Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 03

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат би, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас А.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701070110 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

               Нарийн бичгийн дарга                            Л.Отгончимэг

               Улсын яллагч                                          Ж.Бүрэнжаргал                                     

               Шүүгдэгч                                                  А.Э- нар оролцов.

            

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Багануур дүүрэг ..-р хороо .. дугаар байрны .. тоотод оршин сууж байсан ба иргэний үнэмлэхэд энэ хаягийг бүртгүүлсэн байдаг, 2001 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 53 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 2002 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 177 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял, 2006 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 76 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сар хорих ял, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 280 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 148 дугаар зүйлийн 148.3-т тус тус зааснаар мөн хуулийн 58.1-ийг журамлан хүнд ялд хөнгөн ялын зарим хэсгийг нэмж нийт 5 жил 6 сарын хорих ял тус тус шийтгүүлж байсан, Х овгийн А. Э

            Прокурорын яллах дүгнэлтэд: Яллагдагч А.Э-г 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Багануур дүүргийн  дугаар хороо, Рашаантын дугаар гудамжны  тоот хашаанд байсан иргэн О.А эзэмшлийн “Ниссан Марч” маркийн тээврийн хэрэгслийг 2.000.000 төгрөгөөр худалдаж авъя мөнгийг нь данс руу чинь шилжүүлье гэж хуурч аваад бусдад худалдан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

             Шүүхээс А.Э-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Хэргийн бодит байдлын талаар дүгнэхэд:

 А.Э- нь 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэн О. ийнд очиж NISSAN MARCH маркийн 87-73 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь үзэж 2 сая төгрөгөөр худалдан авах, үнийг маргааш нь дансаар хийхээр тохиролцоод тээврийн хэрэгслийг унаж яваад Улаанбаатар хотод Н.Д- гэгчид 600.000 төгрөгөөр борлуулсан, О.А-ийг утсаар нь залгахад “мөнгийг чинь шилжүүлсэн” гэж хэлээд дахин түүнтэй харьцаагүй зэрэг нь хохирогч О.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өөрийнхөө хувийн машинаар такси үйлчилгээнд явж байхад 5 дугаар хорооны хажуу талаас нэг залуу гар өргөж суугаад Хэрлэнгийн 11-р гудамжны 01 тоот руу хүргүүлнэ гэсэн. Тэр залуу надаас хямдхан машин байна уу эхнэр хүүхэддээ авч өгөх гэсэн юм гэж ярихаар нь надад Ниссан марч маркийн тээврийн хэрэгсэл байна гайгүйхан зарчихна гэхэд манай хашаанд /Рашаантын 7-р гудамжны 08 тоот/ байсан 87-73 УБН улсын дугаартай Ниссан марч маркийн машиныг асааж үзсэнээ авахаар болсон.  Хэрлэнгийн 11-р гудамжны 01 тоотод амьдардаг байшин барьж байгаа гээд намайг хашааныхаа гадна дагуулаад очсон. Өөрийгөө А-жавын Э гэдэг, Доун баарыг ажиллуулж байсан одоо надад бэлэн 800.000 төгрөг байна таны машиныг бэлэн 2.000.000 төгрөгөөр авъя маргааш ааваас 1.200.000 төгрөгийг аваад танд бэлнээр өгье би энэ хашаа байшинг 27.000.000 төгрөгөөр худалдаж авсан гээд шинээр барьж байгаа байшингаа харуулсан. Иймд би тэр залууд итгээд тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон татвар төлсөн, оношлогоонд орсон бичиг баримттай хамт өөрийнхөө дансыг бичиж өгөөд машинаа өгч явуулсан. Дансандаа мөнгө орохыг хүлээгээд 2 хоноход мөнгө орж ирэхгүй байхаар нь гэрт нь очиход барилга барьж байсан нэг залуу наадах чинь бүтэхгүй хүн байгаа юм би хамт шоронд байсан гэж хэлэхээр нь чи утас руу нь залгаад өгөөч гээд залгуулж ярихад би таны мөнгийг шилжүүлчихсэн шүү дээ гэж хэлэхээр нь миний утсанд мэдээлэл орж ирээгүй байна гэхэд утсаа салгаад дахин аваагүй. Сураглаад байхад Э- биш Э- гэх нэртэй болж таарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 66-69 дугаар хуудас/, шүүгдэгч А.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Хэрлэн рүү явахаар такси барьсан, жолооч нь А- гэх хүн байсан, таксины жолоочоос хямдхан машин байна уу гэж асуухад Nissan march маркийн машин байгаа гэхээр нь гэрт нь очиж машиныг унаж үзээд авч яваад хоёр хоногийн дараа ирье гэж хэлсэн. маргааш өглөө нь машиныг унаад Төв аймагт очоод аавдаа үзүүлэхэд аав хэрэггүй гэж хэлсэн тул хот орж Д- гэх ченж залууд машиныг 2 сая төгрөгөөр зарж 350 000  төгрөгийг урьдчилж авсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, иргэний нэхэмжлэгч Н.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хуучин машины ченж хийдэг манай найз Батхүү хүн машин зарна гэж байна гэхээр нь очиход 87-73 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан бөгөөд тэр залуу 600.000 төгрөгөөр зарна гэсэн бөгөөд манай ах тендерт явдаг энэ машин ахын нэр дээр байгаа 16 цагт ирэхээр нь машиныхаа нэрийг шилжүүлье, одоо наймаагаа хийчихье, мөнгөний хэрэг болоод байна гэсэн. Би Э-гаас нэхэмжилсэн 350.000 төгрөгөө төлүүлж авсан одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 дугаар хуудас/, гэрч Ш.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрүүдэд Улаанбаатар хот яваад ирсэн чинь манай хашаанд хөх өнгийн жижиг суудлын тэрэг байсан бөгөөд Э- мөнгөний өртэй хүн өрөндөө өгсөн юм гэж хэлсэн, тэр өдрөө машинаа унаад аав руугаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

NISSAN MARCH маркийн 87-73 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 1.200.000 төгрөгийн зах зээлийн үнэтэй болох нь “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд /хх-ийн 56-64 дүгээр хуудас/ тусгагджээ.

Хэргийн бодит байдлыг тогтоосон нотлох баримтуудыг дүгнэхэд: 

      Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж хуулийн дагуу авагдсан, мэдээллийг хаанаас хэрхэн олж авсан нь тогтоогдсон, мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээчин нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй, энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд бөгөөд үнэлгээ хийсэн аргачлал, тооцоолол нь тодорхойлогдсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар батлагдсан. Дээрх нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжилж судалсан болно.      

Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

 

Хэргийн бодит байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

     А.Э- нь хохирогчид 1 хоногийн дараа мөнгийг чинь дансаар шилжүүлнэ гэж амлан тээврийн хэрэгслийг холбогдох бичиг баримтын хамт өөрийн эзэмшилд авч ашигласан, мөнгийг шилжүүлээгүй байж шилжүүлсэн гэж хохирогчид утсаар хэлээд хаана байгаагаа мэдэгдэхгүй сураггүй болсон, 2 сая төгрөгийн үнэ төлөхөөр хохирогчтой тохиролцсон боловч тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод аваачин бусдад 600.000 төгрөгөөр борлуулсан зэрэг нь  хохирогчийг хуурч мэхлэх арга хэрэглэн бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд шилжүүлсэн үйлдэлдээ  шунахай сэдэлтээр санаатай хандсаныг нотолж байна.

А.Э-н үйлдэл нь хохирогчид бага бус хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулсан байна. Шүүгдэгч нь иргэн О.А-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасан Монгол улсын иргэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхтэй, хувийн өмчийг хууль бусаар авахыг хориглоно” гэснийг  Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17 дугаар зүйлд заасан “хүн бүр эд хөрөнгө өмчлөх эрхтэй, хэний ч эд хөрөнгийг дураар авч болохгүй” гэснийг тус тус зөрчсөн байна.

 

Иймд А.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалтын явцад тээврийн хэрэгслийг хураан авч хохирогч О.А-д хүлээлгэн өгсөн нь хохирогч О.А-ийн “машинаа хүлээн авсан одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр /хх-ийн 68 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нь батлагдаж байна.

 

Прокуророос яллагдагч О.Э-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ 23 хоног цагдан хоригдсон байх тул хуульд зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 345 нэгж болж байх тул А.Э-г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ялаас 345 нэгж буюу 345.000 төгрөгийг хасч эдлээгүй үлдсэн 105 нэгж буюу нэг зуун таван мянган /105.000/ төгрөгийн торгуулийн ялыг эдлүүлнэ. 

Иргэний нэхэмжлэгч Н.Д-д 350.000 төгрөгийг төлсөн нь Д-гийн “350.000 төгрөгөө төлүүлж авсан тухай мэдүүлгээр /хх-ийн 62 дугаар хуудас/ тогтоогджээ.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Харчу овгийн А-ийн Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Харчу овгийн А-ийн Э-д дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх болон 2 дахь хэсэгт тус тус зааснаар А.Э-гийн цагдан хоригдсон 23 хоногийг эдлэх ялд буюу 345.000 төгрөгийн торгуулийн ялтай дүйцүүлэн эдлэх ялаас хасаж 105 мянган нэгж буюу нэг зуун таван мянган /105.000/ төгрөгийн торгох ялыг эдлүүлсүгэй.
  4. А.Эрдэндалай нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.А-д тээврийн хэрэгслийг нэг бүрийн шинжээр нь буцаан өгсөн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад зааснаар иргэний нэхэмжлэгч Н.Д-д 350.000 төгрөгийг буцаан өгсөн зэргээр хохирол арилсан, хор уршиг нэхэмжлэгдээгүйг тус тус дурдсугай.
  5. А.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Э-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 
  6. А.Э-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                                             

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.ОЮУНБАТ