Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 466

 

“А И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын

хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:       Х.Батсүрэн  

Шүүгчид:                      Л.Атарцэцэг

                                     Д.Мөнхтуяа

                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн “А И”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, NE-026811 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, Дорнод аймгийн Гурванзагал сумын “Хөшиг” нэртэй 4195.87 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 128/ШШ2018/0350 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2018/0514 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 128/ШШ2018/0350 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “А И”ХХК-ийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн “А И”ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “А И”ХХК-ийн NE-026811 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “А И”ХХК нь Дорнод аймгийн Гурванзагал сумын “Хөшиг” нэртэй 4195.87 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0514 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 128/ШШ2018/0350 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...19 дүгээр зүйлийн 19.5...” гэснийг “...19 дүгээр зүйлийн 19.6...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Заантогтохын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

         Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Дорнод аймгийн Засаг дарга манай компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1/5013 тоот албан бичгээр татгалзсан хариу ирүүлж, үүнийг манай компани эс зөвшөөрч, “үндэслэлгүй санал ирсэн байна" гэж үзэн зохих тайлбараа хавсарган 2015 оны 12 дугаар сард хүсэлт гарган дахин санал авч өгөхийг төрийн захиргааны байгууллагаас хүссэн. Энэхүү хүсэлтийг төрийн захиргааны байгууллага хүлээн авч, Дорнод аймгийн Засаг даргын 1/5013 тоот саналыг хүчингүй болгон дахин санал ирүүлэхийг Дорнод аймгийн Засаг даргад 2016 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 6/79 тоот мэдэгдэл хүргүүлсэн.

4. Гэтэл Дорнод аймгийн Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 139 тоот албан бичгээр 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1/512 тоот албан бичгээр явуулсан. Тус санал нь Төрийн захиргааны байгууллагад 2016 оны 3 сарын 31-ний өдөр ирсэн.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-д 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй бол Төрийн захиргааны байгууллага аймгийн Засаг даргыг зөвшөөрсөн гэж үзэж тусгай зөвшөөрөл олгох үүрэгтэй. Гэтэл 1 сар 20 хоног хоцорч ирсэн саналыг хүлээн авч. түүнийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

6. Шүүх Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орж 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт байхгүй болсон тул зөрчигдсөн гэх эрхийг сэргээх боломжгүй байна гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн.

7. Гэтэл манай “А И”ХХК 2015 онд хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох тухай Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр байх үед өргөдөл гаргасан. Энэхүү өргөдлийг шийдвэрлэх ажиллагаа төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдрийг хүрсэн бөгөөд Кадастрын даргын шийдвэр гарснаас хойш анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх явцад хууль тогтоогч хуульд өөрчлөлт оруулсан.

8. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 350 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 514 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр Засаг даргаас “дэмжихгүй” санал ирсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Аурора” /А И/ ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан, нэхэмжлэгч нь “...Засаг дарга хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан тохиолдолд захиргаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах үүрэгтэй, ...татгалзсан нь хууль бус” гэж маргаж, уг шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, NE-026811 дугаартай өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, Дорнод аймгийн Гурванзагал сумын “Хөшиг” нэртэй 4195.87 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчийн Дорнод аймгийн Гурванзагал, Чойбалсан сумдын нутаг “Хөшиг” нэртэй газрын 4195.87 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан өргөдөлд Дорнод аймгийн Засаг даргаас тухайн талбай байрших сумдын ИТХ-ын тогтоолыг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 68 дугаартай тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал өгсөн ба “саналыг зөвшөөрөхгүй, дахин санал авна уу” гэсэн нэхэмжлэгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлтийн дагуу дахин санал авахад сумдын Хурал “дэмжээгүй” тул мөн Засаг даргаас 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 139 дугаартай “дэмжихгүй” санал өгсөн, тус саналыг хариуцагч нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

11. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “аймаг, нийслэлийн Засаг дарга ...саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасан, тухайн тохиолдолд мөн хуулийн 19.6-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах боломжтой ч энэ маргааны хувьд Дорнод аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналд үндэслэсэн буюу саналын үр дагаварт үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан маргааныг шүүх хянан шийдвэрлэсэн, иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...1 сар 20 хоног хоцорч ирсэн саналыг хүлээн авч түүнийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хуулийн 19.4 дэх хэсгийг ноцтой зөрчсөн, шүүх үүнийг авч үзэлгүй, энэ талаар дүгнэлт хийлгүй, тус заалтыг буруу хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

12. Тодруулбал, нэхэмжлэгч нь дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.6-д заасныг хариуцагч хэрэгжүүлээгүй буюу тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэж гомдол, нэхэмжлэлийг тухайн үедээ гаргаагүй атлаа нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дүгнэлт хийж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг буруутгасан нь үндэслэлгүй, шүүхүүд энэ маргааныг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчөөгүй болно.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан, нэхэмжлэгч “А И”ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн, энэ тохиолдолд хариуцагчийн эс үйлдэхүй байхгүй, хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй, NE026420 дугаартай өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах үндэслэлгүй.

14. Үүний зэрэгцээ хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар мөн хуулийн 19 дүгээр зүйлийг бүхэлд нь хүчингүй болсонд тооцож, “өргөдөл”-өөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт өөрчлөн найруулагдаж, хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор тусгагдаж, уг хууль хүчин төгөлдөр болсон байх тул Дорнод аймгийн Гурванзагал,Чойбалсан сумдын нутаг “Хөшиг” нэртэй 4195.87 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоох нь хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох” зарчим, агуулга, зохицуулалтад нийцэхгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

15. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Заантогтохын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2018/0514 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                     Ч.ТУНГАЛАГ