Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2024/0179/З |
Дугаар | 128/ШШ2024/0569 |
Огноо | 2024-07-05 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2024/0569
2024 07 05 | 128/ШШ2024/0569 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д ХХК
Хариуцагч: Хот байгуулалт, Хотын стандартын газар
Нэхэмжлэлийн шаардлага: ДХХК-д барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Д ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газарт даалгах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1. 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Хот байгуулалтын инженер бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.Иын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Д ” ХХК-д барилгын ажлын зөвшөөрөл олгохыг Хот байгуулалт, хөгжлийн гарын даргад даалгах”[1] гэж тодорхойлсон.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Д ” ХХК-д барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “Д ” ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газарт даалгах”[2] гэж эцсийн байдлаар тодорхойлжээ.
2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:
2.1. Нэхэмжлэгч “Д ” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар ДХХК-д Улаанбаатар хот, 0.34 га талбайг аялал жуулчлалын зориулалттаар 5 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлж, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дугаар эзэмших эрхийн гэрчилгээг[3] олгожээ.
2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн газрын албатай №2019/302 дугаар “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-г байгуулан, тус гэрээнд заасан газар эзэмшигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр болсон байна.
2.2. Улмаар дээрх өмчлөлийн 0.34 га газарт баригдах орон сууцны барилгад Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/ 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн олгож, барилгажих талбайг 2579.19 м.кв талбайд төлөвлөхөөр тогтоон, 2022 онд барилгын загвар зургийг баталж, инженерийн шугамд холбох техникийн нөхцөлүүд[4] олгогдож, барилгын ажлын зураг батлан, ажлын зурагт магадлал хийгдэж, нэгдсэн дүгнэлт гарсан[5].
2.3 Нэхэмжлэгчээс Хот байгуулалт, хөгжлийн газарт барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авах хүсэлтийг анх 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №06/2022 дугаар албан бичгээр гаргахад хариуцагч шийдвэрлээгүй.
2.4. Улмаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй байхад барилгын ажлыг эхлүүлж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөн олгуулахаар 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23/24 дугаар албан бичгээр[6] дахин хүсэлт гаргасныг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 9/2234 дүгээр албан бичгээр татгалзсан.
2.5. “Д ” ХХК-аас Хотын стандарт, хяналтын газарт хандан “...2018 онд зураг төслийн ажлаа эхлүүлсэн байх үед ашиглах эрх бүхий газраа 2 жил ашиглаагүй гэх шалтгаанаар газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хүчингүй болгож, шүүхэд хандаж газар ашиглах эрхийг сэргээсэн. ...газар ашиглалтаа бодитоор хэрэгжүүлэх, тухайлбал сууриа цутгасан байх шаардлагатай... бодит байдал нөхцөлийн дунд барилгын ажлыг зөвшөөрөлгүйгээр буюу зөрчил гарган ажилласан гэдгээ сайн дураар мэдүүлж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” агуулга бүхий Зөрчил мэдээлэл гаргах тухай мэдэгджээ[7].
2.6. Хотын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын Улсын ахлах байцаагч Ц.Аээс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ...тоот “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар[8] ДХХК-ийг 5,000,000 төгрөгөөр торгож,
мөн зөрчлийн үр дагаврыг арилгуулах үүднээс Эрх бүхий албан тушаалтны даалгавраар[9] барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн авахыг үүрэг болгожээ.
2.7. “Д ” ХХК-аас торгуулийн төлбөрийг төлж, Эрх бүхий албан тушаалтны даалгаврын дагуу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 25/23 дугаар албан бичгээр Барилга байгууламж барих ажлын зөвшөөрөл хүсэж Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт /хуучин нэрээр/ хандсан боловч тус газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар албан бичгээр[10] “...Барилгын зөвшөөрлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх;”, 40 дүгээр зүйлийн 40.1.16 “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” Заалтуудыг тус тус зөрчин барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Иймд Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7.2-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно.” гэж заасны дагуу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ.
2.3.Тус шүүх нэхэмжлэгчээс гаргасан Хот байгуулалтын инженер бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.Иын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, ДХХК-д барилгын ажлын зөвшөөрөл олгохыг Хот байгуулалт, хөгжлийн гарын даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...ДХХК нь 0.35 га газрыг " - Аялал жуулчлалын цогцолбор" төслийн хүрээнд 2016 оноос хойш газар ашиглах гэрээний үндсэн дээр ашиглаж байна.
2018 онд тус цогцолборын зураг төслийн ажлыг эхлүүлэх үед Байгаль орчин. аялал жуулчлалын яамнаас “газар ашиглах эрх бүхий газраа хоёр жилийн хугацаанд ашиглаагүй" гэх шалтгаанаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож, улмаар манай компаниас энэ асуудлаар шүүхэд хандан шийдвэрлүүлснээр газар ашиглах эрхээ сэргээлгэсэн байдаг. Улмаар 2019 онд уг маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэнээр юун түрүүнд газар ашиглалтаа бодитоор хэрэгжүүлэх шаардлага бидэнд тулгарсан.
Ийнхүү манай компани нь зураг төслийн ажлыг дуусган 2022 онд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүсэж Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газарт хоёр удаа хандсан боловч материал дутуу гэх шалтгаанаар хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй ба Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас энэ талаар хариу шийдвэр манайд огт өгөөгүй. Ийнхүү эрх бүхий байгууллагаас газар ашиглах эрхээ дахин цуцлуулахгүйн тулд нойтон суурийн ажлыг эхлүүлсэн байдаг. Үүний дараагаар манай компаниас 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хотын стандарт, хяналтын газарт хандан барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр нойтон суурийн ажлыг эхлүүлсэн зөрчлийн талаараа сайн дураараа мэдэгдсэн. Хотын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын Улсын ахлах байцаагч Ц.Аээс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ...тоот “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсаар уг зөрчилд холбогдуулан 5,000,000 төгрөгөөр торгож, энэхүү торгуулийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай компаниас бүрэн төлж барагдуулан хариуцлага хүлээсэн байдаг. Мөн Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын Улсын ахлах байцаагч Ц.Аээс зөрчлийн үр дагаврыг арилгуулах үүднээс “Эрх бүхий албан тушаалтны даалгавар"-аар манай компанид барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн авахыг үүрэг болгосон ба уг даалгаврын дагуу манай зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр №25/23 тоот албан бичгээр Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт хандан барилгын ажлын зөвшөөрөл хүссэн.
Гэтэл Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын Инженерийн Бэлтгэл, Хяналтын хэлтсийн дарга М.И нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн № тоот албан бичгээр “Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь хэсэгт “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх" заалтыг зөрчиж барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн учир Барилгын ажлын зөвшөөрлийг нөхөж олгохгүй гэх хариуг өгсөн байдаг.
Ковид-19 цар тахал, барилгын материалын үнийн өсөлт зэрэг хүнд үед газар ашиглах эрхээ сэргээсэн даруй манай компанийн зүгээс суурийн нойтон ажлаа эхлүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч, ийнхүү барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр ажил эхлүүлсэн болохоо холбогдох эрх бүхий байгууллагад сайн дураараа мэдэгдэн, зөрчлийн хариуцлагаа хүлээж торгуулсан байтал Хот байгуулалтын Инженерийн Бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.Иын зүгээс барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр гаргасан.
Өөрөөр хэлбэл, ДХХК-ийн 2022 он, 2023 онд Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас ДХХК-ийн барилгын ажлын зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан хууль бус эс үйлдэхүй гаргасан, энэхүү үйлдлийн улмаас ДХХК-ийн эрх ашиг ноцтойгоор зөрчиж барилгын ажлаа гүйцэтгэх боломжгүй болж байна.
Иймд ДХХК-д барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ДХХК-ийн барилгын ажлын зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт даалгаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна” гэжээ.
3.2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...ДХХК-аас тус газарт 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Барилга, байгууламж барих ажлын зөвшөөрөл хүсэх тухай” 23/24 дугаартай албан бичиг болон 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Барилга, байгууламж барих ажлын зөвшөөрөл хүсэх тухай” 26/23 дугаартай албан бичгийг ирүүлсэн.
...байрлах аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилга нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.16 заалтуудыг тус тус зөрчин барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7.2-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно” гэж заасны дагуу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгох хуулийн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
“Д ” ХХК-аас өөрийн Улаанбаатар хот, эзэмших 3538,0 м.кв эдэлбэр газрынхаа 2579,19 м.кв газар дээр Аялал жуулчлалын цогцолбор, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж барихаар хандсанаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар олгож[11], аялал жуулчлалын гэр амралтын цогцолбор загвар зургийг[12] 2022 оны 05 дугаар сарын 16 өдөр баталжээ.
Улмаар “ ” гэр амралт, аялал жуулчлалын цогцолбор барилгын ажлыг хэсэгчлэн хийж гүйцэтгээд уг цогцолборын 4 дээр ээлжийн барилгаа дээрх газраас үлдэх 0.34 га талбайд хийж гүйцэтгэхээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг холбогдох баримтын хамт хүссэн байна.
Нэхэмжлэгчээс Барилгын тухай хуулийн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно, 26.1.1. барилга байгууламжийг шинээр барих гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д Барилгын ажлын зөвшөөрлийг дараах эрх бүхий этгээд олгоно, 28 дугаар зүйлийн 28.1.Барилгын ажлын зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох бөгөөд энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна; 28.2.Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана; 28.2.1.барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр; 28.2.2.барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт; 28.2.3.зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар; 28.2.4.байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан; 28.2.5.гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргана гэжээ.
Дээрх бүхий л үе шатны баримт бичгийн бүрдлийг хангасны[13] эцэст 2 давхар, 24.0м Х 12.0 м харьцаатай барилга 2, 24.0м Х 14.0 м харьцаатай барилга 1 ширхэг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авах хүсэлтээ 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №06/2022[14], 2023 оны 08 дүгээр сарын 18-ний өдрийн 23/24[15], 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23/25[16] зэрэг албан бичгээр удаа дараа хандсан боловч хариуцагчаас 2023 оны 08 дүгээр сарын 31-ний өдрийн 9/2234[17], 2023 оны 12 дугаар сарын11-ний өдрийн [18] албан бичгээр “...барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16 заалтыг зөрчин барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн, Засгийн газрын 2021 оны 2013 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7.2-т заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгохгүй...” хэмээн нэхэмжлэгчийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн өргөдлийг шийдвэрлэлгүй татгалзсан ажээ.
Энэхүү шийдвэрийн агуулгаас үзвэл хариуцагч барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд шаардагдах баримтыг бүрдүүлээгүй, бүрдэл дутуу” гэж татгалзалгүй, зөвхөн барилга угсралтын ажлыг урьдчилан эхлүүлсэн гэж үзжээ.
Харин нэхэмжлэгчийн хувьд барилга угсралтын ажил хийсэн хэмээн буруутгагдаж буй бетонон баганан суурьтай барилгыг Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахыг зөвшөөрсөн буй эрх бүхий этгээдээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” буруутгагдан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаас урьдчилан сэргийлэх байдлаар арга хэмжээ авсан хэмээн тайлбарласныг буруутгах боломжгүй юм.
Учир нь төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хоорондын ойлголтын зөрүү, хамтын ажиллагаа хангалтгүй байгаагаас иргэд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хууль, дүрэм журам зөрчих нөхцлийг бий болгосон.
Бодит байдал дээр маргаан бүхий барилгын дутуу гүйцэтгэл нь нэхэмжлэгчийн 2016 оноос хойш хариуцагчийн зөвшөөрлийн дагуу хэрэгжүүлж байгаа “ ” гэр амралт, аялал жуулчлалын цогцолбор барилгын ажлын үргэлжлэл байх бөгөөд энэ тохиолдолд инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон, барилгын ажил батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэсэн, явцын хяналтыг үе шат бүр нь захиалагч, зохиогч, гүйцэтгэгч, хөндлөнгийн хяналтын хүрээнд хийгдэж байсан, үүний улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх нөхцөл байдал үүсээгүй болох нь шүүхээс маргааны бүхий газар дээр үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургаар[19] тогтоогдоно.
Түүнчлэн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийг холбогдох хуульд заасан журмын дагуу шалгаж, хариуцлага хүлээлгэхдээ хариуцагч байгууллагын татгалзалд дурдсан барилга угсралтын ажлыг зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн үйлдэлд бус, нэхэмжлэгч буюу барилгын ажлын захиалагчийг Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх; хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн буруутгасан байна.
Ийнхүү барилгын ажлын зөвшөөрөл хүссэн хүсэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаан, нийтэд илэрхий Ковид 19 цар тахлын сөрөн нөлөө байсан эсэх зэрэг бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т заасан барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд шаардагдах баримт бичгийн бүрдэлд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын үйлдэл хууль бус.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн үйл ажиллагаа хүрээнд гарсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.-д заасан ...бодит нөхцөлд тохирсон...” үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
Энэ тохиолдолд хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээний хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж заасны дагуу маргааны үйл баримтад шүүхээс өгсөн үндэслэлийн дагуу холбогдох ажиллагааг явуулан “Д ” ХХК-д Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасан нөхцөл шаардлагыг хангуулан барилгын ажлын зөвшөөрлийг олгох асуудлыг зохих журмыг[20] зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрлэхийг Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газарт даалгах боломжтой гэж үзэн шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч “Д ” ХХК-д барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “Д ” ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] Хавтсаар 1, хуудсаар 1-3
[2] Хавтсаар 1, хуудсаар 218-219
[3] Хавтсаар 1, хуудсаар 13
[4] Хавтсаар 1, хуудсаар 231
[5] Хавтсаар 1, хуудсаар 64-91
[6] Хавтсаар 1, хуудсаар 19-20
[7] Хавтсаар 1, хуудсаар 23
[8] Хавтсаар 1, хуудсаар 96
[9] Хавтсаар 1, хуудсаар 95
[10] Хавтсаар 1, хуудсаар 28
[11] 1 хавтас хэргийн 64 хуудас
[12] 1 хавтас хэргийн 65-68 хуудас
[13] 1 Хавтас хэргийн220-250, 2 хавтас хэргийн 1-30 хуудас
[14] 1Хавтас хэргийн 226 хуудас
[15] 1 хавтас хэргийн 19-20 хуудас
[16] 1 хавтас хэргийн 27 хуудас
[17] 1 хавтас хэргийн 21, 41 хуудас
[18] 1 хавтас хэргийн 28-29, 43 хуудас
[19] 1 хавтас хэргийн 186-189 хуудас
[20] Засгийн газрын 2021 оны 2013 тогтоол