Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 147/ШШ2024/00294     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

 

           Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Онгон сумын 5-р багт оршин суух, ******* ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч: Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Б.******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1990-1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд ногоочноор, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал Онгон ХК-д ногоочноор тус тус ажиллаж байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан онуудын тушаал, цалингийн баримт олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг 1990-1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд ногоочноор, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал Онгон ХК-д ногоочноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11/229 дугаартай лавлагаа, 1990 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нээлгэсэн ******* овогтой *******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нээлгэсэн ******* овогтой *******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Б.*******ийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд гишүүнээр элссэн 269 дугаартай үнэмлэх, Ногоочноор ажиллаж байхдаа ногооны талбайд авхуулсан фото зураг, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх  *******, Д.Энхсайхан нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* овогт ******* ******* нь 1990 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд ногоочноор, 1993 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг  хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын Онгон ХК-д ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

            2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* ******* овогт ******* ******* нь 1990 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд ногоочноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11/229 дугаартай лавлагаа, (Онгон сумын Хөгжилт нэгдлийн 1982 оноос хойшхи тушаал, 1989 оноос хойшхи онуудын цалингийн баримт шилжиж ирээгүй тул Б.*******д холбогдох баримт гарах боломжгүй гэх бичилт бүхий), Б.*******ийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд гишүүнээр элссэн 269 дугаартай үнэмлэх, (Б.*******ийн нэгдлийн гишүүний үнэмлэх), Ногоочноор ажиллаж байхдаа ногооны талбайд авхуулсан фото зураг, (1993 онд ногооны талбайд нөхөр, хүүхдийн хамт гэх тайлбар бүхий фото зураг), Их хувьчлалын тасалбарын жагсаалт, жагсаалтын хавсралт, (Жагсаалтын 1612-т ******* ******* гэх бичиглэл бүхий)

 

5. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “...Б.******* нь 1989 онд 10-р ангиа төгсөөд 1990-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд ногоочноор, 1992-1995 оныг хүртэл Онгон ХК-д ногоочноор тус тус ажиллаж байсан. Хөгжилт нэгдэл 1991-1992 оны үед тараад Онгон ХК болж байсан юм. Зуны цагт ногоогоо тарина, ялгалтаа хийнэ, намрын цагт ногоогоо хураах, ачилтад явуулах зэрэг ажлуудыг хийдэг байсан. Би 1988-1995 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдлийн дэлгүүрт худалдагчаар, Хөгжилт нэгдэл ХК-д худалдагчаар тус тус ажиллаж байсан. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор Б.*******ийн ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг,

 

 6. Гэрч шүүхэд өгсөн: “....Б.******* нь 1990-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд ногоочноор, 1992-1995 оныг хүртэл Онгон ХК-д ногоочноор тус тус ажиллаж байсан. Одоо ч хувиараа ногоо тариалдаг. Би 1990-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд ногоо савлагчаар, 1992-1995 оныг хүртэл Онгон ХК-д ногоо савлагчаар тус тус ажиллаж байсан. Зун ногоогоо тарина, намар хураана, өвөл нь борлуулна зүгээр бол суулгадаггүй л байсан. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан.” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 7. Иймд ******* ******* овогт ******* *******ийн 1990 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

8. Харин нэхэмжлэгч Б.*******ийн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын Онгон ХК-д ногоочноор ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй (нотлох баримтаар ирүүлсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй) байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

             9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* *******ийн 1990 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын Онгон ХК-д ногоочноор ажилласан гэх бичгийн нотлох баримтыг бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА