| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 184/2020/00315/И |
| Дугаар | 01769 |
| Огноо | 2020-08-14 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 01769
| 2020 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 210/МА2020/01769 |
А.Цы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2020/01515 дугаар шийдвэртэй, А.Цы нэхэмжлэлтэй, Д.Бд холбогдох нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Ц миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан 4 дүгээр гудамжны 115 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-22010175000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Д.Оюунгэрэл нь Монголиан Мортгейж Фанд ББСБ-д барьцаанд тавьж зээл авсан байсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийг Д.Оюунгэрэл зээлдэгчийн хувиар гүйцэтгэх үүрэгтэй байсан. Гэтэл Д.Оюунгэрэлийн хүлээх зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч А.Ц намайг хамааралтай мэтээр төлбөр барагдуулах гэрээг 272 дугаартай нотариатч Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрчилсэн бөгөөд уг гэрээг гэрчлэхдээ иргэн А.Ц миний хувийн байдлыг гэрчлэх үндсэн баримт болох миний иргэний үнэмлэхгүйгээр гэрчилж илт хууль бус үйлдлийг хийсэн. Иймд хуульд заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн тойргийн №272 дугаартай нотариатч Д.Бгийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Боломаа шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 11 дүгээр сарын 27-нд иргэн Д.Оюунгэрэл нь А.Цы үл хөдлөх эд хөрөнгө болох газрыг барьцаалж 15 000 000 төгрөгний зээлийн Монголиан Мортгэйж Фанд ББСБ ХХК-аас авсан бөгөөд үүргээ биелүүлээгүй тул 2015 оны 11 дүгээр сарын 03-нд холбогдох шүүхийн шийдвэр гарсан. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба иргэн А.Цыд очиж албадан гаргах ажиллагаа явуулахад А.Ц, Д.Оюунгэрэл нар нь банк бус санхүүгийн байгууллага болон шийдвэр гүйцэтгэх ажилчдаас уйлж, гуйж хугацаа өгөхийг хүссэн үндэслэлээр 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр талууд 22 392 069 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр тохиролцсон байдаг. Үүнд: 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 12 392 069 төгрөг төлөхөөр тэд харилцан тохиролцоод дээрх гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөө А.Ц нь иргэний үнэмлэхээ орхисон тухайгаа хэлж, нөхөж авч ирье гэсэн. Уг гэрээнд А.Цы оролцоо ч чухал бус, төлбөр төлөгч А.Оюунгэрэл, банк бус санхүүгийн байгууллага хоёрын хооронд байгуулсан тул гэрээсээ хөөгдөж буй, нас нь ч явж буй эмэгтэйн хэцүү байдлыг ойлгоод тухайн үед гэрээг гэрчилсэн минь үнэн. Д.Оюунгэрэл 22 392 069 төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэрээ байгуулсан ч үүргээ гүйцэтгээгүй. А.Ц Д.Оюунгэрэл нар нь энэ мэтээр ядарсан, унхиагүй арга заль зохиож, Монголын хууль, шүүхийн байгууллагуудыг дорд үзэж, өөрсдийн хууль бус залилангийн шинжтэй үйлдлээ үргэлжлүүлсээр байгаа этгээдүүд билээ. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Монголиан Мортгэйж Фанд ББСБ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Д.Оюунгэрэл нь манай байгууллагатай 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд өөрийн хадам эгч болох иргэн А.Цы өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201017500 дугаартай 48 м.кв хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2201003545 дугаартай 600 м.кв хашааны газрыг барьцаалсан. Зээлдэгч Д.Оюунгэрэл нь гэрээний хугацаа дуусахад гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй тул манай байгууллага тухайн үеийн Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан улмаар 2015 оны 11 дүгээр сарын 03-нд шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2 удаа дуудлага худалдаа явагдсан боловч борлуулагдаагүй тул уг үл хөдлөх эд хөрөнгийг манай байгууллага зээлдэгч Д.Оюунгэрэл болон барьцаалуулагч А.Ц нарын зөвшөөрлөөр өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2017 оны 2 дугаар сарын 13-нд зээлдэгч Д.Оюунгэрэл, барьцаалуулагч А.Ц нар манайд хүсэлт гаргаж 2017 оны 3 дугаар сарын 25-нд 7 500 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 25-нд 7 500 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 25-нд үлдэгдэл 7 492 062 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож, төлөгдөөгүй тохиолдолд ямар нэгэн маргаангүйгээр төлбөр авагчид үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлнэ гэсэн ч төлбөрөө төлөөгүй. Д.Оюунгэрэл нь барьцаалуулагч А.Цы хамт манайд дахин 22 392 069 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээ байгуулж амлалт өгч байсан боловч бас л үүргээ биелүүлээгүй юм. Эцэст нь бид шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд өмчлөх эрхийг нь шилжүүлж авсан дээрх үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Гомбожавт худалдан зээлдэгч Д.Оюунгэрэл, барьцаалуулагч А.Ц нарын зээлийн төлбөрийг хаасан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох хурал болж талуудтай уулзалт хийгээд гарын үсэг зурсан үйл баримт байгаа. Тухайн үед А.Цы бичиг баримтын хуулбарыг бид зээлийн материалаас аваад очсон. А.Ц өөрөө иргэний үнэмлэхээ орхисон гэж хэлсэн, түүнийг өөрөө мөн гэдгийг мэдэж гэрчилж байсан гэжээ.
Шүүх: Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар А.Цы нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Бд холбогдох Монголиан мортгейж фанд ББСБ, Д.Оюунгэрэл, А.Ц нарын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Монголиан мортгейж фанд" ББСБ ХХК-д Дуулга овогтой Оюунгэрэлээс 22 392 069 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх нь нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлээгүй, мөн маргаан бүхий үйл баримтын тухайд нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй. Талуудын байгуулсан 2017 оны 11 сарын 02-ны өдрийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг нотариат баталсанаар нэхэмжлэгч А.Цы эрх ашиг хэрхэн хохирсон, ямар хохирол учирсан нь тогтоогдохгүй тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох шаардлагагүй гэж үсэн нь Нотариатын тухай хуулийн 31-р зүйлийн 31.1, 46-р зүйлийн 46.3 дахь хэсэгт заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нотариатч А.Цы иргэний үнэмлэхний хуулбарыг “Монголиан Мортгейж Фанд” ББСБ ХХК-аас гарган авсан гэх тайлбарыг гаргаж байх тул нэхэмжлэгчийн нотариатч гэрээг гэрчлэхдээ хууль зөрчсөн, талуудын хувийн байдал, бичиг баримтыг шалгаж шаардахгүйгээр нотариатын үйлдэл хийсэн гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Хариуцагч Д.Бгийн илт хууль бус үйлдлийн улмаас дараа нь үүсэж бий болсон үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь нэг талд үйлчлэн гаргасан илт хууль бус шийдвэр төдийгүй анхан шатны шүүх санаатайгаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үйлдэл гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгчийн гаргаж өгсөн Нийслэлийн архивын газраас ирүүлсэн нотариатын бүртгэлийн дэвтэр дээр бүргэгдсэн 2017 оны 11 сарын 02-ны өдрийн бүртгэлийн дугаар 676-д бичигдсэн бичилтийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэх эрхгүй байсан. Учир нь дээрхи нотлох баримтууд нь шүүхийн ажиллагаанд зохигч бус этгээдээс шүүхэд шүүгчийн захирамжаар ирүүлсэн бичгийн нотлох баримт биш болно. Нотариатч Д.Б нь хэргийн зохигч учир дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгч буй нотлох баримтаа эх хувиар нь буюу эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг нь өгөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх архиваас гаргуулан авсан гэх хариуцагчийн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн нотлох баримтыг хүлээн авахгүй, энэ баримтыг үнэлэхгүй байх эрхээ хэрэгжүүлэлгүйгээр илт нотолгооны ач холбогдолтой байж чадахгүй баримтыг үнэлэн шийдвэрийн үндэслэх баримт гэж үзсэн нь хууль бус. Хэрэгт авагдсан бичгийн бүхий л нотлох баримтуудаар нотариатч Д.Б нь талуудын хоорондын гэрээг гэрчлэх ямар ч боломжгүй нөхцөл байдалтай байсан байхад хууль зөрчин нотариатын үйлдэл хийсэн болох нь дээрхи бүх баримтуудаар тогтоогдох боломжтой байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх бүрэн боломжтой байсан боловч энэ үүргээ биелүүлсэнгүй. Өөрөөр хэлбэл шүүх нэг талд илэрхий үйлчилж дан ганц хариуцагч нарын тайлбарыг үндэстэй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн шийдвэр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Д.Бд холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Монголиан мортгейж фанд ББСБ” ХХК болон Д.Оюунгэрэл нарын хооронд байгуулсан төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч А.Ц, Д.Оюунгэрэл, А.Ц, “Монголиан мортгейж фанд ББСБ” ХХК нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон” гэрээ байгуулагдсан, уг гэрээг Чингэлтэй дүүргийн тойргийн 272 дугаартай нотариатч Д.Бгаар гэрчлүүлсэн үйл баримт зохигчдын тайлбар болон гэрээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. / хх-ийн 1, 4, 9-10 дугаар тал/
Талууд төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон гэрээнд гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2017 оны 11 сарын 02-ны өдрийн хариуцагч Д.Б гэрээг гэрчлэхдээ нэхэмжлэгч А.Цы иргэний үнэмлэхгүйгээр гэрчилсэн, иймээс уг гэрээ хүчингүй...” гэж тайлбарласан.
Хэргийн 100-110 дугаар талд тухайн гэрээг гэрчлэх үед бүрдүүлсэн гэх нотлох баримтууд авагдсан, уг баримтад Нийслэлийн архивын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх бөгөөд А.Цы иргэний үнэмлэхний хуулбар авагдсан байна. Мөн тэрээр уг гэрээг байгуулахад өөрөө биечлэн байлцсан, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, сайн дураараа, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан байх тул уг гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдэл Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 21.2.1-т заасанд нийцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Нийслэлийн архивын газрын хуулбар үнэн гэсэн тэмдэгээр баталгаажсан нотлох баримтыг үнэлсэн нь хууль бус” гэх гомдол гаргасан байх боловч тухайн баримтад хэргийн оролцогчид бус төрийн байгууллага өөрийн “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж, баримт бичгийн хуулбар үнэн зөвийг тодорхойлсон архив буюу бичиг хэргийн нэгжийн эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурсан тул дээрх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй болно. Шүүх эдгээр нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүх 2017 оны 11 сарын 02-ны өдрийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 46 дугаар зүйлийн 46.3 дах хэсэгт заасан шаардлагыг зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2020/01515 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА Б.НАРМАНДАХ