Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2016/01014

 

Б.Мөнхцацрал, “Цацрах-Итгэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/02524 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1045 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Мөнхцацрал, “Цацрах-Итгэл” ХХК нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Лхагва, “Тэлмэн хас ББСБ” ХХК нарт холбогдох,

90 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Тэлмэн хас ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадамын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхцацрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэнд-Аюуш, Ц.Төмөрцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Цацрах-Итгэл” ХХК-ийн захирал бөгөөд тус компани нь 1 үүсгэн байгуулагчтай компани юм. Бид 2014 онд интернэтээр объект зарна гэсэн зарын дагуу иргэн Б.Болдмөртэй уулзсан. Зарна гэсэн объект нь барьцаанд байгаа гээд биднийг “Тэлмэн Хас ББСБ” ХХК дээр очиж захирал Нина гэдэг хүнтэй уулзуулсан. Ингээд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 16 дугаар байр, 89 тоот, 59,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн хотхоны 17 дугаар байрны үйлчилгээний зориулалттай, 549,36 м.кв талбай бүхий объект нь манай байгууллагын барьцаанд байгаа, төлбөрийн асуудлыг нь шийдвэл чөлөөлж өгч болно гэсэн. Уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар болж 2014 оны 9 дүгээр сарын 23, 24, 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд Нинагийн өгсөн Хаан банкны 5027034591 тоот данс руу 3 удаа, нийт 90 000 000 төгрөгийг Б.Мөнхцацралаас гээд Хаан банкны 5034383102, 5675118293 тоот данснаас шилжүүлсэн.Тухайн үед “Тэлмэн хас ББСБ” ХХК-ийн захирал гэх Нина нь үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгнө гэж бидэнд итгүүлэн, байгууллагынхаа дансыг бус өөрийн нөхөр С.Лхагвын хувийн дансанд шилжүүлж авсан байдаг. Нина захиралд энэ талаар утсаар ярьж хэлэхэд биднийг хэл үгээр доромжилж хуулийн байгууллагаараа яв гэж хэлсэн. Б.Болдмөр нь зарна гэсэн объектыг банк бус санхүүгийн байгууллага чөлөөлж өгөхгүй байна гээд худалдахаа больж сүүлдээ надад мөнгө шилжүүлээгүй гээд миний болон манай компанийн мөнгийг бүтэн 2 жил хариуцагч “Тэлмэн хас ББСБ” ХХК нь ашигласан. Бид С.Лхагвагийн хувийн дансанд шилжүүлсэн учир түүнийг хариуцагчаар татсан. Уг мөнгө нь “Тэлмэн хас ББСБ” ХХК-д орж, Б.Болдмөрөөс авах зээлийн төлбөрт ашиглагдсан гэдэг.Иймд С.Лхагва болон “Тэлмэн хас ББСБ” ХХК-иас 90 000 000 төгрөгийг адил хэмжээгээр хуваан нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч С.Лхагва шүүхэд гаргасан тайлбартаа: “Цацрах-Итгэл” ХХК болон Б.Мөнхцацрал нартай аль алинтай нь хэлцэл, гэрээ хийгээгүй. Баримтуудаас үзэхэд Б.Болдмөр гэдэг хүнд төлөх төлбөрөө миний Хаан банк дахь 5027034591 тоот дансанд 90 000 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нар болон бидний хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн, бие биедээ ямар үүрэг хүлээсэн, үүргээ хэрхэн биелүүлсэн, ямар үүргийн гүйцэтгэл шаардах эрх үүссэн талаар тодорхойлоогүй байдаг. Нэхэмжлэгч нараас гаргасан баримтууд нь надад хандив өргөсөн, тусламж үзүүлсэн, бэлэглэсэн, эсхүл өмнөх зээлээ төлсөн эсэх нь мэдэгдэхгүй байна.Б.Мөнхцацрал нь иргэн Б.Болдмөртэй үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах тухай гэрээ хийсэн, Б.Болдмөр нь “Тэлмэн хас ББСБ” ХХК-тай зээлийн гэрээний харилцаатай байдаг. Иймд тодорхой эрх зүйн харилцаа үүсгээгүй, ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, түүнийгээ нотолсон нэг ч баримтгүй байх тул нэхэмжлэгч нь мөнгө өгсөн тэр хүнээсээ мөнгөө нэхэмжлэх ёстой. Надад ямар ч хамааралгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Тэлмэн хас ББСБ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Мөнхцацрал нь зээлдэгч Б.Болдмөрийн манай байгууллагын барьцаанд байгаа 2 объектыг худалдан авах гэж байгаа тухай хэлж байсан. Бид дээрх хөрөнгүүд нь ямар үүргийн барьцаанд байгаа талаар нь танилцуулж, үүргийн гүйцэтгэл хангагдсан тохиолдолд барьцаанаас чөлөөлөгдөх боломжтой талаар танилцуулсан. Нийт 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 503 328 000 төгрөг бүрэн төлж байж дээрх хөрөнгүүд суллагдана гэдгийг тайлбарлаж, зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл тооцоог ч үзүүлж байсан. Б.Мөнхцацрал нь тэр бүх өрийг 2015 оны 3 дугаар сарын эхэнд бүрэн төлж барьцаанаас чөлөөлүүлж авна гэж хэлж байсан. Б.Болдмөр, Б.Мөнхцацрал нар хоорондоо ямар тохиролцоо хийснийг мэдэхгүй, нэхэмжлэгч нь энэ нөхцлийг мэдэж зөвшөөрсний үндсэн дээр 90 000 000 төгрөгийг шилжүүлсэн байх. Энэ мөнгийг С.Лхагваагийн дансаар дамжуулан шилжүүлж манай байгууллага авсан нь үнэн. Энэ үеэс эхлэн Б.Болдмөрийн зээлийн төлбөрөөс 90 000 000 төгрөг хасагдсан байдаг. Одоо үлдэгдэл нь нийтдээ 851 120 667 төгрөг байгаа.Б.Мөнхцацрал 90 000 000 төгрөгийг нь төлчихөөд үлдэгдлийг нь би төлнө, танайх энэ байр, объектыг өөр хүнд өгөлгүй хүлээж бай, би барьцаанаас чөлөөлж авна гэж өөрөө болон бидний танил хүмүүсээр хэлүүлж байсан. Үүний улмаас бид нэг хэсэг хугацаанд Б.Болдмөрөөс зээлийн төлбөрийг шаардаагүй, Б.Мөнхцацралыг хүлээх байдалд байсан.Иймд нэхэмжлэгч нар нь Б.Болдмөрөөс нэхэмжлэх ёстой байтал манай байгууллага болон иргэн С.Лхагва нараас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх 90 000 000 төгрөг нь Б.Болдмөрийн зээлийн үлдэгдлийн тооцооноос 2015 оны эхээр хасагдан тус компанийн улирал, хагас жил, жилийн эцсийн санхүүгийн тайлан тооцоонд орж хянагдан, зээл төлөлтийн мэдээ, судалгаанд орсон.Иймээс Б.Болдмөрөөс зээлийн гэрээний үүрэгт төлсөн 90 000 000 төгрөгтэй холбоотой ямар нэгэн зүйл шаардах эрхгүй. Хариуцагч С.Лхагва энэ мөнгийг аваагүй, манай байгууллага авсан нь үнэн. Нэхэмжлэгч нараас манай байгууллагатай ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, Б.Болдмөртэй гэрээний харилцаа үүссэн талаараа нэхэмжлэлдээ болон хүсэлтдээ зөвшөөрсөн мөртлөө огт хамааралгүй “Тэлмэн хас ББСБ” ХХК-иас 90 000 000 төгрөг нэхэмжилсэн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/02524 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Тэмсэн хас ББСБ” ХХК-иас 90 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Цацрах-Итгэл” ХХК болон Б.Мөнхцацрал нарт олгож, хариуцагч С.Лхагвад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Тэлмэн хас ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 607 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1045 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/02524 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6-д зааснаар хариуцагч “Тэсмэн хас ББСБ” ХХК-иас...” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч “Тэлмэн хас ББСБ” ХХК-иас...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 607 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч “Тэлмэн хас ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...С.Лхагвад холбогдох хэрэгт анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 101/Ш32016/06087 дугаар захирамжаар “Тэлмэн хас ББСБ” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан бөгөөд ингэхдээ анхан шатны шүүх “...иргэн С.Лхагвагийн хувийн дансанд шилжүүлсэн 90 000 000 төгрөгийг “Цацрах итгэл” ХХК-д гаргуулж өгч хуулийн дагуу яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй, С.Лхагвад холбогдох нэхэмжлэлийг “Тэлмэн хас ББСБ” ХХК-д гардуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн бөгөөд харамсалтай нь үүнийг давж заалдах шатны шүүх залруулж чадсангүй.Ингэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “...хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар...” хэмээн заасан байхад 2016.2.02-ны өдрийн “Цацрах итгэл” ХХК-ийн хариуцагчаар иргэн С.Лхагвааг татаж гаргасан нэхэмжлэлийг манай “Тэлмэн хас ББСБ” ХХК-д хүчээр гардуулж, улмаар түүнээс хохирол төлбөр гаргуулахаар шүүхийн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Мөнхцацрал болон “Цацрах итгэл” ХХК-ийн манай “Тэлмэн хас ББСБ” ХХК-ийг хариуцагчаар татаж гаргасан нэхэмжлэл хэрэгт огт байхгүй төдийгүй 2016.2.02-ны өдрийн “Цацрах итгэл” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг мөн гэх юм бол уг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3 дахь заалтуудыг зөрчсөн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь шүүхийн ажиллагаа, шийдвэр хууль зөрчсөн гэж үзэж байна.Иймд “Тэлмэн хас ББСБ” ХХК нь хамтран хариуцагч биш төдийгүй манай байгууллагыг хариуцагчаар татан гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч ч байхгүй байхад анхан шатны шүүхийн 101/ШШ2016/02524 дугаартай шийдвэрээр “...хариуцагч “Тэлмэн хас ББСБ” ХХК-иас 90 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Цацрах итгэл” ХХК болон Б.Мөнхцацрал нарт олгож...” шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй гэж гомдож байна.Хамгийн гол нь давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ингэж ноцтой зөрчигдсөн байхад нүдэн балай чихэн дүлий өнгөрч байгааг гайхаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...хариуцагч С.Лхагвын эзэмшлийн дээрх дансаар дамжуулан 90 000 000 төгрөгийг хариуцагч “Тэлмэн хас ББСБ” ХХК нь хүлээн авч зээлдэгч Б.Болдмөрийн зээлийн төлбөрт тооцсон, хариуцагч С.Лхагва уг мөнгийг ашиглаагүй болох нь, “Тэлмэн хас ББСБ” ХХК-ийн тайлбар, гэрч Б.Болдмөрийн мэдүүлгээр нотлогдсон.” гэж дүгнэсэн атлаа “...нэхэмжлэгч “Цацрах Итгэл” ХХК нь иргэн Б.Болдмөртэй 2015.2.09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн харин Хаан банкны мөнгөн шилжүүлгүүд 2014 оны 9 дүгээр сарын 23, 24-нд, 10 сарын 06-нд хийгдсэн тул хэмээн “Цацрах Итгэл” ХХК болон Б.Мөнхцацрал, иргэн Б.Болдмөр нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байсан.” гэж дүгнэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна....Анхан шатны шүүх 2014 оны 9 дүгээр сарын 23, 24 болон 10 дугаар сарын 06-нд тус тус Хаан банкны дансаар шилжүүлсэн мөнгө шилжүүлэгч нь иргэн Б.Мөнхцацрал, Б.Мөнх-Оргил гэж хоёр этгээд байхад, гүйлгээний утгад “Б.Мөнхцацралаас Б.Болдмөрийн объектын урьдчилгаа, Б.Мөнхцацралаас объектийн урьдчилгаа” гээд тодоос тодоор бичсэн байхад, 2015.2.09-ний өдөр Б.Болдмөртэй гэрээ хийсэн этгээд нь “Цацрах Итгэл” ХХК гэсэн хуулийн этгээд байсаар байхад “....2014 оны 9 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 06-ныг хүртэл хугацаанд “Цацрах Итгэл” ХХК болон Б.Мөнхцацрал, иргэн Б.Болдмөр нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байсан байна.” гэж дүгнэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6-д заасныг үндэслэн “...хариуцагч “Тэлмэн хас ББСБ” ХХК-иас 90 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Цацрах итгэл” ХХК болон Б.Мөнхцацрал нарт олгож...” шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх түүнийг нь хэвээр баталсан нь шүүх хуулийг буруу тайлбарласан хэрэг боллоо.Түүнчлэн “Үндэслэлгүй олж авсан” гээд байгаа мөнгийг “Цацрах Итгэл” ХХК огт шилжүүлээгүй, Б.Мөнхцацарал шилжүүлсэн, мөн Б.Мөнх-Оргил гэж хүн шилжүүлсэн, мөнгө шилжүүлсэн Б.Мөнх-Оргил нь уг мөнгийг хэн нэгэн этгээдээс нэхэмжлэх эрхийг Б.Мөнхцацрал болон “Цацрах  Итгэл” ХХК-ийн  аль  алинд өгөөгүй байхад Б.Мөнх-Оргилын шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн ч хууль бус гэж үзэж байна. Магадгүй Б.Мөнх-Оргил хэзээ нэгэн цагт эргээд “Тэлмэн Хас ББСБ” ХХК болон иргэн С.Лхагваагаас дээрх мөнгийг нэхэх магадлал гараад ирэхийг үгүй гэх газаргүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд ийм шийдвэр гаргаж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй болж байна.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч “Тэлмэн хас ББСБ” ХХК-ийг  үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, нэхэмжлэгч Б.Мөнхцацралын шилжүүлсэн 90 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан зохицуулалтад нийцжээ. Давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний болон хариуцагч хуулийн этгээдийн нэрийг залруулсан засварыг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар хийсэн нь зөв болсон байна.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.      

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар  хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг  үүсээгүй,  эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан  шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.Мөнхцацрал “Цацрах итгэл” ХХК-ийн захирлын хувьд иргэн Б.Болдмөртэй 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах 2 гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельсийн гудамж, 16 дугаар байрны 89 тоот, 3 өрөө орон сууцыг 100 000 000 төгрөгөөр, 17 дугаар байрны үйлчилгээний зориулалттай 549,36 квм талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1 120 000 000 төгрөгөөр тус тус худалдан авахаар болсон боловч гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө “Тэлмэн хас ББСБ” ХХК-ийн барьцаанд байсны улмаас эд хөрөнгийн үнийн урьдчилгаанд 90 000 000 төгрөгийг хариуцагч “Тэлмэн хас” ХХК-ийн гүйцэтгэх захирлын зааснаар хариуцагч С.Лхагвын дансанд шилжүүлсэн ба “Тэлмэн хас ББСБ” ХХК нь уг мөнгийг С.Лхагваас авсан болох нь зохигчдын тайлбар болон бусад баримтаар тогтоогджээ.

Хариуцагч “Тэлмэн хас ББСБ” ХХК уг мөнгийг Б.Болдмөрийн зээлийн төлбөрт авсан, хариуцагч С.Лхагва нэхэмжлэгч Б.Мөнхцацралтай эрх зүйн ямар нэгэн харилцаанд ороогүй гэж тус тус тайлбарласан ба нэхэмжлэгч Б.Мөнхцацрал болон түүний 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан “Цацрах итгэл” ХХК нь хариуцагч С.Лхагва болон “Тэлмэн хас ББСБ” ХХК-тай зээлийн бөгөөд худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаагүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон тул “Б.Мөнхцацралаас Б.Болдмөрийн объектын урьдчилгаа”-нд гэж томъёолон 2014 оны 09 дүгээр сарын 23, 24, 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд Б.Мөнх-Оргилын данснаас С.Лхагвагийн дансан шилжүүлсэн нийт 90 000 000 төгрөгийг шүүх хариуцагч “Тэлмэн хас ББСБ” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнхцацралд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Мөнхцацрал нь нэхэмжлэлээ иргэн С.Лхагвад холбогдуулан гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр “Цацрах итгэл” ХХК-ийг, хамтран хариуцагчаар “Тэлмэн хас ББСБ” ХХК-ийг татан оролцуулахаар хүсэлт гаргасан бөгөөд шүүх шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101\Ш32016\06087 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хангаж, хамтран нэхэмжлэгч болон хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1045 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН