Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 509

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

иргэдийн төлөөлөгч Т.Гансүх,

улсын яллагч Б.Чимгээ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ч холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725010611 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Ч, 1990 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Нарантуул олон улсын худалдааны төвд тэрэг түрдэг ажилтай гэх, ам бүл 3, 2 дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэсгэрт үйлдвэрийн хашаанд түр оршин суудаг, урьд 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 11 дугаартай тогтоолоор 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,

Шүүгдэгч Д.Ч нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, танхайн сэдэлтээр 2017 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн ажилчдын 27/1 дүгээр байрны доод грашны үүдэнд 56 настай эмэгтэй А.Түмэнжаргалыг онц харгис, хэрцгий аргаар хэвлий, бэлэг эрхтэн орчимд хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, хохирлыг нөхөн төлөх болно” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүгдэгчийн талаас над дээр 1 ч хүн ирж уулзаагүй. Маш их гомдолтой байна. Нэг ч төгрөгийн хохирол төлж барагдуулаагүй. Энэ уй гашууг төлж чадахгүй. Шүүгдэгчийг хохирлоо барагдуулна уу гэж хүсч байна. Хуульд заасан ялыг оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр хүрээд ирсэн чинь цагдаагийн алба хаагч нар ээжийг минь нас барсан талаар мэдэгдсэн. “...Талийгаачийн ажил явдалд баримтгүй зардал 4.061.960 төгрөг, баримттай 1.530.306 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-215/,

Гэрч Н.Оргил мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...уг байрны зам дээр 2 хүн байж байсан бөгөөд нэг нь эмэгтэй хүн байсан. Эрэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эмэгтэй нь бараг тасарсан байсан. Өндөр нь 170 см өндөртэй, 30 орчим насны, бараан өнгийн хувцастай, шардуу царайтай, уруул нь хадвсан, нүд нь бүлцийсэн хүн байсан. унжуу зовхитой байсан....” гэсэн мэдүүлэг. /хх-14/,

Гэрч Б.Болд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 08 сарын 19-ний өглөө 07 цаг 40 минутанд грашний хэсэг рүү харахад грашийн хаалганы урд доошоо харсан, хамаг хувцсаа тайлсан байдалтай хүн хэвтэж байхаар нь 102 дугаарт дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-154-155/,

Гэрч Д.Алгирмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 19.00-19.30 цагийн хооронд зах дээр Түмэнжаргалтай таараад манай нөхөр Баянмөнх, Түмэнжаргал бид 3 хамт гараад Аман хуур хотхоны супермаркетад ирээд дэлгүүрээс 0,5 литрийн Хараа архи аваад тэрийгээ дэлгүүрийн дотор талын шатан дээр гурвуулаа хувааж уусан. Тэр архиа ууж дуусгачихаад дахиж Хараа архи аваад Халдвартын эмнэлэгийн урд талын дэлгүүрийн хажуу талын шатан дээр сууж архи уусан. Архиа ууж дуусч байхад бараг автобус зогсчихсон байсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр халдвартын эцсээс автобусанд суугаад багшийн дээд дээр буугаад гэр рүүгээ харьсан. Халдвартын эмнэлэг дээр архи ууж байхдаа миний утаснаас охинтойгоо яриад би гэртээ очиж чадахгүй байх, ээжийнд очиж хонолоо гэж ярьсан. Автобусны буудал дээр Түмэнжаргал эгч ганцаараа үлдсэн...” гэсэн мэдүүлэг. /хх85-86/,

Гэрч Б.Баянмөнх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...тэгээд архи ууж байхдаа ээжийн чих нь өвдөөд байгаа ээжийнд очиж хононо гэж байсан. 13 дугаар хороололд байгаа гэж байсан. Архи ууж дуусахад бол цаг хэд болж байсан гэдгийг санахгүй байна. Тэрнээсээ цаашаагаа Түмээ ээжийнх рүүгээ явна гэж үлдээд эхнэр бид хоёр гэр рүүгээ такси бариад явсан. Түмээг цаашаагаа хаашаа явсан гэдгийг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх87-88/,

Гэрч Г.Гүндалай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Иргэн Д.Алгирмаа хамгийн сүүлд өчигдөр 19-20 цагийн хооронд үйлчлүүлсэн санагдаж байна. Энэ эгч намхан тарган, саарал цагаандуу өнгийн куртиктэй, 40-50 орчим насны бордуу царайтай эгчтэй хамт хоёулаа орж ирээд архи авчихаад гарч харагдсан. Миний санаж байгаагаар тэр 2 эгч нийт 2 удаа орж ирээд архи, оргил рашаан аваад гарч байсан юм. ... Д.Алгирмаа гэгч эмэгтэй нь нөгөө эгчийн хамт манай дэлгүүрийн эсрэг талд байдаг ПС тоглоомын газрын шатан дээр суугаад архиа ууж байгаа нь харагдсан” гэсэн мэдүүлэг /хх- 90/

Гэрч Г.Ганбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...граш дотор хүмүүс хэрэлдээд байх юм шиг май зай гээд чанга орилолдоод байхаар нь яваад очтол зүүн талын хана налчихсан эмэгтэй хүн тэрнийх нь өөдөөс нэг эрэгтэй хүн гараараа хана түшчихсэн зогсож байсан.” ...би сүүлд харахдаа энэ хоёр маргалдаад байсан юу болж байгаа бол гээд харсан чинь гайгүй байх шиг байхаар нь яваад өгсөн. “...янз бүрийн юм болоогүй, тэгээд хэрэлдээд байгаа ч юм шиг, хэрэлдэхгүй ч байгаа юм шиг байхаар нь би цагдаа дуудаагүй юм.” гэсэн мэдүүлэг. /хх90-92/,

Гэрч Т.Батцэрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Чимка нь надад өөрийнхөө өмссөн байсан хар өнгийн юудэнтэй малгайтай энгэрээ дайруулаад гарын бугалга дээрээ хөндлөн дайрсан цагаан өнгийн зураастай зузаан цамцаа өгсөн. Тэгээд намайг энийг өмс гэсэн. Тэгэхээр нь би өөр өмсөх хувцас байхгүй болохоор даарч байхаар гэж бодоод тэр цамцыг нь өмссөн юм. “...Чимка өглөө намайг ирэх үед цагаан өнгийн пүүзтэй, хар өнгийн надад өгдөг цамцтайгаа, шаргал өнгийн өмдтэй байсан.” гэсэн мэдүүлэг. /хх95-96/,

Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2017 оны 03 дугаар сарн 20-ны өдрийн №446 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт. /хх106-109/,

Шинжээч эмч С.Ганболд мэдүүлэг: “...Шинжээч Пүрэвдуламын гаргасан 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №2117 дугаартай дүгнэлтийг уншлаа. Хэргийн газраас хураагдсан зүйл нь хүний эд байна, уг эд нь эмэгтэй хүнийх байна гэсэн ба хүний биеийн аль эрхтний эд болохыг тогтоох боломжгүй. “... уг эд мэт зүйлээс үрийн шингэн, цус, шүлс илрэх эсэхийг тогтоох боломжгүй зөвхөн ДНХ тогтоох боломжтой” гэсэн мэдүүлэг: /хх- 121/,

Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №2112, №2114 дугаартай дүгнэлт: “...1. шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн задгай энгэртэй куртика, хар өнгийн куртика, хар хөх өнгийн манжаттай цэнхэр өнгийн юүдэнтэй бэлтгэлийн цамц зэрэгт цус илэрч байна. 2. Илэрсэн цус нь хүний цус мөн байна. 3. Хар өнгийн задгай энгэртэй куртика, хар өнгийн куртика, хар хөх өнгийн манжаттай цэнхэр өнгийн юүдэнтэй бэлтгэлийн  цамц зэрэгт илэрсэн цус нь B/III/ бүлгийн харъяалалтай байна.” гэсэн мэдүүлэг. /хх137-138/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №412 дугаартай дүгнэлт: “... Д.Чимэдхүү нь гэмт хэрэгт холбогдох, үйлдэх үедээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай байсан байна. Сэтгэцийн ямар нэг өвчтэй гэх баримт мэдээлэл үгүй байна. 2.Д.Чимэдхүү нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 3. Одоо Д.Чимэдхүү нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Эрүүгийн хэрэг хариуцах чадвартай байна. 4. Д.Чимэдхүүд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна. 5. Д.Чимэдхүү нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэсэн дүгнэлт. /хх- 144-145/,

Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №4043 дугаартай дүгнэлт: “1.Д.Чимэдхүүгийн өмсөж явсан юүдэнтэй хар хөх өнгийн цамцанд илэрсэн цусны толбоны ДНХ, хохирогч А.Түмэнжаргалын цусны ДНХ-ийн тогтоцыг ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт 4043-ийн хүснэгт 1-ийн 2, 3-р баганад үзүүлэв. 2. Д.Чимэдхүүгийн өмсөж явсан юүдэнтэй хар хөх өнгийн цамцанд илэрсэн цусны толбоны ДНХ-ийн тогтоц хохирогч А.Түмэнжаргалын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлт. /хх-147/,

Гэрч Л.Отгоны мэдүүлэг /хх-78/, гэрч Б.Болдын мэдүүлэг /хх-80/, гэрч А.Хишигжаргалын мэдүүлэг /хх-83/, гэрч Ж.Мягмаржавын мэдүүлэг /хх-84/, гэрч Д.Алгирмаагийн мэдүүлэг /хх-86/, гэрч Б.Баянмөнхийн мэдүүлэг /хх-88/, гэрч Г.Гүндалайгийн мэдүүлэг /хх-90/, гэрч Г.Ганбатын мэдүүлэг /хх-92/, гэрч Р.Булгантамирын мэдүүлэг /хх-94/, гэрч Т.Батцэрэнгийн мэдүүлэг /хх-96/, гэрч А.Шинэцэцэгийн мэдүүлэг /хх-98/, гэрч Х.Баярмаагийн мэдүүлэг /хх-100/, гэрч Н.Дарьсүрэнгийн мэдүүлэг /хх-102/, гэрч Ч.Байгалмаагийн мэдүүлэг /хх-104/, шинжээчийн №446 тоот дүгнэлт /хх-107/, шинжээчийн №2186 тоот дүгнэлт /хх-111/, шинжээчийн №2185 тоот дүгнэлт /хх-112/, шинжээчийн №2964 тоот дүгнэлт /хх-114/, шинжээчийн №2154 тоот дүгнэлт /хх-115/, шинжээчийн №2117 тоот дүгнэлт /хх-117/, шинжээчийн №2116 тоот дүгнэлт /хх-120/, шинжээч С.Ганболдын мэдүүлэг /хх-122/, шинжээчийн №1233 тоот дүгнэлт /хх-124/, шинжээчийн №1235 тоот дүгнэлт /хх-127/, шинжээчийн №2113 тоот дүгнэлт /хх-129/, шинжээчийн №1232 тоот дүгнэлт /хх-131/, шинжээчийн №2112, №2114 тоот дүгнэлт /хх-138/, шинжээчийн №1234 тоот дүгнэлт /хх-141/, сэтгэцийн №412 тоот дүгнэлт /хх-145/, шинжээчийн №4043 тоот дүгнэлт /хх-148/, сэжигтэн Д.Чимэдхүүгийн мэдүүлэг /хх-163/, яллагдагч Д.Чимэдхүүгийн мэдүүлэг /хх-166/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоодсон болно.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Чимэдхүүд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/-ийн хүндрүүлэх нөхцөл байдалд танхайн сэдэлт нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй болсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэж прокуророос шүүгдэгч Д.Чимэдхүүд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч П.Ч үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан онц хүнд гэмт хэргийн ангилал, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүнд гэмт хэрэгт тооцогдож байгаа тул уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой байна.

Шүүгдэгч  нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд хохирогч нарт учирсан хохирлыг төлөөгүй нөхцөл байдал нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх бүрэлдэхүүн гэм буруутай этгээд шүүгдэгч Д.Чимэдхүүгээс хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон талийгаачийн оршуулгын зардалд зарцуулсан 5.592.596 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Ч-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хар хүрэм 2 ширхэг, ягаан хүрэм 1 ширхэг, цэнхэр цамц 1 ширхэг, хөх саравчтай малгай 1 ширхэг, улаан хөхний даруулга 1 ширхэг, ягаан оймс 1 хос, хар алаг үстэй гутал 1 хос, ягаан цамц 1 ширхэг, хар хөх оймс 1 хос, бор алаг өмд 1 ширхэг, улаан хүрэн алаг өмд 1 ширхэг, хар өмд 1 ширхэг, хар дотуур өмд нэг ширхэг, ягаан эрээн богино ханцуйтай цамц 1 ширхэг, хар ногоон цамц 1 ширхэг, юүдэнтэй хар хах өнгийн цамц 1 ширхэг, шар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн гутал 1 хос, цагаан өнгийн бээлий 1 хос, хар саарал бээлий 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Ч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар прокуророос Д.Ч    2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилсүгэй.

2. Д.Ч онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Д.Ч 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ч оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ч урьд цагдан хоригдсон 206 /хоёр зуун зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хар хүрэм 2 ширхэг, ягаан хүрэм 1 ширхэг, цэнхэр цамц 1 ширхэг, хөх саравчтай малгай 1 ширхэг, улаан хөхний даруулга 1 ширхэг, ягаан оймс 1 хос, хар алаг үстэй гутал 1 хос, ягаан цамц 1 ширхэг, хар хөх оймс 1 хос, бор алаг өмд 1 ширхэг, улаан хүрэн алаг өмд 1 ширхэг, хар өмд 1 ширхэг, хар дотуур өмд нэг ширхэг, ягаан эрээн богино ханцуйтай цамц 1 ширхэг, хар ногоон цамц 1 ширхэг, юүдэнтэй хар хах өнгийн цамц 1 ширхэг, шар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн гутал 1 хос, цагаан өнгийн бээлий 1 хос, хар саарал бээлий 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

  1. . Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Ч ар гэрийн хувьд ногдох хөрөнгөөс 5.592.596 /таван сая таван зуун ерэн хоёр мянга таван зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б олгосугай.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Ч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР           

 

                                         ШҮҮГЧИД                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.МӨНХТУЯА