Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 05

 

 

    2023          01           17                                      2023/ДШМ/05

 

 

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Батцоож, шүүгдэгч *******, нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/213 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2236002020219 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, ******* од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хорхон ургийн овогт ******* *******. *******/

 

            2. Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* нутагт хохирогч *******тай танай хүүхэд манай хүүхдийг зодсон гэх шалтгаанаар маргалдаж, улмаар харилцан зодолдож хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Ховд аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүх:

 

4.1 Шүүгдэгч Хорхон ургийн овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 250/хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

4.4 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

 

4.5 Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

 

4.6 Хэргийн хамт ирсэн нэг ширхэг Си ди дискийг хэрэгт хадгалж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

  5.1 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг эдлэхэд эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлмөр эрхлэх боломжгүй эмчилгээ гам барьж эмчийн хяналтанд байх заалттай.

 

5.2 Мөн 3 жилийн өмнөөс миний нурууны үе бүр дээр яс ургалттай, ялтас хатуурсан гэсэн оноштойгоор өвддөг болсон. Уурхайд тогоочийн ажил эрхэлдэг байсан ба өвчнөөсөө шалтгаалж ажлаасаа гарсан. Иймд шийтгэлийн төрлийг сольж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Олон нийтийн газарт өөрийн үг, үйлдлээ хянаж байх ёстой гэж ойлгосон.

 

5.3 Миний өвчний онош нь Эрүүл мэндийн яамны сайдаас баталсан групп тогтоох заалтанд хамаардаггүй. Гэхдээ хүнд хөдөлмөр эрхлэх, даарах зэргээр гам алдахад нуруу хөдлөх боломжгүй болж, өөрөө хувцасаа өмсөх тайлах боломжгүй бол хүний тусламж авдаг. Өвчнөөсөө болж удаа дараа эмнэлэгт эмчлүүлж байгаа. Энэ зовиур нь ясыг хусуулах хагалгаанд орсны дараа арилах бөгөөд группын асуудлыг шийдвэрлэнэ гэсэн эмчийн шийдвэр гарсан. 2 кг дээш зүйл өргөж болохгүй, шатаар гарч буух, хувцас солиход бусдын туслалцаа авдаг  гэв.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: ******* 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* нутагт хохирогч *******тай танай хүүхэд манай хүүхдийг зодсон гэх шалтгаанаар маргалдаж, улмаар харилцан зодолдож хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдон тогтоогдсон.

 

 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

9. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын шатанд шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

10. Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* нутагт хохирогч *******тай “танай хүүхэд манай хүүхдийг зодсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар харилцан зодолдож хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

11. Прокуророос *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “түүний үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон” гэж дүгнээд, *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна.

 

11.1 Анхан шатны шүүхийн “*******ын үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байх бөгөөд түүний үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч *******ийн хэрэг бүртгэлтийн явцад хохирогчоор өгсөн“...үгийн зөрүүгүй намайг цохисон, баруун гуя руу 7-8 удаа өшиглөсөн, мөн намайг санамсаргүй зогсож байхад түлхэж ар дагзаар савуулж газарт унагаасан” гэх мэдүүлэг,

 

Гэрч ******* хэрэг бүртгэлтийн явцад гэрчээр өгсөн “эхлээд гуя хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн, тэгээд үснээс нь зулгаахаар нь би дундуур нь орж салгасан, тэгээд манай бэрийг газарт цементэн дээр унагаасан” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч ******* хэрэг бүртгэлтийн явцад гэрчээр өгсөн “... манай ээж тэр хүнийг цохиогүй, тэр хүн манай ээжийг өшиглөөд, түлхэж унагаасан” гэх мэдүүлэг,  *******ийн биед баруун бугалганы дотор дээд хэсгийн цус хуралт, баруун бугалганы гадна хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны зүүн хэсгийн цус хуралт, баруун гуяны гадна дунд хэсгийн цус хуралт, баруун гуяны дотор дээд хэсгийн цус хуралт, баруун шилбэний гадна хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо, ...*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээч эмч П.Тогтохын 2022 оын 7 дугаар сарын 29-ний өдрийн 628 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.

 

11.2 Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

12. Шүүгдэгч Б.******* нь “...шүүхээс оногдуулсан ялыг эдлэхэд эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй, гам барьж, эмчийн хяналтанд байдаг тул шийтгэлийн төрлийг өөрчилж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

 

12.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй.” гэж заасан байна.

 

Гэтэл шүүгдэгчийн давж заалдах гомдолдоо дурдсан шалтгаан болон гомдолдоо хавсаргаж ирүүлсэн баримтуудаар “түүнийг хөдөлмөрийн чадвараа  бүрэн алдсан хүн” гэж үзэх боломжгүй байна.

 

13. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/213 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

           

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                                       ШҮҮГЧ                                        Д.КӨБЕШ

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР