Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 15

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, нэхэмжлэгч А.*******ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн *******гийнтасгийн байцаагч а/х С.*******т холбогдох 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах шийдвэрийг 6 сар болгуулахаар даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.*******, нарийн бичгийн даргаар Б.Цэрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* би а/х С.******* байцаагчийн 2 жилээр жолоодох эрхийг хасах шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг шийдвэрийг 6 сар болгож бууруулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27.1 дэх заалтад жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна гэж заасан. Гэхдээ энэ заалт нь зөрчил гаргасан хүн бүрийн эрхийг заавал 2 жилээр хасна гэсэн заалт биш гэж ойлгож байна. Би замын хөдөлгөөний зөрчил гаргаагүй гэж маргаагүй бөгөөд миний гаргасан зөрчилд тохирох арга хэмжээ авах ёстой байсан гэж үзэж миний эрхийг 2 жилийн хугацаагаар хассаныг зөвшөөрөхгүй байна. Замын цагдаагийн ажилтан надад арга хэмжээ авсан шийдвэрээ 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан атлаа надад 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаарын утаснаас залгаж торгох болон 2 жилийн хугацаагаар эрх хассан гэдгийг мэдэгдсэн. Гэхдээ надад эрх хассан тухай ямар нэгэн шийдвэр өгөөгүй. Харин би 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байцаагч а/х С.*******тай уулзаж торгууль төлөх шийтгэвэрт гарын үсэг зурж хүлээн авсан. Үүнээс өмнө а/х С.******* нь эрхийг чинь хасна гэж надад амаар мэдэгдэж байсан. Тиймээс би түүний шийдвэрийг өөрөөр хэлбэл эрх хасах тухай шийдвэрийнх нь хугацааг мэдэхээр удаа дараа уулзаж байсан. Тэр үед ер нь бол эрхийг чинь хасна, байж бай гэх мэтээр хариулж байсан. Мөн би Цагдаагийн ерөнхий газрын цахим хуудсанд мэдээлэл тавигдсан эсэхийг байнга шалгаж байсан. Би дээрх торгууль оногдуулсан шийтгэврийг хүлээн авахдаа эрхийг маань 2 жилээр хасахыг зөвшөөрөхгүй, 6 сар болгож өгөөч гэдэг хүсэлтийг а/х С.*******т амаар гаргасан. Уг асуудлыг тасгийн даргадаа танилцуулна, үдээс хойш асуугаарай гэсэн. Маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 24-нд а/х С.*******тай холбогдоход 6 сар болгож бууруулах боломжгүй, торгуулиа төл гэсэн хариу өгсөн. Мөн би Цагдаагийн газрын дэд дарга *******т дээрх шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тухай гомдлоо 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр амаар гаргахад надад хуульд зааснаас хэтрүүлээгүй байна гэсэн хариу өгсөн. Миний бие Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар Замын цагдаагийн ажилтаны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Завхан аймгийн Цагдаагийн газрын, Замын цагдаагийн тасгийн а/х байцаагч С.*******ын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн жолоодох эрхийг 2 жилээх хасах шийдвэрийг 6 сар болгуулахаар даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч а/х С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад С.******* би 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон иргэн А.*******ид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар ******* дугаартай шийтгэвэрийн хуудсаар 384000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж захиргааны арга хэмжээ авсан байна. Иргэн А.******* нь зөрчил гаргасныхаа маргааш өдөр нь ирээд намайг аргалаад өгөөч эрхээ хасуулмааргүй байна гэхээр нь нэгэнт зөрчил гаргасан бол хуулийн дагуу арга хэмжээ тооцно. Авто машин жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, торгуулийн арга хэмжээ авна гэж хэлэхэд танай даргатай чинь уулзаж учир байдлаа хэлье гээд өрөөнөөс гарсан. А.*******ийн гаргасан зөрчилд захиргааны арга тооцох материал бүрдүүлэн өөрт нь танилцуулан гарын үсэг зуруулаад торгуулийн мөнгөө тушаагаад ир гээд торгуулийн мөнгө тушаах дансыг бичиж өгөөд явуулсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаад тасгийнхаа эрх хассан бүртгэлийн дэвтэрт 115 дугаарт бүртгээд цахим мэдээллийн санд шивсэн. 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 цагт Завхан аймгийн Завханмандал сумын нутагт хууль бусаар алт олборлож байгаа иргэдийг тараах ажил гэнэт гараад ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаад 2016 оны 05 дугаар сар гаргаж ирээд иргэн А.*******ийн торгуулийн мөнгөө төлөх хуулийн хугацаа дууссан байсан учир утсаар нь холбогдож торгуулийн мөнгөө төлөхгүй бол шүүхэд материалыг нь явууллаа гэж хэлэхэд би очиж уулзана эрхээ 2 жилээр хасуулмааргүй байна. Танай дарга нартай чинь ярьсан гэж хэлэхээр нь тийм зүйл байхгүй. Таны эрхийг хуульд зааснаар хассан байгаа гэж хэлсэн. Намайг Завхан аймгийн Цэцэн-Уул суманд дуудлаганд явсан хойгуур ажил дээр ирсэн байсан. Өмнө нь нэг удаа ирэхдээ Прокурорын байгууллага дээр хурал зөвлөгөөнтэй байхад ирж сураад явсан талаар жижүүр надад хэлж байсан. А.*******ийг 06 сараар эрхээ хасуулмаар байна гэж хэлэхээр нь эрх хасах тухай тэмдэглэлд бичлээ, одоо тасгийн даргаар батлуулаад эрх хасагдана гэж хэлж байсан. Эрхээ хасуулсаны дараа манай байгууллагын дарга нартай уулзсан байх. Цагдаагийн газрын дарга надад хуулийн дагуу арга хэмжээг нь тооц гэж хэлсэн. Сүүлийн үед гарч байгаа зам тээврийн осол хэргийн ихэнх нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсаны улмаас гарч эрдэнэт хүний амь нас эндэж байгаад анхаарч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж байгаа болохоор манай аймагт Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч А.******* нь Завхан аймгийн *******гийн тасгийн зохицуулагч а/х С.*******ын 2015 оны 04 сарын 15-ны өдрийн шийтгэл оногдуулах тухай шийдвэр /тэмдэглэлийн/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хассаныг 6 сар болгуулахаар даалгахнэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч А.******* нь Завхан аймгийн *******гийн тасгийн зохицуулагч а/х С.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хассан шийдвэр /тэмдэглэл/-ийн талаарх гомдлоо тус аймгийн Цагдаагийн газрын даргад гаргасан байх бөгөөд Цагдаагийн газрын дарга нь С.*******т хуулийн дагуу арга хэмжээг нь тооц гэж хэлсэн байна. Ингэснээр нэхэмжлэгч нь хариуцагчийн дээд шатны албан тушаалтанд хандаж урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч А.******* нь 2015 оны 04 сарын 14-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан болох нь захиргааны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, жолоочийн согтуурлыг Alcotest 7510 багажаар шалгахад 1.15 хувьтай гарсан тухай тэмдэглэл, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар нотлогдож байна. Уг зөрчил нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан зөрчилд хамаарч байх бөгөөд тухайн зөрчилд Захиргааны хариуцлагын тухайхуулийн 10 дугаар зүйлийн 3-т зааснаар Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан хариуцлага хүлээлгэхээр байна.

Хууль зүйн сайдын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/186 дугаар тушаалаар батлагдсан Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журам-ын 2.2.1 дэх хэсэгт нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн зохицуулагч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахаар зохицуулсан байх тул замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч С.******* нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг шалгаж захиргааны арга хэмжээ авсныг буруутгах үндэслэлгүй байна. Гэхдээ хариуцагч нь зөрчил гаргагч А.*******ид захиргааны шийтгэл ногдуулахдаа захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрийн хэлбэрийг зөрчиж, захиргааны шийтгэлийг тэмдэглэлээр ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна. Учир нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр нь торгуулийн хуудас, шийтгэвэр гэсэн хэлбэртэй байна, мөн зүйлийн 3-т энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд захиргааны шийтгэл ногдуулахдаа энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалтан шийтгэвэр гаргана гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч С.******* ньА.*******ийн гаргасан зөрчилд шийтгэл ногдуулахдаа хуульд зааснаар шийтгэвэр гаргах ёстой байжээ.

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар жолоочийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль буюу түүнээс илүү байгаа нь тогтоогдсон тохиолдолд тухайн этгээдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гэж заасан байна. Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс согтуурлын хувь хэмжээг ангилж тогтоосон байх бөгөөд цусан дахь спиртийн хэмжээ 0,5-1,5 хувь байвал хөнгөн зэргийн согтолтод хамаарна гэжээ.

А.******* нь анх удаа зөрчил гаргасан, гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдлыг харгалзалгүйгээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27.1 дэхь заалтад заасан жолоодох эрхийг 6 сараас 2 жилээр эрх хасах шийтгэл буюу зөрчил гаргагчид дээрх хуулийн зүйлд заасан хамгийн хүнд шийтгэлийг ногдуулсан нь зөрчлийн хүнд, хөнгөн түүний хувийн байдалд тохироогүй байна.

Иймд А.*******ид гаргасан зөрчлийнх нь хүнд, хөнгөн, хувийн байдалд нь тохируулан шинээр захиргааны шийтгэл ногдуулах боломж хариуцагчид бүрэн байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу нөхцөл байдлыг цаашид тодруулж дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж, харин ийнхүү шийдвэрлэтэл өмнө гарсан Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч а/х С.*******ын бичсэн тэмдэглэлүүдийг түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 107дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 3, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус баримтлан Завхан аймгийн *******гийн тасгийн ахлах зохицуулагч С.*******ын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Захиргааны шийтгэл оногдуулах тухай тэмдэглэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай тэмдэглэл /115 дугаар/-ийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж дахин шинэ акт гартал 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсгийг баримтлан шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд нэхэмжлэгч А.*******ийн гаргасан зөрчлийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан дахин шинэ захиргааны шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж, дээрх хугацаанд шийдвэр гаргаагүй бол маргаан бүхий захиргааны шийдвэрийг хүчингүй болгохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн *******гийн тасгаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******ид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР