Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/00386

 

 

2024 оны 04 сарын 18 өдөр Дугаар 155/ШШ2024/00386

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***т оршин суух, Х овогт Рын Б,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 3 дугаар сарын 20-ны хүлээн авч, 155/2024/00335/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Нэхэмжлэгч нь хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Р.Б нь Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1974 онд Рын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Их-Уул сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж, 8 дугаар ангиа 1989 онд төгсөж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд саальчнаар 1989 оны 07 дугаар сард элсэн орсон билээ. Түүнээс хойш малчнаар тус нэгдэлд 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэгдэл тартал нь ажиллаж ирсэн юм.

Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, аймгийн Архиваас ажилд томилсон болон чөлөөлөгдсөн, бусад холбогдох тушаал олдоогүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Би улсаас 1990 оны 04 дүгэээр сараас 2000 онуудын ажилласан хугацаагаа нөхөн тооцуулсан тул 1990 оны 04 дүгээр сараас хойшх хугацааг тогтоолгохгүй.

Иймд Р.Б миний Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Хотгойд овогт Рын Бы иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаартай Ажилд томилох тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн захиргаанаас Р овогтой Бд 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийгмийн даатгал нөхөн төлсөн тухай 1720000686 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-7, 37 дугаар тал)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Х.Г, Д.Д нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 29-32 дугаар тал)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Р.Бы ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрын карт зэрэг баримтуудыг архивын хуулбар үнэн тэмдэг даруулан гаргуулж, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Р.Быг ажилд томилсон талаарх Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул амьдрал нэгдлийн даргын 1989 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаартай, Ажилд томилох тухай тушаал, Хөвсгөл аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаартай, Их-Уул сумын Саруул амьдрал нэгдлийг хувьчлах тухай тогтоол зэрэг баримтуудыг архивын хуулбар үнэн тэмдэг даруулан гаргуулж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын архиваас Рын Бы цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарыг тус тус нотлох баримтын шаардлага хангуулж гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн . (хавтаст хэргийн 13-15, 16-20, 21-23 дугаар тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Б нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Р.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Р.Б нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлийн 2 дугаар бригадад 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Р овогтой Бд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн захиргаанаас 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 5 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1989 оны 06 дугаар сар, 07 дугаар сар, 11 дүгээр сар, 12 дугаар саруудад ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны архивын хуулбарт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 17-20 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн а/1989 онд 8, 10-р анги төгсөж ХАА-н үйлдвэрлэлд илгээлт болон өөрсдийн санал хувиараар гарч ажиллаж байгаа доорх нэр бүхий хүүхдүүдийг 7-р сарын 1-нээс эхлэн ногоочин, малчин, саальчнаар томилон ажиллуулсугай. ...9.Рын Б-саальчин ... гэх бичилт бүхий №47 дугаартай Ажилд томилох тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 4, 22 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 5-д овог гэх хэсэгт Р, 6. Нэр гэх хэсэгт Б, ...14-т Ажилладаг байгууллага хэсэгт 10 жилийн сургууль, Ажилд орсон он гэх хэсэгт 1981, цех, тасаг, бригад гэх хэсэгт 8-р анги, эрхэлдэг ажил гэх хэсэгт сурагч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1981, оршдог сум район гэх хэсэгт Их-Уул гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 14-р тал)

Гэрч Х.Гын ...Р.Б нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1989 оны 07 дугаар сард анх саальчнаар ажилд орж, 1990 оныг дуустал тасралтгүй ажилласан. ... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Дгийн ...Р.Б нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 2 дугаар бригадын фермд 1989 оноос 1991 оны хооронд саальчнаар ажиллаж байсан. ... гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 27-32 дугаар тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Р.Б нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг байдлыг тогтоов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Рын Бы Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН