| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01765/и |
| Дугаар | 135/ШШ2024/01448 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 135/ШШ2024/01448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/01765/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ****** аймаг, ******* сум, ******* баг, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /утас:*******/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Ф.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ф.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
... Миний бие 1987 оны 08 сарын 01-нээс ******* сумын 14 цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар 1991 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт тухайн хугацаанд цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Рэнцэнжавын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал бичигдсэн боловч хөдөлмөрийн дэвтэрийн хавтасны хугацаа 1991 он, тушаал бичигдсэн хугацаа 1987, 1991 он гэж бичигдсэн учир архивын лавлагаа шаардлагатай болсон. Дархан-Уул аймгийн Архивын газраас 1987-1991 онуудын баримтыг шүүж үзсэн боловч гарч ирээгүй гэсэн хариулт өгсөн. Иймд намайг 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын 14 цэцэрлэгт ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтэй холбоотойгоор хэрэгт: Хүсэлт, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, төрийн архивын тодорхойлолт, ******* сумын 14 цэцэрлэгээс ирсэн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, , нарын иргэний үнэмлэхийн хуулбар, түр ажилчин авах тухай тушаал, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, фото зураг, гэрч *******ийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, *******гийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр зэргийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ф.******* нь Дархан-Уул аймгийн ******* сумын 14 цэцэрлэгт 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсныг сэргээн тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.
Хүсэлт гаргагч Ф.******* нь Дархан-Уул аймгийн ******* сумын 14 цэцэрлэгт 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан ажилд орсон болон ажлаас гарсан тушаал байхгүйн улмаас хүсэлт гаргагчийн асрагчаар ажилласан хугацааг тогтоох боломжгүй болж, ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
2. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Нийгмийн даатгалын байцаагч Б.Урандэлгэрийн 2024 оны 10 сарын 17-ны өдрийн тодорхойлолт, Ф.*******ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 09 сарын 17-ны өдрийн дугаартай тодорхойлолт, Ф.*******ийн 1987 оны 08 сарын 01-ний өдрийн дугаартай Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, уг дэвтэрийн Ажлын тухай мэдээ хэсэг: 01. 1987.08.01-14 цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар авч ажиллуулав, юуг баримт бичсэн: 1987.08.01-ний өдрийн эрхлэгчийн №23 дугаартай тушаал гэх бичилт, Дархан хотын 14 ясли цэцэрлэгийн комбинатын эрхлэгчийн 1987 оны 11 сарын 10-ний өдрийн дугаартай Түр ажилчин авах тухай тушаал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 09 сарын 10-ны өдрийн Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрэл зурган үзүүлэлтүүд,
- Гэрч *******ийн ...Би 1981 онд Дархан-Уул аймгийн ******* сумын 14 цэцэрлэгт анх туслахаар орсон. Тэгээд мэргэжил олгох курст сураад цэцэрлэгийн жинхэнэ багш болсон. Тухайн цэцэрлэгтээ ажилласаар л байсан. Намайг цэцэрлэгийн багшаар ажиллаж байхад 1987 онд Байгалмаа, Ф.******* гэж хоёр хүүхэд дөнгөж 10 ангиа төгсөөд шууд манай цэцэрлэгт туслахаар орж ирсэн, яваандаа багш болсон. Ф.*******ийг яагаад тод санаж байна гэхээр өөрөө хөгжим сайн тоглодог хүүхэд байсан. Би тухайн 14 цэцэрлэгт ажилласаар байгаад тэндээсээ тэтгэвэрт гарсан. ******* ын 14 цэцэрлэг 1991 онд мэргэжлийн дуу хөгжмийн багштай болоод тэгээд Ф.******* ажлаасаа гарсан. Тэр ажлаасаа гараад ******* ын уурхайд ажилладаг байсан. Бид хоёр сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамт ажилладаг байснаас гадна энэ хүний 2 хүүхэд цэцэрлэгт миний гарын хүмүүжлээр хүмүүжсэн болохоор бие биенээ сайн мэдээд байгаа юм гэх мэдүүлэг, түүний 2024.11.06-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, *******ийн 1987 оны 03 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Гэрч Д.*******гийн ...Би ******* ын ус сувагт гүйцэтгэгчээр ажиллаж байгаад ажлаасаа гараад 1988 онд Дархан-Уул аймгийн ******* сумын 14 цэцэрлэгт туслах багшаар ажилд орсон. Ф.******* нь 1987 онд ******* сумын 2 сургууль төгсөөд 1988 онд, гэхдээ намайг ажилд орчихсон байхад дуу хөгжмийн багшаар ажилд орсон. Ф.******* нь 1991 онд тус цэцэрлэгээсээ гараад ******* ын уурхайд ажилд орсон. Би 1996 он хүртэл тэр цэцэрлэгтээ ажиллаж байгаад Дархан суманд шилжиж ирсэн. Тэгээд Дархан дээд сургуулийн жижүүрээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэх мэдүүлэг, түүний 2024.11.06-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, гэрчийн 1988 оны 04 сарын 21-ний өдрийн дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримт болно /хх 3-7, 10-13, 26-35 дахь тал/.
Дээрх шинжлэн судлагдсан нотолгооны хэрэгсэлүүдээс 1987 оны 8 сарын 01-ний өдөр Ф.Алтанцэцэгт олгосон Хөдөлмөрийн дэвтэрт ...1987 оны 8 сарын 01-ний эрхлэгчийн 23 тоот тушаалаар 14-р цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар авч ажиллуулав гэсэн бичилт, 1991 оны 11 сарын 02-ны өдрийн 31 тоот тушаалаар өөр ажилд орох болсон учир ажлаас чөлөөлөв гэсэн бичилт, гэрэл зургууд, гэрч *******, Д.******* нарт хууль сануулан авсан мэдүүлэг зэрэг баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж, хүсэлт гаргагч Ф.******* нь Дархан-Уул аймгийн ******* сумын 14 цэцэрлэгт 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсныг сэргээн тогтоож шийдвэрлэв.
4. Хүсэлт гаргагч Ф.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан регистрийн дугаартай, ******* овгийн *******ийн *******ийг Дархан-Уул аймгийн ******* сумын 14 цэцэрлэгт 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах багш, дуу хөгжмийн багшаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА