Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2017/0875

 

2017 оны 12 сарын 14 өдөр                   Дугаар 221/МА2017/0875                         Улаанбаатар хот

        

З.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьезд нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0065 дугаар  шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, З.М-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0065 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, 28.2.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 70 дугаар зүйлийн 70.3 /Төсвийн тухай хуулийн 70.3 дахь заалт 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байсан/, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Мийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б-179 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, З.М-ийг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10.103.584 /арван сая нэг зуун гурван мянга таван зуун наян дөрөв/ төгрөгийг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох ажилгүй байсан хугацааны олговорт илүү нэхэмжилсэн 25.520 /хорин таван мянга таван зуун хорин/ төгрөгийг ажил олгогчоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “…Анхан шатны шүүх З.М-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргад холбогдох төрийн албатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

  1. Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.М нь албан үүргээ гүйцэтгэхдээ хайнга хандаж Баяннуур сумын Засаг даргын Тамгын газарт буюу улсын төсөвт 14.460.054 төгрөгийн бодит хохирол учруулсан нь Монгол Улсын 3 шатны шүүхийн шийдвэрээр нотлогдсон юм. З.М нь албан үүргээ гүйцэтгэхдээ улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан тул ажил олгогч түүнд сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэл байхгүй юм.
  2. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тайлангаар тухайн жилийн өглөг нь 7.948.000 төгрөг, цалин хөлсний хэтрэл 7 сая төгрөг гарсан байна. Энэхүү төсвийн зүй бус зарцуулалт нь З.М нь Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаанд төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж чадаагүй явдалтай шууд холбоотой юм. Энэ нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналтын аудитын албаны 2014, 2015, 2016 онуудын Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн баримтад хийсэн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Х.Хайратханы танилцуулгаар буюу актаар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, З.М нь Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2016 оны Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын батлагдсан орон тоо, стандартыг зөрчиж, илүү орон тоо бий болгон ажиллуулснаас болж батлагдсан цалингийн сан 197.999.632 төгрөг байхад 2016 онд төсвийн гүйцэтгэлээр цалингийн санд 205.640.199 төгрөг зарцуулж, 7.640.468 төгрөгийг хэтрүүлсэн нь тогтоогдсон байна. З.М нь улсын хэмжээний сумдын Тамгын газрын бүтцэд байхгүй орон тоо болох дотоод хяналтын нягтлан бодогч гэсэн орон тоог дур мэдэн бий болгож, уг орон тоонд өөрийн хамаатан Ш.Жайнагүлийг авч ажиллуулсан байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4.1-д заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.8-д заасан төсвийг зохистой удирдах, авлага, өр төлбөр үүсгэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн тул Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1-д төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага буюу дээд шатны төсвийн захирагчийн өмнө хариуцлага хүлээдэг байх гэж заасныг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3, 13.1.11, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.7, 6.6.1-д заасныг тус тус үндэслэн гаргасан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б-178 дугаар захирамжийг хуульд нийцсэн гэж үзэж байна.

  1. Нэхэмжлэгч З.М нь Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа улсын төсөвт олон сая буюу их хэмжээний бодитой хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон тул түүнийг урьд эрхэлж байсан ажилд томилох боломжгүй гэдгийг харуулж байна. З.М нь улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан тул Баяннуур сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б-179 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Төсвийн шууд захирагч нь улсын төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах үүрэгтэй болохоос түүнд төсвийг хэтрүүлэн зарцуулах эрх олгогдоогүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.
  2. Баяннуур сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/98 дугаар захирамж нь эргэлзээтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа юм. Иймд эргэлзээтэй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

            Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0065 дугаар шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянан үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгч З.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

                                                                         ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул гуравдагч этгээд П.Сын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б-179 тоот захирамжаар “З.М нь төсөвт өр төлбөр үүсгэсэн, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, батлагдсан бүтэц, орон тооны стандартыг зөрчиж, илүү орон тоо бий болгон ажиллуулж, цалингийн сан хэтрүүлсэн ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр ажлаас нь халахаар шийдвэрлэжээ.

Улмаар нэхэмжлэгч З.М нь шүүхэд “Баяннуур сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б-179 тоот захирамжийг хүчингүй болгож, З.Мийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 10 129 104 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг дарга болон гуравдагч этгээд нь “...З.М Төсвийн тухай хууль зөрчиж, төсөвт өр төлбөр үүсгэсэн, Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тооны стандартыг зөрчиж, илүү орон тоо бий болгож ажиллуулсан, цалингийн төсөв хэтрүүлсэн, Б/98 тоот захирамж гарсан эсэх нь эргэлзээтэй...” гэж маргажээ.

Гуравдагч этгээд П.С-ын гаргасан гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд,

 1. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128 дугаар актаар нийгмийн даатгалын санд дутуу төлөгдсөн шимтгэл, алданги болох нийт 14 460 054 төгрөгийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэгч З.Мэд үүрэг болгож, улмаар тус зөрчилд нь Баяннуур сумын Засаг дарга К.Ерболат 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/98 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Гэтэл З.Мадиниетийн гаргасан дээрх зөрчилд тус сумын Засаг дарга С.Берик 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б-179 дүгээр захирамжаар дахин сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсныг сахилгын нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулсан гэж үзэх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Хариуцагч, гуравдагч этгээд нар нь Баяннуур сумын Засаг даргын 2014 оны Б/98 дугаар захирамжийг бодит байдал дээр гарсан эсэх нь эргэлзээтэй гэж тайлбарлах боловч энэ нь тухайн үед сумын Засаг  даргаар ажиллаж байсан К.Ерболатаас хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрчийн мэдүүлэг, шүүхээс тус сумын Засаг даргын Тамгын газрын архивын ажилтнаас гаргуулсан Б/98 дугаартай захирамжийн эх хувь, шүүхээс үзлэг хийх явцад баримтын товъёогт “сахилгын шийтгэл ногдуулах тухай” гэсэн утгатайгаар Б/98 тоот захирамж тэмдэглэгдсэн зэргээр няцаагдаж байна.

3. Баяннуур сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын орон тоог тогтоож, үүнд дотоод нягтлан бодох бүртгэлийн хянан шалгагч албан тушаалыг баталсан, уг захирамжийг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тушаалаар дээрх орон тоо, албан тушаалуудыг хэвээр баталсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул гуравдагч этгээдийн “нэхэмжлэгч З.М нь батлагдсан орон тооноос илүү орон тоог бий болгож, дур мэдэн дотоод нягтлан бодох бүртгэлийн хянан шалгагч албан тушаалыг бий болгосон” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр сумын Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх нь сумын Засаг даргын тамгын газрын Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4-т заасан үүрэг нь юм.

Мөн хэрэгт авагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 63, 2016 оны 08 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1-01/332 дугаар албан бичгээр 2016 оны цалингийн төсөв дутуу батлагдсан, хэрэгт авагдсан Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын 2015, 2016 онуудын төсвийн гүйцэтгэлийн тайлангаар “зөрчилгүй, санал дүгнэлт” авч байсан болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн “нэхэмжлэгч З.М нь ... 2016 оны сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн аудитын тайлангаар аймгийн болон сумын Хурлын байгууллагаас баталсан цалингийн төсвийг 7.640.468 төгрөгөөр хэтрүүлж зарцуулсан зөрчил гаргасан нь тогтоогдоогүй, анх цалингийн төсөв дээрх хэмжээгээр дутуу батлагдсанд нэхэмжлэгч буруугүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                     

ШҮҮГЧ                                                                    Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН