Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 147/ШШ2024/00296     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багт оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1991-1995 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд хоньчноор ажиллаж байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан онуудын тушаал, шийдвэр,  хөдөлмөрийн дэвтэр устаж үгүй болсон тул ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг 1991-1995 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Л.******* нэгдлийн гишүүний үнэмлэх, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11/245 дугаартай лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1991-1995 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1991 оны 10-р сарын 21-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Л.******* нэгдлийн гишүүний үнэмлэх, (Л.******* 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 539 дугаартай Онгон сумын Хөгжилт нэгдэлд гишүүнээр элссэн үнэмлэх), Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11/245 дугаартай лавлагаа, (1992 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий),

 

5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “...******* нь 1991-1995 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Шүүт, Шороот гэх газруудаар нутаглаж байсан. Эднийх хонь малладаг байсан. Би 1985-1995 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан болохоор Л.******* ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг,

 

 6. Гэрч *******ий шүүхэд өгсөн: “....******* нь 1991-1995 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд хоньчноор ажиллаж байсан. Би 1981-1994 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Манайх Л.*******хтай хамт нэг суурийн мал малладаг байсан. Манайхан хонин суурьтай байсан. Бид хамт ажиллаж байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын  зарим хэсэг тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 7. Иймд ******* овогт ******* ******* 1991 оны 10-р сарын 21-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

8. Харин нэхэмжлэгч Л.******* 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

             9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* 1991 оны 10-р сарын 21-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Нэхэмжлэгч ******* нь 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажилласан гэх бичгийн нотлох баримтыг бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА