Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2024/0551

 

 

 

 

 

 

 

 

       2024          06             26

                                   128/ШШ2024/0551

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Н

Хариуцагч: Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар[1] 

Гуравдагч этгээд: Д.Э нарын хоорондын маргааныг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Тэмүүлин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Т.Н анх шүүхэд хандаж “Хот байгуулалт, хотын стандартын газраас “М” ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр олгосон ...дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ буюу захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тул тус зөвшөөрлийн гэрчилгээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т заасны дагуу хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан.

1.2. 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, “Хот байгуулалт, хотын стандартын газраас “М” ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр олгосон ...дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ буюу захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас иргэн Т.Н миний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн тул тус зөвшөөрлийн гэрчилгээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах тухай[2] гэж эцсийн байдлаар тодорхойлжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Д.Эд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт Хот байгуулалт, хотын стандартын газраас ...дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр Улаанбаатар хотын ... барилга барих зөвшөөрөл[3] олгосон байна.

2.2. Нэхэмжлэгч Т.Н нь ... хаягт оршин суудаг бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад хандан Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлуулах тухай хүсэлтийг[4] гаргахад,

Тус газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэл хяналтын картаар “... шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа асуудлаар өргөдөл, гомдол ирүүлсэн бол буцаахыг заасныг үндэслэж хүсэлтийг буцаасан[5]” хариуг авсан байна.

2.3. Улмаар нэхэмжлэгч 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн засаг даргад гомдол[6] гаргахад Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 06/6489 дугаар албан бичгээр[7] “…Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Эгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн засаг даргын 2023 оны А дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэгдэж байгаа тул тус шүүхийн хэрэг маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд холбогдох журамд заасны дагуу ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй…” болохыг мэдэгдсэн хариу авч, шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2.4. Нэхэмжлэгчийн зүгээс ... Манай байрны хойд талд “М” ХХК нь үйлчилгээтэй, орон сууцны апартмент 15 давхар барилга барьсан нь барилга хоорондын байршлын зайг баримтлаагүй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт хууль зөрчиж зөвшөөрөл олгосноос миний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн, хажуугийн орон сууцны оршин суугчдаас зөвшөөрөл авалгүйгээр тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчсөн… гэх агуулгаар маргаж байна.

2.5. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч ... Зөвшөөрлийн тухай хууль, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг үндэслэн ...дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон. ...нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй … гэх агуулгаар тайлбарлаж байна.

2.6. Тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ШЗдугаартай шүүгчийн захирамжаар Д.Эг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

2.7. Нэхэмжлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Хууль бус үйл ажиллагааны улмаас гэнэтийн ослын даатгалын гэрээний даатгалын хураамж 1,600,000 төгрөгийн хохирол учирсан тул уг хохирлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу хариуцагчаас гаргуулах”-аар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2024/ дугаар захирамжаар[8] хүлээн авахаас татгалзсан.

2.8. Улмаар дээрх захирамжид гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/ШТ2024/ дүгээр тогтоолоор[9] хангахгүй орхиж, захирамжийг хэвээр үлдээжээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний бие  оршин суудаг бөгөөд өнгөрсөн 6 дугаар сараас манай байрны хойд талд "М” ХХК нь "С" үйлчилгээтэй, орон сууцны апартмент 15 давхар барилгын ажлыг эхлүүлсэн. Уг барилгыг эхэлсэн цагаас миний бие хэрхэн хууль тогтоомж болон нийтийн ашиг сонирхол зөрчиж, бусад орон сууцтай хэтэрхий ойрхон барьж, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж байгаа болон нийтийн эзэмшлийн гүүрийг нурах аюулд хүргэж байгаа талаар холбогдох байгууллагуудад удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэл барилгын ажил явагдсаар байна.

I. Захиргааны акт хууль бус болох тухайд: ...дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ буюу захиргааны акт нь дараах хууль тогтоомж, норм, дүрмийг зөрчиж, анхнаасаа барилга барих зөвшөөрөл олгох ёсгүй газарт зөвшөөрөл олгогдсон гэдгээрээ хууль бус байна. Үүнд:

а) Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ: 7.1.1. барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол: 7.1.2. иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол;”, 11 дүгээр зүйлийн 11.1.3-т “барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан ургамалд аюул учруулахгүй байх". 14 дүгээр зүйлийн 14.1.4-т "зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх." гэдэг заалтыг зөрчсөн нь нэхэмжлэгч миний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн, манай байрыг кран нь ирж хүчтэй мөргөсөн, барилгад гал гарсан, зам, гүүрийг нурахад хүргэсэн гэдгээр нотлогдоно.

б) Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 4.1, 4.2, 4.2.1, 4.3.1.5, 4.4, 4.5-д заасны дагуу “хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс санал авах" гэснийг зөрчсөн тухайд:

Хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч гэдэг нь Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 16 дугаар Тогтоолд "... хөрш залгаа эд хөрөнгөд тодорхой зурвасаар зааглагдсан зэргэлдээ эзэмшил газар хамаарахаас гадна ийнхүү шууд зэрэгцсэн байршилгүй ч харилцан нөлөөлөл бүхий байдал үүсгэх, өмчлөлийн хэлбэр үл хамаарах бусад үл хөдлөх эд хөрөнгө хамаарна. Нөлөөлөл гэдгийг уг эд хөрөнгөө эзэмших, ашиглах явцад нөгөө этгээдийн эд хөрөнгөө эзэмших, ашиглахад саад төвөг учруулах хүчин зүйл гэж ойлгоно. Эдгээр нь дуу чимээ, доргио, утаа, гэрэлтүүлэг, хорт хий, өндөр үелзлэл, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдол зэрэг эзэмшигчийн хянах боломжгүй байдлаар хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгийн хилээр нэвтрэх хэлбэрээр илэрнэ." заасны дагуу хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу манай байрны оршин суугчдаар санал авах хуудас бөглүүлээгүй, огт зөвшөөрөл аваагүй.

в) Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2.-т “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх", БНбД 31-01-10-ын 2.5-т "Орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн ойролцоо хэмжээг зөвлөмжийн 12 дугаар хүснэгтэд үзүүлэв. Барилгын тууш /урт/ талуудын хооронд 12 давхар бол 45м байна." гэдгийг зөрчсөн тухайд:

Манай Мын барилга тууш буюу урт талаараа гуравдагч этгээдийн барилга руу харж байгаа бөгөөд уг 45метрийн зайг огт баримтлаагүй, манай байр болон эргэн тойрны бусад барилгуудтай маш ойрхон байхад хариуцагч тал уг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон. Гуравдагч этгээдийн төлөөлөгч өөрөө “хэмжээ нь 21м байгаа” гэдэг хэмжээ авчирсан боловч БНбД 31-01-10-т хамгийн багадаа 24м гэсэн хэмжээ байгааг шүүхээс анхааран үзнэ үү.

г) Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай 6 дугаар зүйлийн 6.5.-д "Хотын төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэмд заасан хүн амын нягтралын хязгаарыг давсан газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй" гэж заасныг зөрчсөн тухайд:

Гуравдагч этгээдийн тус барилга баригдаж буй байршил нь http://ebarilga.ub.gov.mn дээрх "Барилгажихыг хориглох бүс" хэсэг доторх “Хүн амын нягтрал хэтэрсэн байршил" гэдэгт хамаарагдаж байгаа тул барилга барих зөвшөөрөл олгох ёсгүй бүс байжээ. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ: 7.1.3. энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх.". Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.-д "Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас ихгүй байна." хэмээн заасныг зөрчсөн тухайд:

Уг барилгын газрын зориулалт нь аж ахуйн зориулалттай биш гэр бүлийн хэрэгцээнийх байхад хууль зөрчиж барилгын зөвшөөрөл олгосон. Мөн барилгажих талбай нь 70 хувиас их байгаа нь харагддаг.

д) Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т "Барилга байгууламж дараах шаардлагыг хангасан байна: 14.1.1. зураг төслийн дагуу баригдсан байх” гэж заасныг зөрчиж, батлагдсан зургаасаа өөрөөр барьж байгаа нь 1 дүгээр хавтаст хэргийн 85 дугаар хуудсанд байгаа “Батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврын схем зураг"-аасаа одоо баригдаж буй барилга нь өөр байгаа нь илэрхий тодорхой харагддаг.

Ийнхүү дээрх хууль тогтоомж, норм, дүрмүүдийг зөрчиж, анхнаасаа хуулиараа олгох ёсгүй газарт Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга нь "М" ХХК-д ...дугаартай барилгын зөвшөөрлийн гэрчилгээ олгоод байгаа нь тухайн захиргааны актыг хууль бус болохыг нотолж байгаа бөгөөд уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч миний эрх, ашиг ноцтойгоор зөрчигдөж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан нөхцөл байдал үүссэнийг нотолж байна.

II. Нэхэмжлэгч миний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн тухайд: Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйл "Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах” гэж заасан. Гэтэл барилгын хууль, холбогдох норм, дүрэм болон бусад хууль зөрчиж, манай байртай хэт ойрхон барьж байгаа барилгаас болж иргэн Т.Н миний эрүүл, аюулгүй орчинд амьдрах дээрх эрх зөрчигдөж байна.

Тодруулбал миний хувьд барилга хоорондын зайтай холбоотой норм, стандарт бариагүй, хэт ойрхон барилгын ажил явагдаж байнгын барилгын шороо, барилгын янз бүрийн машины утаа, угаар зэргээс болж эрүүл мэндэд нь нөлөөлж, хамар хоолой нь бүтэн 6 сар өвдөж (эмчилгээ нь дуусаагүй байгаа), барилгын машин техник, барилгын цамхагт краны зуурсан чимээ ажил, амралтын өдөр, өдөр ч шөнө ч тасралтгүй дуугарч байгаа зэргээс болж амрах, унтахад маш хэцүү байнгын толгойны өвчин намдаах эм хэрэглэх болсон. Мөн барилгын кран манай цонхны харалдаа ирж байгаа тул хэзээ кран байрны булан ирж мөргөх бол, барилга нурах вий, дахин гал гарах вий гэдэг айдастай амьдарч байна.

Барилгын компанийн ажилчид оршин суугчдын машин гаргаж тавих талбайд байнга өөрсдийн машин тавьж оршин суугчид машин гаргаж тавих зайгүй болгосон төдийгүй, барилгын компанийн том зуурмагийн машинуудаа оршин суугчид болон тэр хавийн оршин суугчдын машиныг орж гарах боломжгүй тавиад зогсохгүй зуурмагийн том машинуудаа орон сууцны гадаа угааж, ойр орчим нус, цэрээ хаяж, барилгын хогоо булж эрүүл, аюулгүй орчинд амьдрах хууль ёсны эрхийг үл тоож, уландаа гишгэж удаан хугацааны туршид, өөрсдөд нь хэн ч яаж ч хариуцлага тооцож чадахгүй гэдэгтэй итгэлтэйгээр зөрчсөөр байна. Барилгын түр хашааны журам энд огт мөрдөгддөггүйн бодит жишээ бол энэ.

Барилга хоорондын норм, стандартыг бариагүйгээс уг барилгын цонх, миний болон тэр дагуух цонхтой харалдаа маш ойрхон ирж, орон байрны халдашгүй байх эрх мөн зөрчигдөж байна. Стандартын дагуу цонхны зай баригдахгүй байгаагаас яг харалдаа цонх руу, барилгачид оройн цагаар гэрэл асах үед айлын цонх руу харж байна. Орой үдэш гэрлээ асаахад ч хэцүү болоод байна. Гэр орон, гэртээ байгаа эд зүйл, хүний тоог бүгдийг шинжүүлж байна. Барилга ашиглалтанд орвол "орон байр халдашгүй байх эрх" юу болох вэ. Мөн барилгын давхар бодит давхартай нийцэхгүй байна. 8 давхрын харалдаа 6 давхар байна. Энэ бол барилгын компаниудын барилгын бодит давхрыг хууран мэхэлж нуудаг арга. Барилгын норм, стандартаар орон сууцны давхар өндөр байх тусам орон сууц хоорондын зай илүү их зайтай байх ёстой байдаг.

Мөн кран ирж манай байрыг мөргөн, эд хөрөнгө, эрүүл мэндэд нь хохирол учруулах, 1 тонны хэмжээтэй 4 усны саванд шатахуун хийж тавин, гал гарах, дэлбэрэлт болох эрсдэл үүсгэж байна. Өнөөдрийг хүртэлх барилгын үйл ажиллагааны улмаас хамгийн их эрсдэлд өртөх өндөр магадлал бүхий нэхэмжлэгч миний амьдарч буй М 40 байрны хойд хэсэг, тэр дундаа хойд хэсгийн баруун булангууд. Барилгын кран өмнө баруун буланг мөргөсөн, одоо ч дандаа баруун булан руу эргэдэг. Барилга өндөрлөгдөхийн хирээр манай байранд бүхэлд нь эрсдэл үүсгэнэ.

Түүнчлэн гал гарвал миний амьдарч буй орон сууцны орцны гарц яг хойшоо энэ барилга руу харсан тул оршин суугчид гарч чадахгүй боогдох бодит аюул нүүрлээд. 2024 оны 04 сарын 15-ны өдрийн цутгалт явуулахдаа барилга зуурмагийн машин зогсох ёсгүй газар ирж, орон сууцны эзэмшлийн талбай руу байнга нэвтэрч, бусдын орж орж гарах хөдөлгөөн, аюулгүй байдал, гэртээ тайван байхын аргагүй болгож байгаа. Машины, техник тоног төхөөрөмжийн чимээ шуугиан нь зөвшөөрөгдсөн бөгөөд дицебиль, чимээ шуугианы үргэлжлэх хугацаа зэргийг хэтрүүлээд байгаа. Машины утаа, үнэр, удаан хугацааны чимээ маш их хүндрэл учруулж байгаа.

Энэ барилгад одоо ч барилгын хууль, норм, дүрэм, стандарт мөрдөгдөхгүй байна. 04 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 05 цагт бетон цутгалтын машин ирээд 10 цаг өнгөрөөд цутгалт хийж эхлээд, шөнө айлуудын цонх руу хурц гэрэл тусгаад унтаж, амрах боломж олгохгүй цутгалтаа үргэлжлүүлсэн. Айлуудын цонх руу тэрхүү гэрлийг албаар шөнөжин тусгаж унтаж амрах боломж олгохгүй байгаа байдал бол оршин суугчдыг дэндүү басамжилж, элэг барьж, дорд үзэж, хясан боогдуулж буй явдал болно.

2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн үүрийн 3 цагийн үед цутгалт дуусаад, машин техник нь явсан. Өглөөний 05 цаг 10 минутад цутгалт нойтноороо байсан ба 16-ны өдрийн 22 цагийн үед арматур тухайн цутгалт хийсэн талбай дээр буулгаж эхэлсэн. 04 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө цутгалт хийгдсэн талбай дээр арматур боож эхэлсэн бөгөөд цутгалт бэхжих хугацааг ч хүлээхгүйгээр яарч энэ барилгыг барьж байгаад цутгалтын бат бөх болох бэхжилт дутуугаас уг барилга тодорхой газруудад суулт, цууралт өгч, нурвал миний амьдарч буй байраар зогсохгүй хажуугийн хэд хэдэн барилга өртөж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирохоор байна.

Ийм ноцтой нөхцөл байдлыг тус барилга нь удаа дараа үүсгэж байсан бөгөөд нэг жишээ бол 2024 оны 03 дугаар сарын 10-ны ням гарагийн өдрийн 13 цаг 19 минут орчим тухайн барилга дээр гал гарсан явдал болно. Энэ талаар нэхэмжлэгч миний бие урьдчилсан хэлэлцүүлэг дээр тайлбарлаж холбогдох баримтыг гаргаж өгсөн. Уг үйл явдалд хамаарах мэдээ, мэдээлэл нь цахим мэдээллийн хуудаснуудад тавигдсан байгаа болно. Гал гараад галын дүгнэлт нь гарч амжаагүй байхад буюу 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн өглөөний 10 цагийн орчим цутгалт хийж эхэлсэн.

Ийнхүү ...дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ буюу хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч Т.Н миний эрүүл, аюулгүй орчинд амьдрах ноцтойгоор зөрчигдсөөр байна.

Тиймээс Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2. “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1. "захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" гэж заасны дагуу "М” ХХК-ийн ...дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалж, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.Эд Улсын бүртгэлийн 2018 оны ..., ..., 2019 оны ... дугаартай нэгж талбарын ..., ..., ... дугаар бүхий ... урд байршуулан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрх олгосон 0.1685 га газарт холимог ашиглалттай үйлчилгээний барилгын зориулалтаар 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ХТХ2023/00-015 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны Загвар зураг тус тус баталж, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ...дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус олгосон байна.

Иргэн Д.Э нь Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан Барилгын ажлын зөвшөөрөл авахад шаардлагатай бичиг баримтын бүрдлийг хангуулж ирүүлсний дагуу Зөвшөөрлийн тухай хууль, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг үндэслэн ...дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д заасан нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байна.

Иймд иргэн Т.Нгийн нэхэмжлэлтэй иргэн Д.Эд олгосон 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ...дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.3 Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Т.Н нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш буюу ийнхүү нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх бөгөөд маргаан бүхий актын хувьд захиргааны хууль бус үйл ажиллагаа тогтоогдохгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтын дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Хариу тайлбарынхаа үндэслэлээ тодруулбал:

а/ Иргэн Т.Н нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд талаар: Нэхэмжлэгч Т.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10 дахь заалтад заасанчлан захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж тодорхойлж, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан байна.

Ийнхүү нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргахын тулд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 18 дугаар зүйлийн 18.3, 52 дугаар зүйлийн 52.2.4 болон 52.5.5 дахь заалтуудад тус тус заасан шаардлагуудыг хангасан байх шаардлагатай.

Дээрх зохицуулалтуудыг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Улсын дээд шүүхийн 30 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зохицуулалтад тайлбар гаргасан. Уг тайлбарт “захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах тохиолдолд уг асуудлаар төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх нь олгогдсон байх төдийгүй хуульд тухайлан заасан шаардлагуудыг хангасан байх нөхцөлийг шаардахаар” заасан байна.

Өөрөөр хэлбэл, иргэн Т.Н нь “М ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр олгосон ...дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ буюу захиргааны хууль бус ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн” гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд” гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг,” гэж, 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна." гээд 18.3.1-д “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх 18.3.2-т “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх" гэж тус тус хуульчилсан шаардлагыг хангасны үндсэн дээр нийтийн эрх ашгийг төлөөлөн шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх үүснэ. Гэтэл Т.Н нь дээр дурдсан шаардлагыг хангаж байгааг нотлох холбоотой нэг ч баримт хэрэгт байхгүй байна.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 18 дугаар зүйлийн 18.3, 52 дугаар зүйлийн 52.2.4 болон 52.5.5 дахь заалтуудад тус тус заасны дагуу маргаан бүхий захиргааны акт буюу Хот байгуулалт, хотын стандартын газрын шийдвэр үйл ажиллагаа нэхэмжлэгчид илэрхий чиглээгүй, түүнд ямар нэгэн хамааралгүй болох нь илэрхий тодорхой, мөн тухайн асуудлаар маргах эрхийг тусгайлан зааж хуульчлаагүй байх тул Т.Нг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхээр байна.

б/ Хот байгуулалт, хотын стандартын газраас М ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр олгосон ...дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ буюу уг захиргааны акт нь хууль ёсны талаар: Иргэн Д.Э нь Нийслэлийн ... тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн зэргэлдээ 3 нэгж талбар 1685 м.кв талбай бүхий газартаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7 дахь заалтад “холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журам, шаардлагад нийцүүлэн өмчийнхөө газарт барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих, ашиглах эрхтэй" гэж заасны дагуу барилга байгууламж барихаар төлөвлөж, 2021 оноос эхлэн Барилгын тухай хууль болон Барилгын ажлыг эрхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох дүрэм, Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журамд заасан мэргэжлийн байгууллагаар боловсруулан, магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, дүгнэлт, техникийн нөхцөл зэрэг эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжийн дагуу шаардсан холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн, Нийслэлийн Ерөнхий архитектурын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ХТХ2023/00-015 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон Хот байгуулалт, хотын стандартын газраас 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0012754 ...дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосны үндсэн дээр 2023 оны 06 сараас барилгын ажлыг эхлүүлсэн.

Д.Эгийн газар нь баруун, зүүн талаараа Д болон ... таун 16 давхар орон сууцны барилга, хойд талаараа автозам, урд талаараа хорооллын дундах замаар байрладаг бөгөөд хөрш зэргэлдээ барилгын өмчлөгчтэй 2021 онд зөвшилцсөн, аливаа этгээдтэй газрын давхцалгүй, барилга хоорондын зай хэмжээ, төлөвлөлт нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба БНбД 30-01-04-ийн заалтуудыг бүрэн хангасан болох нь /хуучнаар/ Мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 02-02/1183 дүгнэлт, газрын гэрчилгээ, хөршийн мэдэгдлээр тус тус тогтоогдоно.

Иймд, тус барилгын ажилтай холбоотойгоор аливаа этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал үүсэх үндэслэлгүй юм. Дээрхээс дүгнэвэл, Хот байгуулалт, хотын стандартын газраас 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0012754 ...дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон нь үйл ажиллагаа нь нэхэмжлэгч Т.Нд илэрхий чиглээгүй, түүнд ямар нэгэн хамааралгүй болох нь илэрхий тодорхой, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 18 дугаар зүйлийн 18.3, 52 дугаар зүйлийн 52.2.4 болон 52.5.5 дахь заалтуудад тус тус тухайн асуудлаар маргах эрхийг тусгайлан зааж хуульчлаагүй байх тул Т.Нг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхээр байна.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалт болон 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Т.Нгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв: Маргаан бүхий актын үндэслэлийн тухайд:

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэх нөхцөл эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх түүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх нь зөрчигдсөн бол уг захиргааны шийдвэрийг хүчингүй болгох замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргэх журамтай.

4.2.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4.3.Тодруулбал, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно, 26.1.1. барилга байгууламжийг шинээр барих гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д Барилгын ажлын зөвшөөрлийг дараах эрх бүхий этгээд олгоно, 27.1.3-д энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т зааснаас бусад зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга гэж тус тус заасан байна.

4.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гуравдагч этгээд Д.Э өөрийн өмчлөлийн ..., тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ...[10], 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ...[11], Ү[12], 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаарт бүртгэлтэй,...[13] нэгж талбарын дугаартай, 564 м.кв, 700 м.кв, 421 м.кв, 300 м.кв талбай газар 2 давхар зоорьтой, 15 давхар 1 блок үйлчилгээтэй, сервис апартмент барилга  барих  хүсэлт гаргасны  дагуу 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ХТХ2023/00-015 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар[14] олгосон, дээрх Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зургийг үндэслэж[15], техникийн нөхцөлийг[16] баталгаажуулсан шийдвэр, барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл[17], зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар[18], гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан баримт[19] зэргийг үндэслэн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр олгосон ...дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг[20] олгосон үйл баримт тогтоогдож байна.

4.5.Өөрөөр хэлбэл хариуцагч Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Барилгын ажлын зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох бөгөөд энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна”, 28.5.Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрөл олгоно” гэж заасан үүргээ биелүүлэн “М” ХХК-д барилгын ажлын зөвшөөрлийг олгосныг буруутгах боломжгүй юм.

4.6. Шүүхээс маргаан бүхий газар дээр үзлэг[21], бусад баримтаар[22] гуравдагч этгээдийн барилга нь нэхэмжлэгчийн оршин суугаа ..., хотхоны гадна байрлах тул уг барилгажих талбай нь  /хороолол/ дундах газар гэж үзэхгүй.

4.7.Түүнчлэн нэхэмжлэгч нь барилга хоорондын зайг огт баримтлаагүй, оршин суугчдаас санал аваагүй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдсөн гэж маргах боловч бодит байдалд гуравдагч этгээдийн барьж буй барилга нь нэхэмжлэгч Т.Нгийн оршин суугаа ...ны хөндлөн[23] талаар буюу ертөнцийн зүгээр хойд зүгт байрлах ба тус байрнаас 21.72-22.16 метрийн зайтай байрлах[24] бөгөөд энэ хэсэгт нэхэмжлэгчийн амьдарч буй өрөөний зөвхөн нэг цонх байрладаг болох нь Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /БНбД 30-01-10/ -ийн 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтэд заасан “...хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 16 давхар барилгын хувьд 20 метр байна” гэсэнтэй нийцэж байгаа бол “…барилгын тууш /урт/ талуудын хоорондын зай хэмжээ 16 давхарт 45 метр байх норматив хамаарахгүй юм.

4.8.Энэ тохиолдолд гуравдагч этгээд барилгаа барихдаа иргэн Т.Нгаас санал авах шаардлагагүй энэ талаар нэхэмжлэгчээс ...барилгажаагүй талбайд барилга барихад иргэн, хуулийн этгээдийн саналыг аваагүй, оршин суугчидтай зөвшилцөөгүй, ...барилга хоорондын зай нь Орон сууцны барилгын зураг, төсөл төлөвлөлт” БНБД 31-01-10-ийг зөрчсөн...” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

4.9. Дээрхийг үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий актыг олгох үйл ажиллагааны явцад Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-д заасан “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон” зүйлгүй.

4.10. Нөгөөтээгүүр маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн дагуу барилга угсралтын ажил гүйцэтгэж буй “М” ХХК нь барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх явцдаа “…гал гарсан, краны өргүүр байшин шүргэсэн…” зэрэг хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн үйлдэл гаргасан хэдий ч зохих арга хэмжээг цаг алдалгүй авснаар[25] нэхэмжлэгч Т.Нгийн эрүүл мэнд, амь нас нь эрсдэлд орох, эд хөрөнгө нь ашиглах боломжгүй болох сөрөг үр дагаврыг үүсгээгүй болно.

4.11.Иймд хариуцагчаас гуравдагч этгээдэд “барилгын ажлын зөвшөөрөл” олгосон үйл захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй[26] байхаас гадна нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлээр хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын үйл ажиллагааг хууль бус гэж үзэн тус газрын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр олгосон ...дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Нгийн Хот байгуулалт, хөгжлийн газарт /“Хот байгуулалт, хотын стандартын газар/ холбогдуулан гаргасан  “М” ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр олгосон ...дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ буюу захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас иргэн Т.Н миний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн тул тус зөвшөөрлийн гэрчилгээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах тухай”  шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.БАТБААТАР