| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2226000000091 |
| Дугаар | 2022/ДШМ/36 |
| Огноо | 2022-06-15 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022/ДШМ/36
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Б.Эрхэмбаатар
Шүүгдэгч Н.Идбаяр
Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/280 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Н.Идбаярт холбогдох эрүүгийн 2226000000091 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/228 дугаартай шийтгэх тогтоолоор 150000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Онолт овгийн Норпилын Идбаяр, РД: /ЙО67052319/,
Норпилын Идбаяр нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Асгат” гэх газар адууны бэлчээр дээрээс иргэн Ц.Боролзойн 1 тооны хязаалан гүүг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Онолт овгийн Норпилын Идбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Онолт овгийн Норпилын Идбаярт холбогдох 2226000000091 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорт буцааж, шүүгдэгч Н.Идбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Н.Идбаярыг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 1 дүгээр багийн "Асгат" гэх газар адууны бэлчээр дээрээс иргэн Ц.Боролзойн 1 тооны гүүг /адууг/ хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутай тооцуулахаар прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Хэргийг анхан шатны шүүх хүлээн аваад 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2022/шт/280 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр прокурорт буцаан шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжыг хүлээн авч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх заалтын талаар:
Шүүгч хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл заасан боловч шийдвэртээ хийгдвэл зохих ажиллагааг огт дурдаагүй хэт ерөнхий дүгнэж бичсэн учраас чухам ямар ажиллагааг хийлгэх гэж байгаа түүний үндэслэл, агуулгыг нягтлан шалгах бололцоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Идбаяр нь гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон дараах баримтууд авагдсан.
Хохирогч Ц.Боролзойн "...2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын "Асгат" гэх газар адууныхаа бэлчээр дээрээс өөрийн 1 тооны гүүг хулгайд алдсан. Тэгээд уг адууг хэд хоног хайгаад олоогүй. 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Идбаяр гэх айлын адуунд харсан юм. Тэр айлын адуунд манай алдсан хүрэн зээрд зүсмийн онгитой шоргоолж тамгаар тамгалсан хязаалан байдас байсан. Удалгүй 6 дугаар сарын эхээр Идбаяр гэдэг хүн өөрийн адуундаа манай алдсан гүүг хамт аваад нүүгээд явчихсан байсан. Би хүүтэйгээ 6 дугаар сарын сүүлээр манай саахалт байж байгаад 25 км орчим зайд нүүсэн Идбаяр гэх айлд очоод адуунд нь байсан зээрд зүсмийн гүүгээ хэлээд авах гэтэл байхгүй, алга болчихсон гэж надад хэлсэн. Тэгтэл манай хүү сураглаж байгаад Алтаншагайгаас алдсан гүүгээ асуутал манай зээрд гүүг Идбаяр нь өөрийн хүү Жавхаатай хамт ирээд Уянга сумын Таац 2-р багийн малчин Алтаншагай гэх хүнтэй адуугаар сольсон гэж надад хэлж байсан... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бат-Эрдэнийн "...Манайх 2019 оны 05 сарын эхээр хүрэн зээрд зүсмийн онгитой шоргоолж тамгатай хязаалан гүүгээ алдсан ба 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Идбаярын адуунд харсан. Тэр айлын адуунд байсан гүү манай алдсан гүү мөн байсан ....Тэгтэл 6 дугаар сарын сүүлээр би аав Боролзойгийн хамт манай саахалт байж байгаад 25 км орчим зайд нүүсэн байсан Идбаяр гэдэг айлд очоод адуунд нь байсан зээрд зүсмийн гүүгээ хэлээд авах гэтэл байхгүй алга болчихсон гэж хэлсэн.
Би Алтаншагайтай архи уугаад сууж байхдаа алдсан гүүгээ асуутал тэр гүүг Идбаяр, Жавхаа нар ирээд адуугаар сольсон гэж надад хэлсэн. Тэгээд би энэ талаар аав Боролзойд хэлтэл аав Боролзой Идбаяр гэх хүнээс асуухад Алтаншагай гэх хүнд зарсан гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг,
Н.Идбаяр өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн "...2019 оны 05 дугаар сард манайх Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг “Асгат” гэх газар нутаглаж байсан. Тэгэхэд манай буурал азаргатай адуунд хүрэн байдас азарга хураачихсан байсан. Тухайн байдас хэнийх гэдгийг нь мэдээгүй, тамга тэмдгийг нь мэдэхгүй байна. Тэр адууг Алтаншагай гэх хүнтэй ижил насны байдсаар сольчихсон юм. Алтаншагайгаас удамтай гээд сартай зээрд байдас авч байсан. ...Боролзойгийнх гэдгийг сүүлд сольсон хойноо л мэдсэн. Манайх биш гэдгийг бол мэдэж байсан. 2019 оны 05 сард манайхаас 5 км орчим зайтай байсан, малын бэлчээр бол нэг байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримт авагдсан баримтуудыг шүүгч үнэлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно... гэх заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүгч дээрх баримтуудыг үнэлээгүй атлаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах хийлгэх нь тодорхой бус үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан захирамж нь шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжаар ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа түүний үндэслэл, тухайн ажиллагааг хийснээр шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргаж болохуйц эсэх нь тодорхойгүй шүүгчийн шийдвэрийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжгүй байна.
Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилгыг нотолж тогтооно" гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Идбаярын бусдын малыг хулгайлсан гэх гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Учир нь гэмт хэргийн сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэрийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтанд тулгуурлан прокурор өөрийн эрх үүргийн хүрээнд нотолж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд үүнийг тогтоох эсхүл үгүйсгэх эрх үүрэг шүүхийн бүрэн эрхэд хамаарах атал шүүгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцааж буй нь үндэслэлгүй болжээ.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/280 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцлээ бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.
Шүүгдэгч Н.Идбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хурдан хэргээ шийдүүлмээр байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Өвөрхангай аймгийн прокуророос Норпилын Идбаярыг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 1 дүгээр багийн Асгат гэх газар адууны бэлчээр дээрээс иргэн Ц.Боролзойн 1 тооны хязаалан гүүг хулгайлсан гэж үзэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхээс гэрч Б.Бат-Эрдэнийн ”...Манайх 2019 оны 05 сарын эхээр хүрэн зээрд зүсмийн онгитой шоргоолж тамгатай хязаалан гүүгээ алдсан ба 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Идбаярын адуунд харсан. Тэр айлын адуунд байсан гүү манай алдсан гүү мөн байсан. Хүрэн зээрд зүсмийн, тамга нь гэвэл онгитой шоргоолж тамгаар тамгалсан хязаалан гүү мөн байсан. Тэгээд тухайн эзэнд нь хэлэлгүй завтай үедээ авна гэж манай аав Боролзой хэлсэн. Тэгтэл 6 дугаар сарын сүүлээр би аав Боролзойн хамт манай саахалт байж байгаад 25 км орчим зайд нүүсэн байсан Идбаяр гэдэг айлд очоод адуунд нь байсан зээрд зүсмийн гүүгээ хэлээд авах гэтэл байхгүй алга болчихсон гэж хэлсэн. ...Идбаяр гэдэг айлд байгааг мэдэж байсан ч очиж авах зав гарахгүй байсаар байгаад авч чадаагүй. Идбаяр ахад танай адуунд манай адуу байна гэж аав бид хоёр ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 23-ны үед очиж гүүгээ авах гэтэл байхгүй байсан” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Н.Идбаяр нь бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг бүрэн гүйцэд шалгаагүй. Шүүгдэгч Н.Идбаярын бусдын малыг хулгайлсан гэх гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-т заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэсэн нөхцөл байдлыг хангаагүй байна гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоосон байна.
Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгаа ба анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Мөн шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн уг хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/280 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж үзлээ.
Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Идбаярт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Идбаярт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.