Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2024/04340

 

 

 

 

 

 

 

 

2024 10 23 182/ШШ2024/04340

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух Цийн Б /****/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух Дын Б /***/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 70,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Д.Бд холбогдуулан 70,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Нэхэмжлэгч нь Д.Бтай 2018 оноос хойш ажил хэрэгтэй холбоотой танилцаж байсан. 2021 оны 09 дүгээр сард залгаад хүсэлт гаргаж _____ төвд Талст худалдааны төвд ахуйн хэрэглээний бөөний төв ажиллуулдаг. Өдөрт 8,000,000-10,000,000 төгрөгийн тогтсон орлоготой, миний бизнест хөрөнгө оруулж хамтран ажиллаач гэж хүсэлт тавьсан. Миний бие сар шахуу үйл ажиллагаа явуулж тооллого хийж үзэхэд 160,000,000 төгрөгийн бараа тоологдож байсан. Миний өөрийн үндсэн мөнгө 40,000,000 төгрөг, олон компаниудын зээлээр өгсөн байгаа. Иймд надад 40,000,000 төгрөг гаргачих, хамт борлуулалтын орлогоо хуваагаад авъя гэж хэлснийг зөвшөөрч, Хаан банкнаас 30,000,000 төгрөгийн зээл авч, ах дүү нараасаа 10,000,000 төгрөг цуглуулж аваад Д.Бгийн данс руу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлж, Д.Б нь өөрийн гараар гэрээ боловсруулж, гарын үсэг зурсан. Сар бүрийн ашиг болох 9 хувийг авахаар тохиролцсон гэрээний дагуу 2021 оны 10 сараас 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд ашиг гэж 29,480,000 төгрөг авсан.

Үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр жилийн эцсийн Анунгоо компанийн төлбөр төлөх 30,000,000 төгрөгийн худалдан авалт дутаад байна, үүнийг гаргаад өгөөч, ингэвэл Турк явах эрх олгогдоно. Хэрэв төлөлт биелэгдээд Турк явах эрхээ авбал үүнийг танд өгье гэж хэлснээр нь Хаан банкнаас 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээл авч Д.Бгийн данс руу шилжүүлсэн.

Үүнээс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 13,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 16,050,000 төгрөг, нийт 29,050,000 төгрөгийг буцаан **** тоот дансанд шилжүүлж авсан.

Тэгэхээр үндсэн зээл 30,000,000 төгрөг ямар нэгэн хүүгүйгээр эргэн төлөх нөхцөлтэй зээлсэн учир одоо 950,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Үүний дараа 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 1 сарын хугацаанд зээлсэн ба хүүний төлбөр нь 25,000,000 төгрөгөөс 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг авсан. Уг зээлээс үндсэн мөнгөнөөс 20,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

Би 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажил дээр нь очиход лангуу дээр нь ямар ч бараа буугаагүй байсан. Түүний утас руу нь залгахад холбогдох боломжгүй болсон. Ц.Баас авсан тус мөнгийг өөр хөрөнгө оруулалтад зарцуулсан байсан нь илтэд харагдаж байсан тул худалдагчаас нь сольсон дугаарыг нь аваад яриад 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр уулзаад хөрөнгө оруулалтаа, зээлсэн мөнгөө буцааж авъя гэхэд Эрдэнэтэд байрлалтай 2 өрөө байр худалдаж авсан. Та үүнийг барьцаанд аваад мөнгийг нь 8 сард өгнө гээд дахиад алга болсон. 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хайж олоод уулзахад 8 сард багтааж 4 удаагийн давтамжтай мөнгийг нь буцааж олгоно гээд гарын үсэгтэй баталгаа бичүүлж авсан. Энэ баталгааг хариуцагч өөрийн гараар бичиж үйлдсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч С.Даваадорж нь эхнэрийн бие муудаад байна. Би эхлээд энэ мөнгийг барагдуулна гээд эвлэрсэн боловч Д.Бг итгэмжлэх эрхгүй байсан учир эвлэрлийг хүчингүй болгосон. Иймд зээлийн гэрээний үүргийг хангуулж хариуцлагаа хүлээж үнийн дүнгийн 0.5 хувийн алданги авахаар тохирсон. 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөгийн алданги нь хоногийн 100,000 төгрөг болж байна. Иймд 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нэхэмжлэл гаргасан хугацаа хүртэл алданги тооцоход 16 сар 12 хоног байх бөгөөд 20,000,000 төгрөгийн алданги нийт 49,100,000 төгрөг боловч бид алдангийн нийт хэмжээг зээлийн төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүй байх үүднээс 10,000,000 төгрөг нэхэмжилж байна.

Иймд анх хөрөнгө оруулсан 40,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зээлсэн мөнгөний үлдэгдэл 950,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зээлсэн 20,000,000 төгрөг, түүний алданги 10,000,000 төгрөг нийт 70,950,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Нэхэмжлэгч нь хөрөнгө оруулах гэж байгаад мөнгө зээлсэн юм шиг зүйл ярилаа. Зээлсэн мөнгөө эргүүлж авах, эргэн төлөгдөх мөнгө төлөгдөхгүй байна, алдангиа авъя гэх зүйлүүдийг ярьж байна. Эхний нэхэмжлэлийн шаардлагыг харахад хамтран ажиллаж байсан байдаг. Тэгснээ 2 дахь нэхэмжлэлийн шаардлага нь дахиад зээлсэн мөнгөө авах гэж байна. Зээлсэн мөнгөө авах гэж байгаа юм уу, хамтарч ажиллаад ашиг хувааж аваад байгаа зүйл юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь манайд мөнгө шилжүүлж өгсөн. Бид мөнгийг буцааж төлсөн гэх зүйлийг ярьж байгаа. Манайд нийт 70,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Манайх буцаагаад 54,809,000 төгрөгийг төлсөн байдаг. Нэг бол ашгаа буцааж авсан гэж яриад байна. Яг аль гэрээний харилцаа гэдэг нь тодорхой биш байна. Зээлийн гэрээний асуудал нь нотариатаар баталгаажуулаагүй, өөр өөр гарын үсэгтэй юм шиг харагдаад байна. Манайх энэ зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч байгаа зүйл байхгүй. Мөн зээлийн алданги тооцоод байна. Миний харж байгаагаар он сар нь өөрчлөгдөөд гарсан зүйл харагдаад байна. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Энэ зээлийн гэрээнд бүх төлбөрөө нэгтгээд үүнээсээ алданги тооцоод байгаа юм. Энэ нь 25,000,000 төгрөгтэй холбоотой зээлийн гэрээ юм уу? эсвэл бүх мөнгөн дүнг нэгтгээд тэндээсээ зээлийн гэрээ байгуулаад түүнээсээ хүү тооцоод байгаа юм уу? гэдэг нь тодорхойгүй.

Мөн Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээнд тусгах зүйлсийг заасан. Үүнд ашиг алдагдлыг хуваарилах зарчмаар хамтран ажиллаж байгаа этгээдүүд өөрсдөө тал талаараа хариуцах ёстой. Д.Б нь ашиг олж чадаагүй, алдагдал хүлээн маш их татварын өрөнд орсон. Нэхэмжлэгч тал хамтран ажиллаж байгаа үеийн хугацаа учир мөн хамтран хариуцах ёстой гэж харагдаж байна. Иймд шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн алдангийн тооцоог ярьж байна. Алдангийн дүнг нийт үнийн дүнгээс тооцоод байгаа учир зээлийн гэрээтэй холбоогүй гэж харж байна. Алдангийг өөр байгуулсан гэрээний дагуу шаардаж байгаа бол бичгээр байгуулаагүй гэрээнээс алданги шаардах боломжгүй. Энэ нь тусдаа зээлийн гэрээ юм уу эсвэл хамтран ажиллах гэрээ юм уу гэдэг нь харагдахгүй байхад алданги тооцох нь боломжгүй. Бид 70,000,000 төгрөгийг аваад 54,000,000 төгрөгийг буцаан өгсөн. 15,191,000 төгрөгийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /1хх-4/, ОАСДИХ Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн *****дугаар захирамж /1хх-6-8/, ОАСДИХ Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ***** дугаар захирамж /1хх-9-11/, ОАСДИХ Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ****** дугаар захирамж /1хх-10/, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 283 дугаартай Эвлэрлийн гэрээ /1хх-12-13/, Хамтран ажиллах гэрээ /1хх-14, 15-16/, Зээлийн гэрээ /1хх-17/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-19-28, 30, 70-71/, Хаан банкны шилжүүлгийн баримт /1хх-29/, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ дугаартай Зээлийн гэрээ /1хх-31-36/, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/20147073286 дугаартай Зээлийн гэрээ /1хх-37-42/, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ дугаартай Зээлийн гэрээ /1хх-43-47/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1хх-69/, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0311 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл /1хх-134/, нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх тухай хүсэлт /1хх-237/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /1хх-238/,

 

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0006 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл /1хх-50/, хариу тайлбар /1хх-109/, Хаан банкны шилжүүлгийн баримт /1хх-149-163/, Татварын ерөнхий газрын тодорхойлолт /2хх-41/, Капитрон банкны харилцах дансны хуулга /2хх-42-44/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

 

3.3 Шүүхийн журмаар: ОАСДИХ Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар захирамжаар Орхон аймгийн Шүүхийн Тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 92 дугаар албан бичиг, хавсралтын хамт /1хх-87-104/, ОАУБ хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 199 дүгээр албан бичиг /1хх-105-106/, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03/396 дугаар албан бичиг /1хх-107/,

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2024/08328 дугаар захирамжаар Хаан банк ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 29/5529 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /1хх-174-227/

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Д.Бд холбогдуулан 70,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг ...Гурван төрлийн мөнгөн хөрөнгө шаардаж байна. Нэгдүгээр хамтран ажиллах гэрээнд хөрөнгө оруулсан 40,000,000 төгрөгийг буцаан шаардаж байна. Хоёрдугаар 30,000,000 төгрөгийг хүүгүй, алдангигүй зээлүүлсэн ба үүний үлдэгдэл 950,000 төгрөг байгаа. Гуравдугаарт 25,000,000 төгрөг зээлүүлсэн ба үүний төлөгдөөгүй үлдэгдэл 20,000,000 төгрөг болон түүний алданги 10,000,000 төгрөг шаардаж байгаа. Ингээд нийт 70,950,000 төгрөгийг шаардаж байна гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр ... Эхний нэхэмжлэлийн шаардлагыг харахад хамтран ажиллаж байсан байдаг. Тэгснээ 2 дахь нэхэмжлэлийн шаардлага нь дахиад зээлсэн мөнгөө авах гэж байна. Зээлсэн мөнгөө авах гэж байгаа юм уу, хамтарч ажиллаад ашиг хувааж аваад байгаа зүйл юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Манайд нийт 70,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Манайх буцаагаад 54,809,000 төгрөгийг төлсөн байдаг. Нэг бол ашгаа буцааж авсан гэж яриад байна. Яг аль гэрээний харилцаа гэдэг нь тодорхой биш байна. Зээлийн гэрээний асуудал нь нотариатаар баталгаажуулаагүй, өөр өөр гарын үсэгтэй юм шиг харагдаад байна. Манайх энэ зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч байгаа зүйл байхгүй. Мөн зээлийн алданги тооцоод байна. Миний харж байгаагаар он сар нь өөрчлөгдөөд гарсан зүйл харагдаад байна. Энэ нь нотлох баримтын шаардага хангахгүй. Мөн Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гээд тусгах зүйлсийг заасан. Үүнд ашиг алдагдлийг хувиарлах зарчмаар хамтран ажиллаж байгаа этгээдүүд өөрсдөө тал талаараа хариуцах ёстой. Д.Б нь ашиг олж чадаагүй, алдагдал хүлээн маш их татварын өрөнд орсон. Нэхэмжлэгч тал хамтран ажиллаж байгаа үеийн хугацаа учир мөн хамтран хариуцах ёстой гэж харагдаж байна. Иймд шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна хэмээн маргасан.

 

3. Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Д.Б нар нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Д.Бгийн ахуйн хэрэглээ, гоо сайхан, бичгийн хэрэгсэл, гэр ахуйн барааны жижиглэн болон бөөний худалдааны хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар бараа татан авалт, борлуулалтын хэмжээг өсгөх үйл ажиллагааг дэмжиж Ц.Б нь хөрөнгө оруулах, харилцан ашигтай ажиллахаар тохиролцож Хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

 

Тус гэрээгээр Д.Б нь бөөний худалдааны бараа захиалга, татан авалт, борлуулалтын үйл ажиллагааг эрхлэн удирдах, бараа захиалга, татан авалт, борлуулалтын үйл ажиллагааны бүхий л үе шатны бүртгэл тооцоог хөтөлж, баримтжуулах, Ц.Б нь хамтран ажиллах үйл ажиллагааны зорилтод зориулан 40,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр оруулж, дээрх хөрөнгө оруулалтыг 1 жилийн хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл буцаан татахгүй байхаар үүрэг хүлээж, үйл ажиллагааны ашгийг сар бүрийн 10,18-ны өдрүүдэд тооцон сарын ашгийн 9 хувиар тооцож Ц.Бт 2 хувааж олгохоор тус тус тохиролцож, нэхэмжлэгч нь хөдөлмөрөөр хувь оруулах, хариуцагч нь тодорхой хөрөнгө гаргах хэлбэрээр хураамж төлсөн, олсон ашгаа зохих хувиар хувааж авахаар тохиролцсон байна.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний үүрэгт хамаарч байх бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь хамтран ажиллах замаар ашиг олохоор тохиролцож гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч Д.Бгаас 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 379,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,440,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,440,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,800,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1,800,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1,800,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1,800,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1,800,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1,800,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 1,800,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1,100,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ц.Б руу шилжүүлсэн бөгөөд энэ үйл баримтад талууд маргаагүй.

 

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ ашиг байгаагүй, ашиггүй ажиллаж байсан учраас хөрөнгө оруулалтыг буцааж шилжүүлсэн гэж, нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний дагуу сарын ашиг 9 хувь болох 3,600,000 төгрөгийг хувааж шилжүүлсэн гэж үзэж байна гэж маргаж байна.

 

Хариуцагч Д.Б нь Б эгчтэй 7.21 өдөр уулзаж цаашид ажиллах тухай хэлэлцлээ. Үндсэн мөнгө болох 40,000,000 төгрөгийг 8.1-нд барьцаа гаргаж өгч чадахгүй бол хамтран ажиллах гэрээ дуусаж 8 сард 4 удаагийн давтамжтай хийж үндсэн мөнгийг дуусгавар болгоно. Б 2022.7.21 гэх гар бичвэр үйлджээ.

 

Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-т талууд шийдвэрлэсэн бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болгохоор хуульчилсан байх бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Д.Бгийн гар бичвэрийг үндэслэн талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон гэж үзнэ.

 

Хариуцагч Д.Б нь ашиггүй ажиллаж байсан тул хөрөнгө оруулсан мөнгийг буцаан төлж байсан гэх боловч 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн гар бичвэрээр нэхэмжлэгчийн хөрөнгө оруулсан 40,000,000 төгрөгийг төлөөгүй байсан нь тогтоогдож байх тул 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Хаан банкны дансаар Ц.Б руу мөнгө шилжүүлж байсан үйлдлийг ашиг хуваарласан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээний 3.3-т Гэрээний хугацаа дуусаж, талууд энэ гэрээгээр тохирсон хамтын ажиллагаа зорилгод хүрсэн гэж үзвэл гэрээ дуусгавар болно. Гэрээ дуусгавар болоход Б талын **** тоот дансанд хөрөнгө оруулалтыг буцааж шилжүүлнэ. Харин талууд хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр санал нэгдвэл энэ гэрээг энэ нөхцөлөөр буюу зарим нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулж бичгийн хэлбэрээр сунгаж болно гэж заажээ.

 

Иймд талууд гэрээг сунгасан тухай үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагч Д.Б нь хамтран ажиллах гэрээнд зааснаар нэхэмжлэгчийн хөрөнгө оруулсан 40,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

 

4. Нэхэмжлэгч Ц.Б нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Д.Бгийн Хаан банк дахь *** тоот данс руу 30,000,000 төгрөгийг Анунгоо марафон *** гүйлгээний утгатай шилжүүлсэн болох нь Хаан банк ХХК дахь ** тоот дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь ...Д.Б нь Анунгоо компанийн төлөвлөгөө биелүүлэхэд 30,000,000 төгрөг хэрэгтэй байна зээлээч гэсний дагуу зээлүүлсэн гэж, хариуцагч нь Анунгоо марафон гэж бичсэн байгаа нь өөр ашиг сонирхолтой шилжүүлсэн байх магадлалтай учир мэдэхгүй байна. Ийм зээл аваагүй гэж тус тус тайлбарлаж байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог.

 

Хариуцагч Д.Б нь 30,000,000 төгрөгийг аваагүй гэж маргаж байгаа боловч Ц.Бын Хаан банк ХХК дахь ** тоот данснаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Д.Бгийн Хаан банк дахь *** тоот данс руу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Б зээлээс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 13,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 16,050,000 төгрөг, нийт 29,050,000 төгрөг буцаан төлсөн гэж, хариуцагч энэ мөнгө нь зээлийн төлөлт байгаагүй гэж маргаж байна.

 

Гэвч хариуцагч Д.Б нь Ц.Бын хөрөнгө оруулсан хөрөнгө буюу 40,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулах тухай гар бичвэрийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн байна. Энэхүү гар бичвэрээс үзэхэд хариуцагч Д.Бгийн 2021 оны 12 дугаар сарын 27 болон 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн 29,050,000 төгрөг нь хамтран ажиллах гэрээтэй хамааралгүй гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 950,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

5. Зохигчид 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Зээлийн гэрээ, хэлцлээр Д.Б нь 25,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлж, зээлийг эргүүлэн төлөх, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөх, Ц.Б нь 25,000,000 төгрөгөөс хүү 3,750,000 төгрөгийг суутган авч, үлдэгдэл 21,250,000 төгрөгийг шилжүүлэх үүрэг тус тус хүлээжээ.

 

Дээрхээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Ц.Б нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хаан банк ХК дахь **** тоот данснаас Д.Бгийн Капитрон банк ХК дахь*** тоот данс руу 20,000,000 төгрөгийг Баас *** зээлэв, 1,250,000 төгрөгийг Баас *** зээлэв гэх гүйлгээний утгатай тус тус шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь*** тоот дансыг мэдэхгүй гэж тайлбарласан боловч хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Капитрон банк ХК-ийн дансны хуулгаар дээрх дансыг хариуцагч Д.Б эзэмшдэг болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч Д.Б нь Капитрон банк ХК дахь*** тоот данснаас 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 4,500,000 төгрөг болон 500,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба нэхэмжлэгч үүнийг үндсэн зээлээс төлөгдсөн гэж үзэн үлдэгдэл 20,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, хэлцэлд ...хугацаа хэтэрвэл хоногийн 0,5 хувийн алданги төлнө гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг үндэслэн хариуцагч Д.Бгаас 20,000,000 төгрөгийн 50 хувь буюу 10,000,000 төгрөгийн алданги гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... зээлийн гэрээний асуудал нь нотариатаар баталгаажуулаагүй, өөр өөр гарын үсэгтэй юм шиг харагдаад байна. Манайх энэ зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч байгаа зүйл байхгүй. Миний харж байгаагаар он сар нь өөрчлөгдөөд гарсан зүйл харагдаад байна. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, ... зээлийн гэрээ яагаад хууль ёсны байж чадахгүй байгаа талаар энгийн хүн харахад нэмж засварласан юм шиг харагдаж байна, ... Бид шивсэн дээр гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин гар бичмэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь дунд нь юм нэмээд биччихсэн. Өөр бичмэл дээр хольж бичээд байгаа нь мэдэгдэхгүй байна. Эхний цэнхэр өнгөөр бичсэнийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хар үсгийг бичээгүй гэж тайлбарлан маргасан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гар бичвэрийн зарим хэсэг нь хариуцагч Д.Бгийн бичвэр биш гэх боловч үүнийг баримтаар нотлоогүй, мөн энэ тухай шүүхэд хүсэлт гаргаагүй тул хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн болно.

 

Иймд, хариуцагч Д.Бгаас нийт 70,950,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бт олгохоор шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 582,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Бгаас 70,950,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582,650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгаас 582,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА