Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2024/0567

 

 

 

 

 

 

 

       2024          07             05

                                   128/ШШ2024/0567

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Х.Нямдэлгэр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “М” НҮТББ,

            Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч У.Х, иргэдийн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1.2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ... дүгээр захирамж нь хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор эцсийн байдлаар тодруулан өөрчилсөн[1].

 

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

            2.1.Нэхэмжлэгч “М” НҮТББ-д 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Улаанбаатар хот,  5 га газрыг эко сургуулийн зориулалттайгаар 5 жилийн хугацаанд эзэмшүүлэх эрхийн ... дугаартай гэрчилгээг[2] , Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ... дүгээр тушаалыг ... байрлах 10 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаанд эзэмшүүлэх эрхийн ... дугаар гэрчилгээг тус тус олгож[3], “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” ... дугаар[4] гэрээг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулжээ.

            2.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ШШ дүгээр шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны ... дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээж, газар ашиглах эрхийг 2025 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан[5].

            2.3. Улмаар нэхэмжлэгч нь өөрийн ашиглалтын газар болох Улаанбаатар хот,  0 га газрыг ашиглаж байх явцад 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын “Дархан цаазат Богдхан уулын байгаль орчны тэнцвэрт байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” ... дүгээр захирамж[6] гарч, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр     байрлах нэхэмжлэгч “М”НҮТББ-ын аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байсан газарт байрлах барилга байгууламжийг нураасан байна.

            2.4. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ... дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 9 241 166 115 төгрөгийг гаргуулах”-аар нэмэгдүүлж, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Нийслэлийн засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ... дүгээр захирамж хууль бус байсан болохыг тогтоож, уг захирамжийн улмаас учирсан хохирлыг гаргуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх”-ээр шаардлагаа өөрчилсөн.

            2.5. Шүүх 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн    ... дүгээр шийдвэрээр маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ... дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 507 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн болно.

 

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлдээ:

3.1.Нэхэмжлэгч “М” НҮТББ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Манай сургууль анх 1998 онд үүсэн байгуулагдсанаас хойш боловсролын салбарт тэргүүлэх байр суурийг эзэлдэг томоохон сургуулиудын нэг болсон бөгөөд сургалтын орчин, материаллаг бааз, багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан бөгөөд инженер технологи, аялал жуулчлал, газрын харилцаа, анагаах ухаан, хөдөө аж ахуй, эдийн засаг, олон улсын харилцаа, хууль зүй зэрэг олон чиглэлээр сургалт явуулж 7000 гаруй оюутныг төгсгөн эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. Дээд боловсролын чанарыг сайжруулах, сургалтын материаллаг баазыг дээшлүүлэх үүднээс манай сургууль Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар    ... газар ашиглах болсон. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр улсын хэмжээнд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон учраас бид боловсролын бусад байгууллагуудын нэгэн адил үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаагүй учраас газар дээрх эд хөрөнгө ч мөн зохих ёсоор элэгдэлд орсон. Мөн нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийтийн эрх ашгийг хүндэтгэн үзэж, иргэдийг чөлөөт цагаа зөв өнгөрөөхөд нь дэмжлэг болох үүднээс хаалга үүдээ нээлттэй байлгаж, чөлөөт урсгалтай болгосон нь улам их хүндрэл учруулах болсон. Мөн соёлт орны иргэний наад захын ухамсаргүй, хувиа бодсон, хүмүүжиж төлөвшөөгүй зарим иргэдийн дайралтад байнга өртөж, эд хөрөнгөө эвдүүлж хохирч эхэлсэн. Тэд цэвэр агаарт зөв амрах гэж биш харин архидан согтуурах, замбараагүйтэх боломж гэж харж бусармаг үйлдлээрээ бохирдуулан шил цонх хагалж, эвдэж гэмтээж байсныг нь иргэд, ард түмэн сайн мэднэ. Гэвч бид үйл ажиллагаа явуулаагүй ч нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр ойр орчноо цэвэрлэн, “Х” ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулж, төлбөр тооцооны үндсэн дээр хог хаягдлыг ачуулдаг байсан.

Нийслэлийн Засаг дарга 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ... дугаартай захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хуулийг ноцтой зорчсон бөгөөд энэхүү хууль бус үйл ажиллагааны улмаас манай сургуульд маш их хэмжээний хохирол учирсан. Бидэнд эд хөрөнгийн бодит хохирол учирснаас гадна сэтгэл цочирдом олон гэнэтийн үйл явдал болж өнгөрсөн. Гэнэт л "У" ОНӨААТҮГ-аас том оврын 4ш Экскаватор, 81 Автосамосвалууд 2022 оны 05 сарын 30-ны өдрийн үүрийн 04-05 цагийн үед манай эзэмшлийн хашаанд орж ирээд үүдний төмөр хаалгыг эвдэж, гэр хэлбэртэй 54 ширхэг бетон тоосгон барилгыг доторх тавилга эд хогшлын хамт эвдэж нураасан. Түүнээс гадна 2 ресторан болон үйлчилгээний барилга доторх тавилга эд хогшил, хураалттай байсан бараа материалууд, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг том тайз, сагсны бөмбөгийн болон волейболын талбай, гадна тохижилт, шугам сүлжээ, зам барилга зэрэг эд хөрөнгүүдийг шууд трактороор түрж, овоолоод олон шөнийн турш тээвэрлэн хаяж байсан. Нийслэлийн Засаг дарга, түүний харьяа агентлагуудаас дээрх захирамжийн талаар бидэнд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй атлаа барилга байгууламж доторх эд хөрөнгө, хураасан бараа материалаа өөрсдөө авах боломжоор хангаагүй, тэр байтугай манай эд хөрөнгийг ч хүлээлгэн өгөх арга хэмжээ аваагүй юм.

Ямар шийдвэр, баримтаар ийнхүү хөрөнгөнд халдаж байгаа талаар нь тодруулахад ямар ч албан тушаалтан мэдээлэл өгөөгүй боловч хэвлэл мэдээллийн хэрэгслээр ikon.mn, newswall.mn сайтуудад "Богдхан уулын Дугуй цагаан руу явах замд байрладаг 49 шавар гэрийг буулгаж эхэлжээ", "Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг буулгаж эхэллээ" гарчигтай мэдээллүүд гарч, манай сургуулийн эзэмшлийн газар дээрх барилга байгууламжуудыг буулгаж байгаа талаарх мэдээлэл, бичлэгүүдээ зурагтай нь гаргасан байсан. Тэр дор нь судалж үзээд 3 хоногийн өмнө буюу 2022 оны 05 сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргын ... дугаар захирамж гарсан талаар мэдсэн ба энэ захирамжийн үйлчлэл нь ганцхан манай сургуульд чиглэсэн болохыг үгээр биш ч үйлдлээр нь олж мэдээд хөндөгдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд хандаж байна. Учир нь бидэнд өгөөгүй боловч хэвлэлд тавьсан захирамжид манай сургуулийн нэр байгаагүй бөгөөд уг захирамжийн хэрэгжилтэд хамрагдан буулгаж байгаа эд хөрөнгөөс нь харахад зөвхөн манай сургуультай хамааралтай болох нь нотлогдож байна.

Нийслэлийн Засаг дарга болон түүний тамгын газраас манай сургуулийн хөрөнгөнд халдах гэж байгаа талаараа ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдээгүй, барилга байгууламж доторх эд хөрөнгүүдээ ч авах боломжоор хангаагүй, түүнчлэн эд хөрөнгийг эвдэлж хаяхаасаа өмнө тэдгээрийг хүлээлгэн өгөх ямар ч арга хэмжээ авалгүй, ихээхэн хэмжээний хохирол учруулсанд гомдолтой байна. Хэрэв төрийн байгууллага үйл ажиллагаагаа хууль ёсоор явуулсан бол урьдчилан мэдэгдэх үүрэгтэй байсан ба ийнхүү хууль зөрчсөн үйл ажиллагааг шууд явуулж байгаа нь ард иргэдээс төрдөө итгэх итгэл, төрийн шийдвэрийг хүндэтгэн сахих асуудалд сөргөөр нөлөөлөхөөр үйлдэл болсон. Монгол улсын Үндсэн хуульд “...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө...” гэж заасан байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 сарын 27-ны өдөр ... дугаар захирамж нь манай сургуулийн эд хөрөнгөд халдан нурааж асар их хэмжээний хохирол учруулсан, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн тул хууль бус байсан болохыг тогтоож, уг захирамжийн биелэлтийн улмаас "М" НҮТББ-д учирсан хохирлыг гаргуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлж өгнө үү" гэжээ.”

            Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ М НҮТББ-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ... дүгээр захирамж хууль бус байсан болохыг тогтоож, уг захирамжийн улмаас учирсан хохирлыг гаргуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ... дүгээр захирамжийн биелэлтийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхээр болсон ба уг нэхэмжлэлээс татгалзах боломжгүй, нэхэмжлэл гаргах эрхээ алдахгүйн тулд эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ... дүгээр захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

            3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын ... дүгээр тушаалаар ... талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг авсан. Тус газрыг авснаас хойш нэхэмжлэгч нь Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан газар ашиглагчийн эрх үүргийг бүрэн биелүүлж ирсэн. Гэвч 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр маргаан бүхий захиргааны актын үйлчлэлийн хүрээнд манай эзэмшлийн газрын хашааны төмөр хаалга эвдэж, 54 ширхэг бетон тоосгон барилгыг доторх тавилга, эд хогшлын хамт нураасан. Түүнээс гадна ресторан, үйлчилгээний барилга, дотор эд хогшил, барилгын гадна тохижилт, сагсан бөмбөгийн талбай, тоглолтын том тайз, зам зэрэг эд зүйлсийг нураасан. Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдсэн зүйл байхгүй.

Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлүүдээс үзэхэд Нийслэлийн Засаг даргад Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй газар ашиглагчийн эрхэд шууд халдах, барилга байгууламжийг албадан нураах эрхийг Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгоогүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9-д заасныг зөрчсөн гэж дурдсан. Тус зүйл нь дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа байдаг. Өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн зориулалттай барилга барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээх гэсэн зохицуулалт бий. Энэ тухай ойлголтыг хариуцагчаас мэдэж байгаа. Дээрх зүйлд заасан нөхцөл байдлыг нэхэмжлэгч үүсгээгүй. Зайсангийн аманд цор ганц гэж хэлж болохуйц аялал жуулчлалын зориулалттай газар ашиглагчийн эрх үүргээ хэрэгжүүлж буй байгууллага. Өөрөөр хэлбэл Зайсангийн аманд орон сууцны зориулалттай баригдсан барилга их гэдэг нь нийтэд илэрхий байгаа.

Түүнчлэн Барилгын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, барилгын хийцэд нь ан цав үүсэж ноцтой эвдэрсэн гэсэн. Барилгын тухай хуулийн 46.1.16-д зааснаар барилгын бүтцэд ан, цав, цууралт үүссэн гэх ноцтой эвдрэл гарсан тохиолдолд хяналтын асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэж, дүгнэлт гаргах ёстой. Түүний дагуу холбогдох арга хэмжээг авахаар заасан. Тус зохицуулалт нь барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигчийн үүргийг зохицуулсан. 1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар хуудаст Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02-01/4533 тоот албан бичиг авагдсан. Тухайн албан бичиг нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ... дүгээр захирамжтай холбоотой ямар нэгэн хяналт, шалгалтын арга хэмжээ аваагүй гэсэн. 1-р хавтаст хэргийн 83 дугаар талд маргаан бүхий захиргааны акттай холбоотой Нийслэлийн газрын албанаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т захиргааны үйл ажиллагаанд баримталбал зохих тусгай зарчмыг хуульчилсан. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-т хуульд үндэслэх заалт байгаа. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлээс үзэхэд эрх олгосон зүйл заалт байхгүй тул тус зарчим хангагдаагүй. Мөн хуулийн 4.2.3-т хуульд заасан нууцад хамаарахаас бусад зүйлс ил тод нээлттэй байхаар хуульчилсан.

Нийслэлийн Засаг даргын захирамж гарах талаар урьдчилсан мэдэгдээгүй атлаа тухайн захирамжийг шууд хэрэгжүүлж манай барилгуудыг албадан буулгасан нь тухайн зарчмыг зөрчсөн. Мөн хуулийн 4.2.5-д захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх талаар заасан. Албадан буулгах үйл ажиллагаа нь ямар зорилготой байх, үүнийгээ ямар хэлбэрээр нотлох ёстой вэ? Ямар учраас шийдвэр нь үндэслэл бүхий байсан нь хавтаст хэргийн материалаас харагдахгүй. Мөн хуулийн 4.2.6-д бусдын эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэн оролцоог нь хангах талаар хуульчилсан. Захиргааны ерөнхий хуулийн 26,27 дугаар зүйлд тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, зөрчигдөж болзошгүй этгээдэд тайлбар гаргах боломжийг хуульчилсан. Энэ нь сонсох ажиллагаа. Үүгээр тодорхой хугацааг захиргааны үйл ажиллагаанд оролцогчоос зөрчигдсөн эрх, ашгаа хамгаалах зорилгоор, өөрийгөө хууль зөрчөөгүй талаар үгүйсгэх тайлбар гаргах боломжийг зохицуулсан. Маргаан бүхий захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-т заасан хийхгүй байх үндэслэлийг дурдсан. Шүүхээс энэ талаар баримтыг гаргахыг удаа дараа шаардсан боловч хариуцагчийн зүгээс энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй.

Сонсох ажиллагаа хийгээгүй үндэслэлээ шүүхийн өмнө захиргааны байгууллага өөрөө нотлох үүрэгтэй. Ямар учраас нийтийн ашиг сонирхолд нөлөөлөх байдал үүссэн бэ? гарцаагүй байдал, хойшлуулшгүй ажил ямар тохиолдолд зайлшгүй үүссэн гэдгийг хавтаст хэргийн баримтаар нотолж, тогтоогоогүй. Эцэст нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д зааснаар хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим байгаа. Нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас газар ашиглах эрх олгосон гэж дурдсан. Үүний үндсэн дээр нэхэмжлэгч нь тодорхой үйл ажиллагаа явуулж, хөрөнгө санхүү гаргаж, эрсдэл хүлээж, газар ашиглагчийн эрхээ эдэлж, үүргээ хүлээсэн. Эрх олгосон буюу газар олгосон захиргааны актыг үндэслэн бид тухайн хөрөнгө оруулалтыг хийж, үйл ажиллагаа явуулж болно гэх итгэлийг олж авсан. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нь өөрөө мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар. 1 дүгээр хавтаст хэргийн 147 дугаар хуудаст хөрөнгийн үнэлгээ байдаг. Нийт 9 241 166 115 /есөн тэрбум хоёр зуун дөчин нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга нэг зуун арван тав/ төгрөгөөр нэхэмжлэгчийн хохирлыг үнэлсэн байдаг. Манай үйл ажиллагаа явуулж байгаа эд хогшлыг авах боломжоор хариуцагч хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 100.1-д хохирол арилгахыг шаардах эрх бий. Захиргааны байгууллагын хууль бус үйлдлээс өөрт учирсан хохирлыг гаргуулахаар иргэн, хуулийн этгээдээс хохирол барагдуулахыг шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн зүгээс хохирол барагдуулахыг шаардах нэхэмжлэлтэй байж байгаад эцсийн дүнд маргаан бүхий захиргааны акт руу чиглэж, хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 102.2-т захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан.

Хариуцагчаас хохирлын хэмжээтэй маргадаг. Иймээс хохирлын хэмжээг Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү. Анх 2022 оны 7 дугаар сард хүчингүй болгуулахаар маргасан боловч тухайн захирамж нь нэгэнт хэрэгжсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д заасан шаардлагад хамаарна гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад Барилгын тухай хуулийн 46.1.11-д заасан нь үүрэг гэж тайлбарлаж байна. Тус заалтад заасан зохицуулалт нь ноцтой эвдрэл гарсан тохиолдолд гэж байгаа. Энэ нь эсрэгээрээ маргаан бүхий захиргааны актад тухайн зохицуулалтыг үндэслэж байгаа бол Барилгын тухай хуулийн 46.1.11-д заасан агуулгын талаар хийц бүтцэд нь ан цав үүсэж, ноцтой эвдрэл гэмтэл үүссэн... гэж тодорхойлж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай байсан. Энэ нь захиргааны байгууллагын өөрийн нь хийх ёстой байсан үйл ажиллагаа. Нийслэлийн Засаг даргын захирамжийг түүний харьяа агентлагууд өөрсдөө гүйцэтгэсэн. 2023 оны 5 дугаар сарын шүүх хуралдаан асуулт хариултын явцад С.М төлөөлөгчийн зүгээс бид өөрсдөө гүйцэтгэсэн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан хууль зүйн асуудал ноцтой зөрчигдсөн талаар харагддаг. Өөрөөр хэлбэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулиар эрх олгогдоогүй этгээд нь албадан буулгах шийдвэр гаргаж байгаа нь хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн. Сонсох ажиллагаа хийхгүй байх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн талаас баталж нотлоогүй. Хэргийн оролцогч өөрт байгаа баримтыг гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Түүнээс гадна шүүхээс нотлох баримт шаардсан албан бичгүүдэд тодорхой хариу өгөөгүй, байхгүй гэх нөхцөл байдал байдаг. Бидний зүгээс цаашид учирсан хохирлын асуудлыг иргэний хэргийн шүүхээр нэхэмжилнэ. Иргэний хэргийн шүүхээс хэдий хэмжээний хохирол тогтоох талаар хэлж мэдэхгүй.

Газар ашиглагчийн тухайд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан үүргээ ноцтой зөрчсөн гэх зүйл хавтаст хэрэгт байхгүй. Өмнө нь тайлбарласанчлан Зайсангийн аманд цор ганц аялал жуулчлалын зориулалттай газраа ашиглаж байгаа байгууллага. Барилгын тухай хуулийн 35.1.7-д зааснаар шүүхийн шийдвэр, ерөнхий байцаагчийн дүгнэлт зэргийн шаарддаг. Энэ талаар Барилгын тухай хуульд заасан бидний эрх гэж тайлбарлаж байгаа бол холбогдох нотлох баримтыг цуглуулах бодит нөхцөлийг тогтоох үүргээ захиргааны актыг гаргах явцад хэрэгжүүлэх ёстой байсан. Иймд шүүхэд гаргасан тайлбар үндэслэлээ бүхэлд нь дэмжиж байна. нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

            3.3.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.15 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.2.7, 8.3.3, 8.3.14 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9, 11 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтын Дархан цаазат Богд хан уулын байгаль орчны тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9 дэх заалтыг зөрчсөн бөгөөд өмчлөгч, эзэмшигч нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.5, 46.1.7, 46.1.11-д заасан үүргээ биелүүлээгүй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар Зайсангийн гудамжинд байрлах, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч, гэмтсэн барилга байгууламжуудыг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор албадан буулгах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хотын иргэдийн эрүүл аюулгүй ажиллах амьдрах эрхийг хангах зорилгоор хуульд, заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх захиргааны актыг батлан гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.4.Хариуцагчийн өмгөөлөгч У.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий захирамж үндэслэлтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тус захирамжийн 1 дэх заалтаар холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн газрын алба, мэргэжлийн хяналтын газарт даалгасан л захирамж. Хэрэгжилт нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь дүгнэлтээ гаргаж, үйл ажиллагаа зохион байгуулагдах ёстой байсан. Тэгэхээр маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлтэй байна. Цаашдаа тухайн захирамжаар даалгасны үндсэн дээр шийдвэрийг хэрхэн биелүүлсэн талаар асуудал яригдана. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.9 тус захирамжид тусгагдсан тухайд тухайн газарт байрлах шавар гэрүүд ямар төрөл талаар тодорхойгүй байсан. Гэрчилгээ, төрөл заасан гэх бичиг баримт байгаагүй. Тиймээс дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Ан цав үүссэн талаар мэдээллийн сайтууд, хэрэгслээр үзүүлсэн зургаар ч тэр энэ талаарх нөхцөл байдал байдаг. Үүнд иргэдийн аюулгүй байдал буюу нийтийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тул тухайн захирамж нь сонсох ажиллагаа хийхгүйгээр гарсан. Тухайн захирамжид эрх олгосон заалт байхгүй гэж байна. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийг Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд үндэслэх хэсэгт оруулж захирамжийг гаргасан. Барилгын тухай хуулийн 35.1.7 дугаар зүйлийн тодорхой байцаагчийн дүгнэлтийг үндэслэн албадан буулгах, буруутай этгээдээр зардлыг төлүүлэх талаар заалт байгаа. Захирамжийн гол ач холбогдол бүхий хэсэг нь тодорхой нөхцөл байдал үүссэн, Тиймээс холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулахыг тодорхой албан газруудад даалгасан. Тэгэхээр тухайн даалгасан захирамжийн асуудал бус, захирамжийн хэрэгжилтийн явцад өөр маргаан бүхий нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа.

Нэгдүгээрт нэхэмжлэл нь тодорхой бус байна. Нэг бол хууль бус байсан болохыг тогтоолгох гэж байгаа эсхүл илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа талаар тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь салаа утгатай байна. Эрх олгосон заалт байхгүй гэж байна. Тийм бол Засаг дарга ямар нэгэн барилга байгууламжийн хэрэгжилтэд хяналт тавихыг даалгаж болохгүй гэх заалт байхгүй. Нийслэлийн Засаг даргаас хуулийн дагуу олгогдсон эрх хэмжээтэй байгууллагад даалгах эрх нь байна. Тиймээс тухайн Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлд Нийслэлийн засаг даргад эрх олгогдсон байна. Хоёрдугаарт албадан буулгасан, шийдвэр гаргасан байгууллагыг нэхэмжлэгчээс хариуцагчаар татах ёстой. Манай захирамжаар ямар нэгэн албадан буулгах шийдвэрийг гаргаагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэв.

            3.5. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Тухайн захирамжийг хэрэгжих явцад юу болсон талаар сайн мэдэхгүй ч гэсэн сайн гэдгийг л хэлмээр байна. Шоуны л газар байсан. Зайсангийн байгаа хэсэг нь цэвдэгтэй газар. Тухайн барилгуудыг бетоноор барьсан юм шиг байсан. Шаргаморьтод манай зуслан байдаг. Тоосгоор барьсан ч цууралт өгдөг. Тэгэхээр нэг талаараа иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах, Б руу гарч буй хүмүүс хашаа руу нь машинаа оруулж чадахгүй хөөгддөг байсан. Тухайн барилгууд нурсан нь бол сайн. Яаж шийдвэрлэх талаар шүүх шийдвэрлэх байх. Иргэн хүний хувьд ийм л дүгнэлт өгье” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын үндэслэлийн тухайд:

            4.1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            4.2. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ... дүгээр захирамжийн үндэслэх хэсэгт “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх” гэж заасныг зөрчсөн бөгөөд өмчлөгч, эзэмшигч нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4 дэх хэсэгт “барилга байгууламжийн инженерийн хангамжийн системийг арчлан хамгаалах”, 46.1.5 дахь хэсэгт “барилга байгууламжийг галын аюулаас урьдчилан сэргийлэх, ариун цэвэр, эрүүл ахуйн болон экологийн шаардлагыг хангуулах”, 46.1.7 дахь хэсэгт “барилга байгууламжийн орчны тохижилтын засвар арчлалтыг тогтмол хийж, авто болон явган хүний зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахгүй байх”, 46.1.11 дэх хэсэгт “барилгын хийц, бүтээцэд ан цав, цууралт үүсэх зэрэг ноцтой эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд барилгын улсын хяналтын асуудал эрхэлсэн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулан, холбогдох арга хэмжээг авах” гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй, Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан, цав, цөөрөлт үүсэж ноцтой эвдэрч, гэмтсэн барилга байгууламжуудыг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор албадан буулгах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, хэв журмыг сахиулж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт тус тус даалгасугай...” гэж дурдсан бөгөөд тус маргаан бүхий захиргааны акт нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэрэгжсэн байна. 

4.3. Дээрхээс үзэхэд хариуцагчаас маргаан бүхий захиргааны актынхаа эрх зүйн гүндэслэлдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх” заасныг зөрчсөн гэж дүгнэжээ.

4.4. Харин хэрэгт авагдсан баримтууд болох 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга, “М” НҮТББ-ын захирал Л.М нарын хооронд байгуулсан 2016/151 дугаартай Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас олгосон гэрчилгээ, тус шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ШШ дугаартай шүүхийн шийдвэр[7] зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн Богдхан уулын дархан цаазат газарт явуулж байсан үйл ажиллагаа нь хуулийн дээрх ойлголтод хамаарахгүй байна.

 4.5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйл “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх”, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина” гэж заасан байхад Нийслэлийн Засаг даргад Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжийг албадан буулган Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрх хэмжээг хэрэгжүүлсэн нь хууль бус юм.

4.6. Хариуцагчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлийг “Маргаан бүхий захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна... Барилгын тухай хуулийн ...35.1.7 дугаар зүйлийн тодорхой байцаагчийн дүгнэлтийг үндэслэн албадан буулгах талаар заалт байгаа... холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулахыг тодорхой албан газруудад даалгасан... даалгасан захирамжийн асуудал бус, захирамжийн хэрэгжилтийн явцад өөр маргаан бүхий нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа… эдгээр байгууллагууд дүгнэлт гаргаж тухайн ажлыг зохион байгуулах ёстой байсан” хэмээн тайлбарласан.

4.7. Шүүхийн зүгээс энэ талаар үйл ажиллагаа, хяналт тавих ажил хийгдсэн эсэхийг тус захирамжаар үүрэг болгосон байгууллагуудаас тодруулахад[8] Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02-01/4533 тоот албан бичиг[9], Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01-08/5105 тоот[10] албан бичгүүдээр “... дугаар захирамжийн хүрээнд ямар нэгэн хяналт шалгалт хийгдээгүй... арга хэмжээ аваагүй” гэх хариу ирүүлсэн болно.

4.8. Ийнхүү маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийн газар дээрх барилга, бүтээцийг буулгахдаа Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 46 дугаар зүйлийн 46.1.11-д тус тус заасан дүгнэлтэд үндэслээгүй, үүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул Нийслэлийн Засаг даргын гаргасан маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            4.9. Түүнчлэн хариуцагч захиргааны үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.3-д “хуульд заасан төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”-аар заасан зарчмуудыг хэрэгжүүлээгүй байх тул тухайн захиргааны актыг зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий гэж дүгнэх боломжгүй юм.

4.10. Мөн түүнээс гадна дээрх хуулийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг захиргааны байгууллага үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр заасан байх ба хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэдгийг “нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно”-хоор тодорхойлжээ.

4.11.Тус хэргийн тухайд нэхэмжлэгчид дээрх зүйлд дурдсан нөхцөл байдал үүссэн.

 4.12.Тодруулбал, нэхэмжлэгч нь анх    байрлах 10 га газрыг 2016 оны Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн садын ... дүгээр тушаалын дагуу аялал жуулчлалын зориулалтаар, 15 га газрыг мөн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өрийн А/116 дугаар захирамжаар эко сургуулийн зориулалтаар  эзэмших эрхийг[11] тус тус олж авсан. Тухайн газартаа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахаар тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан[12], мөн цаашдын эдийн засгийн үйл ажиллагаагаа төлөвлөсөн зэрэг нөхцөл байдал нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх зүйлийн үзэл санаанд хамаарч байна.

            4.13. Хэдийгээр хариуцагч талаас “...иргэдийн аюулгүй байдал буюу нийтийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тул тухайн захирамж нь сонсох ажиллагаа хийхгүйгээр гарсан…” гэж сонсох ажиллагаа хийгээгүй талаараа тайлбарлах боловч шүүхийн мэтгэлцээний явцад дээрх нөхцөл байдал бүрдсэн талаар хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хөдөлбөргүй баримтаар нотлоогүй.

            4.14.Хэрэгт авагдсан баримт маргааны үйл баримтаас дүгнэвэл энэ тохиолдолд Иргэний хуулийн 11 дүгээр зүйлд “Тухайн нөхцөл байдалд аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй бол түүнийг таслан зогсоох, сэргийлэх зорилгоор хийсэн үйлдэл…” заасан нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах, гарцаагүй байдлын улмаас сонсох ажиллагааг хийхгүй байх нөхцөл байдал үүсээгүй байна.

4.15.Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид гардуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл “оролцогчийг сонсох”, 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйл “Сонсох ажиллагааг явуулах”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт  заасан “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох нэхэмжлэгчид түүнийг эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх актыг гарахаас өмнө мэдэгдэж, улмаар энэ эрхээ хамгаалах үндэслэл бүхий тайлбар гаргах боломжоор хангаагүй, энэ талаар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүй орхигдуулсан.

4.16. Тухайлбал хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт  заасан сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангаагүй байна.

4.17.Мөн иргэдийн төлөөлөгчөөс “...Тухайн захирамжийг хэрэгжих явцад юу болсон талаар сайн мэдэхгүй ч гэсэн сайн гэдгийг л хэлмээр байна. Шоуны л газар байсан. Зайсангийн байгаа хэсэг нь цэвдэгтэй газар. Тухайн барилгуудыг бетоноор барьсан юм шиг байсан. Шаргаморьтод манай зуслан байдаг. Тоосгоор барьсан ч цууралт өгдөг...” гэх дүгнэлтийн тухайд барилгад ан цав, цууралт өгсөн талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор үйл ажиллагааг нь зогсоох тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан эсэх талаар баримт байхгүй, энэ үйл баримтын тухай шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлогдохгүй байх тул шүүхээс иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

4.18. Түүнчлэн нэхэмжлэгч “М” НҮТББ нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас ...өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 102 дугаар зүйлийн 102.2 дахь хэсэгт “хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж заасан зохицуулалтыг баримтлан хариуцагчаас хохирол шаардах эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

            4.19. Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэн шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ... дүгээр захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 42 дугаар зүйлийн 42.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан маргаан бүхий 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын ... дүгээр “... байгаль орчны тэнцвэрт байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж нь хууль бус байсан болохыг тогтоосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах атны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

                       

                                                    ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                    ШҮҮГЧ                                   Х.НЯМДЭЛГЭР

 

 

 

[1] 2-р хавтаст хэргийн 123-124 дүгээр тал,

[2] 1-р хавтаст хэргийн 243 дугаар тал,

[3] 1-р хавтаст хэргийн 12 дугаар тал,

[4] 1-р хавтаст хэргийн 14-15 дугаар тал,

[5] 1-р хавтаст хэргийн 240 дүгээр тал,

[6] 1-р хавтаст хэргийн 52 дугаар тал,

[8] 1-р хавтаст хэргийн 77, 78 дугаар тал,

[9] 1-р хавтаст хэргийн 82 дугаар тал,

[10] 1-р хавтаст хэргийн 83 дугаар тал,

[11] 1-р хавтаст хэргийн 244 дүгээр тал,

[12] 1-р хавтаст хэргийн 145-181 дүгээр тал