Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2024/0563

 

 

 

 

 

 

 

 

       2024          07             03

                                   128/ШШ2024/0563

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “У” ХХК                                                                       

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба

Хариуцагч: Н дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо нарын хооронд үүссэн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр болон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн ирүүлсэн материалыг дахин хянаж гэрээ байгуулахыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэл гаргагч “У” ХХК-аас тус шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж маргасан. Үүнд:

1.1. Н дугаартай тендер шалгаруулалтад У ХХК-ийн тендерээс татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах

1.2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/1459 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах;

1.3. У ХХК-ийн тендерийн материалыг дахин хянаж үзэж, үнэлэхийг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах;

1.4. Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга /.../ Н дугаар тендерийг худалдан авах ажиллагааны цахим системээр дахин зарласан Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны шийдвэрийг хүчингүй болгуулах.[1]

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1530 дугаар Эрх шилжүүлэх тухай захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2024 онд Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хавсралтаар баталж, уг ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад шилжүүлжээ.[2]

2.2. Энэхүү төсөл, арга хэмжээний дотор нэхэмжлэгчийн маргаж буй Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга /.../ гэх төсөл хамаарч байна.[3]

2.3. Мөн дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03/360 дугаар албан бичгээр дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд дээр дурдсан төслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах чиглэлийг нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн хамт хүргүүлсэн байна.[4]

2.4. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний дөрийн А/107 дугаар захирамжаар Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга /.../ ажил гүйцэтгэгчийг шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд А.Д, М.О, П.Б, Ж.С, Л.У нарыг томилжээ.[5]

2.5. Үнэлгээний хороо 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга /.../ Н дугаар тендерийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зарлаж, 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хүлээн авч нээхээр шийдвэрлэжээ.[6]

2.6. Гомдол гаргагч “У” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга /.../ Н дугаар тендерт 3,220,281,858 төгрөгийн үнийн саналыг холбогдох материалын хамт бүрдүүлэн оролцсон.

2.7. 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Үнэлгээний хороо хуралдаж У ХХК нарын 5 компанийн ирүүлсэн материалын аль нь ч шаардлага хангаагүй тул дахин тендер зохион байгуулахаар шийдвэрлэжээ.[7]

2.8. Үнэлгээний хорооны шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 335 дугаар албан бичгээр “У” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “...2019, 2020 онд ижил төстэй гэрээ байгуулсан нь шаардлага хангахгүй...” гэх үндэслэлээр татгалзсан тухай мэдэгдлээр хүргүүлжээ.[8]

2.9. Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 03/3798 дугаар албан бичгээр “У” ХХК-аас гаргасан гомдлыг хянаад “...ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээг 2019 онд байгуулсан нь шаардлага хангахгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй...” гэж үзээд захиалагчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн дахин хийхийг Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд мэдэгджээ.[9]

2.10. Дээрх шийдвэрийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Үнэлгээний хороо хуралдахад гишүүн Ж.С, М.О нар “...ижил төстэй ажлын хувьд би өмнөх шийдвэрээрээ явна, шаардлагад нийцсэн тендерийн материал ирүүлээгүй...” гэх, П.Б, Л.У нар “Сангийн яамны шийдвэрийн дагуу “У” ХХК-ийн тендерийг шалгаруулах саналтай...” гэж, Үнэлгээний хорооны дарга А.Д “...санал хуваагдсан учир дахин тендер зарлах саналтай...” гэснээр тендерийг шалгаруулаагүй байна.[10]

2.11. Үнэлгээний хорооны шийдвэрийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/1459 дүгээр албан бичгээр “...сүүлийн 3 ажил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилийн төсөвт өртгийн 70 хувиас багагүй буюу 3.310.0 сая төгрөгийн үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээс ажилласан байх шаардлагатай. Түлхүүр гардуулах нөхцөлтэй Хүүхдийн эмнэлгийн барилга, 100 ор” ажил 10,553,2 сая төгрөгийн ажил нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хийгдсэн нь шаардлага хангагүй. Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал ажил 2019 онд хийгдсэн нь шаардлага хангахгүй...” гэх үндэслэлээр дахин У ХХК-ийн тендерээс татгалзсан талаар мэдэгджээ.[11]

2.12. Дээрх захиалагчийн шийдвэрт гаргасан “У” ХХК-ийн гомдлыг Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/4514 дүгээр албан бичгээр “...урьд шийдвэрлэж хариу хүргүүлсэн...” гэх үндэслэлээр гомдлыг хянахгүй буцаасан байна.

2.13. Улмаар шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар хуралдаанаар дахин зохион байгуулахаар шийдвэрлэж,[12] 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Тендер шалгаруулалтын зарлалыг байршуулжээ.

2.14. Гомдол гаргагчийн зүгээс “... Үнэлгээний хорооны шийдвэрийг Сангийн яам хүчингүй болгосон байхад урьд татгалзсан ижил үндэслэлээр шийдвэр гаргасан нь буруу,...2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд эхэлсэн ижил төстэй ажлын гэрээтэй байхыг шаардсан нь үндэслэлгүй,... дээд шатны байгууллага буюу Сангийн яамнаас хүчингүй болгосон шийдвэрийг агуулгаар нь дахин сэргээж гаргаж байгаа нь үндэслэлгүй...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.15. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны зүгээс “...У ХХК-ийн ирүүлсэн тендерийг 60 хувийн саналаар татгалзсан тул олонхын саналаар шийдвэрлэсэн,...Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд өөрчлөлт оруулан захиалагчаар батлуулан материал хүлээн авч байгаа төлөвтэй байх тул тендерийг цуцлах эсэхийг манай алба шийдвэрлэх боломжгүй...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зарласан хариуцагчаас зарласан “хороо, өрхийн эмнэлэг, захиргааны  цогцолбор барилга, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны тендерт оролцон хууль болон өгөгдлийн хүснэгтэд нийцсэн материалуудыг ирүүлсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 335 дугаар мэдэгдэлд “түлхүүр гардуулах нөхцөлтэй хүүхдийн эмнэлэг барих 10 тэрбум төгрөгийн төсөвт ажлын гэрээ 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэрээ хийгдсэн нь шаардлага хангаагүй, 3.9 тэрбум төгрөгийн өртөгтэй сургуулийн барилгын өргөтгөлийн гэрээ 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн нь шаардлага хангахгүй” гэж манай тендерээс татгалзсан. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрөн Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны 2024 5 дугаар сарын 13-ны өдрийн 03/3798 тоот албан бичгээр “сургуулийн өргөтгөлийн  барилга нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн БА-277/2022 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Тендер сонгон шалгаруулалтын өргөдлийн хүснэгт-ТСЗ-ын 19.1-д заасан үндсэн гүйцэтгэгчийн шаардлагад нийцэж байна. Захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.10.1-д заасныг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарны 23-ны өдрийн 335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлэхийг даалгах” гэж хариу шийдвэрлэсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 03/1459 дүгээр албан бичгээр өмнө шийдвэрээ агуулгаар нь сэргээж, дахин татгалзсан. Гэрээ нь талуудын хооронд байгуулж буй ашиг сонирхлын хэлцэл бөгөөд гэрээгээр тодорхойлогдох гүйцэтгэл нь тухайн гэрээг байгуулсан огноогоор бус гэрээгээр тохирсон ажлаа чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байдлаар тодорхойлогдох бөгөөд, комисс хүлээн авсан дүгнэлт, тухайн ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг харгалзан үзээгүй нь үнэлгээний хороо хуульд заасан үүргээ мэргэжлийн түвшинд хэрэгжүүлээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48.2.3-т  үнэлгээний хорооны зөвлөмжид хуульд заасны дагуу хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй тус хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Ерөнхийдөө цар тахал 2019 оны 12 дугаар сараас эхэлсэн. Тухайн ажлын төсөв 2018 онд тавигдаж, шүүхээр маргаан хэлэлцэгдэж 2019 онд гэрээгээ байгуулагдсан. Гэтэл 2018 онд тавигдсан байсан төсөв татагдаж дараа он руу шилжсэн. Иймээс гэрээ сунгагдсан. Биднээс гэрээ сунгах хүсэлт гаргаагүй. Хэрэв манай буруутай үйл ажиллагаа болсон бол хар жагсаалтад оруулж гэрээ цуцлах, тусгай зөвшөөрөл хүчингүй болгох гэх мэт шат дараалалтай ажиллагаа явагдана. Энэ гэрээ сунгалтуудад өөрчлөлт орсон нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэдгийг ойлгоорой. Тухайн сонгон шалгаруулалт зарласан процессын тухайд 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тендерийг ахин зарласан. Энэ хугацаанд манай талаас Сангийн яаманд 2 дахь удаагийн гомдлоо гаргасан байсан. Гэтэл тендерийг зарласан. Манай компани 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс тус нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн. Энэ хугацаанд 2024 оны 6 дугаар сарын 19 өдөр захиалагч буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас тухайн төсөл арга хэмжээг түдгэлзүүлж, дахин нягтлах тухай албан бичгийг хэрэгжүүлсэн байсан. Тухайн албан бичгийг Худалдан авах ажиллагааны алба нь хэрэгжүүлээгүй. Дараа нь шүүхээс тендер зарласан шийдвэрийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг гаргасан. Үүнийг мөн хэрэгжүүлээгүй. Энэ процесс хэрэгжихгүй байна гэдэг нь хариуцагч талаас хуулийг хэрэгжүүлэхгүй байна” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17.1-д захиалагч техникийн болон туршлагын шаардлага хангах нотлох баримтыг оролцогчоос шаардаж болно, 17.2.1-д ажил гүйцэтгэх шалгаруулалтын хувьд сүүлийн 3 хүртэлх жилийн хугацаанд ижил төстэй ажлын жагсаалт, тэдгээрийн ижил төстэй ажлын өртөг байршил, гэрээний үүргийн гүйцэтгэлийг нотлох баримт гэж заасан. Хуулийн дээрх заалтаас үзэхэд нэхэмжлэгч компанийн туршлагыг харах гэж байна. Гэхдээ сүүлийн 3 жил гэж байгаа. Тендер шалгаруулалтын зөвлөмж 19.1-д “2021, 2022 2023” гэж заагаад “ижил төстэй ажил, барилга угсралт хийж гүйцэтгэсэн туршлагыг тооцно” гэж заасан. Үүнээс туршлага гэдэг нь гэрээ байгуулсан огноогоор яригдахгүйгээр тухайн хамаарах онуудад ямар ажил хийсэн талаарх асуудал хамаарна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани нь 2021, 2022, 2023 онд хийж гүйцэтгэж байсан ажлуудаа баримтжуулан гаргаж өгсөн. Бид 2021 2022 2023 онуудад ажил хийсэн талаар туршлага байгаа. Түүнээс хууль болон, ТШЗ 19.1-д байгуулагдсан гэрээ сүүлийн 3 онд байна гэж шаардаагүй. Гэрээ өмнө байж болно. Гэхдээ хийж гүйцэтгэсэн ажил нь захиалагчаас тавьсан 3 оны хугацаанд явсан байж болно. Түүнтэй холбоотой баримтуудаа гаргасан. Тэгэхээр хууль болон зөвлөмжид заасан шаардлагыг гуйвуулан тайлбарлаж байна. Үнэлгээний хорооны 4 дүгээр сарын 15-ны дөрийн хуралдааны тэмдэглэлийг харахад санал 4 гишүүн саналаа тэнцүү хувааж сүүлд нь н.Д гэгч гишүүн саналыг нэг талд гаргаж шийдвэрлэсэн. Гэтэл н.Б, Л.У гэх гишүүд шаардлага хангасан байна, бид дээд шатны байгууллагын чиг үүрэг, шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй талаар яригдсан. Энэ бол хууль ёсны үүрэг. Яагаад гэвэл хуульд дээд шатны буюу Сангийн яамны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Гэтэл биелүүлээгүй. Гэвч н.С, н.О 2 татгалзаж байна гэсэн санал гаргасан. Харин н.Д гэх хүн “дахин зарлая, баримт бичгээ тодруулан дахин орж ирнэ биз” гэсэн. Тийм үндэслэл хуульд байхгүй. Тэгэхээр назгай, хайнга хандсан нөхцөл байдал харагдаж байгаа. Бусад компанийг 100 хувийн саналаар татгалзсан бол манай компанийг 60, 40 хувийн харьцаатайгаар татгалзсан. Тиймээс үнэлгээний хорооны энэхүү нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байна.  Захиалагчаас 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Худалдан авах ажиллагааны газарт түдгэлзүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичигт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шийдвэрлэгдэх хүртэл тус тендерийг түдгэлзүүлж, үнэлгээний хороог дахин хуралдуулж, нягтлан хариу хүргүүл” гэж тусгасан. Өөрөөр хэлбэл захиалагчаас түдгэлзүүл гэх чиглэл өгөхөд түдгэлзүүлэхгүйгээр явсан байгаа. Энэ үйлдэл нь хууль зөрчсөн байна. Мөн түдгэлзүүлэх захирамж нь 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гарсан бөгөөд тухайн шийдвэрийг хариуцагч тал мэдэж байх ёстой. Хариуцагч талаас 2021, 2022, 2023 онд гэрээ байгуулсан байх талаар тендерийн шаардлага байгаа эсэх талаар асуухад “байхгүй” гэж хариулсан. Тиймээс 2019, 2020 онд байгуулсан гэрээг нотлох шаардлагагүй. Дээрээс нь захиалагч нараас гаргасан тодорхойлолтод тухайн хамаарах хугацаанд гүйцэтгэсэн ажлуудыг хүлээлгэн өгсөн учир тухайн баримт шаардлагагүй. Дахин зарласан тендерт манай компани оролцохгүй. Эхний шалгаруулалтын дагуу манай компани шалгарах ёстой гэж маргаж байгаа. Тэгэхээр тухайн тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгохгүй бол дахин тендер зарлаад өөр компани үнэлэх гээд байж байгаа. Тэгэхээр тухайн үр дагаврыг арилгаж байж манайх шалгарна. Шүүх шийдвэр гаргахдаа дараах нөхцөлийг хараасай гэж хүсэж байна. Нэгдүгээрт тендерийн баримт бичигт 2021, 2022, 2023 онуудад гэрээ байгуулагдсан байх ёстой гэсэн зүйл байхгүй. Тэгэхээр хууль журамд зааснаас зөрсөн, гуйвуулсан тайлбар хэлж дахин дахин татгалзаж байгаа нь захиалагч болон үнэлгээний хорооны хууль бус үйлдэл. Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т холбогдох байгууллага нь дээд шатны шийдвэрийг биелүүлнэ гэсэн зохицуулалтыг үнэлгээний хороо болон захиалагч байгууллага нь биелүүлэхгүй байна. Уг нь үнэлгээний хороонд байсан зарим гишүүд Сангийн яамны шийдвэрийг биелүүлье гэсэн ч зарим гишүүд нь эсэргүүцсэн. Үүнээс шалгаруулахгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс дээд шатны байгууллагын шийдвэрийг заавал биелүүлж шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У: 2019 онд байгуулагдсан гэрээний ажлыг үзээгүй эгж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 2012 онд батлагдсан хуульд сүүлийн 5 жилийн туршлага гэж байсан бол сүүлд шинэчлэн найруулагдсан хуульд 3 жил болгож заасан. 2023 онд мөн ийм тохиолдол гарахад Сангийн яамнаас дахин үнэл гэсэн шийдвэр ирж байсан. Бид өмнөх тохиолдлуудтай холбогдуулан үнэлгээг хийдэг. Тухайн тендерт олон оролцогч байгаа. Тэднээс 2019 оны гэрээ болж байна гэхээр нэхэмжлэгч компанид давуу эрх олгож байна гэсэн үг. Тэгэхээр бусад оролцогчид гомдол гаргах эрх нь нээгдэнэ гэсэн үг. Тиймээс бидний зүгээс нэгэнт шаардлага шалгуураа тавьсан. Хуульд заасны дагуу хамаарх онуудыг заасан. Хуулийн дагуу л үнэлгээг хийсэн. Хэрэв 2019 оны гэрээг үнэлсэн бол давуу эрх олгож, ашиг сонирхлын зөрчилтэй мэт болно. Иймээс аль аль талаас нь тооцоолон үнэлгээ хийдэг. Хоёрдугаарт даалгах шаардлагын тухайд үнэлгээний хороо нь 5 гишүүнтэй. Би тухайн хорооны гишүүн хороог төлөөлж ганцаараа сууж байна. Үнэлгээний хорооны гишүүн болгон санал бодол өөр,хорооны гишүүн болгон саналын тэгш эрхтэй тул тухайн гишүүдээс хэд нь ч дэмжиж болно. Нэхэмжлэгч талаас бол шууд үнэлэхийг даалга, шууд гэрээ хий гэж байгаа. Тиймээс тухайн үеийн нөхцөл байдал, тендерийн шаардлага зэрэгт нийцэж байгаа эсэх, бусад оролцогчдын материал хэр байгаа талаар цахимаар нээлттэй ил тод байгаа. Тиймээс хууль бус шийдвэр гаргасан зүйл байхгүй. Сангийн яамны шийдвэрийг биелүүлээгүй гэж ярьж байна. Улсын комисс хүлээн авсан дүгнэлтээр ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэнд тооцно гэх нэг ч үг, үсэг холбогдох журам болон хуульд байхгүй. Та бүхэн дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлэх ёстой гэж Захиргааны ерөнхий хуулиар тайлбарлаж байна. Бид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг гол бодлогын баримт бичиг болгож ашигладаг. Өөр тайлбар байхгүй. Бидний харсан зүйл гэвэл 2019 оны гэрээний тухайд хэрэгжих хугацаандаа хэрэгжээгүй, хугацаа сунгасан гэрээний нэмэлттэй байгаа. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд дээд шатны байгууллагын шийдвэрийг заавал биелүүлэх талаар заалт байдаггүй. Энэ талаар буруу ойлголттой байна.  Дахин үнэлгээг хий гэх мэт зөвлөгөөг л өгдөг” гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э: Нэхэмжлэгч нь тус маргаан бүхий сонгон шалгаруулалттай ижил төстэй 3 дугаар хорооны цогцолбор байгуулах  3.3 тэрбум төгрөгийн төсөвтэй арга хэмжээнд гүйцэтгэгчээр шалгарч , өнөөдрөөс гэрээ байгуулах шатанд шилжиж байгаа. ийм төсөл арга хэмжээнд шалгарч, 6.6 тэрбум төгрөгийн төсөвт ажил авчхаад заасан хугацаанд ажлыг гүйцэтгэж чадах эсэх асуудал яригдана. Хоёрдугаарт тус маргаанд нээсэн тендерт оролцох 6 компанийн эрх ашиг яригдана. Мөн 2021, 2022, 2023 оны ижил төстэй ажил гэж зааснаар үнэлгээний хороо нь туршлага зэргийг харж байгаа учир татгалзаж шийдвэрлэсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг түдгэлзүүлээсэй гэж хүсэж байна” гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв. Маргаан бүхий актын үндэслэлийн тухайд:

Шүүх гомдлын шаардлагууд, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, гомдлын шаардлагыг бүхэнд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Н дугаартай тендер шалгаруулалтад У ХХК-ийн тендерээс татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тухайд:

1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно:” гээд 17.2.1-д “ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт;” 17.3 дахь хэсэгт “Захиалагч энэ хуулийн 17.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж, 17.4 дэх хэсэгт “Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна” гэж хуульчилсан.

1.2. Маргаан бүхий Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д “Хуулийн 17.4-д зааснаар оролцогч нь Өгөгдлийн хүснэгтэд заасан техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна” гэж, өгөгдлийн хүснэгтэд “Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилийн төсөвт өртгийн 70 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр дор хаяж нэг удаа ажилласан байх” гээд, энэ шалгуурыг ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, комисс хүлээн авсан дүгнэлт, тухайн ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолт зэргийг үндэслэн тогтоохоор заажээ.

1.3. Тогтоогдсон үйл баримтын тухайд авч үзвэл, гомдол гаргагч “У” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга /.../ Н дугаар тендерт 3,220,281,858 төгрөгийн үнийн саналыг холбогдох материалын хамт бүрдүүлэн оролцоход 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Үнэлгээний хороо хуралдаж У ХХК нарын 5 компанийн ирүүлсэн материалын аль нь ч шаардлага хангаагүй тул дахин тендер зохион байгуулахаар шийдвэрлэжээ.[13]

1.4. Үнэлгээний хорооны шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 335 дугаар албан бичгээр “У” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “...2019, 2020 онд ижил төстэй гэрээ байгуулсан нь сүүлийн 3 жилийн аль нэгд нь төсөвт өртгийн 70 хувиас багагүй үнийн дүнтэй ажил гүйцэтгэсэн байх шаардлага хангахгүй...” гэх үндэслэлээр татгалзсан тухай мэдэгдлээр хүргүүлжээ.[14]

1.5. Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 03/3798 дугаар албан бичгээр “У” ХХК-аас гаргасан гомдлыг хянаад “...ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээг 2019 онд байгуулсан нь шаардлага хангахгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй...” гэж үзээд захиалагчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн дахин хийхийг Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд мэдэгджээ.[15]

1.6. Дээрх шийдвэрийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Үнэлгээний хороо хуралдахад гишүүн Ж.С, М.О нар “...ижил төстэй ажлын хувьд би өмнөх шийдвэрээрээ явна, шаардлагад нийцсэн тендерийн материал ирүүлээгүй...” гэх, П.Б, Л.У нар “Сангийн яамны шийдвэрийн дагуу “У” ХХК-ийн тендерийг шалгаруулах саналтай...” гэж, Үнэлгээний хорооны дарга А.Д “...санал хуваагдсан учир дахин тендер зарлах саналтай...” гэснээр тендерийг шалгаруулаагүй байна.[16]

1.8. Үнэлгээний хорооны 2 удаагийн хурлын тэмдэглэл болон захиалагчийн 2 удаагийн мэдэгдлийн агуулгаас дүгнэхэд, “У” ХХК нь тендерийн үнийн дүнгээс их 2 ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн боловч ажил гүйцэтгэх гэрээ нь 2019, 2020 онд байгуулагдсан буюу сүүлийн 3 жилд хамаарахгүй..., иймд У ХХК нь сүүлийн 3 жилд ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын шаардлагыг хангахгүй гэж дүгнээд нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерээс адил үндэслэлээр 2 удаа татгалзаж шийдвэрлэсэн байна.

1.9. Хууль, тухайн тендер шалгаруулалтын зааварчилгаа, өгөгдлийн хүснэгт болон Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, шийдвэрээс үзэхэд энэхүү маргааны гол асуудал нь оролцогч компанийн туршлагын шалгуурыг ижил төстэй ажил гүйцэтгэх гэрээг анх байгуулсан огноогоор тооцох уу, эсхүл ажил гүйцэтгэсэн болон гүйцэтгэж дуусгасан огноог багтаан тооцох уу гэдэг асуудал байна.

1.10. Сангийн яам У ХХК-ийн гомдлыг хянахдаа “...У ХХК-ийн 2019 онд Боловсрол, шинжлэх ухааны яамтай байгуулсан БСШУСЯ-20/201801254 дугаартай Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр барилгыг ашиглалтад оруулан хүлээлгэж өгсөн нь тендерийн шаардлагад нийцэж байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

1.11. Тодруулбал, ижил төстэй ажлын гүйцэтгэгчээр ажилласан байх шалгуур нь тендерт оролцогч нь туршлагын хувьд тухайн ажлыг гүйцэтгэж дуусгавар болгох чадвартай эсэхийг “дуусгавар болж, үр дүн гарсан аливаа ажил”-тай адилтган үзэх байтал “ажил эхлэхээс өмнөх гэрээ байгуулсан үе”-ийг оруулан тооцсон нь үндэслэлгүй тул Тендерийн хууль болон ТШЗ-нд заасан шаардлагыг эсрэгээр нь буруу зорилгоор тайлбарлаж шийдвэр гаргасан Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус байна.

1.12. “У” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно:” гээд 17.2.1-д “ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт;” гэж заасны дагуу 2019 онд Боловсрол, шинжлэх ухааны яамтай байгуулсан БСШУСЯ-20/201801254 дугаартай Сургуулийн барилгын өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн БА-277/2022 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай улсын комиссын дүгнэлтийг хавсарган өгсөн нь тогтоогдсон.

1.13. Тендерт оролцогч нь 2019 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2022 онд гэрээний үүргийг гүйцэтгэн хүлээлгэн өгсөн бөгөөд ажлын төсөвт өртөг 3,941,3 сая төгрөг байгаа тохиолдолд “У” ХХК-ийг сүүлийн 3 жилд ижил төстэй ажлын гүйцэтгэгчээр ажилласан байх туршлагыг хангасан гэж үзэхээр байна.

1.14. Захиргааны ерөнхий 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:” гээд 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан бөгөөд тендер шалгаруулалтын зорилго нь тухайн ажлыг гүйцэтгэх бүх талын чадвартай буюу хууль болон ТШЗ-д заасан шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан этгээдийг шалгаруулахад орших бөгөөд Үнэлгээний хороо нь оролцогчийн ирүүлсэн материалыг энэхүү шаардлагад нийцсэн эсэхийг бүх талаас нь, бодитой үнэлж дүгнэх учиртай.

1.15. Иймд дээрх үндэслэлээр Н дугаартай тендер шалгаруулалтад У ХХК-ийн тендерээс татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/1459 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, “У” ХХК-ийн тендерийн материалыг дахин хянаж үзэж, үнэлэхийг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах, Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга /.../ Н дугаар тендерийг худалдан авах ажиллагааны цахим системээр дахин зарласан Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн тухайд:

2.1. “У” ХХК-ийн тендерийг дахин хянасан Үнэлгээний хорооны шийдвэрийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/1459 дүгээр албан бичгээр “...сүүлийн 3 ажил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилийн төсөвт өртгийн 70 хувиас багагүй буюу 3.310.0 сая төгрөгийн үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээс ажилласан байх шаардлагатай. Түлхүүр гардуулах нөхцөлтэй Хүүхдийн эмнэлгийн барилга, 100 ор” ажил 10,553,2 сая төгрөгийн ажил нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хийгдсэн нь шаардлага хангагүй. Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал ажил 2019 онд хийгдсэн нь шаардлага хангахгүй...” гэх үндэслэлээр дахин У ХХК-ийн тендерээс татгалзсан талаар мэдэгджээ.[17]

2.2. Улмаар шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй үндэслэлээр Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар хуралдаанаар дахин зохион байгуулахаар шийдвэрлэж,[18] 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Тендер шалгаруулалтын зарлалыг байршуулжээ.

2.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:” гээд  28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж, 28.4 дэх хэсэгт “Захиалагч бүх тендерээс татгалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж, дахин тендер шалгаруулалт зарлах эсэх мэдээллийг энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэрт заана” гэж заасан.

2.4. Шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Н дугаартай тендер шалгаруулалтад “У” ХХК-ийн тендерээс татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2.5. Энэ тохиолдолд захиалагчийн шийдвэрүүдийн шууд үндэслэл болсон Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан “У” ХХК-ийн тендерээс татгалзсан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/1459 дүгээр шийдвэр болон Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга /.../ Н дугаар тендерийг худалдан авах ажиллагааны цахим системээр дахин зарласан Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “У” ХХК-ийн тендерийн материалыг дахин хянаж үзэж, үнэлэхийг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дэх заалтыг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.3, 19 дүгээр зүйлийн 19.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт тус тус баримтлан нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н дугаартай тендер шалгаруулалтад У ХХК-ийн тендерээс татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай шийдвэр, “У” ХХК-ийн тендерээс татгалзсан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/1459 дүгээр шийдвэр болон Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга /.../ Н дугаар тендерийг худалдан авах ажиллагааны цахим системээр дахин зарласан Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “У” ХХК-ийн тендерийн материалыг дахин хянаж үзэж, үнэлэхийг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

 

 

 

[1] Хх 43 дахь тал

[2] Хх 40 дэх тал

[3] Хх 42 дахь тал

[4] Хх 39 дэх тал

[5] Хх 43-46 дахь тал

[6] Хх 62-72 дахь тал

[7] Хх 87-92 дахь тал

[8] Хх 56 дахь тал

[9] Хх 50 дахь тал

[10] Хх 93-99 дэх тал

[11] Хх 57-58 дахь тал

[12] Хх 100-103 дахь тал

[13] Хх 87-92 дахь тал

[14] Хх 56 дахь тал

[15] Хх 50 дахь тал

[16] Хх 93-99 дэх тал

[17] Хх 57-58 дахь тал

[18] Хх 100-103 дахь тал