Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/00387

 

 

 

2024 оны 04 сарын 18 өдөр Дугаар 155/ШШ2024/00387

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

К аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***т оршин суух, А Н-гийн Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ***од оршин суух, А Э-ын Н-,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ***од оршин суух, Б Дын Н

Хүсэлтийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай 155/2023/00295/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Н-, Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргасан.

Хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Н.Б нь оюутан байх хугацаандаа хүү Н.З-ыг 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрүүлсэн. Би хүүгээ өөрийн төрсөн гэртээ төрүүлсэн бөгөөд хүүгээ 3 нас хүртэл бид 2 манай эцэг эхийнд амьдарч байсан. Би 2015 онд одоогийн нөхөртэйгээ танилцаж, өрх тусгаарлах үед эцэг эх хоёр маань гал дээр гарсан зээгээ өөрсдийн асрамжид авна, шинэ амьдрал зохиож байгаа учраас хүүгээ үлдээгээд яв гэснийх нь дагуу би хүүгээ өөрийн эцэг эхдээ өргүүлсэн хэдий ч хүү маань нөхөр бид хоёртой хамт амьдардаг байсан ба хичээл сургуулийн үеэр өвөө, эмээтэйгээ цуг амьдарч ирсэн. Нөхөр маань ч хүүхдэд минь өөрийн хүүхэд шиг ханддаг, хүү минь ч өөрийн аав шигээ ханддаг ба хүүхэд минь том болж ухаан суухын хэрээр ааваараа овоглоно гэх болсон. Төрсөн эцэг эх минь ч одоо нас өндөр болж, эрүүл мэндийн шалтгааны улмаас хүүхдийг минь байнга асран халамжлах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Э.Н-, Д.Н нарт хүү Н.З-ыг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хүү Н.З-ыг 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрүүлсэн бөгөөд хүүгээ 3 нас хүртэл нь бид миний эцэг, эхтэй амьдарч ирсэн ба би одоогийн нөхөртэйгээ сууж өрх тусгаарлан гарахдаа хүү Н.З-ыг өөрийн төрүүлсэн аав ээждээ үрчлүүлсэн. Би нөхрийн хамт К аймгийн Т суманд нөхрийн хамт ажиллаж амьдарч байгаа ба хүү маань сургуульд суралцах хугацаандаа үрчлэн авсан өвөө, эмээ дээрээ байж, бусад хугацаанд нөхөр бид хоёртой байдаг болно. Одоо хүү маань ухаан суухын хирээр өөрийн ааваараа овоглоно гэх болсон ба төрсөн эцэг, эх хоёр минь ч биеийн эрүүл мэндийн хувьд аав маань хөдөлмөрийн чадвар 70 хувь алдаж группэд байдаг, ээж минь ч зүрхний хэм алдагдалтай, байнгын эмчийн хяналтад байх болсон. Ийм учраас хүү Н.З-ыг өөрийн эцэг Э.Н-, эх Д.Н нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн төрсөн охин Н.Бийн төрүүлсэн хүү Н.З-ыг 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 3 нас 1 сартай байхад нь үрчилж авч байсан. Одоо биеийн эрүүл мэнд тааруу, хүүгээ харж асраад явахад хүндрэлтэй байгаагийн дээр хүү Н.З- маань өөрийн аав, ээжийгээ гэх болсон тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Бийн хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Бид өөрийн охины төрүүлсэн хүү Н.З-ыг 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 3 нас 1 сартай байхад нь албан ёсоор үрчлэн авч байсан. Одоо 6 дугаар ангид суралцдаг. Хүү маань том болохын хирээр өөрийн аав, ээжийгээ гэх болсон, нөхрийн болон өөрийн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хүүгээ ээжид нь өгөхөд татгалзах зүйлгүй. Охин маань одоогийн нөхөртэйгээ ханилан сууснаас хойш дахин үр хүүхэд төрүүлээгүй бөгөөд Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлэхэд дахин хүүхэд төрүүлэх боломжгүй талаар хариу сонссон. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч хүүхдийн нөхцөлөөр тэтгэвэрт ороогүй. Хувь тэнцүүлсэн тэтгэврийг авдаг болно. Иймээс хүүгээ ээжид нь буцааж өгөх хүсэлтэй байгаа ба хүү маань өөрийн аав, ээжтэйгээ харилцаа сайн байдаг гэв.

Нэхэмжлэгчээс: А овогт Н-гийн Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, А овогт Н-гийн З-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, А овогт Н-гийн З-ын үрчлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б овогт Дын Нгийн иргэний үнэмлэхийн хуулбар, А овогт Э-ын Н-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, К аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 155/ШШ2024/00554 дугаартай хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн CVL2467010001002212 дугаартай1 дүгээр маягтын лавлагаа /Дын Нгийн төрүүлсэн хүүхдийн тоо/, Дын Нгийн өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Э-ын Н-гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3-10, 24-26 дугаар тал)

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Н нь хариу тайлбар гарган өгсөн. (хавтаст хэргийн 21 дүгээр тал)

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Н- нь хариу тайлбар гарган өгсөн. (хавтаст хэргийн 22 дугаар тал)

Шүүх гэрчээр К аймгийн Мийн бага ангийн багш Т.Б-ыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 29-33 дугаар тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.Б нь хүү Н.З-ыг үрчлэн авсан төрсөн эцэг эх маань нас өндөр болж биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хүүхдийг минь байнга асран халамжлах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хүү Н.З- маань ч өөрийн ээж, аавыгаа гэх болсон учир Э.Н-, Д.Н нарт хүү Н.З-ыг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Н.Б нь 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүү Н.З-ыг төрүүлж, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Н.Бийн төрсөн эцэг А овогт Э-ын Н-, төрсөн эх Б овогт Дын Н нарт үрчлүүлсэн болох нь тэдний шүүхэд гаргасан хүсэлт, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Н, Э.Н- нарын шүүхэд гаргасан тайлбар,

Үрчлэхийн өмнө А овогт Бийн З-, Үрчилсний дараа А овогт Н-гийн З-, Үрчлэн авсан эцгийн овог А, эцэг (эх)-ийн нэр Э-, Нэр Н-, Эхийн овог Б, Эцэг(эх)-ийн нэр Д, нэр Н нарт З-ыг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үрчилснийг бүртгэлийн 16-рт бүртгэж гэрчилгээ олгосон №0005692 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 5-р тал)

А овогт Н-гийн З-ын №0005692 дугаартай үрчилсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 5-р тал) зэргээр тогтоогдлоо.

Үрчлэн авагч буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Н-, Д.Н нар нь хүү Н.З-ыг үрчлэн авсан хэдий ч бодит байдалд нэхэмжлэгч Н.Б нь хүү Н.З-ыг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа болох нь гэрч Т.Б-ын ...Би Н.З-ын анги удирдсан багшаар 5 жил ажилласан ба энэ жил 6 дугаар ангид элсэн орж өөр багш ангийг нь дааж авсан. Н.З- нь өвөө, эмээ дээрээ байж сургуульд суралцдаг байсан ба сургуулийн амралтаар бусад хугацаанд ээж рүүгээ явчихдаг байсан. Сургуулийн орчинд гараас гарт гээд хөтөлбөр хэрэгждэг, уг хөтөлбөрийн хүрээнд бид хүүхдүүддээ хяналт тавьдгийнхаа хувиар сайн мэдэж байна. ...Эмээ нь зарим үед бие өвдлөө, хүүхдийнхээ даалгаврыг хийлгэж чадаагүй гэх асуудлыг хааяа нэг гаргадаг байсан. Хүүхэд хэдийгээр өвөөгийн нэрээр бүртгэлтэй ч гэсэн өөрийн төрүүлсэн ээжтэйгээ байнгын харилцаа холбоотой, сургуулийн зүгээс зохион байгуулж байгаа ажилд ээж нь хааяа нэг оролцоотой байдаг байсан. Мөн Н.З-ын аав нь гээд хүн хонхны баяраар ирсэн байсан. Хоорондын харилцаа бас сайн л ажиглагдаж байсан гэдгийг нэмж хэлье ... гэх мэдүүлэг, нэхэмжлэгч Н.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Н-, Д.Н нарын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо. (хх-ийн 29-30-р тал)

Үрчлэн авагч Э.Н-, Д.Н нар нь хүү Н.З-ыг үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргав.

Шүүхээр хэргийг хянан хэлэлцэхэд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1д заасан үрчлэлтийг хүчингүйд тооцох дараах үндэслэл тодруулбал эцэг эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа байдлууд бүрдээгүй байх хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан.

Үрчлүүлсэн болон үрчлэн авсан талуудын байр суурийн хүрээнд хүү Н.З- нь өөрийн төрүүлсэн эх Н.Бийн асрамж, хамгаалалтанд байх нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 21 дүгээр зүйлийн 1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхдийн эцэг, эхтэйгээ амьдрах, анхаарал халамжид нь байх хууль ёсны эрх ашиг сонирхолд нийцэж байна.

Иймд 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү А Н-гийн З-ыг А Э-ын Н-, Б Дын Н нарт 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүү Н.З-ыг төрсөн эх А Н-гийн Бийн асрамжид шилжүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Н.З-ыг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр А овогт Э-ын Н- /РЮ64010910/, Б овогт Дын Н /РЮ64030220/ нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Н.З-ыг асран хүмүүжүүлэх эрхийг түүний төрсөн эх А овогт Н-гийн Б (РЭ90101961)-т шилжүүлсүгэй.

3.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар үрчлэлтийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, З-ын төрсний бүртгэлийг сэргээхийг К аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор К аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН