Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2024/0548

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.,

Гуравдагч этгээд: Б.,

         Б.,

Маргааны төрөл: Б., Б. нарын бүртгэсэн бүртгэл нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. (цахим), гуравдагч этгээд Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Л. Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Эрхийн улсын бүртгэлийн дугаартай Ү- дугаарт бүртгэсэн ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* /12068/ 77 байрны******* тоот 52.74 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б., Б. нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Л. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Б., Б. нартай байгуулж маргаан бүхий орон сууцыг худалдсан байна.

2.1. Улмаар 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Б., Б. нарын нэр дээр бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

2.2. Гэвч нэхэмжлэгч нь гуравдагч этгээдтэй хийсэн худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж дээрх хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хийгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэж Б. нь маргаан бүхий орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэгч Л.ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байна гэх үндэслэлээр ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б., Б. нарын бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан байна.

2.3. Харин ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай албан бичгээр “...эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй тул хууль хяналтын байгууллагад хандаж өмчлөх эрхээ тогтоолгоно уу” гэсэн хариу өгчээ.

3. Улмаар нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр албан бичгийг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дугаар албан бичгээр хариу өгчээ.

4. Иймд 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, нэхэмжлэгчээс 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Монгол улсын иргэн Л. миний бие Б. /нөхрийн төрсөн дүү/, түүний нөхөр Б. нарт нөхөр Б.ы хамтаар манай гэр бүл санхүүгийн хүндрэлтэй байгаагаа тайлбарлаж, ах дүү, төрөл садан учраас туслалцаа хүсэхэд Б. нь би *******аар цалингаа авдаг, нийгмийн даатгалын шимтгэл өндөр төлдөг, тогтмол ажилтай учраас би танд зээл авахад туслъя гэж хэлсний үндсэн дээр *******ны зээлийн судалгаанд хамрагдахад хүү багатай, хугацаа урттай орон сууцны алслагдмал газар 5 хувийн хүүтэй орон сууцны зээл гарах боломжтой байна гэсэн учраас зээл авахын тулд уг орон сууцыг Б., Б. нарын өмчлөлд байх шаардлагатай байсан тул Л. миний бие 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор буюу банкнаас зээл авахын тулд байгуулж өөрийн өмчлөлийн орон сууцыг Б., Б. нарын нэр дээр шилжүүлж *******наас Б.гаар дамжуулж зээл авсан бөгөөд зээл авч орон сууцыг буцаан шилжүүлэх зорилгоор аман хэлцэл байгуулагдаж өнөөдрийг болтол би гэр бүлийн хамтаар уг орон сууцандаа амьдарч байна.

Гэтэл дээрх хүчинтөгөлдөр бус гэрээний үндсэн дээр хийгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэж Б. нь өөрийгөө ******* дүүрэг, 5-р хороо, *******/12608/ 77 байрны******* тоот хаягт 52.74 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч гэж үзэж Б. намайг дээрх орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа төдийгүй орон сууц худалдаж авсан төлбөрийг төлөөгүй байхад улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл байдлаас шалтгаалж Б. миний бие эд хөрөнгөө бусдад алдах эрсдэл үүссэн, орон сууцыг зараагүй тул “Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай ******* дүүргийн 5 хороо ******* /12608/ 77 байр******* тоот орон сууц нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Худалдах, худалан авах гэрээгээр иргэн Л.аас иргэн Б., иргэн Б. нарын өмчлөлд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлэн бүртгэсэн бүртгэл нь үндэслэлгүй бөгөөд Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т Үнэн зөв, бодитой, заавал биелэх шинжтэй гэж заасан байдаг.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 128/Ш32024/ дугаар Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах, хугацаа тогтоосны дагуу нэхэмжлэгчээс тус шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Эрхийн улсын бүртгэлийн дугаартай Ү- дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн 5 хороо ******* /12608/ 77 байр******* тоот 52.74 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б., Б. нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Эрхийн улсын бүртгэлийн дугаартай Ү- дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн 5 хороо ******* /12608/ 77 байр,******* тоот 52.74 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б., Б. нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох гэж тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлдээ улсын бүртгэлийн байгууллага дээрх бүртгэлийг хийсэн нь ямар хуульд нийцээгүй гэж үзэж байгаа үндэслэлээ тодруулах шаардлагатай байгаа талаар заасан бөгөөд нэхэмжлэгч Л. болон Б., Б. нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор буюу банкнаас зээл авахын тулд байгуулж өөрийн өмчлөлийн орон сууцыг Б., Б. нарын нэр дээр шилжүүлсэн үйл байдлыг үндэслэж бүртгэсэн бүртгэл үндэслэлгүй гэж үзэж байгаа төдийгүй Б. Б. нар нь өнөөдрийг хүртэл орон сууцны худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг 55.000.000 төгрөгөөр тохирсон гэх боловч бодит байдал дээр гэрээний төлбөр бүрэн төлөгдөөгүй.

Түүнчлэн миний хувьд дээрх үйл байдалтай хамааралтайгаар 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мөн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар гомдол гаргасан боловч тус газраас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр иргэн Б., Б. нарын өмчлөлд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлэн бүртгэсэн бүртгэл нь хүчин төгөлдөр ба гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсний хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Нэхэмжлэгч өнөөдрийг болтол маргаан бүхий орон сууцандаа гэр бүлийн хамтаар амьдарч байгаа бөгөөд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ”, Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “Үнэн зөв, бодитой, заавал биелэх шинжтэй байх, хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Эрхийн улсы бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна” гэж заасны дагуу улсын бүртгэлд маргаан бүхий орон сууцны бүртгэл үнэн зөв хийгдээгүй гэж үзэж байгаа учраас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Эрхийн улсын бүртгэлийн дугаартай Ү- дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн 5 хороо ******* /12608/ 77 байр******* тоот 52.74 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б., Б. нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байгаа болно.” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Л. // нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүргийн 5 дугаар хороо ******* /12608/ 77 байр******* тоот орон сууцаа 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 127 дугаартай нотариатын гэрчилсэн Худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б. //, иргэн Б. // нарын өмчлөлд шилжүүлсэн байна. Худалдах, худалдан авах гэрээнд төлбөр төлж дуусах хугацаа нь 2016 оны 05 дугаар сарын 28-нд гэж заасан байсан бөгөөд түүнээс хойш буюу 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б. // нь дээрх Худалдах, худалдан авах гэрээгээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ бүртгүүлж авсан. Мэдүүлэг түүнд хавсаргасан баримт нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан, 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул мэдүүлэгийг хүлээн авч бүртгэл хийсэн.” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л. нь өөрийн өмчлөлийн ******* дүүргийн 5 дугаар хорооны ******* 77 дугаар байрны******* тоот улсын бүртгэлийн Ү-******* дугаартай байраа иргэн Б.д 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 127 дугаар нотариатын гэрээгээр худалдсан. Гэрээнд 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэхэд төлбөрөө төлж дуусгана гэж заасан байсан. Б. 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлэг гаргаж, гэрчилгээгээ авсан. Энэ өдөр Л.ийн нөхөр нь 2%-ийн татвараа төлсөн. Л. нэхэмжлэлдээ мэдээгүй гэж дурдсан байсан. Гэрчилгээ шилжүүлэхийг мэдсэн. Хуулийн дагуу ажиллагаа хийгдсэн тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

8. Гуравдагч этгээд Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б******* овогтой миний бие нь ******* дүүргийн 5-р хороо, *******,*******,******* тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн хууль өмчлөгч буюу тус хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний дагуу хуулийн үндэслэлтэйгээр Л.аас худалдан авсан. Л. нь тус орон сууцаа капитрон банкинд барьцаанд тавьж зээл авахдаа миний төрсөн аав болох Ц.Б*******ын амьдарч байсан орон гэрийг хамтад нь барьцаанд тавьсан байсан буюу зээлээ төлж чадахгүй улмаас дуудлага худалдаанд орж зарагдах гээд байна, мөн тус үл хөдлөх хөрөнгийг өөр худалдан авагч олдохгүй байна гэсэн шалтгаан хэлсэн, мөн ээждээ худалдаад аваад өгчих гээд гуйж ирж Б. надад тус үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан. Учир нь 8 хувийн ипотекийн зээлтэй байсан учраас давхар зээл авах шаардлага үүсч өөрийнхөө бүх боломжийг хаан байж Б. миний бие их бодсоны үндсэн дээр худалдаж авсан. Яагаад гэвэл миний төрсөн эцгийн амьдарч байсан орон гэрийг хатмад нь барьцаанд тавьсан учраас гарцаагүй голомт банкы 5%-ийн зээлээр худалдаж авсан. Өнөөг хүртэл голомт банкны тус зээлээ төлөөд явж байна. Төрсөн ах бэр Л. нар аавын маань ажлын газраас хөнгөлөлтөөр орон сууц өгөхөд голомт залгах хүүдээ гээд өгсөн орон гэрээ үрэн таран хийчихээд дахиад миний аавыг гудамжинд гаргах хэмжээнд өрөнд орсон байсан байж одоо ингэж дураараа ярих нь ёс зүйд нийцэхгүйгээс гадна олон жил миний нэр хүндэд халдаж байна. Б. миний бие яагаад өнөөдрийг хүртэл байрандаа орж чадахгүй 8 жилийн нүүрийг үзэж байна вэ гэвэл миний төрсөн ах, мөн хүүхдүүд нь байсан, би өөрөө эх хүн учраас өнөөдрийг хүртэл хүнд хэцүү үед нь хүний үнэргүй загнаад яахав миний аав л шаналж зовно гэж бодоод бас боломж олгоод өдийг хүртэл дуугай хүлээцтэй байсан. Гэвч эсэргээрээ хийж буй үйлдэл нь санаанд багтамгүй үйлдлүүд удаа дараа хийж байгаа учраас Б. миний бие эрхийнхээ хүрээнд налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Иймээс шүүх үнэн зөвийг тогтоож шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.” гэжээ.

9. Гуравдагч этгээд Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ байрыг анх худалдаж авсан. Байрыг худалдаж авах саналыг нэхэмжлэгч өөрөө гаргасан. Учир нь Л. давхар зээлтэй байсан. Зээлээ төлж чадахгүй байна. Худалдаж авах хүн олдохгүй байна гэж гуйсан. Л. манай аавын амьдарч байсан орон сууцыг давхар барьцаанд тавьчихсан байсан. Тиймээс би худалдаж авахаас өөр аргагүй байдалд орсон. Байрны урьдчилгаа мөнгийг төлсөн. “*******” ХХК-иас төвийн шугамд холбогдоогүй байранд 5%-ийн зээл олгохгүй гэсэн тул хүсэлт бичиж өгөх шаардлагатай байна гэж “*******” ХХК хэлсэн. Удалгүй байрыг зарж байгаа 2 хүн өөрсдөө төвийн шугамтай холбоотой бүх материалыг өгсөн тул хүсэлтээ бичиж өгөөрэй гэсэн. Би хүсэлт бичиж байрыг худалдаж авсан. Холбогдох бүх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

10. Гуравдагч этгээд Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тухайн үед эхнэр Б. нь надад Б. ах Капитрон банканд өндөр хүүтэй зээлтэй юм байна, тэр банкны зээлийг хаах хэрэгтэй, тийм учраас би өөрийнхөө нэр дээр зээл авах гэсэн юм, ах маань гуйгаад байна хоёулаа тусалъя чи хамтран зээлдэгчээр ороод өгөөрэй гэж хэлж байсны үндсэн дээр Б. нь *******наас 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр *** төгрөг зээлсэн төдийгүй ******* дүүргийн 5 хороо, *******, /12608/77 байр******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б., Б. бид нэр дээрээ шилжүүлж авсан бөгөөд ******* дүүрэгт байрлах маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь Б., Б. миний нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй учир нь Л., Б. нарын гэр бүлд зээл авч өгөх зорилгоор хийгдсэн ажил бөгөөд өнөөдрийн байдлаар тухайн орон сууцны 50 хувийн өмчлөгчийн хувьд 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Эрхийн улсын бүртгэлийн дугаартай Ү- дугаар бүртгэлтэй ******* дүүргийн 5 хороо, ******* /12608/77 байр,******* тоот 52.74 м.кв талбайтай өрөө орон сууцны өмчлөгчөөр Б., Б. нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчинг болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.”гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Л., гуравдагч этгээд Б. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр товлосон шүүх хуралдааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-д зааснаар нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулах үндэслэлээр хойшлуулсан байна.

1.1. Гэвч тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба шүүх хуралдаан дээр гуравдагч этгээд Б. шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргажээ.

1.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.”Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91.5.”Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно.” гэж зааснаар гуравдагч этгээд Б.гийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, мөн хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдааныг нэхэмжлэгч Л., гуравдагч этгээд Б. нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.”Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараахь тохиолдолд шүүгч захирамж, шүүх тогтоол гарган түдгэлзүүлнэ;”, 65.1.3.“эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй;” гэж заажээ.

2.1. Нэхэмжлэгч Л. нь “захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.гийн нэхэмжлэлтэй Л.т холбогдох иргэний хэрэгт маргаан бүхий ******* дүүргийн 5 дугаар хороо, 77 байр,******* тоот орон сууцны өмчлөлийн асуудлаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 104/Ш32023/*** дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж өнөөдрийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаатай хамааралтайгаар дээрх иргэний хэргийг хянан эцэслэн шийдвэрлэсний дараа захиргааны хэргийг хянан шийдвэрлэх нь ач холбогдолтой ...” гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргажээ.

2.2. Тус шүүхэд иргэн Л.аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Эрхийн улсын бүртгэлийн дугаартай Ү- дугаарт бүртгэсэн ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* /12068/ 77 дугаар байрны******* тоот 52.74 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б., Б. нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан байна.

2.3. Харин ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.гийн нэхэмжлэлтэй Л.т холбогдох “...бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх ба тус хэргийг шийдвэрлэхээс өмнө энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.4. Учир нь Л.ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэг нь Б.г байрны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл хуульд нийцсэн эсэхийг шийдвэрлэрлэхэд Б.гийн нэхэмжлэлтэй Л., С.******* нарт холбогдох “...бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг саад болохгүй ба захиргааны болон иргэний хэргүүд тус тусдаа шийдвэрлэгдэх боломжтой тул нэхэмжлэгчээс гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгов.

3. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.“Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно.”, 13.5.”Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:” ... 13.5.1.“тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг;”, 14 дүгээр зүйлийн 14.1.”Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө: …”, 14.2.”Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно.”, 19 дүгээр зүйлийн 19.1.”Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна: ...19.1.1.“үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих;”, 19.2.”Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” гэж заажээ.

3.1. Хэрэгт хавсаргасан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Б., Б. нартай байгуулсны үндсэн дээр 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Б., Б. нарт олгож, улсын бүртгэлд бүртгэжээ.

3.2. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр буюу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний дагуу иргэн Л.аас иргэн Б., Б. нарын нэр дээр шилжүүлж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бичгээр гаргаж, хуульд заасан шаардлагууд буюу холбогдох баримтыг бүрдүүлбэрийг хангаж гаргасан мэдүүлгийн үндсэн дээр улсын бүртгэлд бүртгэсэн байна.

3.3. Хариуцагч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж холбогдох материалыг буцаах ба үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.

4. Дээрхээс дүгнэвэл иргэн Б.гаас гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт хуульд заасан шаардлага хангасан, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд улсын бүртгэлийн Ү- дугаартай ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* /12068/ 77 байрны******* тоот 52.74 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б., Б. нарыг бүртгэсэн бүртгэл хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг тус тус баримтлан иргэн Л.аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Эрхийн улсын бүртгэлийн дугаартай Ү- дугаарт бүртгэсэн ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* /12068/ 77 байр,******* тоот 52.74 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б., Б. нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,******* дүгээр зүйлийн*******.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.ДАМДИНСҮРЭН