Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/35

 

 

 

 

 

 

 

 

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                               

                                                          Прокурор С.Баатарсүх

Хохирогч ******* өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/

Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч ******* гаргасан гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2126000140064 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, *******, регистрийн дугаар: *******,

Ганбаатарын ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн ӨВР улсын дугаартай “Hyundai porter” маркын тээврийн хэрэгсэл ашиглан Өвөрхангай аймгийн ******* сумын Өндөр-Өнц 1 дүгээр баг “*******” гэх газраас иргэн Ө.Гантулгын өмчлөлийн 12 тооны бог мал буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,

мөн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн ӨВР улсын дугаартай “Hyundai porter” маркын тээврийн хэрэгсэл ашиглан Өвөрхангай аймгийн ******* сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газраас иргэн ******* өмчлөлийн 1 тооны адууг хулгайлсан,

2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “*******” гэх газраас *******д итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох иргэн С.Батсуурийн өмчлөлийн 1 тооны адууг завшсан гэмт хэрэгт гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч ******* овгийн Ганбаатарын *******ыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* овгийн Ганбаатарын *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14-т зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14-т зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 жил 8 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нэхэмжилсэн 370 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нэхэмжилсэн 3 адуу, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжилсэн шатахууны үнэ 77 500 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тунгалагтуяад 1 300 000 төгрөг төлсөн, хохирогч С.Батсуурьд 1 тооны адуу, хохирогч д 1 тооны адуу буцааж өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тунгалагтуяа, хохирогч С.Батсуурь нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар хэрэг битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 4 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ӨВР улсын дугаартай “Hyundai porter” маркын автомашиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхээр, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 2022/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт            зааснаар 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсгийг буруу хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2, 16,3 дахь хэсгийг ноцтой зөрчиж, хавтаст хэрэгт авагдсан болон, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг ёс төдий үнэлж нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 

Шүүгдэгч ******* нь 2020 онд манай адууг хулгайлсан гэм буруугаа хүлээж байсныг тухайн үед Өвөрхангай аймгийн ******* сумын цагдаагийн ажилтнаар ажиллаж байсан Буянбаярт хүлээн мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч ******* нь манай гурван адууны нэгийг өөрийн хүнсэнд, нөгөө адууг хадмынхаа хүнсэнд, гурав дахь адууг Улаанбаатар хот руу явуулсан гэж цагдаагийн байгууллагад мэдүүлснийг цагдаагийн ажилтан Буянбаяр гэрчилнэ. Хулгайлсан адууныхаа ширийг Пүрэвдорж гэх хүнд өгсөн байсан. Шүүгдэгч *******ын төрсөн дүү Баасандорж нь багийнхаа Засаг дарга Лхагва-Иштэй цуг манайд ирж, бид бүгд хохирлыг чинь 100 хувь барагдуулж өгнө. Та бүгд хохиролгүй гэсэн гарын үсэг зурж өгөөрэй гэж гуйж байсан. Мөн *******ын төрсөн эгч Дуламсүрэн гэдэг хүн “хэдүүлээ цагдаа шүүх гээд яах вэ, хоорондоо тохиролцож хохиролыг чинь барагдуулж өгнө” гэж байсан. Ийм тов тодорхой нотлох баримт байхад цагдаагийн газрын мөрдөгч болон прокурорууд *******ын хулгайн үйлдлээс зарим хэргийг буюу манай адууг хулгайлсан үйлдлийг хасаж, шүүхэд хуурамч яллах дүгнэлт бичсэн. Мөн шүүх, шүүх хуралдаан дээр хохирогч миний өгсөн мэдүүлэгт дүгнэлт хийлгүй орхиж байгаа нь шударга шүүхээр шүүлгэх иргэн миний эрхийг ноцтой зөрчиж байна.

 

 Шүүгдэгч ******* нь тухайн хэрэг учрал болох үед аймгийн төвд 6 адуу ачиж ирчихээд “миний танай адуунаас авсан адуу энэ” гэж надад хоёр унагатай гүү үзүүлж адуугаа ав гэж Буянбаяр цагдаагийн дэргэд хэлж байсан. Буянбаяр цагдаа намайг тэвштэй унаатай ирж адуугаа ав гэж дуудаж байсан. Гэтэл тэр хоёр адуу нь манай адуу биш байсан тул би аваагүй. Манай алдсан адууг ******* нь махалчихаад бусдын адуу үзүүлж намайг тохуурхаж байсан байна билээ. ******* нь цас зуданд нэрвэгдэж, өвлийн хүйтнээр отор нүүдэл хийж яваа манайхыг тусалж дэмжих юм ярьж итгэл хүлээчихээд адууг маань хулгайлж зарчихаад ганц унага эргүүлж өгсөн дүр үзүүлж байхад хууль шүүхийнхэн дүгнэлт хийсэнгүй. Шүүх энэ бүхэнд үнэлэлт дүгнэлт хийлгүй хохирогч миний эрх ашгийг хохироолоо. *******ын манай адууг хулгайлсан үйлдлийг шүүх хөнгөрүүлэн зүйлчилж ёс төдий ял оногдууллаа. Хэрэв *******ын манай адууг авсан үйлдлийг хулгай биш гэж үзэж байгаа бол нөгөө хоёр адуу дутагдаж байхад яагаад төлүүлэхгүй байгаа юм бэ.

Шүүгдэгч ******* нь малын хулгайн гэмт хэрэг үйлдэж гаршсан, амьдралынхаа нэг арга болгосон хүн байхад төрийн байгууллага болох цагдаа, прокурорын байгууллага үйлдэж буй хэргийг нь бүрэн шалгахгүй байна. Ажлаа дутуу хийж гэмт этгээдийг хамгаалж байгаа цагдаа, прокурорын ажилтнуудын хууль бус үйлдлийг шүүх нүд анин өнгөрүүлсээр байвал над шиг эгэл малчид яаж амь амьдралаа авч явах болж байна. Хууль шүүхийн ажилтнууд хулгайн гэмт хэрэгтнийг байнга өмгөөлж хамгаалж байдаг үйлдлээ зогсоох цаг болоогүй юу. Хохирогч миний бие мал хөрөнгөгүй болчихоод хүнээс хоол нэхээгүй. Ганцхан нийгмийн шударга ёсыг хүсэж байна. Төрд тангараг өргөсөн хуульчдыг төр түмнийхээ төлөө ажиллаасай гэж энэ гомдлыг гаргаж байна.

 Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Прокурор С.Баатарсүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан хэсэгт хамаарч байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж мөн 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй байх тул тус шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаагүй хэдий ч өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Учир нь хохирогч энэ хэргийг шалгасан мөрдөгч, хяналт тавьсан прокурор нар нь нийгмийн шударга ёсны төлөө ажиллахгүй байна гэж гомддог. Баримтуудыг байсаар байтал яллах дүгнэлт үйлдэхдээ баримтуудыг хасч байгаад хэргийг шийдвэрлэсэнд дараах байдлаар гомдол гаргадаг.

Нэгдүгээрт ядаж намайг Буянбаяртай, шүүгдэгчийн ах эгч нартай нүүрэлдүүлээд байцаалт авч ийм ийм зүйл болсон гэж надад ойлгуулаад өгдөг бол ярих юм байхгүй гэдэг. Хоёрдугаарт ******* адууг минь аваагүй юм бол хэн авсныг нь тогтоох үүргээ яагаад биелүүлэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл 2 адууны хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байдаг. Хэрэгт төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа мөрдөгч, прокурор иргэн хүний эрх ашгийг хамгаалах ёстой.

Шүүхийн шийдвэрт энэ хэрэг нь хулгайн хэрэг биш юм байна, итгэмжлэгдсэн төлөөлөгч тэр малыг үрэгдүүлсэн гэдэг. Тэгвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тэр 2 адууг яагаад хариуцахгүй байгаа юм бэ? Нэгэнт л хүний адуунаас гурван адуу дутаасан бөгөөд тэр нь тэнд тэгж үрэгдсэн гэсэн нотлох баримт байхгүй, тогтоогдоогүй байхад хариуцлагаа хүлээх ёстой.

Эцэст нь үүнийг дүгнэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна. Мөн прокурорын байгууллага Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хохирогчийн мэдүүлгийг үл хэрэглэж буюу 3 тооны адууг нь авч явчихаад нэгийг нь тууж ирээд хадгалж байсан юм шиг шийдвэр гаргаж хохирогчийн эрхийг үл хүндэтгэж байгаад гомдолтой байгаа юм гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч ******* хувьд анх *******д малаа хүлээлгэж өгөхдөө нөхцөл байдал хүнд байсан болохоор танай малыг Дундговь аймаг руу тууж яваад ирэх жил хэдүүлээ хамтраад өвөлжье гэж итгэлийг нь өөрөө эхэлж олсон байдаг. Анхны шүүх хуралдаан дээр өөрөө үүнийгээ хэлдэг. Мөн сүүлийн шүүх хуралдаан дээр ч хэлсэн. Тухайн малыг хэдэн тооны малыг хаана хүлээлгэж өгсөн юм бэ? гэхэд би яг тоолж өгөөгүй гэрийн баруун талд байгаа малыг энэ шүү хариулж байгаарай гэсэн гэдэг.

Шүүгдэгч *******ын хувьд бичиг үсэг, тоо мэддэггүй учир за ойлголоо гээд туусан байдаг. Хүнд сайхан сэтгэлээрээ тусласныхаа хариуд өнөөдөр ийм байдалд хүрээд байна. Хөрөнгийн үнэлгээгээр 350 000 төгрөг гэж гарсан байгаа.  Тухайн алга болсон гээд байгаа адуу нь дандаа унаганууд байдаг. Нэг нь урд айлаас нь олж ирсэн бөгөөд хэдэн унага байгааг нь мэдээгүй, нэг нь хойд айлаас нь олж ирээд тухайн эзэнд нь хүлээлгэж өгсөн. Нөгөө нь гэрийн гадаа байсан өрөөлдөөд уначихсан байхаар нь ачаад явсан нь миний буруу гээд хүлээн зөвшөөрөөд тэр унагыг тэжээж байгаад буцааж хүргэж өгсөн. Тухайн үед хүлээлгэж өгсөн унага нь байсан үгүй нь эсхүл үрэгдсэн үгүй нь тодорхойгүй бөгөөд *******ын хувьд арай ч унага алж идэхдээ тулаагүй, манайх гучаад тооны адуутай гэдэг. Ийм л хэргийн бодит байдал тогтоогддог. Хохирогчийн зүгээс том насны адуу гэрийнх нь гаднаас алга болгоод, үрсэн мэт яриад байгаа нь шүүх хуралдааны шийдвэрийг няцаах гэж байгаа гэж ойлгож байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан учир хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн гаргасан гомдолтой холбогдуулж тайлбар байхгүй гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Цагдаагийн газарт хохирогч ******* нөхөр Ц.Наранхүү нь гурван тооны адуугаа алдсан талаарх гомдол мэдээллийг гаргаж хохирогчоор тогтоогдсон нь  талаар тайлбар мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байна.

Прокуророос хохирогч ******* алдсан гэх гурван тооны адууг шүүгдэгч *******ыг 2020 оны 12 дугаар сарын 03-ны үед машин механизм ашиглан хулгайлсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж түүнийг яллагдагчаар татсан, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолоор ******* өмчлөлийн 2 тооны адууг ******* хулгайлсан нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон хохирогчийн 1 тооны адууг *******ыг хулгайлсан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн алдсан гэх 2 тооны адууны асуудлыг бүрэн гүйцэд шалгаж тодруулаагүй буюу шүүгдэгч *******ыг уг адууг хулгайлсан нь нотлогдож тогтоогдоогүй гэж үзсэн бол тухайн асуудлыг хэрхсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй мөн хохирогчийн эрхийг зөрчсөн байна.

Иймд энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэх шаардлагатай, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хохирогчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, *******д холбогдох эрүүгийн 2126000140064 тоот хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.                                                                                     

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, *******д холбогдох эрүүгийн 2126000140064 тоот хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.