Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/00385

 

 

2024 оны 04 сарын 18 өдөр Дугаар 155/ШШ2024/00385

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** байршилтай, Б ХХК

Хариуцагч: ***д оршин суух, Т овогт Б-ын Ч,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөрт нийт 7,547,372.03 (долоон сая таван зуун дөчин долоон мянга гурван зуун далан хоёр) төгрөг 03 (гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2023/01147/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Д

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Б.Чт холбогдуулан зээлийн төлбөрт 7,547,372.03 (долоон сая таван зуун дөчин долоон мянга гурван зуун далан хоёр) төгрөг 03 (гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч Б ХХКйн гүйцэтгэх захирал Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Ч нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр №03001201204 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд 000522212 тоот гэрчилгээний дугаартай Улсын бүртгэлийн Ү-1723004699 тоот гэрчилгээтэй, Хөвсгөл аймаг, *** тоот 144 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 24 сарын хугацаатай 6,000,000 (зургаан сая) төгрөгийг нэг сарын 2,9 хувийн хүүтэйгээр зээлсэн.

2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр №1050130225001915 тоот Г Аппликэйшн зээлийг ББСБ-аас 1 сарын хугацаатай 100,000 (нэг зуун мянга) төгрөгийг нэг сарын 2,9 хувийн хүүтэйгээр зээлсэн.

Зээлдэгч Б.Чтой байгуулсан дээрх зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусч зээлийн гэрээний 3.1.2. 3.1.4 дэх заалт мөн Г Аппликэйшн зээлийн гэрээний 4.1.3, 4.1.6 дэх заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.

Иймд зээлдэгч Б.Чоос:

1.Зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 4,123,256.99 (дөрвөн сая нэг зуун хорин гурван мянга хоёр зуун тавин зургаан төгрөг ерэн есөн мөнгө) төгрөг, зээлийи хүүнд 1,992,624.24 (нэг сая есөн зуун ерэн хоёр мянга зургаан зуун хорин дөрвөн төрөг хорин дөрвөн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 563,992.11 (таван зуун жаран гурван мянга есөн зуун ерэн хоёр төгрөг арван нэгэн мөнгө) төгрөг, түүнчлэн 2021.08.16-ны өдөр №03001201204 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 670,000 (зургаан зуун далан мянга) төгрөг буюу нийт 7,349,873.35 (долоон сая гурван зуун дөчин есөн мянга найман зуун далан гурван төгрөг гучин таван мөнгө) төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 202,747.97 (хоёр зуун хоёр мянга долоон зуун дөчин долоон төгрөг ерэн долоон мөнгө) төгрөгийн хамт гаргуулах,

2.Г Аппликэйшн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 100,000 (нэг зууy мянга) төгрөг, зээлийн хүүнд 66,700 (жаран зургаан мянга долоон зуу) төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,798.67 (арван хоёр мянга долоон зуун ерэн найман төгрөг жаран долоон мөнгө) төгрөг түүнчлэн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 18,000 (арван найман мянга) төгрөг буюу нийт 197,498.68 (нэг зуун ерэн долоон мянга дөрвөн зуун ерэн найман төгрөг жаран найман мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 650 (зургаан зуун тавь) төгрөг нийт 7,547,372.03 (долоон сая таван зуун дөчин долоон мянга гурван зуун далан хоёр төгрөг гурван мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 203,397.97 (хоёр зуун гурван мянга гурван зуун ерэн долоон төгрөг ерэн долоон мөнгө) төгрөгийн хамт тус тус гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь шүүхийн шийдвэр (захирамж)-ийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох дээр дурдсан үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Зээлдэгч Б.Ч нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 6,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээлсэн.

Зээлдэгч нь зээлийн төлбөрийг зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4,123,256,99 төгрөг, хүү 1,992,624,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 563,992,11 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд энэхүү зээлийн гэрээний дагуу төлөгдөх 6,679,873,35 төгрөг дээр өмгөөлөл хууль зүйн туслалцааны хөлс 670,000,00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн 202,747,97 төгрөгийг, нийт 7,552,621,32 төгрөгийг,

Мөн хариуцагч нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр онлайн зээлийн гэрээ байгуулан 100,000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай, 2,9 хувийн хүүтэй зээлж авсан ба зээлийн төлбөрийг хийгээгүй. Иймд үндсэн зээлийн төлбөр 100,000,00 төгрөг, үндсэн хүү 66,700,00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,798,67 төгрөгийг, нийт 179,498, 68 төгрөг дээр өмгөөлөл хууль зүйн туслалцааны хөлс 18,000,00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 650,00 төгрөг, нийт 198,148,68 төгрөгийг тус тус гэрээний дагуу гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Б.Ч нь Б ХХКас 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 6,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 100,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 2,9 хувийн хүүтэй тус тус зээлж авсан. Онлайн зээлийн төлбөрт нэхэмжилж байгаа үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.

Мөн 2021 онд 2 жилийн хугацаатай зээлж авсан 6,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2023 оны 4 сард энэ зээлээс үлдсэн үлдэгдэл төлбөрийг тэтгэврийн зээл авч хаах гэсэн боловч нэхэмжлэгч байгууллага нь зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь ганц хүний өмчлөлд бүртгэлтэй буюу Б.Чийн нэр дээр байгаа учир барьцаа хөрөнгийн гэрчилгээг таньд өгөхгүй гэснээс болж маргаан үүссэн ба энэ хугацаанаас эхэлж зээл, зээлийн хүүгийн төлөлтийг огт хийгээгүй. Тухайн үед зээлийн төлбөрийг төлүүлсэн байсан бол зээлийн, хүү нэмэгдүүлсэн хүү үндэслэлгүйгээр нэмэгдэхгүй байсан. Одоо нэхэмжилж байгаа зээлийн төлбөрийг зээлийн гэрээний дууссан өдрийн байдлаар бодогдсон үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө. Өмгөөлөл хууль зүйн туслалцааны зардалд нэхэмжилсэн төлбөр, улсын тэмдэгтийн хураамж зэргийг би төлөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс Б-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №03001201204 дугаартай барьцааны зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №1050130225001915 дугаартай онлайн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцоолол, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б ХХК-д гаргасан Б.Чийн гараар бичсэн өргөдөл, Б ХХК-ийн гэрээний үүргээ гүйцэтгэх тухай шаардлагын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гүйцэтгэх захирал Ц.Бэс Хөвсгөл салбарын захирал Ж.Тд олгосон итгэмжлэл, 2231100044345 дугаартай төлбөрийн даалгавар үүсгэсэн баримт, 2231100044386 дугаартай төлбөрийн даалгавар үүсгэсэн баримт, 2231100044444 дугаартай төлбөрийн даалгавар үүсгэсэн баримт, 2231100384691 дугаартай төлбөрийн даалгавар үүсгэсэн баримтын хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд зэргийг гарган өгсөн. (хавтаст хэргийн 2-26 дугаар тал)

Хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б-ын Чоос Дийн От олгосон 0324 дугаартай итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 33-34-р хуудас)

Зохигчоос хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь

Б ББСБ ХХКйн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч Б.Чт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №03001201204 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 4,123,256,99 төгрөг, хүү 1,992,624,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 563,992,11 төгрөг, нийт 6,679,873,35 төгрөг дээр өмгөөлөл хууль зүйн туслалцааны хөлс 670,000,00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,747,97 төгрөгийн хамт 7,552,621,32 төгрөгийг,

2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №1050130225001915 онлайн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 100,000,00 төгрөг, үндсэн хүү 66,700,00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,798,67 төгрөгийг, нийт 179,498, 68 төгрөг дээр өмгөөлөл хууль зүйн туслалцааны хөлс 18,000,00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 650,00 төгрөг, нийт 198,148,68 төгрөгийг тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дараах байдлаар тодруулсан. Үүнд: Хариуцагч Б.Чтой байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №03001201204 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 4,123,256,99 төгрөг, хүү 1,992,624,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 563,992,11 төгрөг, нийт 6,679,873,35 төгрөг дээр өмгөөлөл хууль зүйн туслалцааны хөлс 670,000,00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,747,97 төгрөгийн хамт 7,552,621,32 төгрөгийг,

Мөн хариуцагчтай 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №1050130225001915 онлайн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 100,000,00 төгрөг, үндсэн хүү 66,700,00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,798,67 төгрөгийг, нийт 179,498, 68 төгрөг дээр өмгөөлөл хууль зүйн туслалцааны хөлс 18,000,00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 650,00 төгрөг, нийт 198,148,68 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг төлөхийг зөвшөөрч 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 6,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 100,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 2,9 хувийн хүүтэй тус тус зээлж авсан. Онлайн зээлийн төлбөрт нэхэмжилж байгаа үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.

Харин 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дууссан. Энэ өдрөөр бодогдсон үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлнө. Дээрх хоёр зээлийн гэрээний нэхэмжлэлтэй холбогдуулж нэхэмжилсэн өмгөөлөл, хууль зүйн туслалцааны зардал, улсын тэмдэгтийн хураамж нэхэмжилж байгааг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гарган маргасан.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлтийг хийж хэргийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байна. (хавтаст хэргийн 2-5 дугаар хуудас)

Б.Ч нь Б ББСБ ХХКтай 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр №03001201204 дугаартай Зээлийн гэрээ, №03001201204 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулж 6,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээлж, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ***од байрлах эрхийн улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэлтэй 144 м.кв талбай бүхий хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн 111111 дугаарт бүртгэлтэй 545 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ. (хавтаст хэргийн 6 дугаар хуудас)

Талууд Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-г бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д заасантай тус тус нийцсэн, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр байна.

Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Б ББСБ ХХК нь 6,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Чт түүний ХААН банк дахь 5890638510 дугаар дансанд 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 6,000,000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 100,000 төгрөгийг тус тус өөрийн харилцах дансаар шилжүүлэн авсан гэх энэ үйл баримтад талууд маргаагүй.

Иймд нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь зээлдэгч Б.Чт зээлсэн мөнгийг олгосноор зээл олгох үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

Талуудын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан №03001201204 дугаартай Зээлийн гэрээний 2.2, 2.4-т, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №1050130225001915 дугаартай Онлайн зээлийн гэрээний 2.1.7, 2.1.7-д тус тус зааснаар, зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй, үндсэн зээл, зээлийн хүүг хавсралтад заасан хуваарьт хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхийг тус тус гэрээгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчид нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн байна.

Зээлдэгч Б.Ч нь нэхэмжлэгч Б ББСБ ХХКтай 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №1050130225001915 дугаартай Онлайн зээлийн гэрээний төлбөрийг төлөөгүй,

2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан №03001201204 дугаартай Зээлийн гэрээний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 1,876,743,01 төгрөгийг, зээлийн хүүгийн төлбөрт 1,738,368,05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 86,306,04 төгрөгийг тус тус төлжээ. (хавтаст хэргийн 12, 13 дугаар хуудас)

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан №03001201204 дугаартай Зээлийн гэрээний төлбөрт 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 700,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасуулж тооцуулна гэж тайлбар гарган маргасан.

Талуудын байгуулсан дээрх гэрээний 3.1.1-д Зээлдэгч нь авсан зээл, түүний хүүг хуваарийн дагуу төлөөгүй бол зээлийн төлбөрийг хийлгэхдээ эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, үндсэн хүү, сунгалтын шимтгэлийг хийлгэж, үлдэх хэсгээр нь үндсэн зээлийг төлүүлэх нөхцлийг харилцан тохиролцсон байх тул хариуцагчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн төлбөрт төлсөн 700,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй байна.

Талуудын хооронд 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан №03001201204 дугаартай Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан №1050130225001915 дугаартай Онлайн зээлийн гэрээний хугацаа 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тус тус дуусгавар болсон бөгөөд зээлдэгч Б.Ч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь, зохих ёсоор төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, талуудын хооронд 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан №03001201204 дугаартай зээлийн гэрээний 6.1, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан №1050130225001915 дугаартай Онлайн зээлийн гэрээний 7.1-д тус тус заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №03001201204 дугаартай зээлийн гэрээний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд бодогдсон үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба дээрх гэрээний 2.5-д Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээлийн төлбөр, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй талаар харилцан тохиролцжээ.

Хэдийгээр гэрээнд хугацаа хэтэрсэн зээлийн төлбөр, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох талаар талуудын тохиролцоо байх боловч хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцооллын хүснэгт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр хариуцагч Б.Ч нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш хугацаанд зээл төлөх үүргээ зөрчсөн байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн төлбөрийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзахад барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд таны нэр хамт бичигдээгүй учир гэрчилгээг өгөх боломжгүй гээд зээлийг төлүүлээгүй, энэ үйл баримтад талууд маргаагүй.

Үүнээс үзвэл зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй, хугацаанд нь биелүүлэхгүй нөхцөл байдал үүссэнийг нэхэмжлэгч бодитоор мэдсээр байтал шаардах эрхээ хэрэгжүүлээгүй 220 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд ...2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дууссан. Энэ өдрөөр бодогдсон үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлнө ... гэж мэтгэлцсэнийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь зээлийн гэрээ нь хоёр талт гэрээ бөгөөд талууд эрх эдэлж, харилцан үүрэг хүлээх талаар гэрээгээр тохиролцдог бөгөөд гэрээний үүргийг нэг тал нь зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч тал гэрээг цуцалж, шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй, энэ эрхийг хэрэгжүүлээгүйгээс үүрэг гүйцэтгэгчийн зээлийн төлбөрийн хэмжээ нэмэгдэж түүний эрх зүйн байдал дордох нөхцөл бий болжээ.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1.3-т заасан хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран... мөн төлбөрийн үүрэг ёсоор хүүг авах эрхээ алдана гэж хуульчилсан байна.

Хариуцагч Б.Чоос 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №03001201204 дугаартай зээлийн гэрээний дуусгавар болох хугацаагаар буюу 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тооцож гарган нэхэмжлэгчид олгож, 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 655,916,03 нэхэмжилснийг хэрэгсэхгүй болголоо.

Зээлдэгч Б.Ч нь 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,123,256,99 төгрөг, зээлийн хүү 1,446,567,58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 454,780,77 төгрөг төлөх үүрэгтэй болох нь зээлийн төлбөрийн тооцооллоор тогтоогдож байна. (хавтаст хэргийн 13 дугаар хуудас)

Мөн нэхэмжлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Б.Чтой байгуулсан №1050130225001915 дугаартай Онлайн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 100,000,00 төгрөг, хүү 66,700,00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,798,67 төгрөг, нийт 179,498,68 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнтэй хариуцагч маргаагүй, төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан, энэхүү шаардлага нь хууль болон талуудын байгуулсан гэрээнд нийцсэн байх тул тул хангаж шийдвэрлэлээ.

Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Б.Чоос 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан №03001201204 дугаартай зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 4,123,256,99 төгрөг, зээлийн хүү 1,446,567,58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 454,780,77 төгрөг, нийт 6.024.605,34 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 655,916,03 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан №1050130225001915 дугаартай Онлайн зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 100,000,00 төгрөг, үндсэн хүү 66,700,00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,798,67 төгрөгийг, нийт 179,498, 68 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б ББСБ ХХКд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 688,000,00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 203,397,97 төгрөг гаргуулах тухай шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Чтой 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан №03001201204 дугаартай зээлийн гэрээний төлбөр гаргуулахад гарсан өмгөөлөгч, хууль зүйн туслалцааны зардал 670,000,00 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №1050130225001915 дугаартай Онлайн зээлийн гэрээний төлбөр гаргуулахад гарсан өмгөөлөгч, хууль зүйн туслалцааны зардал 18,000,00 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба энэхүү гарсан зардлын талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй ба хэргийн зохигчид эрх үүргийг хуульд заасан журмын дагуу танилцуулсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй.

Улсын тэмдэгтийн хураамж нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно.Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг төлөхдөө болон шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх хуулийн зүйл заалтыг баримтална. Өөрөөр хэлбэл улсын тэмдэгтийн хураамжид тушаасан мөнгө нэхэмжлэлийн шаардлага болохгүй, харин хуульд зааснаар шүүх шийдвэрлэдэг учиртай.

Нэхэмжлэгч Б ББСБ ХХКйн нэхэмжилсэн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 688,000,00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 203,397,97 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Иймд хариуцагч Б.Чоос 6,204,103 төгрөгийг гаргуулан Б ББСБ ХХКд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,547,314 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,907 төгрөгийг, нэхэмжлэгчээс дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 43,285 төгрөгийг гаргуулан тус тус улсын орлогод оруулж, хариуцагч Б.Чоос 6,204,103 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 256,929 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ББСБ ХХКд олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Чоос 6,204,103 төгрөгийг (зургаан сая хоёр зуун дөрвөн мянга нэг зуун гурав) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ББСБ ХХКд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,547,314 (нэг сая таван зуун дөчин долоон мянга гурван зуун арван дөрөв) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,907 (хоёр зуун таван мянга есөн зуун долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 43,825 (дөчин гурван мянга найман зуун хорин тав) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б.Чоос 256,929 (хоёр зуун тавин зургаан мянга есөн зуун хорин ес) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ББСБ ХХКд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.БЯМБАСҮРЭН