| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0020/э/ |
| Дугаар | 26 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 26
2018 01 17 26
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халаг овогт Буянтогтохын Жанчивсүрэнд холбогдох эрүүгийн 1721002370156 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, фитнесийн багш мэргэжилтэй, .................клубт багш ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 14-22 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Халаг овогт Б.Ж. /РД: ................/
Шүүгдэгч Б.Ж нь согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мустанг баарны урд талд 2017 оны 10 дугаар сарын 09-ний 23 цагийн орчимд иргэн Э.Н зодож биед нь дух, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун болон зүүн нүдний дээд, доод цус хуралт, дээд уруулын дотор салстын цус хуралт, баруун доод 2-р шүдний эмтрэл, эрүүний цус хуралт, хүзүү, бураан эгэмний доорх, зүүн тохой, зүүн өвдөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2017 оны 10 дугаар сарын 09-ны орой үл таних Н биед хөнгөн хохирол учруулсан. Би тухайн үед согтуу байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэв.
-Хохирогч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... Би 2017 оны 10 дугаар сарын 09-ний орой 6 дугаар багийн нутаг дэвсгэр Мустанг бааранд 19 цаг өнгөрч байхад орж үйлчлүүлсэн. Ингэж байхдаа өмнө нь зүс үзсэн хүнтэйгээ таараад хамт пиво уусан. Тэр хүнийг С гэдэг юм. Тэр хүнтэй бааранд хэсэг сууж байгаад С гараад явсан. Ингээд би 23 цагийн орчимд тус баарнаас ганцаараа гарсан.Тэндээс гараад урагшаа алхахад бааранд хамт суусан С, мөн өмнө нь зүс үзсэн Ж гэх залуутай юм яриад зогсож байхад нь хажуугаар нь гарахдаа С хандан найз нь явлаа шүү баяртай гэж хэлэхэд Ж хажуунаас нь зайл гичий минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ж хандан чамтай яриагүй байна гэхэд шууд над руу хүрч ирээд үг дуугаралгүй миний баруун шанаа руу гараараа цохисон, энэ үед би газарт унахад хөлөөрөө өшиглөж дэвсээд байсан. Намайг нүүр нүдгүй өшиглөж зодсон. С нь Ж-г боль гэж хориод дийлэхгүй байсан. Ингэж зодуулж байгаад би босоод зугтсан...Би түүнийг Сити найт бааранд ажилладаг байхыг нь мэднэ. Би ч мөн тус бааранд ажилладаг байсан. Намайг тус бааранд ажилд ороход Ж нь ажиллахаа больсон. Түүнтэй өмнө нь харьцаж үзээгүй, маргаж муудалцаж байгаагүй. Тухайн үед би Ж-г зүс мэддэг байсан. Шөнө байсан ч түүний царай төрхийг сайн харсан. Одоо ч харсан танина, намайг зодож байхад нь түүнд хандаж Ж-г чи болиоч ээ гэхэд миний нэрийг мэддэг хэн бэ гээд зодоод байсан. Түүнд зодуулсандаа гомдолтой байна гэх мэдүүлэг.../хх-ийн 12-13тал/
-Гэрч Э.Сн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... Би 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зүс таних Н гэх эмэгтэйтэй таарч Мустанг бааранд пиво ууж суусан. Тэгээд би нэлээд согтоод 22 цаг өнгөрч байхад баарнаас гарсан санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд гэртээ ирсэн байсан. Учир нь би нэлээн согтсон учир баарнаас гараад хэнтэй таарсан, юу хийснээ санахгүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 20тал/
-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 608 дугаар дүгнэлтэнд:
1.Э.Н биед дух, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруул, дээд уруулын дотор салстны цус хуралт, баруун доод 2-р шүдний эмтрэл, эрүүний цус хуралт, хүзүү, баруун эгэмний доорхи, зүүн тохой, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэх байх боломжтой.
шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтлүүд нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийнг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 28 дугаар тал/
Дорнод аймгийн 4 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч Б.Ж талаархи тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр тал /
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр тал / зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б.Ж нь согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мустанг баарны урд талд 2017 оны 10 дугаар сарын 09-ний 23 цагийн орчимд хохирогч Э.Н зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 608 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ж холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Ж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Ж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ж нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүгдэгч Б.Ж нь шүүхийн шатанд хохирогчид 700.000 төгрөг төлсөн ба хохирогч Э.Н нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Халаг овогт Б.Ж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж орлогын боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар ирсэн /......................./ регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааны хуулбар, Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ