Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 21

 

 

2018       01          11                                   21

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгч Б.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жадаан овогт Б.Ц-д холбогдох эрүүгийн 1721000000148 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эх Ж.О хамтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 18-03 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг 2 жилийн хорих ял биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, тус аймгийн Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Жадаан овогт Б.Ц гэв. /РД: .................../

 

 

Шүүгдэгч Б.Ц  нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Силикатын дан байрны 13-03 тоотод оршин суух О.Э байшингийн цонхоор нэвтэрч 40 инчийн зурагт болон ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж 1485.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б.Ц  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйл байхгүй.Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэв.    

 

            Хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : ...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байгаагүй. Улаанбаатар хотоос 18 цагийн шуудангаар Дорнод аймаг руу явж байсан. Шуудангаар явж байхад 19 цагийн орчимд нөхөр Э утсаар залгаад орой хүүхдүүдээ аваад гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байна. Зурагт алга байна. Чиний ээмэг, бөгжнүүд алга байна өөр юу алга болсныг тодорхой мэдэхгүй байна. Цагдаа дуудсан гэж хэлсэн.... гэрээс дараах зүйлс алдагдсан байна. Үүнд: GRUNDIG маркын хар өнгийн, 40 инчийн LCD- дэлгэцтэй зурагт 1 ширхэг, зурагтыг 7400000 үнэлсэн. Монётон ээмэг, кулон, нинжний хослол нийт 600000 төгрөгөөр үнэлнэ. Монётон шигтгээтэй бөгж 1 ширхэг /1 гарммтай/140000 төгрөгөөр үнэлнэ. Монётон шигтгээтэй бөгж 1 ширхэг /1.3 граммтай/ 140000 төгрөгөөр үнэлнэ. Монётон өрөөсөн ээмэг, кулон. Солжир учраас үнэлж мэдэхгүй байна. Зах зээлийн ханшаар үнэлнэ. Мөнгөн бөөрөнхий хэлбэртэй, хээтэй ээмэг, бөгж, гинж, кулон, гинжний хослол нийт 200000 төгрөгөөр үнэлнэ. Дөрвөлжин црикон шигтгээтэй, мөнгөн ээмэг, бөгж гинж, кулонтой хослол нийт 200000 төгрөгөөр үнэлнэ. Шар өнгөтэй, улаан ягаан, ногоон өнгийн шигтгээтэй, металл бугуйвч 1 ширхэг 10000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн сэнжтэй, цагаан талсттай, црикон хос ээмэг, кулон 50000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн сэнжтэй, шар өнгийн талсттай, црикон хос ээмэг, кулон 50000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн сэнжтэй, шар өнгийн талсттай, црикон хос ээмэг, кулон 50000 төгрөгөөр үнэлнэ. Цагаан өнгийн црикон шигтгээтэй цэцгэн хэлбэртэй металл ээмэг 1 хос 25000 төгрөгөөр тус тус үнэлэн. Өөр эд зүйл алга болоогүй....гэжээ. /хх-ийн 29-34тал/

 

            Иргэний нэхэмжлэгч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ..... Ц надад зурагт зарсан ба ах Д Хаан банкны картанд байсан өөрийн 80000 төгрөгийг авч өгсөн. Ц надад мөнгийг эргүүлж өгөх боломжгүй өгч чадахгүй гэж хэлсэн. Тийм учраас надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 36-37тал/

 

            Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ... 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 07 цаг 40 минутын орчим гэрээсээ гараад хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөөд орой 18 цаг 30 минутын орчим хүүхдүүдээ цэцэрлэг сургуулиас нь аваад гэртээ ирээд гэрийн хаалгаа онгойлгож ороод гэрлээ асаахад баруун тийшээ харахад цонх онгорхой салхи үлээгээд байсан. Яагаад цонх онгорхой байдаг билээ гээд цонх руугаа очиход цонхны тавцан дээр байсан савтай цэцэг уначихсан байсан. Мөн том өрөөний хананд бэхэлгээтэй байсан зурагт алга болсон байсан. Эхнэр маань өнөө орой Улаанбаатар хотоос наашаа гарч байгаа. Би гэртээ 3 хүүхэдтэйгээ байсан. Эхнэрийн ямар ямар эд зүйлс алга болсон талаар сайн мэдэхгүй байна. Эхнэр ирээд эд зүйлсээ бүртгэж үзээд хэлэх байх. Миний хайрцагтай шинэ бугуйн цаг хайрцагтай нь шалан дээр орхисон байсан. Би гэрээс гараад байшингийн баруун талын цонхыг харахад гадна талын төмөр сараалжыг нь хойд талын булангаас нь мулт татсан байсан. Би өглөө гэрээс хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь өгөөд өдөржингөө дэлгүүртээ сууж байгаад орой гэртээ очсон. Өглөө гараад л орой очиж байгаа нь тэр юм...гэжээ.  /хх-ийн 38-40тал/

 

            Гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ... 2017 оны 11 дүгээр  сарын 21-ний өдрийн 15 цаг өнгөрч байхад дүүгийнхээ хүүхдийг цэцэрлэгээс авах гээд дүүгийн машинтай явж байхад Цолмонбаатар над руу залгаад хямдхан зарах зурагт байна чи авах уу гэхээр нь би үзье, хаана байгаа юм бэ гэхэд Ц Силикатын хойд талд хүрээд ир гэхээр нь би  хэлсэн газарт нь яваад очиход Ц 40 инчийн зурагт бариад явж байсан. Би Ц уулзаад хэд гэж байгаа юм гэж асуухад 160000 төгрөгөөр зарна гэхээр нь би надад 80000 төгрөг байна. Үлдэгдэл мөнгийг нь хэд хоногоос өгье гэхэд тэгэлдээ гээд манайх руу очоод тогонд залгаж үзээд асаж байхаар нь авъя гээд гэртээ орхиод Ц хамт Нарлаг худалдааны төвийн АТМ рүү очиж ахын картнаас 80000 төгрөг авч өгсөн. АТМ-нээс мөнгө авч өгөхөд Ц нь халааснаасаа монетон болон мөнгөн эмэгтэй хүний гоёлын эдлэл гаргаж ирээд үүнийг аваад явж бай би чамаас маргааш авна гээд өгсөн. Түүнийг нь хаячихаж магадгүй гэж бодоод машины элгэн алчууранд боогоод аваад явж байсан. Миний Ц авсан зурагт нь хар өнгийн гадаргуутай, GRUNDIG бичигтэй зурагт байсан. Надад өгсөн монет мөнгөн эдлэлүүдийг нь боосон чигээр нь байлгасан. Задалж үзээгүй. Дүүгийн машины урд талын хайрцагт байлгаж байгаад маргааш нь буюу Ц цагдаа нартай цуг очоод надаас авсан....гэжээ. /хх-ийн 44-47тал/

 

            Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:.... Би багаасаа одоо байгаа хашаа болох Ялалт 18-03 тоотод байдаг байсан. 17 настайгаасаа эхлээд зүүн хашааны Ц гэх дүү залуутай найзлах болсон. ...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагийн орчимд Ц-нх руу ороход Ц гутал нь урагдсан байхаар нь би түүнд надад нэг пүүз байгаа түүнийг өмсөх үү гэхэд Ц тэгье гэхээр нь би гэрээсээ Nike-н логотой пүүзийг авчирч өгсөн….гэжээ. /48-52 тал/

 

            -Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03тал/

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04 тал/

            -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт/хх-ийн 58-60тал/

            -Хэрлэн сумын Үнэлгээний комиссын үнэлгээ / 63-64тал/

            -Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-23-24тал/

            -Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол/ хх-ийн 28 тал/   

            -Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Б.Ц ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 92 тал/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71, 73-86 /  зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.Ц нь  2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Силикатын дан байрны 13-03 тоотод оршин суух хохирогч О.Э байшингийн цонхоор нэвтэрч 40 инчийн зурагт болон ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж 1485.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Амөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-34 тал/, иргэний нэхэмжлэгч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37тал/ гэрч О.Эр  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-40тал/, гэрч Ж.Д  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-47тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-13 тал/,  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 251 дүгээр дүгнэлт /хх-ийн 58-60тал/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Ц холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Ц-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ц-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ц-г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.      

 

Шүүгдэгч Б. Ц-г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд, хохирогч Н.А 185000 төгрөгийн хохирол төлөөгүй, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн Ж........ регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 18-03 тоотод байрлах 700 м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хос пүүзэн гутлыг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч  Б.Ц-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй болно. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жадаан овогт Б.Ц  хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Ц- 2 / хоёр/ жилийн хорих ялаар  шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан  2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-с гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд нийт 185.000 /нэг зуун наян тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.А-д олгосугай.

 

 5. Шүүгдэгч Б.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хос пүүзийг шүүгдэгчид буцаан олгох, Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 18-03 тоотод байрлах 700 м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн түүний /......... / тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ