Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2024/0580

 

 

 

 

 

 

 

 

       2024          07             16

                                   128/ШШ2024/0580

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С                                                                           

Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Ц.Гийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 0  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагч Ц.Г нар оролцов.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

          1.1.Нэхэмжлэгч  Сгээс тус шүүхэд хандан Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Ц.Гийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 0  дугаар шийтгэлийн хуудсыг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Нэхэмжлэгч Снь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай    тоот Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээг[1] 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан.

2.2.Тухайн гэрээний дагуу өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж, иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээг “чанарын болон төлбөр”-ийн хяналт, гүйцэтгэлд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт худалдан ажилладаг байна.

2.3.Иргэн С.О нь Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэх явцдаа 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр М эмийн сангаас памписел 3ш, сандосгатин 3ш нийт 176,400 төгрөгийн эмийг, Хос хун эмийн сангаас ношпа 2ш 3000 төгрөгийн эм худалдан авч, Б эмнэлэгт MRCP элэг цөс нойр булчирхайн сувгийн үзлэгийг 400,000 төгрөгөөр хийлгэж,  Сэгт 89,500 төгрөгийн тусламж, үйлчилгээний төлбөр төлжээ.[2]

2.4.С.Оээс 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандаж, “ Сэгт эмчилгээ хийлгэх хугацаанд эм тариа байхгүй, гаднаас авчир гэсэн учраас өөрөөс 668,900 төгрөгийн зардал гарсан тул буцаан олгуулах...” агуулга бүхий өргөдөл гаргажээ.[3]

2.5.Харин 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр  Сэгт “...эм тариа авсан зардлыг буцаан авсан гэдгийг мэдэлгүйгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт өргөдөл гаргасан, эмч Дид ямар ч гомдол саналгүй, харин ч намайг сайн эмчилсэн, танай эмнэлэгтэй гомдол саналгүй тул гаргасан өргөдлөө буцаан авах болно” гэх өргөдлийг өгсөн байна.

2.6. Сгийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар өөрөөр нь гаргуулсан эмийн зардал, тодосгогч аппаратын үзлэгийн төлбөр болох 268,400 төгрөгийн зардлыг С.От буцаан олгожээ.[4]

2.7.С.Оээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандаж гаргасан гомдлын дагуу Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Ц.Г 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн     дугаар зөрчлийн хэргийг  Сэгт холбогдуулан нээсэн байна.[5]

2.8.Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дүнд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 0  дугаар шийтгэлийн хуудсаар “иргэнээс эм тариа авхуулсан, нэмэлт төлбөр авсан” болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 2000 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.[6]

2.9.Энэхүү шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гаргасан гомдлын үндэслэлдээ “...Үйлчлүүлэгч өөрөөсөө эм тариа гаргасан. Гэхдээ эмнэлэгт хүсэлт гаргах үүрэгтэй. Энэ талаарх хууль хэрэгжээд 5-6 жил өнгөрсөн. Нийтэд илэрхий баримт зэргээс иргэн болгон мэддэг болсон. Гэтэл тухайн гомдол гаргагч нь манай байгууллагад хандаагүй шууд Эрүүл мэндийн даатгалын газарт хандсанаар тухайн нөхцөл байдал бий болсон. Энэ талаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13.1, 13.2-т заасныг баримтлах боломжтой. Гомдол гаргагч нь 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр манай байгууллагад мөнгөө гаргуулах хүсэлтээ гаргасан. Түүний дагуу манай байгууллагаас 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/38 дугаар захирлын тушаалаар буцаан олгосон. Зөрчлийн хэрэг үүсэхдээ 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн. Бид тушаал гараад л шууд дансанд нь шилжүүлсэн.

2.10.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор улсын байцаагчийн эрх нээгдсэн. 2024 оны 3 дугаар сараас иргэний гомдол мэдээлэлтэй холбоотой зөрчлийн хэрэг үүсгэн ажиллаж эхэлсэн. Тухайн асуудал нь миний анхны тохиолдол байсан. Надад туршлага дутсан. Анхнаасаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хуульчтай уулзсан. Нийслэлийн прокурорын газраас хяналтын прокуророос зөвлөгөө авч ажилласан. Хэрэг үүссэн процесс нь удирдах албан тушаалтан маань прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж хэрэг үүсгэ гэх цохолттой бол ингэж ажиллана. Прокуророос мөн адил чиглэл өгсөн. Эхний ээлжид утсаар болон биеэр уулзсан. Би тухайн асуудлын талаар мэдэж байгаа. Би их эмч мэргэжилтэй хүн. Мэс заслын эмч хийж байсан. Биеийн байдал ямар байсан талаар иргэний гомдол, холбогдогчийн мэдүүлгээс мэдсэн. Хэрэг үүсгэхгүй байх ёстой эсэх талаар үзэхэд хэрэг үүсгэхээс өөр аргагүй байсан. Нэгэнт эм тариа авхуулсан, хуулийн заалтыг болон гэрээний үүргийг зөрчсөн. Гэхдээ тухайн иргэн ямар байдалтай байсан, шат шатандаа хүндрэлээс аварсан талаар мэдэж байгаа. Тэгэхээр миний санаа бол анхнаасаа хэрэг үүсгэх талаар эргэлзэж байсан. Гэхдээ өөрийн байгууллагын хуулийн мэргэжилтэн болон прокуророос хэрэг үүсгэх ёстой гэх чиглэл өгснөөр хэрэг үүсгэсэн. Зөрчил байгаа. Тайлбараа бичихдээ өөрийн гаргасан шийдвэрээс татгалзахгүй гэсэн...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Үндэслэлийн тухайд хариуцагч нь Эрүүл эндийн даатгалын тухай хуулийн 13.1.2, 13.1.8, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай” УБ-01025 дугаар гэрээний 2.4.11, 2.4.13, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүл мэндлийн даатгалын үндэсний зөвлөлийн 08 дугаар тогтоол, тус тогтоолын хавсралтын 4.5 дахь заалт, “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” MNS 5095:2017 стандартын 12.4.5, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан гэрээг мөрдөөгүй гэж эрх бүхий албан тушаалтны 2024 оны 5 дугаар сарны 01-ний өдрийн албан даалгавар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 0  дугаартай шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гомдлын үндэслэлдээ тодорхой дурдсан. Шийтгэлийг хүлээн зөвшөөрөөгүй 2 үндэслэл байна. Шийтгэлийн хуудасны эрх зүйн үндэслэлийн тухайд хариуцагч нь шийтгэлийн хуудсыг гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 10.19.2-т заасныг үндэслэсэн бөгөөд зөрчлийн бүрдэл хангагдаагүй байхад шийтгэл оногдуулсан. Тус зөрчлийн бүрдэлд хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх, түүнийг зохих журмын дагуу шалгаж тогтоосон байх ёстой. Хариуцагч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Тодруулбал гомдол гаргагчид тусламж үйлчилгээ үзүүлэхдээ ямар хуульд заасан үүргийг биелүүлээгүй талаар тодруулаагүй. Энэ талаарх шалгалт бүрэн явагдаагүй. Иргэний гомдол нь дангаар шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй. С.О Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандаж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт гаргасан гомдлоо буцаан авч, талархлаа илэрхийлж, гарсан зардлыг буцаан олгосон байхад зөрчлийн хэрэг нээж шалгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Манай байгууллагаас С.От эрүүл мэндийн туслалцааг хангалттай үзүүлсэн. Хуульд заасан аливаа үүргээ зөрчөөгүй, эрх зүйн зөрчил гаргаагүй. Манай эмнэлэг нь шинээр байгуулагдсан. Ажилчид нь шинэ байгаа. Байгуулагдсанаас хойш хугацаанд манай байгууллагатай холбоотой гомдол байхгүй байна. Ялангуяа эрүүл мэндийн даатгал, тусламж үйлчилгээтэй холбоотой гомдол байхгүй байна. Өөр төрлийн гомдлууд байна гэж дүгнэж байсан. Манай байгууллага нь хуулийн хүрээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Гомдол гаргагч нь эмнэлгээс гарч 6 хонож байсан. Тэр хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авах газрын дарга С.О нь дүү болох гомдол гаргагчийг дуудаж өөрөөс нь эм тариа гаргасан бол хүсэлтээ гарга гэсэн байгаа юм. Гомдол гаргагч нь энэ талаар мэдээлэлгүй хүсэлтээ гаргасан. Тухайн үед С.О дарга эмнэлэгтээ гарга гэх байсан. Эмнэлэг хэрвээ шийдвэрлээгүй бол шатлалын дагуу Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас зөрчлийн хэрэг үүсгэж дүгнэлт гаргах боломжтой байсан. Зөрчлийн хэрэг нээсэнд нь Нийслэлийн прокурорын газрын Т.Эд гомдол гаргасан. Мөн орлогч дарга нь гомдол гаргасан. Ерөнхий прокурорт мөн гомдол гаргасан. Онцгойлон хэлэхэд С.О нь Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газарт ажилладаг. Группт хамрагддаг талаараа тухайн үед хэлээгүй. Тиймээс томографын шинжилгээний 89 500 төгрөгийг гаргуулсан байдаг. Группт хамрагддаг талаар хэлсэн бол бид тухайн хүнийг хөнгөлөлтөд хамруулах боломжтой байсан. Нийгмийн даатгалын газарт ажилладаг хүн тухайн хуулийг мэдэж байгаа бөгөөд хууль мэдэхгүй байх боломж байхгүй. С.О хүнд байдалтай ирэхэд ажлын цаг дууссан байсан. Гомдол гарагч нь сүүлд хариуцагчид мэдүүлэг өгөхдөө ажлын цагаар ирсэн гэж хэлсэн. Үүнд эгч нь нөлөөлсөн байх. Энэ талаар эмнэлгийн түүх нээгдсэн талаар баримтыг нотлох баримтаар өгсөн байгаа. Яаралтай тасагт 18:30 минутад ирсэн. Яаралтай тусламжийн тасагт янхан шатны туслалцаа үзүүлэх гэхэд хангамж, нөөц дууссан байсан. Эгч болох С.О дарга манай байгууллагын дарга болон орлогч дарга нар руу яриад эм тарианы мөнгийг өөрөөс нь гаргуулчхаарай гэж зөвлөсөн байгаа. С.О даргын дургүйг хүргэсэн зүйл нь эмч нь “хувь хүний мэдээллийг өгөх боломжгүй” гэж хэлэн утсаа тасалсан. Гомдол гаргах талаараа орлогч дарга н.Бд хэлсэн байсан. Үүний дагуу дүүгээрээ гомдол бичүүлж хариуцагчаас 2 сая төгрөгөөр торгосон. Зөрчлийн хэрэг үүсгэх талаар утасдаж мэдэгдээд тамгаа аваад ир гэж улсын байцаагч нь манай байгууллагын нийгмийн даатгал хариуцсан ажилтанд хэлсэн байсан. Түүний дагуу би итгэмжлэлээ аваад уулзаж тайлбарласан. Тамгын газрын дарга, хуулийн хэлтэс болон С.О даргатай уулзсан. С.О дарга бол шууд загнаад гаргасан. Мөн Нийслэлийн прокурорт нөлөөлсөн байсан. Т.Э прокуророос шууд шүүхэд ханд гэсэн. Хариуцагчаас прокурорт ханд гэсэн. Зөрчлийн хэрэг үүсгэсэн явдалд нь гомдол гаргасан. Хэргийн материалтай танилцахад хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон ирэх үед хариуцагчтай тааралдсан. Аль болох ойлголцохыг хичээсэн. Ойлголцъё гэж бодоогүй. Улсын байцаагчид эрх, хэмжээ байгаа боловч хариуцсан ахлах нь нөлөөлж байгаа учир Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Нийслэлийн прокурорын газрыг хөдөлгөж чадаагүй. Иймээс шүүхэд хандсан. Иргэн С.О нь 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид хандаж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт гаргасан гомдлоо буцааж авах бөгөөд маш сайн үйлчилгээ авсан талаараа бичгээр гаргаж өгсөн байхад хариуцагч нь зөрчлийн хэрэг нээж шалгасан нь үндэслэлгүй. Бид эм, эмнэлгийн хэрэгслийн мөнгийг буцаан олгосон байхад зөрчлийн хэрэг нээсэн. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13.1.8-д “даатгуулагчийг хэвтэн эмчлүүлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд даатгуулагчид буцаан олгох” гэж заасны дагуу бүрэн буцаан олгож хуульд заасан үүргээ биелүүлсэн байхад шийтгэл оногдуулсан нь гомдолтой байгаа. Зөрчлийн тухай хуулийн 2.1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан. Үйлдэл эс үйлдэхүйг тогтоохдоо хэн ямар аргаар, хэрхэн, хэзээ зөрчил үйлдсэнийг тогтоох ажлыг улсын байцаагч хийх ёстой байхад хуульд заасан үүргээ биелүүлэлгүйгээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна”, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж заасан байх бөгөөд нотлох баримтыг цуглуулах, бодит нөхцөл байдлыг тогтоох зэрэг ажиллагааг хийлгүйгээр захиргааны акт гаргасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх”, 4.2.7-д “ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах” гэж заасныг зөрчсөн бөгөөд үйлчлүүлэгчээс гарсан зардлыг зөрчлийн хэрэг үүсгэхээс өмнө төлсөн байхад шийтгэл оногдуулсан. Өвчтөн хүлээн авах үеийн нөхцөл байдал зэргийг тодруулаагүй зөрчлийн хэрэг үүсгэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд хариуцагч нь 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зөрчлийн хэрэг нээхдээ эмнэлгийн захирлыг холбогдогчоор тодорхойлсон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ” гэж заасан бөгөөд дээрх ажиллагааг бүрэн хийлгүйгээр шийтгэлийн хуудсыг оногдуулсан бөгөөд шийтгэлийг хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Иймд 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 0  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Тодруулж хэлэхэд тухайн процесс маш хурдан явагдсан. Үйлчлүүлэгч өөрөөсөө эм тариа гаргасан. Гэхдээ эмнэлэгт хүсэлт гаргах үүрэгтэй. Энэ талаарх хууль хэрэгжээд 5-6 жил өнгөрсөн. Нийтэд илэрхий баримт зэргээс иргэн болгон мэддэг болсон. Энэ талаар эмч, эмнэлэг хэлээгүй гэх асуудал яригдаж байна. Яаралтай тусламжийн тасаг эм тариа гаргуулсан талаар дараагийн тасаг мэдэх боломжгүй талаар н.Д эмч тодорхойлолтоо бичсэн. Өргөдөл хүсэлт гаргаснаар шийдвэрлэх боломжтой талаар тайлбарласан. Энэ нотлох баримт нь шүүхэд ирсэн. Анхнаасаа зөрчлийн хэрэг үүсгэх чиглэл барьсан байсан учир зөрчлийн хэрэг үүсгэсэн. Монгол улсын иргэн, хуулийн этгээд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг баримтлах зүйтэй. Гэтэл тухайн гомдол гаргагч нь манай байгууллагад хандаагүй шууд Эрүүл мэндийн даатгалын газарт хандсанаар тухайн нөхцөл байдал бий болсон. Манай байгууллагад гомдлыг шилжүүлэх боломжтой. Энэ талаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13.1, 13.2-т заасныг баримтлах боломжтой. Хариу өгөх талаар тус хуулийн 16.1-д тодорхой зааснаар 30 хоногийн дотор өгөхөөр байгаа. Хууль болон журмаар зохицуулагдаагүй тохиолдолд тухайн хуулийг баримтлах нь зүйтэй. Хариуцагч С.Оээс мэдүүлэг авахдаа өөрөө “эрүүл мэндийн 2 дугаар хуудаст өргөдөл гаргая гэж шийдсэн үү? эсхүл өөр нэгэн этгээд зөвлөгөө өгсөн үү?” гэж асуухад “”... Эрүүл мэндийн даатгалын гарын ахим сайтад өөрөөс гаргасан эм, тарианы төлбөрөө буцаан олгох талаар мэдээлэл авсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар хэвтсэн эмнэлэгтээ аргадал гаргах байсан байна. Өргөдлөө буцааж авах саналтай байна” гэж илэрхийлсэн байхад 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зөрчлийн хэрэг үүсгэсэн нь хууль зөрчиж байна. Тухайн эмнэлэг үйлчлүүлэгчийг дарамталж өргөдөл авсан гэж хариуцагч тайлбарлаж байна. Тийм зүйл болоогүй. Манай байгууллагад хүсэлтээ гарган буцаан олголтоо гаргуулах боломжтой гэж дуудаж уулзсан. Тэгээд өргөдлөө бичиж, Эрүүл мэндийн даатгалын газарт гаргасан өргөдлөө буцаая гэсэн. Мөн эмнэлгийн захирлын тушаалаар эмнэлгийн хэрэгслийн зардлыг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр буцаан олгосон. Энэ талаар холбогдох баримтуудыг хариуцагчид хүргүүлсэн. Иймээс анхнаасаа даргынхаа нөлөөлөл дор үйл ажиллагаа явуулсан байх боломжтой. Зөрчлийн хэрэг үүсгээд, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шийтгэл оногдуулсан. Энэ талаар холбогдох газруудад гомдлоо гаргасан. Хуульд заасан заалтыг барих ёстой, хугацаа заагаагүй байгаа гэж шийтгэл оногдуулах үндэслэлгүй. Энэ талаар журмыг дээд шатны байгууллагаас өөрсдөө гаргах ёстой. Энэ талаар заагаагүй тул өнөөдөр улсын байцаагч нар эмнэлгээс гарсан бол өгөх үүрэгтэй гэж тайлбарлаж байна. Манай эмнэлгийн зүгээс тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ аваад үйлчлүүлэгч маань гомдолгүй гэж байгаа. Ийм нөхцөл байдал үүссэн талаар хариуцагч сайн мэдэж байгаа. Дээрээс шахаж байгаа болохоор яаж ч болохгүй байна гэх саналыг хэлж байсан. Бодит үнэнийг хэлж байгаагийн үндсэн дээр тухайн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний үүрэг. Нэхэмжлэлийн үндэслэлд он сарын дарааллын дагуу нотлох баримтуудыг гаргасан байгаа. Эдгээр баримтуудыг үндэслэн шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн С.О нь нэхэмжлэгч эмнэлэгт тусламж үйлчилгээ авсан. Эгч нь гэх Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авах ажиллагааны албаны дарга нь тус эмнэлгийн хүмүүс рүү ярьсан байсан. Нуулгүй хэлэхэд дарга ч бай хэн бүхэн таньдаг мэддэг хүнээ хайдаг. Тэр талаар ярьсан гэж ойлгосон. Шатлалын дагуу гомдлоо гаргах ёстой байсан гэж тайлбарлалаа. Эхлээд эрүүл мэндийн байгууллагад гаргах талаар хуулийн заалт байхгүй. Хаана гомдлоо гаргах нь тухайн иргэний асуудал. Тэр утгаараа манай байгууллагад гомдол гаргасан гэж бодож байна. Хэд хоногийн дараа гомдол гаргах талаар хуулийн заалт мөн байхгүй. Тиймээс үндэслэлгүй байна. Тухайн өдөр ажлын цаг дууссан, ачаалалтай байсан, эмийн нөөц дууссан, эм зүйчийг дуудахад хугацаа шаардлагатай байсан тул гаднаас эм тариа авсан гэж тайлбарлаж байна. Энэ нь шийтгэл оногдуулах үндэслэл болсон. Яагаад гэвэл тухайн үндэслэлүүд нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Эмнэлгийн тусламжийн үйлчилгээг тасралтгүй чанартай үзүүлэх талаар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд заасан. Энэ талаар Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартад ч байгаа. Тэр тусмаа яаралтай тусламжийг тасралтгүй, чирэгдэлгүй иргэнд үзүүлэх ёстой. Иймээс тухайн эрүүл мэндийн байгууллага үүргээ биелүүлээгүй нь үндэслэлтэй байна. С.О нь 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өргөдөл гаргаж, 4 дүгээр сарын 09-ний өглөө мэдүүлэг өгөх талаар мэдэгдэж, түүний дараа холбогдогч байгууллага руу холбогдсон. Даатгалын эмчтэй холбогдон иргэний гомдол ирсэн талаар мэдэгдэж тайлбар өгөх талаар мэдэгдсэн. Иргэний мэдүүлгээр С.О даргын дүү, харьяаллын биш хүн гэж хэлсэн. Би хууль сануулсан боловч надад худал мэдүүлсэн байсан. Холбогдогч байгууллагыг ирэх байх гэж хүлээсэн боловч ирээгүй. 14 цагт цайндаа ороод ирэхэд төлөөлөгч ирсэн байсан. Тэгээд процессын талаар ярилцахад С.О даргын дүү болж таарсан. Би гайхсан. Анхнаасаа надад даргын дүү гэдгээ хэлээгүй. Би мэдээгүй байсан. Дараагийн процесст намайг даргатайгаа нийлж хэрэг үүсгэсэн гэж хардсан. Ямар прокурор танай үйл ажиллагаанд хяналт тавьдаг талаар асуухад Т.Э прокурор гэсэн. Анх 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ирж уулзахад нь хэлсэн. Шийтгэлийн хуудас бичсэнээс 2 хоногийн дараа Т.Э прокурортой уулзана гэхээр нь би очиж уулзаж болно гэж хэлсэн. Тиймээс миний тогтоосон шийтгэл хуульд нийцэж байгаа гэж үзэж байна. нэгэнт эм, тариа авхуулсан, Эрүүл мэндийн даатгалын тухайн хууль, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн заалтыг, гэрээний заалтыг зөрчсөн. Энэ бүхнийг үндэслэн шийтгэл оногдуулсан. Тэгээд сүүлд нь албан даалгавар гаргасан. Хүлээн зөвшөөрөхгүй гарын үсэг зурсан бол хүлээн зөвшөөрсөн болох гээд байна гэхэд нь тэмдэглэл үйлдэж, шуудангаар хүргүүлсэн. С.Оийн гомдол нь хэнээс гаргасан байх нь хамаагүй. Би 20 гаран жил ажиллаж байгаа. Нотлох баримт дутуу, зөрчлийн бүрдэл үүсээгүй  байхад хэрэг үүсгэсэн талаар тайлбарлаж байна. Баримт олон байснаар бүрдэл үүсэхгүй. Миний хувьд иргэний өргөдөл, эм тарианы баримт, төлбөрийн баримт байхад хангалттай. Эрүүл мэндийн даатгалын газрын цахим системд тухайн хүний мэдээлэлд тухайн хүний регистрийн дугаараар хайлт хийхэд тухайн хүний оношоор Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 1 130 000 төгрөгийн нэхэмжлэх илгээж  даатгалын сангаас авсан байгаа. Хэрвээ эмнэлэг ухамсарлаад авсан эм тарианы мөнгийг хасаж нэхэмжлэх ёстой. Энэ 2 үндэслэлээр зөрчил гэдгийг бүрэн нотлох баримт гэж үзсэн. Хялбаршуулж болох байсан талаар үзсэн. Тэгэхийн тулд холбогдогч хохирлыг барагдуулсан, гомдлыг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх хугацааны хувьд зөрчил эсэхийг шийдвэрлэх 5 хоногийн хугацаа байсан. Тухайн хугацааг баримтлан ажилласан гэж үзэж байгаа. Удирдах албан тушаалтан нь улсын байцаагчид нөлөөлсөн гэх үгийг олон удаа хэллээ. Яагаад ингэж гүтгэж байгаа юм бол. Энэ талаар хуулийн заалт байдаг. Би хувийн тэмдэглэлээ цаг минуттай нь хөтөлсөн. н.О дарга ирэхгүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ирнэ гэж байсан. Тэгээд хугацаа алдсан. Хэрэг үүсгэх хугацаа болох гэж байгаа болохоор би тухайн байгууллага дээр очиж мэдүүлэг авсан. Дарга нөлөөлсөн гэж хэлсэн гэж тайлбарлалаа. Дээд албан тушаалтнаас судалж, шийдвэрлэ гэж цохогдсон бол би судална. Нийслэлийн прокурорын газрын системээр гомдол орж ирсэн бол тухайн гомдол прокурор хяналт тавьж байгаа. С.О даргын дүү мөн эсэх нь надад хамааралгүй. Прокурорын нэгдсэн бүртгэлээр цохогдсон байхад надад татгалзах шалтгаан байхгүй. Зөрчлийн бүртгэл явуулах хугацаанд зөрчил байсан. Хохирогчийн мэдүүлэг авсны дараа зөрчил арилгасан. Дарамталж гэж бас буруу ойлгосон байна. Иргэний гомдол хамгийн сүүлд эм тарианы мөнгийг хаанаас мэдсэн талаар асуусан. Энэ талаарх асуудал их ирдэг. Иргэдээс асуухаар ямар нэгэн хүн хэлсэн гэдэг учир би асуусан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг хэсэгчлэн хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.

1.Хариуцагч  Сгээс тус шүүхэд хандан Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Ц.Г нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 0  дугаар шийтгэлийн хуудсаар “иргэнээс эм тариа авхуулсан, нэмэлт төлбөр авсан” болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 2000 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.[7]

2. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.19 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

3.Улсын байцаагчийн зүгээс  Сгийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага дараах эрх, үүрэгтэй: 13.1.2.эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах; 13.1.3.даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай, түргэн шуурхай үзүүлэх, даатгуулагчийг холбогдох мэдээллээр хангах; 13.1.8.даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцон даатгуулагчид буцаан олгох” гэж заасныг зөрчсөн гэж буруутгасан байна.

4.Харин нэхэмжлэгчийн зүгээс “...хариуцагчийн буруутгаж буй зөрчил тогтоогдоогүй, үйлчлүүлэгч иргэний хүсэлтийн дагуу өөрөөс нь гарсан зардлыг буцаан олгож хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсний дараа зөрчлийн хэрэг нээж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй...” гэж маргасан.

5.Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, Эрүүл мэндийн байгууллага нь даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцон даатгуулагчид буцаан олгох үүргээ биелүүлээгүй нь тогтоогдвол тухайн эс үйлдлийг зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.

6.Тодруулбал, талуудын эсрэг тэсрэг тайлбаруудын агуулгыг нэгтгэн үзвэл, иргэнээс гарсан эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг буцаан олгосон тохиолдлыг нөхөн зөрчилд тооцох эсэхэд маргааны гол зүйл оршиж байна.

7.Иргэн С.Оээс 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр  Сэгт “...эм тариа авсан зардлыг буцаан авсан гэдгийг мэдэлгүйгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт өргөдөл гаргасан, эмч Дид ямар ч гомдол саналгүй, харин ч намайг сайн эмчилсэн, танай эмнэлэгтэй гомдол саналгүй тул гаргасан өргөдлөө буцаан авах болно” гэх өргөдөл гаргасны дагуу  Сгийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар өөрөөр нь гаргуулсан эмийн зардал, тодосгогч аппаратын үзлэгийн төлбөр болох 268,400 төгрөгийн зардлыг С.От буцаан олгожээ.[8]

8.Гэтэл С.Оээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандаж гаргасан өргөдлөөр Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Ц.Г 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн     дугаар зөрчлийн хэргийг  Сэгт холбогдуулан нээж[9], 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 0  дугаар шийтгэлийн хуудсаар “иргэнээс эм тариа авхуулсан, нэмэлт төлбөр авсан” болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 2000 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, иргэнээс гарсан зардал буюу нөхөн төлбөрийн 216,000 төгрөгийг төлүүлэхээс шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.[10]

9. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч С.Оийн өгсөн “...хүлээн авахын эмч нь манайд байхгүй учраас гаднаас 2 тариа ав гээд цаасан дээр жор бичиж өгсөн, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим сайтаас өөрөө гаднаас авсан эм тарианы мөнгийг буцаан авч болдог тухай мэдээлэл авч байсан, тэгээд өргөдөл гаргасан, хуулиараа бол хэвтсэн эмнэлэгтээ өргөдөл гаргах байсан юм байна, өргөдлөө буцааж авах саналтай байна...” гэх, хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зөрчилд холбогдогчийн төлөөлөгч Ц.О*******аас мэдүүлэг авсан байх бөгөөд “...тухайн өдөр ачаалалтай байсан учраас эм тариа дууссан, эм зүйч ажлын цаг дууссан учраас гэрээс нь дуудаж ирүүлэхэд хугацаа алдах байсан учраас өвчтөн өөрөө хүссэн гаднаас аваад хийлгэе гэж хэлснээр гаднаас авхуулсан...” гэж тус тус мэдүүлсэн байна.[11]

10.Дээрх үйл баримтаас үзвэл, С.Оийг эмнэлэгт очих үед эм тариа дууссан, эмнэлгийн эмийн санчийн ажлын цаг дууссан, биеийн байдал хүнд байсан зэрэг зайлшгүй шалтгаанаар иргэн өөрийн зардлаар эм, тариа авсан бөгөөд иргэн С.Оээс гарсан зардлыг буцаан олгосон нь тогтоогдож байх тул даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцон даатгуулагчид буцаан олгох үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй бөгөөд зөрчил үйлдсэн гэж үзэх хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдоогүй байхад шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна.

11.Түүнчлэн иргэн С.Оийн өгсөн “...өөрөөс гарсан эм тарианы зардлаа буцаан авах хүсэлтээ эмнэлэгтээ гаргах байсныг андуурч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандаж гаргасан, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт гомдол саналгүй” гэх мэдүүлгээс үзвэл эмчлүүлэх явцад өөрөөс гарсан зардлаа гаргуулах зорилготой байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийг зөрчил гаргасан гэх агуулгагүй байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан зорилго нь тодорхойгүй байна.

12.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан дараахь байдлаар хянан үзнэ: 1/өргөдөл, гомдол нь тухайн байгууллага, албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах болон албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргасан эсэхийг тогтооно; 2/өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл, гомдлыг харьяалах газар нь З хоногийн дотор шилжүүлнэ; 3/өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулна” гэж зааснаас үзвэл С.Оээс гаргасан “....өөрөөс гарсан эм тарианы зардлыг гаргуулах” тухай өргөдлийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байгууллага болох  Сэгт шилжүүлэн шийдвэрлүүлэх журамтай байжээ.

13.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл гомдол гаргагч иргэн С.О өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2/Өргөдөл, гомдол үнэн зөв байна; зарчмыг хэрэгжүүлэлгүй бусдын эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйлдэл хийсэн бол хариуцагч улсын байцаагч нь эрүүл мэндийн байгууллагын үйлдэл, эс үйлдэхүй зөрчлийн шинжгүй байхад зөрчлийн хэрэг нээж, улмаар шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

14. Иймд Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Ц.Гийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 0  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 10.19.2, Эрүүл мэндийн даатгалын тухай 13 дугаар зүйлийн 13.1.8 дахь заалт, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 13 дугаар зүйлийн 13.1, 13.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж,  Сгээс тус шүүхэд хандан Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Ц.Гийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 0  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.БАТБААТАР

 

[1] Хавтас хэргийн 24-28  хуудас

[2] Хавтас хэргийн 136-140 хуудас

[3] Хавтас хэргийн 135 хуудас

[4] Хавтас хэргийн 154 хуудас

[5] Хавтас хэргийн 133 хуудас

[6] Хавтас хэргийн 8 хуудас

[7] Хавтас хэргийн  8 хуудас

[8] Хавтас хэргийн  154 хуудас

[9] Хавтас хэргийн 133 хуудас

[10] Хавтас хэргийн  8 хуудас

[11] Хавтас хэргийн  62-71 хуудас