| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 183/2019/02878/и |
| Дугаар | 01770 |
| Огноо | 2020-08-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 01770
| 2020 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 210/МА2020/01770 |
“Х.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/01189 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х.Б” ХХК-ийн хариуцагч М.Б, Т.С нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцлаж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 135 298 800 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхчимэг, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Б, Т.С нар нь 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/176 тоот “Ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий Орон сууцны зээлийн гэрээгээр 130 989 600 төгрөгийг жилийн 6 хувь болон /4.8 хувь болж буурсан/ хүүтэй, 120 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, /18030/ ХД-21 дүгээр байрны 18 тоот, 140.37 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц барьцаалуулсан. 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ/176-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр нэмэлтээр 19.000.000 төгрөг авч, зээлийн буцаан төлөх хуваарийг шинэчилсэн бөгөөд 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн БГҮ/176-1 тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр барьцаа хөрөнгийг сольж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Үйлдвэр хороолол, Туул гол гудамж 81А дугаар байрны 40 тоот, 69.53 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 81А дугаар байрны 41 тоот, 47.99 м.кв талбай 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол Туул гол гудамж 81А/81Б тоот байрны зоорийн давхарын 17 тоот хаягт байршилтай автозогсоолыг барьцаалуулсан. Зээлдэгч нь үндсэн зээлд 60.857.438 төгрөг, зээлийн хүүд 28.892.709 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7.402.31 төгрөг, нийт 89.757.550 төгрөгийг төлсөн бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс /зээлийн хүүг жилийн 21 хувь болгон өөрчилснөөс хойш/ зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаарх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 89.130.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 43.878.359 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2.290.441 төгрөг, нийт 135.298.800 төгрөгийг М.Б, Т.С нараас гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Б, Т.С нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/176 тоот Зээлийн гэрээнд “Хөдөлмөрийн гэрээ, контракт цуцлагдсан буюу дуусгавар болсон бол банк дараа сарын 05-ны өдрөөс эхлэн тухайн үед мөрдөж байгаа аль тохирох орон сууцны зээлийн нөхцөлд үл маргах журмаар шилжүүлж, нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулна”, мөн “Хувьсах хүүгийн хэмжээнд өөрчлөлт орсон талаарх мэдэгдэл ирснээс хойш 1 сарын дотор зээлдэгч банктай зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн байгуулна” гэжээ. Миний бие 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хооронд зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлж байсан атал ажлаас халагдсан гэсэн үндэслэлээр банк давуу байдлаа ашиглан гэрээн дэх зээлийн хүүг нэг талын санаачилгаар өөрчилж, ямар нэг нэмэлт гэрээ байгуулалгүй зээлийн хүүг нэмэгдүүлсэн тул миний бие зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Х.Бны тайлбарласнаар зээлийн гэрээний хүүг жилийн 4.8 хувь байсныг 21 хувь болгосон гэх боловч бидний хооронд хүү өөрчилсөн тухай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулагдаагүй юм. Х.Б нь зээлийн хүүгийн хэмжээг 21 хувь болгосон нь хууль, дүрэм зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч М.Б, Т.С нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45.293.316 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х.Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээг цуцлах болон 90.005.484 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.Б, Т.С нар үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд М.Бын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол Туул гол гудамж, 81А дугаар байр, 40 тоот хаягт байршилтай, 69.53 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц, М.Бын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол Туул гол гудамж, 81А дугаар байр, 41 тоот хаягт байршилтай, 47.99 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, М.Бын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол Туул гол гудамж, 81А/81Б дугаар байр, зоорийн давхарын 17 тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай, автозогсоолыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х.Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 945.675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б, Т.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 454.616 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х.Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хавтаст хэргийн 70 дугаар хуудаст орон сууцны зээлийн хүүний хэмжээ байсан нь солигдсон байх магадлалтай байна. Учир нь анх хэргийн материалтай анх танилцахад зээлийн хүү 21% гэж байгаагүй. Мөн шүүхийн шийдвэрт засвар орсон, энэ нь шүүх хуралдааны бичлэгээс зөрдөг. Миний нотлох баримт цуглуулах эрхийг удаа дараа зөрчсөн. Зээлийн хувийн хэрэг гаргуулах, Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах хүсэлтүүдийг нэхэмжлэгч талаас эсэргүүцээгүй байхад хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Уг нотлох баримт нь зээлийн гэрээ байгуулах болон өөрчлөхтэй холбоотой шийдвэр, тушаал болон холбогдох материалууд бүхий хавтаст хэрэг юм. Гэтэл шүүх нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх ёстой гэж үзэн хүсэлтүүдийг удаа дараа хангаагүй. Мөн шүүх хуралдаан дээр тайлбар хэлэхэд хурдан дуусга гэх мэтээр миний эрхийг хязгаарласан. Шүүх хуралдаанд хэд хэдэн удаа сөрөг нэхэмжлэл гаргахад хүлээн авахаас татгалзаж, сөрөг нэхэмжлэлийг ямар шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан талаараа тайлбарлаж өгдөггүй. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэгтийн хураамж төлснийг буцаан олгох талаар захирамжийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тус хэргийг хэлэлцэх шүүх хурлын өмнө тэмдэглэлийн хамт гарсан ч бүрэн танилцаж амжаагүй бөгөөд уг тэмдэглэлд ч, шүүх хурлын бичлэгт ч энэ талаар байдаггүй буюу шүүгч шийдвэрээ өөрчилсөн нь үүгээр нотлогддог. Шүүгч хамгийн сүүлд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн бөгөөд хариуцагч талаас тэмдэгтийн хураамжаа төлсөн баримтаа өмнөх хуралд гаргаж өгсөн, мөн сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор дутуу зүйл байвал тодруулан засах үүднээс хугацаа өгнө үү хэмээн хүсэлтээ нэмж илэрхийлсэн. Шүүхийн шийдвэрт хариуцагч үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах талаар тусгасан боловч энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгт бас л байдаггүй. Мөн тус хурлын тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг одоо болтол хангаагүй. Энэ мэт шүүх үйл ажиллагааны процесс болон зээлтэй холбоотой холбогдох юмаа мэдэхгүй эсвэл бүүр нэхэмжлэгч тал нөлөөлөөд ч юм уу ямар ч байсан уг хэргийг шүүгч шударгаар үнэн зөв шийдвэрлэж чадсангүй гэж үзэж байна. Мөн тус шийдвэр нь хариуцагч талд гарсан мэт боловч ямар ч айл 45 сая төгрөгийг шууд гаргах боломж бараг байхгүй буюу байраа алдахад хүргэж байгааг анхаарна уу. Иймд дээрх нөхцөл байдлуулыг үндэслэн хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “Х.Б” ХХК хариуцагч Т.С, М.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 135 298 800 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.
Хариуцагч М.Б нь “Х.Б ажлаас чөлөөлөгдсөн бидний зээлийн хүүг гэрээнд зааснаар тодорхой хугацаанд хадгалахаар тохиролцсон, энэ тухай и-мэйл н.Батчимэгт явуулсан, тэнд миний нэр дурдагдсан, н.Батчимэг нь надтай хамт ажиллаж байгаад бас хамт халагдсан” гэх агуулга бүхий тайлбар гаргах бөгөөд уг и-мэйл болон мессежид үзлэг хийлгэх хүсэлтийг 2019 оны 11 сарын 06-ны өдөр гаргажээ. /2хх16-17/
Түүнчлэн хариуцагч Х.Бнаас зээлийн хувийн хэрэг гаргуулахаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус тус хүсэлт гаргасан. Зээлийн хувийн хэргийг гаргуулах болон Х.Бны ажлын и-мэйлд үзлэг хийх зэрэг нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байхад эдгээр хүсэлтүүдийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн гэж үзнэ.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл, тэмдэглэлд дурдсан мэдээлэл нь нотлох баримт болно. Нэхэмжлэгч шүүхэд зээлийн гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн хоёр шаардлага гаргасан. Гэвч шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн хоёр дахь шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй атлаа шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн ба шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр хоёр хоорондоо зөрүүтэй байх учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй.
Харин хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа сөрөг нэхэмжлэл гаргасныг болон Монгол банкны зээлийн мэдээлийн сангийн лавлагаа, зэрэг өөр бусад нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Шүүхийн өмнө эрх тэгш оролцуулаагүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Талуудын хооронд үүссэн зээлийн маргаанд хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй ба анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/01189 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Б.НАРМАНДАХ