| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2236000230132 |
| Дугаар | 06 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | З.Алтасолонго |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 06
2023 01 17 2023/ДШМ/06
П.Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолоно, цагаатгагдсан этгээд П.Эрдэнэ-Очир түүний өмгөөлөгч Б.Ганзориг, нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/204 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн цагаатгагдсан этгээд П.Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн 2236000230132 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто зам, барилга машин механизмын инженер мэргэжилтэй, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ажилтай, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, Жаргалан багийн 1 дүгээр 30 айлын орон сууцны 19 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон ургийн овгийн Пүрэвдоржийн Эрдэнэ-Очир регистрийн дугаар: ПЭ73110116.
2. Шүүгдэгч П.Эрдэнэ-Очир нь Ховд аймгийн Буянт Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол ардын намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч нарт давуу байдал бий болгох зорилгоор буюу сумын Засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон бусад албан тушаалд хүргэх, сумын засаг захиргааны нэгжийн эрх мэдлийг бусдад олгох зорилгоор Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч М.Отгонцагаанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд Монгол ардын намаас гаргасан саналыг дэмжүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Тулгын 30 айлын орон сууцны үүдэнд 18'000'000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
3. Ховд аймгийн Прокурорын газраас: П.Эрдэнэ-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүх:
4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан эрүүгийн 2236000230132 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Боржигон ургийн овогт Пүрэвдоржийн Эрдэнэ-Очирыг цагаатгаж,
4.2 Шүүгдэгч П.Эрдэнэ-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
4.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч П.Эрдэнэ-Очир нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 /арван/ жилийн дотор Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэж,
4.4 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн Си ди дискийг хэргийн хамт хадгалж,
4.5 Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Шүүгдэгч П.Эрдэнэ-Очирт хахууль өгсөн, Авилгатай тэмцэх газар уг асуудлыг шалгуулахаар хандсан гэрч М.Отгонцагаан нь шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргаж мэдүүлэг өгөхдөө "П.Эрдэнэ-Очир нь хахууль өгөх гэмт хэрэг үйлдээгүй, би худлаа ярьж хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн, П.Эрдэнэ-Очир нь надад ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй, би хүн гүтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа буйгаа илэрхийлсэн, хуучин засаг барьж байсан дарга нар огцорч тогтоол шийдвэр нь гарсан, бүгд бухимдалтай байсан ба би хуралд очихдоо санаандгүй ардын намын дарга манайд мөнгөтэй ирээд явлаа гээд хэлчихсэн чинь хамт байсан хүмүүс маань П.Эрдэнэ-Очирыг жаахан айлгая, чи өргөдөл бичээд өгчих гэж ярилцсан ба орой нь манай гадаа огцорсон сумын дарга ирээд надаар өргөдөл бичүүлээд явсан ба би та нар өргөдлөө явуулж болохгүй, Наадах чинь алдаатай зүйл бичигдсэн гэж хэлэхэд өгдөг газар луу нь өгсөн гээд миний өргөдлийг буцааж өгөөгүй.
5.2 Анх мэдүүлэг өгөхдөө мөрдөн байцаагчид болсон асуудлын талаар хэлсэн ба гэтэл мөрдөгч тийм зүйл юм байхгүй, өргөдлийнхөө дагуу мэдүүлэг өг гээд гарын үсгээ зур гээд зуруулсан." гэж мэдүүлсэн байна. Үүнээс үзэхэд П.Эрдэнэ-Очир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Хахууль өгөх" гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх ба Ховд аймгийн Буянт сумын засаг барьж байсан улс төрийн бүлэглэл буюу ардчилсан намын төлөөлөл огцроход эсрэг намын гишүүд ямар нэгэн шалтаг олж, өргөдөл бичүүлж, уг өргөдлийг шалгуулахаар эрх бүхий албан тушаалтанд шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5.3 Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-т зааснаар шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэн яллахаас татгалзсан байна.
5.4 Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Эрдэнэ-Очир нь Ховд аймгийн Буянт сумын ИТХ-д Монгол ардын намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч нарт давуу байдал бий болгох зорилгоор буюу сумын Засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон бусад албан тушаалд хүргэх, сумын засаг захиргааны нэгжийн эрх мэдлийг бусдад олгох зорилгоор Ховд аймгийн Буянт сумын ИТХ-д хуралд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч М.Отгонцагаанд 18,000,000 төгрөг өгсөн үйл баримт хөдөлбөргүйгээр тогтоогдсон гэж хэт нэг талыг барьж тогтоолд дүгнэсэн үндэслэлгүй байна.
5.5 Хэрэгт авагдсан баримтуудаар Д.Эрдэнэ-Очирыг гэрч М.Отгонцагаанд хахууль өгөх гэмт хэрэг үйлдэж буйг харсан үзсэн гэрч байхгүй, харин дамжмал байдлаар бусдаас сонссон намын гишүүдийн гэрчийн мэдүүлгүүд авагдсан байгаа болно.
5.6 Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "...Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгчид гардуулна" гэж заасныг ноцтой зөрчин 2 хоног хугацаа хэтрүүлэн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэрийг ирүүлж хууль зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
5.7 Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/204 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
6.Цагаатгагдсан этгээд П.Эрдэнэ-Очир түүний өмгөөлөгч Б.Ганзориг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
6.1 Хахууль өгсөн гэх үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хахууль өгөөгүй нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсоор байтал хахууль өгсөн гэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн байна.
6.2 Прокурорын “... хахууль өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна” гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгохоор бус, шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт нь өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэж байна.
6.3 Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр 17,000,000 төгрөгийн эх үүсвэртэй холбогдох үйл баримт нь бүрэн тогтоогдсон. М.Отгонцагаан гэх хүн дараагийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцож засаг даргыг сонгох, огцруулах асуудал дээр санал өгөөгүй. Анхан шатны шүүхийн шүүгдэгчийн хахууль өгсөн гэх үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэсэгт өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй. Харин шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
7. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
8. П.Эрдэнэ-Очир нь Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол Ардын намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч нарт давуу байдал бий болгох зорилгоор буюу сумын Засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон бусад албан тушаалд хүргэх, сумын засаг захиргааны нэгжийн эрх мэдлийг бусдад олгох зорилгоор Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч М.Отгонцагаанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд Монгол Ардын намаас гаргасан саналыг дэмжүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Тулгын 30 айлын орон сууцны үүдэнд 18,000,000 төгрөг өгсөн гэмт хэрэг үйлдсэн холбогджээ.
Ховд аймгийн прокурорын газраас П.Эрдэнэ-Очирын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
8. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор нь шүүгдэгч П.Эрдэнэ-Очирыг яллахаас татгалзсан тул шүүх цагаатгах тогтоол гаргаж, хэргийг шийдвэрлэжээ.
8.1 П.Эрдэнэ-Очирт холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор нь түүнийг яллахаас татгалзсан тул шүүх “Төрийн нэрийн өмнөөс шүүгдэгчийг яллах үүрэгтэй прокурор нь гэм буруугүй гэж үзэж яллахаас татгалзаж байгаа тохиолдолд шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүргийг болон шүүгчийн төвийг сахих зарчмыг ноцтой зөрчинө, мөн хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх хэсэгт улсын яллагч шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж яллахаас татгалзах эрхийг олгосон байна” гэсэн дүгнэлт хийж П.Эрдэнэ-Очирыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
9. Дээд шатны прокурор анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч П.Эрдэнэ-Очир нь Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол Ардын намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч нарт давуу байдал бий болгох зорилгоор буюу сумын Засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон бусад албан тушаалд хүргэх, сумын засаг захиргааны нэгжийн эрх мэдлийг бусдад олгох зорилгоор Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч М.Отгонцагаанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд Монгол Ардын намаас гаргасан саналыг дэмжүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Тулгын 30 айлын орон сууцны үүдэнд 18,000,000 төгрөг өгсөн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж дүгнэсэн байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичжээ.
9.1 Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор “шүүгдэгчийг гэм буруугүй” гэж үзэж яллахаас татгалзсан үндэслэлээр шүүх хэргийг гэмт хэргийн шинжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн атлаа цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон” гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай болжээ.
Учир нь нэгэнт шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор “шүүгдэгчийг гэм буруугүй” гэж үзэж яллахаас татгалзсан байхад шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүргийг болон шүүгчийн төвийг сахих зарчмыг ноцтой зөрчинө” гэж шүүх дүгнэсэн атлаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ.
Өөрөөр хэлбэл хэргийн бодит байдлыг тогтоох мэтгэлцээн явагдаагүй, улсын яллагч “шүүгдэгчийг гэм буруугүй” гэж үзэж яллахаас татгалзсан байхад шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт хэрэгт авагдсан баримтуудыг тогтоох хэсгээс өөр агуулгатай дүгнэлт хийж бичих шаардлагагүй байжээ. Энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт бичигдсэн хууль зүйн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүйг тэмдэглэх нь зүйтэй.
9.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд “давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ”-г хуулиар тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж заасан байна.
Иймд анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж яллахаас татгалзсан тул шүүгдэгч П.Эрдэнэ-Очирын үйлдсэн гэх хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлаар анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй юм.
Иймээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9.3 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбартаа “гэрч М.Отгонцагаан нь шүүх хуралдаанд урд өгсөн мэдүүлгээ өөрчилсөн боловч хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч П.Эрдэнэ-Очирын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдож байгаа тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэргийг шийдвэрлэх үед гаргасан хууль хэрэглээтэй холбоотой алдааг зөвтгөж, тогтоолд өөрчлөлт оруулдаг, мөн уг алдааг давж заалдах шатны шүүх тогтоолд өөрчлөлт оруулах замаар засах боломжгүй тохиолдолд тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэдэг онцлогтой.
Харин тухайн үедээ шийдэл нь зөв байсан цагаатгах тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанд “анхан шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцсон прокурор болон дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээс өөр байр суурьтай оролцсон” прокурорын хэлсэн үгийг үндэслэл болгож, хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй юм.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох зорилготой яллах, өмгөөлөх талын мэтгэлцээн явагдаагүй, шүүх хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй нөхцөл байдал бодитой буй болсон байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.
Дээрх тохиолдолд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-1.3 дахь хэсэгт заасан аль нэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна.
Харин анхан шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцсон прокурор, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллах дүгнэлт үйлдсэн прокурор хоёрын хууль зүйн дүгнэлтүүд хоорондоо эрс зөрүүтэй, мөн дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл болон уг эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын тайлбар, дүгнэлтүүд нь агуулгын хувьд хоорондоо эрс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмуудад нийцэхгүй байгааг тэмдэглэж байна.
10. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/204 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР