Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 01781

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Б, Б.Г, Х.Б

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/01524 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Б, Б.Г, Х.Б нарын хариуцагч Б.Өд холбогдуулан гэм хорын хохирол 6 909 463  төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, Б.Г, Х.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Б, Б.Г, Ж.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Б нь 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр тоёота приус маркийн 06-53 УБУ улсын дугаартай, авто машинаар эхнэр Б.Г, хүү Б.Мөнхтөр, охин Б.Мөнхзул, үеэл дүү Ж.Б нарын хамт Улаанбаатар хотоос Дундговь руу явах замд өдрийн 12 цагийн үед Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Довын гуанз гэх газар хатуу хучилттай асфальт зам дээр чигээрээ явж байхад тоёота приус маркийн 02-89 УБТ улсын дугаартай авто машины жолооч Б.Ө зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ анхаарал болгоомжгүй, эсрэг урсгалаа харалгүй эсрэг урсгал руу огцом эргэж миний машинтай мөргөлдсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн авто машинд хамт явж байсан гэр бүлийн гишүүд болон дүүгийн маань бие махбодь, сэтгэл санаанд их хэмжээний хохирол учирсан тул эмчилгээ хийлгэсэн. Б.Өын буруутай үйлдэл Замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн. Хан Үнэлэмж ХХК-ийн дүгнэлтээр Х.Б миний эзэмшлийн тоёота приус маркийн 06-53 УБУ улсын дугаартай авто машинд 11.455.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба үүнээс Б.Ө даатгалаас 5.000.000 төгрөг, өөрөө 4.200.000 төгрөг, нийт 9.200.000 төгрөгийг төлсөн. Иймд Х.Б миний бие авто машины эвдрэл гэмтэлд үлдэх 2.255.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8.000 төгрөг, Вансэмбэрүү эмнэлэгт дотрын эмчид үзүүлэн эход харуулсан 50.000 төгрөг, Хан Үнэлэмж ХХК-иар авто машин үнэлүүлсэн ажлын хөлс 160.000 төгрөг, Төв аймгийн журмын хашаанаас Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороололд авто машиныг авчирсан зардал 200.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймагт ирж очсон бензины зардал 130.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.600 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсан зардал 21.000 төгрөг, хүү Б.Мөнхтөр 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гэмтэлд регистрийн дугаар харах үйлчилгээний хөлсөнд 20.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Вансэмбэрүү эмнэлэгт дотрын эмчид үзүүлэн эход харуулсан 50.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр компьютер томографт харуулсан 140.000 төгрөг, нийт 210.000 төгрөг, охин Б.Мөнхзул 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гэмтэлд регистрийн дугаар харах үйлчилгээний хөлсөнд 20.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Вансэмбэрүү эмнэлэгт дотрын эмчид үзүүлэн эход харуулсан 50.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 11, 14, 17-ны өдрүүдэд Мөнгөн гүүр эмнэлэгт өдрийн 20.000 төгрөгөөр, бүгд 60.000 төгрөгөөр боолт хийлгэсэн, Мөнгөн гүүр эмнэлгийн эмчийн зөвлөсний дагуу хүзүүний арьс таталтгүй эдгээх плюс саван 32.000 төгрөг, сорвины тос 60.000 төгрөг, Ли Жин Жи эмнэлэгт хүзүүний усан зүү эмчилгээ 5 удаа хийлгэсэн ба 1 удаа хийлгэхэд 20.000 төгрөг, бүгд 100.000 төгрөг, хүзүүний зөөлөн эдийн эмийн эмчилгээ 90.000 төгрөгөөр тус тус хийлгэсэн бөгөөд нийт 412.000 төгрөг, Ж.Б нь 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд толгойн томограф зураг авахуул гэсэн бөгөөд Лазер мед эмнэлэгт компьютер томограф зураг авахуулсан 120.000 төгрөг, цус шимэгдүүлэх актовиген тариа 6 удаа, өдөрт 1 удаа тариулсан бөгөөд 1 ширхэг нь 8.500 төгрөг, бүгд 51.000 төгрөг, церебролизин 6 удаа тариулсан ба 1 ширхэг нь 5.600 төгрөг, бүгд 33.600 төгрөг, цитофлавин 6 удаа тариулсан ба 1 ширхэг нь 19.400 төгрөг, бүгд 116.400 төгрөг, Гэмтлийн эмнэлэгт 8 хоног хэвтсэн ба ор хоногийн төлбөрт 46.863 төгрөгийг төлсөн бөгөөд дээрх тариануудыг Гэмтэлд хэвтэж байхад эмч тариул гэсэн тул гаднаас худалдан авч тариулсан. Ли Жин Жи эмнэлэгт 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр үзүүлэн тархины хаван буулгах дусал 4 удаа хийлгэсэн ба 1 дусал 35.000 төгрөг, бүгд 140.000 төгрөг, цус хуралт шимэгдүүлэх, судас бэхжүүлэх дусал 10 удаа хийлгэсэн ба 1 дусал 35.000 төгрөг, бүгд 350.000 төгрөг, толгой өвдөлт намдаах тариа 7 удаа хийлгэсэн ба 1 ширхэг нь 10.000 төгрөг, бүгд 70.000 төгрөг, Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, нийт 935.863 төгрөг, Б.Г 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд цээжний хөндийн томограф зураг авахуул гэсэн бөгөөд Лазер мед эмнэлэгт цээжний хөндийн компьютер томограф зураг авахуулсан 100.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Вансэмбэрүү эмнэлэгт дотрын эмчид үзүүлэн эход харуулсан 50.000 төгрөг, Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Таны төлөө бид эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн төлбөр 45.000 төгрөг, осол болох үед ар талын зорчигчийн суудалд сууж явсан ба ослын үед урд талын суудлыг нүүрээрэ хүчтэй мөргөж дээд доод талын 2 араа хоорондоо хавиралдаж хоёр шүд эмтэрч Нью Имплант ХХК-д 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 1.100.000 төгрөгөөр шүд хийлгэсэн, шүд авахуулсан төлбөр 65.000 төгрөг, шүдний өвчин намдаах эм авсан 23.400 төгрөг, Ли Жин Жи эмнэлэгт үзүүлэн үрэвслийн дусал 7 хоног хийлгэсэн ба 1 дусал 35.000 төгрөг, бүгд 245.000 төгрөг, хүзүү, сээр, зөөлөн эдийн гэмтэлд усан зүү эмчилгээ 10 удаа хийлгэсэн ба 1 удаагийн эмчилгээ 40.000 төгрөг, бүгд 400.000 төгрөг, зөөлөн эдийн гэмтэлд 1 хайрцаг нь 30.000 төгрөгийн эм 4 хайрцагыг авсан ба 120.000 төгрөг, цус хуралтыг шимэгдүүлэх дусал 7 удаа хийлгэсэн ба 1 ширхэг нь 35.000 төгрөг, бүгд 245.000 төгрөг, нийт 2.401.400 төгрөг, Х.Б нь өөрт болон хүүхдүүддээ, мөн авто машинд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа ба 3.571.600 төгрөг, Ж.Бт 935.863 төгрөг, Б.Гд 2.401.400 төгрөг, нийт 6.909.463 төгрөгийг хариуцагч Б.Өаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ундрах шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Бн нийт гэм хорын хохирол 16.109.463 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг учирсан гэм хорын хохирол тус бүрээр нь нэгтгэн тооцоход 15.962.263 төгрөг буюу авто машинд учирсан хохирол 11.455.000 төгрөг, авто машин үнэлүүлсэн зардал 160.000 төгрөг, Төв аймгаас машин ачсан 200.000 төгрөг, бензин 130.000 төгрөг, зорчигчдын эмчилгээний зардал, зорчигч Б.Г, Ж.Б, Б.Мөнхзул, Б.Мөнхтөр нарын зардал 3.959.263 төгрөг, Б.Бат-Ирээдүйн эмчилгээний зардал 58.000 төгрөг, нийт 15.962.263 төгрөг байхад 16.109.463 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч Б.Ө нь 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт тоёота приус маркийн УБТ 02-89 улсын дугаартай авто машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан бөгөөд энэхүү осолд гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрч байна. Харин ослын улмаас учирсан бодит бус хохирлын зардлыг тооцон нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие өөрийн боломжоор 4.200.000 төгрөг, даатгалын байгууллагаас 5.000.000 төгрөг, нийт 9.200.000 төгрөгийн төлбөр төлсөн болно. Одоо тухайн авто машин болон жолооч, авто машины зорчигч нарт учирсан зайлшгүй шаардлагаар эмчлүүлэхэд төлсөнтэй холбоотой хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Тухайлбал: Шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр, ослын улмаас цээжний рентгэн зурагт харуулсан, компьютер томографт харуулсан, авто машиныг үнэлүүлсэн, авто машиныг Төв аймгаас ачиж авчирсан зэрэг бодит учирсан хохирлыг нэхэмжилж хавсаргасан баримтаар тооцож үзэхэд 936.000 төгрөгийн зардал гарсан байна. Авто машинд 11.455.000 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлгээгээр тогтоосон ч илтэд үндэслэлгүй, зах зээлийн ханшнаас хэт дээгүүр үнэлсэн байсныг миний бие тухайн үед хүлээн зөвшөөрөөгүй. Машин ченжид зарсан гэж Х.Б хэлж байсан. Иймд миний бие авто машины хохирлыг тооцож нийт 8.700.000 төгрөг, эмчилгээний зардалд 500.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Иймд авто машины зардлыг бүрэн барагдуулсан гэж үзэж байна. Түүний нэхэмжлэлд хавсаргасан бодит хохирлуудаас тооцож үзэхэд 936.000 төгрөг болж байна. Нэмж төлөхөд татгалзах зүйлгүй. Харин бусад эмчилгээ, эм тариатай холбоотой нэхэмжилсэн шатахууны баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн этгээдүүд осол болсноос хойш 14 хоногийн дараа Ли Жин Жи гэх хятад эмнэлэгт бүгд хэвтэн эмчлүүлж төлбөр төлсөн баримт гаргаж өгсөн боловч тухайн эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай талаар эмчийн заавар, зөвлөгөө байхгүй, гэмтэл байхгүй байхад өөрсдийн сайн дурын үндсэн дээр хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн төлбөрийг нэхэмжилсэн нь зүйд нийцэхгүй. Мөн эмчийн жор байхгүй байхад эм тариа, эмнэлгийн хэрэгсэл ямар учиртай болох нь тодорхойгүй байна. Миний бие нэхэмжлэгч Х.Бд хохирлын хэмжээг тооцоод 12.000.000 төгрөгөөр эвлэрэх санал гаргахад өөрөө зөвшөөрөөгүй. Энэ хэмжээгээр татгалзах зүйлгүй. Гэвч түүний нэхэмжлэлд хавсаргасан баримтаар 936.000 төгрөг л бодит зардал гарч байна. Төлөх боломжтой 936.000 төгрөг байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.Өаас 5.420.463 төгрөгийг буюу 3.316.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бд, 935.863 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бт, 1.168.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд тус тус олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 1.489.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Бн улсын тэмдэгийн хураамжид урьдчилан төлсөн 125.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Өаас 101.678 төгрөг гаргуулан Х.Бд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн төлөөлөгч О.Ундрах миний биед шүүх хуралдааны товыг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 11.00 цагаас болно гэж мэдэгдсэн тул миний бие 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 10 цаг 20 минутын орчим очиход шүүх хуралдаан эхэлчихсэн байсан бөгөөд хүсэлт шийдвэрлээд засварлах үед хуралдаанд оруулж үг хэлэх эрхгүйгээр оролцуулснаас болж миний бие хариуцагчийг төлөөлөн оролцож, тайлбар мэдүүлэг гаргах, мэтгэлцэх боломж олгоогүйд гомдолтой байна. Мөн тухайн автомашинд учирсан болон автомашинд зорчиж явсан зорчигч нарын зайлшгүй хийх шаардлагатай шинжилгээ, эмчлүүлсэн төлбөрийг хариуцахыг хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн төлбөр бүрийг ослын улмаас учирсан шууд хариуцах ёстой төлбөр гэж үзэхгүй байна. Гэтэл шүүхээс хохирогч нарт гэмтэл учирсан бол эмнэлэгийн байгууллагаас оношилж тогтоосны үндсэн дээр эмчийн заавар, зөвлөмжийн дагуу холбогдох эмчилгээг хийлгэсэн эсэхийг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгч Ж.Б, Б.Г, Б.Мөнхзул нарын Ли Жин Жи эмнэлэгт сайн дурын үндсэн дээр хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөрийг бүгдийг нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ж.Бийн тархины хаван буулгах дусал хийлгэсэн 140 000 төгрөг, цус хуралт шимэгдүүлэх, судас бэхжүүлэх дусал хийлгэсэн 350 000 төгрөг, толгойн өвдөлт намдаах тариа хийлгэсэн 70 000 төгрөг, нийт 560 000 төгрөг, Б.Ггийн үрэвслийн дусал хийлгэсэн 245 000 төгрөг, усан зүүн эмчилгээ хийлгэсэн 400 000 төгрөг, зөөлөн эдийн гэмтэлд уусан 4 хайрцаг эмний 120 000 төгрөг, цус хуралтыг шимэгдүүлэх дусал 245 000 төгрөг, нийт 1 010 000 төгрөг буюу бүгд 1 760 000 төгрөгийн төлбөр нь гэм хорын хохиролд хамаарахгүй, ослын улмаас учирсан гэмтлийг эмчлүүлсэн гэж үзэх боломжгүй, энэ талаарх эмчийн зөвлөгөө, зөвлөмж байхгүй, эмчлүүлэгчийн картад энэ талаар дурдаагүй байна. Иймд дээрх зардлууд нь осолтой шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй байгаа учир нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 5 420 463 төгрөгөөс 1 760 000 төгрөгийг хасч, үлдэх 3 659 863 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х.Б, Ж.Б, Б.Г нар нь хариуцагч Б.Өд холбогдуулан гэм хорын хохирол 6 909 463 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Дундговь руу явах замд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт тоёота приус маркийн 02-89 УБТ улсын дугаартай автомашины жолооч Б.Ө зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ эсрэг урсгалаа харалгүй мөргөлдөж, Х.Бд 3 571 600 төгрөг, Б.Гд 2 401 400 төгрөг, Ж.Бт 935 863 төгрөг, нийт 6 909 463 төгрөгийн хохирол учирсан... гэж, хариуцагч татгалзаж буй үндэслэлээ ...нэхэмжлэгч нар эмчийн жор байхгүй эм тариа хэрэглэсэн, хятад эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай талаар эмчийн заавар, зөвлөгөө байхгүй, өөрсдийн сайн дурын үндсэн дээр хэвтэн эмчлүүлсэн, эмчилгээний зардлаас 936 000 төгрөгийг төлөх боломжтой, ... гэж тус тус тайлбарласан байна.

Хэргийн 28 дугаар талд авагдсан Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 374 дүгээр тогтоолд тэмдэглэснээр болон зохигчдын тайлбараар 2019 оны 8 дугаар сарын 02-ны шөнө 21 цаг 21 минут орчим Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Довын гуанз гэх газарт 2019 оны 8 сарын 08-ны өдөр Б.Ө нь Тоёота приус маркийн 02-89 УБТ дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дах хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. /хх-28-30/

Мөн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлтээр Ж.Б, Б.Мөнхтөр, Б.Г нарын биед Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан гэж, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээний тайланд нийт автомашны хохиролын хэмжээг 11 455 000 төгрөг гэж тус тус тодорхойлсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Түүнчлэн, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролыг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас нийт 6 909 463 төгрөг зарцуулсан гэж нэхэмжилсэн боловч шүүх Х.Бгийн Төв аймагт ирж, очсон бензины зардал 130 000 төгрөг, Б.Ггийн Таны төлөө бид эмэгтэйчүүдийн эмнэлэг үзүүлсэн 45 000 төгрөг, шүдний эмчийн үйлчилгээнд 1 233 400 төгрөгт холбогдох хэсгийг зам тээврийн ослын улмаас үүссэн эсэх нь тодорхойгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй.

Хэргийн зохигчид нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэслэлийг нотлох үүргийг хүлээх ба шүүх талуудын гаргасан нотлох баримтын хэмжээнд харьцуулан үнэлж шийдвэр гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйл болон 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсгийн заалтыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлсэн гэж үзнэ.

Хариуцагч “авто машинд 11 455 000 төгрөгийн хохирол учирсан гэж зах зээлийн ханшаас хэт өндөр үнэлсэн” гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүй.

Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн нотариатчаар гэрчлүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч нотариатын зардалд 21 600 төгрөг төлсөн байх ба шүүх тооцохдоо 600 төгрөгийг орхиж тооцсон хэдий ч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөөгүй, хариуцагчаас нэхэмжлэгч нарт төлбөл зохих гэм хорын хохирлыг 5 420 463 төгрөгөөр тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нар “Ли жин жи” эмнэлэгээр ослын улмаас учирсан гэмтлүүдийг эмчлүүлсэн тул эдгээр эмчилгээний зардлыг хариуцагчаас гаргуулахдаа үндэслэл бүхий дүгнэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...шүүх хуралдааны товыг 2020 оны 5 сарын 04-ний өдрийн 11.00 цагт товлогдсон гэж мэдэгдсэн атлаа 10.20 цагт шүүх хуралдааныг эхэлсэн, мэтгэлцэх боломж олгоогүй...” гэх боловч хэргийн 234 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 04-ний 10 цаг 00 минутад шүүх хуралтай болохыг утсаар хариуцагчид мэдэгдсэн, мөн 235 дугаар талд авагдсан хэргийн материал танилцуулсан тухай баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ундрах 2020 оны 4 сарын 29-ний өдөр гарын үсгээ зурсан. Мөн шүүх хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 08 минутад эхэлсэн болох нь хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

            Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/01524 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 44 354 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                             ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

                                                                                  Б.НАРМАНДАХ