| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01671/и |
| Дугаар | 135/ШШ2024/01361 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 135/ШШ2024/01361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/01671/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ****** аймаг, ******* сум, ****** баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /утас: *******/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ
“...Миний бие нь эхнэр *******гийн хамтаар 1998-2000 онуудад ******* аймгийн сумын 10 багийн хөдөөд мал маллаж байгаад 2000 онд Дархан-Уул аймгийн ******* суманд шилжин ирсэн. Дархан-Уул аймгийн ******* сумын 02 багт одоо ч мал маллаж байна.
******* аймгийн суманд мал маллаж байсан мал тооллогын А данс архивд бүрэн хадгалагдаагүй зөвхөн 1998 оны л данс байна. Миний бие малчнаар тэтгэвэр тогтоолгох гэтэл дээрх онуудын малын А данс байхгүй байгаа учир шүүхэд хандаж байгаа болно.
Иймд ******* аймгийн архивын лавлагаа, үндэсний төв архивын лавлагаа, Өрхийн карт, гэрэл зураг болон гэрчийн мэдүүлгээр дээрх онуудад мал маллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлтэй холбоотойгоор хэрэгт: Хүсэлт гаргагчийн хүсэлт, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн баримт, гэрэл зураг, малын тооллогын түүвэр, шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд зэрэг тус тус шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь 1998 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсныг сэргээн тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.
Хүсэлт гаргагч Б.******* нь 1998 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан боловч мал тооллогын А данс архивт бүрэн хадгалагдаагүйн улмаас хүсэлт гаргагчийн мал маллаж байсан хугацааг тогтоох боломжгүй болж, ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
2. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- ******* аймгийн архивын тасгийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн ******* аймгийн архивын тасгаас малчин даатгуулагчид олгох архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өрхийн картны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зурган үзүүлэлтүүд, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 08 сарын 19-ний өдрийн дугаартай лавлагаа /хх 5-7, 19, 20-21 дэх тал/ зэрэг болно.
3. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж, хүсэлт гаргагч Б.*******ыг 1998 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
4. Хүсэлт гаргагч Б.*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан регистрийн дугаартай, ******* овгийн *******ын *******ыг 1998 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА