Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 01780

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01780

 

 

Ц.Гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 104/ШШ2020/00297 дугаар шийдвэртэй, Ц.Гийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Нийтийн ахуйн үйлчилгээний комбинатад 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл оёдолчингоор ажиллаж байгаад гарсан. Нийтийн ахуйн үйлчилгээний комбинат 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хувьчлагдаж Молор хувиараа эрхлэх аж ахуй болж өөрчлөгдөхөд нь шилжин ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандахад Артаг гэх байцаагч хөдөлмөрийн дэвтэр үзээд ажилласан жилийг тогтоох боломжтой гэсэн. Гэтэл Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сумъяа боломжгүй шүүхэд ханд гэсэн. Би тус газарт ажиллаж байсан байдалтай холбоотой баримтаа архиваас шүүлгэсэн. Гэвч ямар ч баримт ирээгүй гэсэн. Одоо надад хөдөлмөрийн дэвтрээс өөр баримт байхгүй. Миний эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа. Иймд миний нөхцөл байдлыг харгалзан үзээд ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Г манай байгууллагад өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор хандсан. Ингэхдээ Ц.Г Нийтийн ахуйн үйлчилгээний комбинатад 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчингоор, Молор хувиараа эрхлэх аж ахуйд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчингоор ажиллаж байсан гэсэн. Гэвч ажилд орсон, гарсан тушаал байгаагүй. Мөн Ц.Гийн хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн тушаал нь тамга дарж баталгаажаагүй, он, сар, өдөр нь зөрүүтэй олон янзаар бичигдсэн байсан. Иймд холбогдох баримтаа бүрдүүлээд шүүхэд ханд гэж зөвөлсөн. Гэтэл хэрэгт Ц.Гийн ажиллаж байсан байдалтай холбоотой баримт байхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар Сутай Цагааны Ганчимэг Нийтийн ахуйн үйлчилгээний комбинатад 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл оёдолчин, Молор хувиараа эрхлэх аж ахуйд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл оёдолчингоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ц.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний 1982 оны 6 сарын 30-ны өдрийн 13403 дугаар бүхий хөдөлмөрийн дэвтэрт нэхэмжилсэн хугацаа болох 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 сарын 01-ний өдрийн хооронд Гутлын үйлдвэр хувьчлагдан Молор хувиараа эрхлэх аж ахуйд шилжин ажилласан тухай тэмдэглэгдсэн байдаг. Мөн тус баримтаар 1993 оны 2 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад Ган-Утас аж ахуйн оёдолчиноор шилжсэн тухай тэмдэглэгдсэн. Гуравдагч этгээдийн зүгээс намайг Ган-Утас хоршоонд ажиллаж байсан тал дээр маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Улмаар миний тэтгэврийг нийгмийн даатгал тооцоолж гаргаж ирэхдээ зөвхөн 1992 оноос 1993 оны хооронд зөрчилтэй байгаа талаар гардаг. Үлдсэн хугацааны хувьд хууль ёсны дагуу тооцогдсон байдаг. Хавтаст хэрэгт авагдсан миний хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн компанийн нэр “Налайх Ахуйн үйлчилгээний комбинат” гэж тэмдэглэгдсэн байдаг. Харин шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Нийтийн ахуйн үйлчилгээний комбинатын баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь хэргийг зөвөөр шийдвэрлэсэн эсэх эргэлзээ төрүүлж байна. Учир нь тухайн үед тусдаа байгууллага байсан эсэх талаар дүгнээгүй, хэрвээ тусдаа өөр төрлийн компани, хоршоо байсан бол тухайн байгууллага тодорхойлолт гаргахгүй, хүний хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн бүртгэлийг ч мэдэхгүй байсан. Иймд шүүх зайлшгүй хэрэгцээтэй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй гэж харагдаж байна. Гэрчүүдийн мэдүүлгээр Молор ХЭАА бүхий байгууллага байсан талаар дурдсан, нотлон ярьсан. Иймд тус байгууллагын баримт устсан эсэхийг тогтоогоогүй байж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Г ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдохгүй байна. Тодруулбал, хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаанд “Ц.Гийн ажиллаж байсан “Ахуйн үйлчилгээний комбинат” 1991 он “Молор ХЭАА” 1992-1993 онд шимтгэл төлөлтийн тайлангаар тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан. Мөн 1991 он ХН-ийн дугаар:115 хуудасны дугаар:91, 1992 он ХН-ийн дугаар: 121 Хуудасны дугаар:218, 1993 оны ХН-ийн дугаар:141 Хуудасны дугаар:197” гэх баримтууд байгаа талаар дурджээ. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан атлаа тухайн байгууллагын энэхүү баримт нь нэхэмжлэгчийн шүүхээр тогтоолгох гэж буй үйл баримттай хамааралтай эсэхийг шүүх тодруулаагүй нь учир дутагдалтай болжээ./хх-48-51/

Шүүх хүний ажиллаж байсан байдлыг тогтоохдоо нэг талын хүсэлтэд үндэслэн онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэдэг учраас шүүх нотлох баримт бүрдүүлэхэд санаачлагатай байх учиртай.

Дээрх баримтуудад нэхэмжлэгч Ц.Гийн нэр байгаа эсэх үйл баримт хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, холбогдох байгууллагын архивын газраас энэ талаар тодруулах шаардлагатай бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 104/ШШ2020/00297 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

                                                                                                   Б.НАРМАНДАХ