногдуулж байгаа нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйл, 1.3 дугаар зүйл, 1.4 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн.

5.3 *******ы үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй, зөрчлийн шинжтэй үйлдэл хийж гэм буруугүйгээр хохирол учруулсан байхад шүүх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулж байгаа нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн ШИНЖ нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан байхыг шаарддаг.

5.4 *******ы 2 ширхэг бургас тайрсан газар нь хуульд заасан "ой", "ойн сан", "Усны сав газар"-ын алинд нь ч хамаарахгүй бөгөөд, ойгоос мод бэлтгээгүй, өөрийн эзэмшлийн ногоо тарих зориулалттай талбай бөгөөд ногооны талбайн ус урсах шуудууг таглаж ургасан байсан учир ногооны талбайд ус оруулах зорилгоор 2 ширхэг бургасыг тайрсан. Бургасыг тайрахдаа үндэсийг нь үлдээсэн тул бургас ургаж, нөхөн төлжсөн байна. *******ы үйлдлийн улмаас нийгэм, улс орон ААН, хувь хүн, хуулийн этгээд, ус болон ойн санд хохирол хор уршиг учраагүй.

5.5 Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: "Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хир хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй" гэж хуульчилжээ. *******ы үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй тул 213600000096 дугаартай эрүүгийн хэргийг хянан үзэж Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

6.1 Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “"ой" гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг хэлнэ” гэж тайлбарласан. Заавал их хэмжээний ойн модтой газрыг ой гэж ойлгохгүй. Энэ нь хэргийн газрын үзлэг хийсэн баримт, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул тухайн газрыг ой гэж үзнэ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Шүүгдэгч нь тухайн модыг бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл аваагүй болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон. Мөн түүний бэлтгэсэн мод нь эд мөрийн баримтаар хэрэгт хураагдсан. Мөн шинжээчийн дүгнэлтээр байгальд 4,000,000 гаруй төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

8. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

9. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын шатанд шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

10. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэр “Булт” гэх нэртэй газарт байрлах өөрийн эзэмшлийн торноос  2021 оны 2 дугаар сарын 26-30-ны өдрийн хооронд нойтон бургас мод тайрч бэлтгэн ойн санд 4,382,379 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

11. Прокуророос *******ий үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “түүний үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон” гэж дүгнээд, *******ийг зөвшөөрөлгүй ой мод бэлтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

 

11.1 Анхан шатны шүүхийн “*******ийн үйлдсэн  хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байх бөгөөд түүний үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл з******* үзүүлэлтүүд, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авах тэмдэглэл үйлдэж, нойтон бургасыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт, гэрч М.Энхсайхан, Ж.Цэцэгээ, А.Нугамет, Х.Алмахан, Ц.Идэрсайхан нарын мэдүүлэг шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтыг тодорхой ярьсан мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.

11.2 Анхан шатны шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

11.3 Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар шүүгдэгч *******аас 4,082,379 төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд олгож шийдвэрлэхдээ 2 жилийн хугацаанд нөхөн төлүүлэхээр хугацаа тогтоосон нь хуульд нийцээгүй байна.

Тухайлбал Эрүүгийн хуульд шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан торгох ялыг ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохыг хуульд заасан ба харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлөх хугацаа тогтоох нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан эрхийг зөрчихөөр байна.

Иймд шийтгэх тогтоолын 4 дэх заалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

12. Шүүгдэгч ******* түүний  өмгөөлөгч “...*******ийн тайрсан 2 ширхэг бургас нь ой, ойн сан, усны сав газрын алинд ч хамаарахгүй бөгөөд тэрээр ойгоос мод бэлтгээгүй, 2 ширхэг бургасыг тайрахдаа үндсийг нь үлдээсэн тул бургас ургаж нөхөн төлжсөн байна. Түүний үйлдлийн улмаас нийгэм, улс орон, ААН хувь хүн хуулийн этгээд ус болон ойн санд хохирол учруулаагүй тул гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна. Иймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэх давж заалдах гомдол гаргажээ.

6.1 Хэрэгт авагдсан баримтуудаар ******* түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан 2 ширхэг бургас мод нь 259 ширхэг нойтон бургас байсан, ойн санд 4,382,379 төгрөгийг хохирол учирсан болохыг тогтоосон байна.

Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт "ой" гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг ойлгохоор заасан байх тул 2 ширхэг бургас тайрсан газар нь ой биш гэх өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч нь зохих зөвшөөрөлгүй 259 ширхэг нойтон бургасыг тайрахдаа үндсийг нь үлдээсэн, үндэс нь дахин ургаж байгаа эсэх нь түүнийг хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд  хэргийн зүйлчлэлд ач холбогдолгүй юм. Иймд өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/200 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...олгож," гэснийг "...олгосугай." гэж өөрчлөн, "...2 жилийн хугацаанд нөхөн төлүүлэхээр тогтоосугай.” гэснийг хасч, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

           

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

                                                       ШҮҮГЧ                                        Д.КӨБЕШ

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР