Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/42

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                               

                                                          Прокурор Д.Ганцэцэг

Шүүгдэгч *******, *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор

Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ, ерөнхий шүүгч Х.Отгонжаргал, шүүгч М.Мандахбаяр  нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, ******* нарын гаргасан гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2126000000175 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26- ны өдрийн 1/88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж 2 жил 2 сарын хугацаагаар хянан харгалзсан, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоосон, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/149 дугаартай захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг 2 жил 5 сар 5 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ХМШЗ/06 дугаартай “Ял солих тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй үлдсэн 788 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 788 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон, 

2. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 481 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/189 дугаартай захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 09 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг 09 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ХМШЗ/05 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 186 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 186 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон, ******* ******* ******* *******, РД:/*******/,

1. ******* ******* нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 27 дугаар гудамны 16 тоотод байрлах хохирогч гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж “Samsung” маркын 24 инчийн зурагт, “Монгол сат” олон сувгийн хүлээн авагч төхөөрөмж, 4 ширхэг оролттой цахилгааны уртасгагч залгуур, “Эко” 00-н цаас 6-н ширхэг, 1 хос ор хөнжлийн даавуу зэргийг хулгайлж 319000 төгрөгийн хохирол,

2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 65 дугаар гудамжны 9 тоотод байрлах хохирогч гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 24 инчийн “ТСL” маркын телевизийг хулгайлж 360000 төгрөгийн хохирол,

2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 2 тоотод байрлах байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж идээний модон таваг 3 ширхэг, эмэгтэй хүний торгон дээл 1 ширхэг зэргийг хулгайлж 255000 төгрөгийн хохирол,

2021 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 52 дугаар гудамжны 18 тоотод байрлах хохирогч гэрт хууль бусаар нэвтрэн орж хурган дотортой дээл, эрэгтэй хүний булган малгай зэргийг хулгайлж 280000 төгрөгийн хохирол,

2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 15 тоотод байрлах гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж сийлбэртэй цацлын халбагыг хулгайлж 20000 төгрөгийн хохирол,

******* *******тэй бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 03-наас 08-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 106 дугаар гудамжны 19 тоотод байрлах хохирогч байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 3 ширхэг, хөөрөгний даалин 1 ширхэг, даваа толгойтой дунд гарын хаш хөөрөг 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, цахилгаан тасдагч 1 ширхэг, 1 хайрцаг дриллын хошуу, гар хадагч 1 ширхэг зэргийг хулгайлж 817000 төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

2. ******* ******* нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 45 дугаар гудамны 2 тоотод байрлах байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж “Монел” маркын LCD телевиз, телевизийн удирдлага, “Стар” кабелийн антен хүлээн авагч, хромон гутал 1 хос зэргийг хулгайлж 520000 төгрөгийн хохирол,

2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн “” гэх газарт байрлах Ш.Мөнхбаярын гэрийн гаднаас түүний өмчлөлийн улсын дугааргүй “Даюун” маркын мотоциклийг хулгайлж 1500000 төгрөгийн хохирол,

******* *******тай бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 106 дугаар гудамжны 19 тоотод байрлах хохирогч байшинд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 3 ширхэг, хөөрөгний дайлан 1 ширхэг, даваа толгойтой дунд гарын хаш хөөрөг 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, цахилгаан таслагч 1 ширхэг, 1 хайрцаг дриллын хошуу, гар хадагч 1 ширхэг зэргийг хулгайлж 817,000 төгрөгийн хохирол,

бүлэглэн 2017 оны 10 сарын 22-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 55 дугаар гудамжны 3 тоотод байрлах  хохирогч байшинд хууль бусаар нэвтрэн орж булган малгай, хурганы арьс, мөнгөн аяга, мөнгөн товч, мөнгөн ээмэг, харааны нүдний шил, хөнгөн цагаан хувин, сав зэргийг хулгайлж 6545000 төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймгийн прокурорын газрын орлогч прокуророос: ******* ******* *******, ******* ******* ******* ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:   ******* ******* *******, ******* ******* ******* ******* нарыг бүлэглэж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар ******* ******* *******ыг зургаан жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар ******* ******* ******* *******г  таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан  зургаан жилийн хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил арван долоо хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг найман жил арван долоо хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан таван жил зургаан сарын  хугацаагаар хорих ялд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 481 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн гурван сар арван найм хоногийн  хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг таван  жил есөн сар арван найм хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт  оногдуулсан хорих ялыг тус тус  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц *******ын цагдан хоригдсон 190 хоногийг, *******гийн цагдан хоригдсон 104 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тус тус тооцохоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 348000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бадамд, 3362500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Насантогтоход, 207800 төгрөгийг гаргуулж хохирогч А.Батжаргалд, 380000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Отгонбандид тус тус  олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Отгонбандийн нэхэмжлэлээс 120000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24 инчийн “Samsung” маркын телевиз 1 ширхэг,  “Монгол сат” олон сувгийн хүлээн авагч 1 ширхэгийг улсын төсөвт шилжүүлэхээр, шүүгдэгч ******* нь нэг сар арван нэг хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч ******* нь далан найм хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус биечлэн эдэлсэн, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь хохирогч Ш.Мөнхбаяр, иргэний нэхэмжлэгч О.Энхмаа нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь хохирогч Ц.Бадамд 348000 төгрөг, хохирогч Б.Лхагвадонвид 319000 төгрөг, хохирогч Б.Онхойлойхүүд 180000 төгрөг, хохирогч Н.Лхамдолгорт 30000 төгрөг тус тус төлсөн, иргэний нэхэмжлэгч О.Энхмаа 30000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн, хохирогч Б.Онхойлойхүү, П.Сугар, Н.Батсугар, Б.Лхагвадонви, Н.Лхамдолгор, Ц.Бадам, Ш.Мөнхбаяр, иргэний нэхэмжлэгч О.Энхмаа нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би 6-н удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн боловч амьдралын эх үүсвэр болгоогүй. Хулгай хийсэн эд зүйлээ зарж өөрийнхөө ойр зуурын хэрэглээ болон амжиргаанд хэрэглээгүй. Тухайн эд зүйлийг зарж өөртөө архи, тамхи ойр зуурын хэрэглээнд зарцуулсан зүйл байхгүй. Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд ярихдаа шүүгдэгч *******ын хувьд хулгай хийж олсон эд хөрөнгөнийхөө тодорхой хувийг зарж үрсэн мөнгөөрөө өөрийн амьдралын наад захын хэрэглээ болох архи уух хэрэгцээгээ хангасан гэж ярьсан. Надад холбогдох хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шийдвэрлэвэл тухайн эд зүйлийг зарж өөртөө хэрэглээгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээр мөн эд зүйлийг буцаан өгсөн байдлаар нотлогдоно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан зүйлчлэлийг зөвшөөрөөгүй. Гэхдээ намайг анхан шатны шүүхээс хоёр ба түүнээс дээш үйлдлээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон байна гэж үзэж байгааг би хүлээн зөвшөөрч зүйлчлэлээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан ялаас хасаж өгнө үү. Гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр их гэмшиж байна. Хохирол төлбөрөө төлсөн. Цаашид хорих ангиасаа суллагдаад ажил хийж амьдарна. Дахин хулгай хийхгүй гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: Миний бие ******* М.Ганболд нартай бүлэглэж хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа болон гэмт хэргийн зүйлчлэлээ хүлээн зөвшөөрч байгаа. Би шоронгоос суллагдаад хохирол төлбөрөө төлж барагдуулна. Хийсэн хэргүүддээ маш их гэмшиж харамсаж байна. Энэ бүхнийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг 5 жилийн хугацаагаар хорих ял болгож шийдвэрлэж өгнө үү. Цаашид ажил төрөл хийж амьдарна. Би дахин гэмт хэрэг хийхгүй гэжээ.

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байгаа учраас шүүгдэгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би хууль дүрэмгүй газар амьдарч байсан юм шиг дахин дахин гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр их гэмшиж байна. Хохирол төлбөрөө төлсөн. Цаашид хорих ангиасаа суллагдаад ажил хийж амьдарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан надад оногдуулсан хорих ялаас хасаж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Суллагдаад ажил хийгээд хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулна. Надад оногдуулсан ялаас хасаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч *******, ******* нарын гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

******* ******* нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 27 дугаар гудамны 16 тоотод байрлах гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж “Samsung” маркын 24 инчийн зурагт, “Монгол сат” олон сувгийн хүлээн авагч төхөөрөмж, 4 ширхэг оролттой цахилгааны уртасгагч залгуур, “Эко” 00-н цаас 6-н ширхэг, 1 хос ор хөнжлийн даавуу зэргийг хулгайлж 319000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч   “...Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орой 20 цагийн орчимд хөдөө байдаг гэр рүүгээ яваад 8 хоноод 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орой 19 цаг өнгөрч байхад аймагт гэртээ ирсэн. Гэртээ ирээд урд хашааны том хаалгаа онгойлгоод машинаа оруулаад гэрийн үүдэнд байж байтал гэр дотор байсан цагаан төмөр сүх гадаа хаалганы хажууд түшүүлээд тавьчихсан байсан. Тэгээд хаалгаа үзтэл даруулгыг нь цүүгээр нь суга татаад хаалгыг эвдчихсэн онгорхой байсан. Гэртээ ороод үзтэл зуух дээр модон сандал тавьчихсан, тоонын гялгар уут урагдаж хүн орсон байдалтай гэрийн хоёр талд байх авдар онгорхой хамаг юм гаргаад тавьчихсан, номын шүүгээний дээр байсан 24 инчийн дэлгэц хэсгээрээ хар, доод хэсгээрээ саарал өнгийн голд нь Самсунг гэсэн бичигтэй зурагт байхгүй болчихсон, үүдэнд байсан ууттай нүүрс, моднууд газар ойчсон,  тэдгээрээс 1 шуудай мод бас алга болчихсон байдалтай байсан гэх мэдүүлэг /1хх-ийн 29 хуудас/,

            Гэрч “...Би 2021 оны 07 дугаар сарын сүүлээр Арвайхээр сумын 10 дугаар багт байх д очиход Хүрэлбаатар эхнэрээсээ салж байгаа зурагтаа зарна гээд байхаар нь "...чи хэдээр зарах юм, би худалдаж авъя” гэтэл гэрийнхээ зүүн хойд талын толины ард нэг жижиг саарал хүрээтэй 24 инчийн зурагт гаргаж ирээд үүнийг 60000 төгрөгөөр ав” гэсэн. Тэгэхээр нь би тухайн зурагтыг 20000 төгрөгийг бэлнээр нь өгөөд 40000 төгрөгийг нь дүүгээрээ мобайл банкаар шилжүүлсэн. Хар өнгийн дэлгэцтэй, хөх саарал хүрээтэй, доод талд Самсунг гэсэн бичигтэй 24 инчийн зурагт байсан. Хүрэлбаатар тэр зурагтыг хүнээс авсан барьсан гэж хэлээгүй. ******* гээд хүн л үлдээсэн гэж байсан. Өөрийнх нь өмч гэж бол огт яриагүй. ...2021 оны 08 сарын 07-ны үеэр Хүрэлбаатарт өгсөн байсан 40000 төгрөгөө буцааж авсан. Хулгайн эд зүйл гэж мэдээгүй гэх мэдүүлэг /1хх-ийн 32 хуудас/,

            Гэрч “...2021 оны 07 дугаар сарын сүүлээр Арвайхээр сумын 10 дугаар баг 49-1 тоот гэртээ ганцаараа унтаж байтал *******  юманд ороочихсон нэг телевизор, хүлээн авагч тэвэрчихсэн орж ирсэн. ******* энийг танайд түр тавьчихъя гэж хэлсэн. Маргааш нь Батзаяа манайд ирэхдээ тэр телевизийг гэртээ түр тавьж байя гэхээр нь би тэг гээд өгөөд явуулсан.  Би уг телевизийг Батзаяад зараагүй. Би Р.Батзаяад өөрийнхөө гэрт байдаг 32 инчийн телевизорыг 60000 төгрөгөөр зарсан. Тэгээд маргааш нь Батзаяа манай гэрт телевизороо авахаар ирэхдээ найз нь танай телевизорыг авахаа болилоо, чи мөнгөө буцаагаад өгчих, харин энэ телевизорыг чинь түр тавьж байя гээд нөгөө *******ын авчирсан телевизорыг надаас гуйгаад авч явсан. Тэгэхээр нь би 2021 оны 08 дугаар сарын эхээр 40000 төгрөгийг нь Батзаяад буцааж бэлнээр өгсөн.  ******* тухайн үед намхан дунд зэргийн махтай, бор царайтай, 30 орчим насны залуу байсан гэх мэдүүлэг /1хх-ийн 36, 38 хуудас/,

             2021 оны 07 дугаар сарын 29-ний  өдрийн 07/24 дугаартай “БНХАУ-д үйлдвэрлэсэн 24 инчийн Самсунг брэндийн LCD телевизор 200000 төгрөг,  Монгол сат олон сувагт хүлээн авагч 60000 төгрөг, 4 ширхэг оролттой уртасгагч 180000 төгрөг, Эко 00-ийн цаас 6000 төгрөг, 1 хос ор, хөнжлийн даавуу 30000 төгрөг, жижиг шуудайгаар савласан түлээний мод 5000 төгрөг, нийт 319000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 46-51 хуудас/,

             Яллагдагч *******ын “...Би 2021 оны 08 дугаар сарын 20-ны үеэр өдрийг нь санахгүй байна, 17-18 цагийн орчим согтуу байсан. Тэгээд архины мөнгө олох зорилгоор Арвайхээр сумын 4 дүгээр багт байрлах айлын хашааны хаалгыг давж орсон. Хашаанд ороход монгол гэр байсан бөгөөд би гэрийнх нь тооноор дотогш орсон. Гэрийнхээ тооныг гялгараар битүүлсэн айл байсан. Тухайн айлаас би нэг телевиз, нэг Монгол сат олон сувгийн хүлээн авагч төхөөрөмж хулгайлж авсан. Тэгээд би гэрээс нь гарахдаа тооноор нь буцаад гарсан. Тэгээд би телевиз, хүлээн авагч хоёрыг нь Хүрэлбаатарын гэрт түр аваачиж тавьсан юм. Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багт байрлах 27-16 тоот иргэн гэрт орохдоо ганцаараа явж байсан. Өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг /1хх-ийн 62 хуудас/,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 9-13 хуудас/, мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Р.Батзаяагаас 24 инчийн хэмжээтэй  “Samsung” маркын  LCD зурагтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 14-16 хуудас/, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрч Т.Хүрэлбаатараас “Монгол сат” сувгийн хар өнгийн хүлээн авагчийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 21-22 хуудас/,

          Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 24 инчийн хэмжээтэй “Samsung” маркын  LCD зурагт, “Монгол сат” сувгийн хар өнгийн хүлээн авагчийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 25 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

          2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 65 дугаар гудамжны 9 тоотод байрлах гэрээс 24 инчийн “ТСЛ” маркын телевизорыг авч 360000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч “...2021 оны 07 дугаар сарын 07-ны өглөө ажил руугаа гараад орой 23 цагийн үед ирэхэд нь гэрийн хаалгыг цоожны даруулганаас нь мулт татаж онгойлгоод гэрийн зүүн хойд хэсгийн авдран дээр байсан ТСL брендийн зурагтыг үл таних хүн хулгайлаад явчихсан байсан гэсэн. ТСL брендийн шинэвтэр зурагт, аудио оролтын хамт алдагдсан байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 87 хуудас/,

          Гэрч "... 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би Арвайхээр сумын 11 дүгээр багийн 65-09 тоотод байх гэртээ ганцаараа байж байгаад өглөө эрт ажилдаа явсан. Орой ажпаа тараад 23 цаг 39 минутад гэртээ иртэл гэрийн хаалганы даруулгыг цүүтэй нь цуг нааш нь татаад хаалгыг нь мултлаад онгойлгочихсон байсан. Би гайхаад тухайн үед гэртээ ороод үзтэл авдар, хөргөгч зэрэг эд зүйлс онгорхой, гэрийн зүүн хойд хэсгийн авдар дээр байсан ТСL брэндийн хар өнгийн 24 инчийн зурагт байхгүй байсан. Би ч тухайн үед маш яаралтай Улаанбаатар хот руу найзуудтайгаа явах гэж байсан болохоор яараад гэрийнхээ хаалганы цүүг нь цааш нь дахин түлхээд хаалгаа өөр цоожоор цоожлоод шууд хот руу гараад явчихсан. Хар өнгийн 24 инчийн ТСL брэндийн хар өнгийн ЛСД зурагт байгаа. Би одоо зурагтаа харвал танина. Мөн зурагтын хамт 3-н өнгийн аудио залгуур нь байхгүй байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 89 хуудас/,

          Гэрч “...Манайд ******* ойрын хугацаанд буюу 07 дугаар сард суллагдснаасаа хойш их орж гарч байгаа. Он сарыг нь санахгүй юм. 2021 оны 8 дугаар сарын эхээр байх гэж бодоод байна. ******* манайд нэг өдөр байж байсан юм. Тухайн үед их бороо орж байсан, цаг хугацааны хувьд үдээс өмнө л байсан санагдаж байна. Би өрхөө бүтээх гээд гартал гэрийн ард нэг куртик шиг хар юманд боолттой ТСL гэсэн бичигтэй зурагт байсан. Тэгээд *******аас асуутал “миний зурагт байгаа юм. Би танайд хүмүүс байгаад байхаар нь гэрийн ард чинь тавьчихсан байсан юм” гэж хэлсэн. Хар өнгийн ТСL брэндийн 24 инчийн зурагт байсан. Би бол тэрийг хулгай хийж л авсан гэж бодож байна. Өөрт нь ч би хэлсэн, чи дөнгөж шоронгоос гарч ирчихээд ахин хулгай хийгээд амьтны юм аваад байна уу” гэтэл “энэ аль хэдийн авсан байсан миний юм” гээд л байсан. ...******* манай гэрт багажнуудтай эд зүйлсийг авчирч тавихдаа нэг удаа л ******* гээд нэг намхан бор залуутай хамт ирсэн. Бусад үед ганцаараа ирдэг байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 91, 93 хуудас/,

           Гэрч “...******* 2021 оны 8 дугаар сарын эхээр манайд байж байгаад танай хүүхдүүд чинь үзэх юмгүй байгаа юм байна. Манай ахын 1 илүү зурагт байгаа би өгнөө гэж ярьж байсан. Тухайн үед би хулгайн юм байж мэднэ гээд юм хэлээгүй. Өөр бол зурагт манайд авч ирсэн зүйл бол байхгүй. ******* бол тийм зурагтын асуудал огт яриагүй.Тэр хоёр манайд хэд хэдэн удаа ирж архи уусан. Манайд хулгайн эд зүйлс гэх юм огт барьж ирж байгаагүй. Хашаанд л нуудаг байсан байж мэднэ” гэх мэдүүлэг /2хх-ийн 95 хуудас/,

          Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 71-74 хуудас/,

          Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн гэрч П.Баясгалангаас хар өнгийн 24 инчийн “ТCL” брендийн LCD зурагтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 75-78 хуудас/,

          Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хохирогч Н.Батсугараар таньж олуулах ажиллагаа явуулсан,  хохирогч Н.Батсугарт 24 инчийн хар өнгийн “ТCL” маркийн /ажиллагаа хэвийн/ телевизийг антенн хүлээн авагчийн 3 оролттой залгуурын хамт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 81-84 хуудас/,

          2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 08/26 дугаартай “...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 24 инчийн ТСL брэндийн LCD телевизор хуучин 300000 төгрөг,  Монгол сат олон сувагт хүлээн авагч 60000 төгрөг, нийт 360000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 106-110 хуудас/,

           Яллагдагч *******ын "...Арвайхээр сумын 11 дүгээр хороонд Шовооройгийнд архи ууж байгаад ******* бид хоёр орой нар жаргаж байх үед согтуу байхдаа тус 11 дүгээр хороонд эзэнгүй айл байхаар нь хамт орж хар өнгийн жижиг телевизорыг авсан. Орой байсан болохоор хашааны хаалганы өнгийг анзаараагүй. ******* бид 2 уг айлын монгол гэрийн хаалгыг нь хөшиж онгойлгоод хамт орж уг телевизийг авсан.Тэгээд уг телевизийг Шовооройгийн хашаанд авчраад машинд нь хийж хонуулсан. Телевизийг машинд хийх үед Цогтбаяр харсан. Харин Шовоорой болон эхнэр нь мэдээгүй. Маргааш нь уг телевизийг Шовооройгийн гэрээс холдуулах гээд Баясгалан эгчийн гэрт аваачиж түр тавьсан. Би уг зурагтыг Баясгалан эгчийнд аваачиж тавихад *******гийн хамт очоод Норовоо хашааны гадна үлдээд би нь оруулж тавьсан. Баясгалан эгч юун зурагт юм гэж асуухад нь хүний юм байгаа юм түр тавьчихъя гэж хэлсэн. Би Баясгалан эгчид зараагүй.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 123 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

         2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 2 тоотод байрлах иргэн байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж идээний модон таваг 3 ширхэг, эмэгтэй хүний торгон дээл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 255000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч “...Хамгийн сүүлд 7 хоногийн өмнө ирж пийшингээ засчихаад явсан. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн орой 18 цагийн үед иртэл манай байшингийн зүүн хойд талын гал тогооны жижиг порчикны цонхыг нь хагалаад хулгай орчихсон байсан. Тус гэрээс цагаан сарын ууцны том 60х30см хэмжээтэй хүрэн модон сийлбэртэй таваг 1 ширхэг, дугуй хэлбэртэй 45 см радиустай 6 талтай цагаан сарын тавгийн идээ тавьдаг хүрэн сийлбэртэй модон таваг 1 ширхэг, нийт 3-н таваг, мөн манай ээжийн өмсдөг ногоон өнгийн торгон дээл 1 ширхэг тус тус алдагдсан байсан. Ууцных нь хүрэн өнгийн модон, 4 талдаа бөөрөнхий модон хээтэй таваг бий. Нөгөө хоёр нь бол бөөрөнхий 6 талтай хүрэн өнгийн модон тавагнууд байгаа. Арай жижиг нь нөгөө хоёроосоо өөр шаргал өнгөтэй, харин нөгөө хоёр нь ижил хүрэн өнгөтэй тавагнууд байгаа" гэх мэдүүлэг /1хх-ийн 231 хуудас/,

            Гэрч “...Би 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед захын арын хаалгаар орох гээд явж байтал *******тай таарсан. Тэрээр ганцаараа явж байсан бөгөөд гартаа цэнхэр өнгийн нимгэн хадаг шиг даавуун дотор 3-н ширхэг том ууцны болон тавгийн идээний модон тавагнууд барьчихсан байсан. Тэгээд надтай таараад энэ гурвыг зарах гэсэн юм, авах хүн байна уу гэж надаас асуусан. Тэгээд би *******тай цуг зах руу ороод хамт явж байтал ******* хөдөөний нэг дээлтэй ах хүүгээс энэ 3 тавгийг худалдаж авах уу гээд асуугаад нөгөөдүүл нь авахгүй л гээд байсан. Тэр тавагнуудын нэг нь дөрвөлжин ууцны таваг, нөгөө нь цагаан идээний том 6 талтай таваг, нэг нь арай жижиг бөөрөнхийдүү модон таваг байсан. ******* тэр тавагнуудыг 4 дүгээр багаас хулгайлсан талаар ярьж байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 233 хуудас/,

           Гэрч “...Би 2021 оны 08 дугаар сарын 17-ны  өдөр цаг орой болчихсон, хаах дөхөж л байсан. Гаднаас нэг намхан халзандуу, нөгөө намхан бор царайтай хоёр хүн орж ирсэн. Тэр хоёр хүний нэг нь гартаа том хар бугуйн цагтай, халзандуу бас согтуу хүн нь орж ирээд хоёулаа суугаад цуйван хагасаар 2, мөн 2 цайтай захиалсан. Тэр хоёр хүн орж ирэхдээ нэг цэнхэр уутанд боочихсон 3 модон том тавагнууд барьчихсан байсан. Тэгээд тэр хоёр хүн хоол цайгаа идэж дуусчихаад нөгөө бор царайтай хүн нь түрүүлээд гараад явчихсан. Тэр үлдсэн хүнээс 9000 төгрөг боллоо гэтэл утсаараа яриулчих, одоо хүн ирэх байх гэсэн. Тэгээд хүлээгээд ирэхгүй байхаар нь мөнгөө нэхтэл энэ тавагнуудыг тавьчихъя, дараа өгье гээд байхаар нь манайх ийм таваг авахгүй мөнгөө өг гэсэн. Тэр хүмүүсийг одоо харвал танина” гэх мэдүүлэг /1хх-ийн 235 хуудас/,

         2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 08/25 дугаартай “...Монгол дархны хийцтэй хос идээний модон таваг 75000 төгрөг, эмэгтэй хүний гоёлын монгол торгон дээл 150000 төгрөг, 40x40 хэмжээстэй вакум цонхны давхар шил 30000 төгрөг, эдгээр эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнэ 255000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан  /1хх-ийн 239-242 хуудас/,

          Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би согтуу байсан болохоор хаанаас яаж авснаа огт санахгүй байна. Нэг мэдсэн чинь Чимэдсэрчинтэй хамт захын тэнд гуанзанд орохдоо модон тавагнууд /боосон байсан/ барьчихсан явж байсан. Гуанзанд ороод хоол идчихээд мөнгийг нь өгөөгүй болохоор тогооч нь цагдаа дуудсан юм шиг байна лээ. Би дээлийг нь санахгүй байна. Модон тавагнуудыг авсан айлынхаа хаягийг, хэзээ авснаа, хэнтэй явснаа санахгүй байна” гэх мэдүүлэг  /2хх-ийн 7 хуудас/,

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2126000000203  дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1хх-ийн 213-214 хуудас/,

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 218-220 хуудас/,

          Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хохирогч Б.Онхойлойхүүгээр *******аас хураан авсан 3 ширхэг модон тавгийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 226-227 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

          2021 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 52 дугаар гудамжны 18 тоотод байрлах гэрт хууль бусаар нэвтрэн орж хурган дотортой дээл, эрэгтэй хүний булган малгай зэрэг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 280000 төгрөгийн хохирол учруулсан үйлдсэн болох нь хохирогч “...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагаас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 16  цагийн хооронд манай гэрийн зүүн хойд талын авдарнаас эрэгтэй хүний хурган дотортой дээл, булган малгай зэрэг эд зүйл алдагдсан байна. Эрэгтэй хүний хурган дээл нь улаан хүрэн дугуй хээтэй торгоор өнгөлсөн, өнгө татахдаа зах хэсгийг нь шинэ хурганы арьсаар тойруулсан, сэлгэдэг цагаан товчтой дээл байгаа, харин булган малгай нь хар бүчтэй, хуучин, буудаггүй малгай байгаа” гэх мэдүүлэг /2хх-ийн 26, 57 хуудас/,

          Гэрч “...Улаан эрээн, бөөрөнхий хээтэй хурган дээл, 1 ширхэг булган малгай гэх хоёр эд зүйл хулгайд алдсан байсан. хүү болох Отгон гэх залуугийн хурган дээл, булган малгай. С.Отгон нь тухайн хурган дээл болон булган малгайг өмсөж хэрэглээд нилээн удаж байгаа, барагцаагаар 10 гаруй жил болж байгаа. Өмнө жил хурган дээлнийхээ гадна өнгийг нь сольж байсан. Тухайн хулгайд алдсан эд зүйлийг би өөрөө харах юм бол танина” гэх мэдүүлэг /2хх-ийн 59 хуудас/,

          Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *******аас эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 32-35 хуудас/,

          2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09/04 дугаартай “...Эрэгтэй хүний хурган дотортой хуучин дээл 250000 төгрөг, эрэгтэй хүний буудаггүй хуучин булган малгай 30000 төгрөг, нийт 280000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 43-47 хуудас/,

          Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хохирогч П.Сугараар “эрэгтэй хүний хурган дотортой дээл, булган малгайг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 51-53 хуудас/,

          Хохирогч П.Сугарт хурган дотортой дээл, булган малгай зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн  54 хуудас/,

          Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээр тухайн үед болсон бүх зүйлийг ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 64 хуудас/,

           Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 18-21 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 15 тоотод байрлах хохирогч гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж сийлбэртэй цацлын халбагыг хулгайлан  авч  20000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч “...манай дүүгийн эхнэр Гантуяа танай гэрт хулгай орсон байна гээд танай айлын хүн над руу чат бичээд байна, та гэртээ хариад үз гээд над руу утсаар залгаж хэлэхээр нь би гэртээ ирээд үзтэл манай хашааны жижиг хаалга онгорхой байсан. Тэгээд ороод үзтэл манай 5 ханатай монгол гэрийн цоож нь байхгүй, хаалга онгорхой, хаалганы үүдэнд цоож хөшиж онгойлгосон болов уу гэмээр нэг төмөр байсан. Тэгээд гэртээ ороод үзтэл манай гэрийн зүүн хойно байдаг авдрын таг онгорхой, цоож нь байхгүй байсан. Цайны дээж өргөдөг есөн нүхтэй хадгаар ишийг нь ороосон модон цацал байхгүй байсан. Манай гэрийн баруун урд байдаг унинд хавчуулаастай байсан. Модоор хийсэн есөн нүхтэй, бариул нь сийлбэртэй байсан, яг ямар сийлбэртэйг нь хэлж чадахгүй байна. Ишинд нь хадаг зүүсэн цацлын халбага байсан” гэх мэдүүлэг /Зхх-ийн 192 хуудас/,

          Гэрч Д.Пүрэвбатын “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 10 цагийн үед охины байшингийн хоёр давхрын цонхоор хараад зогсож байсан чинь баруун талын хашааны айлын хашааг нь нэг эрэгтэй ногоон цамцтай хүн давж орчихож байгаа харагдсан. Тэгээд хашаан дотор нь явж байгаад хашаанд байсан ачааны машины урд талаас нь 1 төмөр аваад хаалганы цоожийг нь эвдээд орж байгаа харагдсан. Тэгээд хараад байсан барагцаагаар 3-4 минут болоод гараад ирсэн, гарч ирэхдээ гартаа багавтар юм бариад гарч ирээд баруун зүгт явж байгаа харагдсан. Би баруун талын хашааны айлыг танихгүй учир охин руугаа хэлээд хэл дуулгаарай, хүн ороод хулгай хийгээд гараад явчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд манай охин хэл дуулгаад дуудсан байсан. Тухайн үед ганцаараа явж байсан. Миний санаж байгаагаар 30 гаран насны эрэгтэй, туранхайдуу зөөлөн. Зөөлөн алхаж явдаг, ногоон цамцтай, хар бараан өнгийн өмдтэй хүн байсан. Би одоо харвал царайг нь багцаалдана” гэх мэдүүлэг /Зхх-ийн 196 хуудас/,

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /Зхх-ийн 174-177 хуудас/,

           Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хяналтын камерт үзлэг хийсэн   "...Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Арвайн Ундрага” хүнсний дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийхэд ******* нь 6-02-15 тоотод нэвтэрч хууль бусаар авсан дээжний халбага барьж яваа нь буусан байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-ийн 180 хуудас/,

           Мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гэрч Д.Пүрэвбатаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-ийн 182 хуудас/,

           2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаартай "...Нарс модоор хийгдсэн 25-30 см орчим урттай цацал өргөх 9 нүдтэй, иш хэсэгт сийлбэртэй халбага 20.000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /Зхх-ийн 204 хуудас/,

          Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад өмнө гэрчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 214 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

           ******* ******* нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн  45 дугаар гудамжны 2 тоотод байрлах байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж “Монел” маркын  телевиз, удирдлагын хамт, “Стар” кабелийн телевизийн хүлээн авагч, хромон гутал 1 хос зэргийг хулгайлан авч 520000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч “...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай хамар хашааны хүн болох Цолмонтуяа гэх хүн залгаад танай байшингийн цонхыг хагалаад хулгай орсон юм шиг байна, цагдаа дуудсан ирчихсэн байна гэж хэлсэн. Манай гэрээс 32 инчийн Монел зурагт, Стар кабелийн хүлээн авагч, телевизийн удирдлага хүлээн авагчийн удирдлага  зэрэг эд зүйлс алдагдсан.  Манай гэр 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны хооронд эзэнгүй байсан юм. Манай гэрээс алдагдсан LCD маркийн Монел брендийн телевиз, “Стар” кабелийн хүлээн авагч, зурагтын удирдлага, хүлээн авагчийн удирдлага зэргийг надад хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /5хх-ийн 40-44 хуудас/,

          Гэрч “...2018 оны 10 дугаар сард би ажлаасаа тараад гэртээ харьж явахад Арвайхээр сумын 1-р баг наад талын үзүүрийн хажууд нэг хүн хайрцагтай телевизор барьчихсан авах уу гээд байхаар нь мөнгө байхгүй гээд яваад өгсөн чинь хойноос дагаад авчих гээд байсан. Тэгэхээр нь хэдэн төгрөг юм гэсэн чинь 40000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь байгаа нь 30000 төгрөг гэсэн чинь тэгвэл тэр мөнгөөрөө ав гээд манай гэрт оруулж өгөөд мөнгөө аваад явсан. Буцаад ажил руугаа явчихаад ирсэн чинь тэр хүн манай нөхөр, ахтай нь архи уугаад согтуу хэрэлдээд байхлаар нь цагдаа дуудаад өгөөд явуулсан.  Маргааш нь тэр хүн ирээд хулгайн телевизор гэж хэлээд буцаагаад аваад явсан. Батзул цагдаатай хамт явсан. Хайрцганд хийсэн байсан зурагт нэг хөл хугарсан, удирдлага нь байсан, ямар маркийн болохыг нь мэдээгүй, кабелийн хүлээн авагч байсан. Зурагт зарахдаа ганцаараа явсан. Цагдаа нар манайхаас ирж авахдаа ******* байна гээд нэрийг нь хэлээд байсан, би харвал танина. 30000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /5хх-ийн 48, 57 хуудас/,

          Гэрч "... ******* *******г Цагдаагийн газар явж байхаар нь уулзсан чинь нэг телевизор айлд аваачаад тавьсан. Би очоод телевизээ авчихъя гэхээр нь дагуулаад аваад явсан чинь намайг  Арвайхээр сумын 1 дүгээр багт нэг айлын гадаа очоод ******* тэр айл руу ороод телевиз аваад гараад ирсэн. Тэр айл нь Хайрхандулаан сумын ******* гэдэг айл байсан санагдаж байна. Би тэр айлд ороогүй. *******гээс хаанаас авсан юм гэсэн чинь би авсан айлаа санахгүй байна гэж хэлсэн. Тэгээд эрүүгийн мөрдөгч Үл-Олдоход хүлээлгэн өгсөн чинь тэр телевиз түүний шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн хэргийн алдагдсан эд зүйл байсан” гэх мэдүүлэг /5хх-ийн 63 хуудас/, 

         Мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 29-34 хуудас/,

          Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн гэрч О.Энхмаагаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 35 хуудас/,

          Мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Монел гэсэн бичигтэй LСD зурагт, хар өнгийн Монел гэсэн бичигтэй удирдлага, саарал өнгийн Стар кабелийн хүлээн авагч, цагаан өнгийн удирдлагын хамт А.Батжаргалд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5хх-ийн 38 хуудас/,

          Хохирогч таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /5хх-ийн 39 хуудас/,                                             

         Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10/50 дугаартай үнэлгээний тайлан /5хх-ийн 75-79 хуудас/,

         Яллагдагч *******гийн “...Би хэзээ гэдгийг нь санахгүй байна. 2018 онд Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах нэг гудамжинд баруун талын үзүүрээс хоёр дахь хашаанд тоосгон байшин байсан ба уг байшингаас 32 инчийн телевиз, хүлээн авах төхөөрөмж, хромон гутал зэрэг зүйлсийг авсан. Зарим авсан эд зүйлийг одоо санахгүй байна. Би ганцаараа явсан. Би хийсэн өдөртөө цагдаад баригдаад авсан эд зүйлсээ хураалгасан. Зарж үрсэн асуудал байхгүй” гэх мэдүүлэг /5хх-ийн 90-91 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

2021 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн “” гэх газар байрлах Ш.Мөнхбаярын гэрийн гаднаас түүний өмчлөлийн улсын дугааргүй “Даюун” маркын мотоциклийг хулгайлан авч 1500000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ш.Мөнхбаярын “...2021 оны 08 дугаар сарын 27-ны шөнө 03 цагийн үед зүүн талаас мотоцикл ирж байгаа юм байх гэж бодож байгаад унтаад өгсөн, тухайн үед мотоцикл алга болсныг мэдээгүй. Өглөө 05 цаг 40 минутын орчим адуундаа явах гээд мотоциклио харахад байхгүй байсан. Мотоциклийн мөр харахад гол руу уруудсан мөр байсан. Мөрийг дагаж явж байгаад алдсан. Миний мотоцикл улсын дугааргүй ногоон өнгийн 200 мотортой Даюун маркийн мотоцикл байгаа юм. Содон шинж  тэмдэг нь зүүн талын өвдгөвч нь хугархай, ачаан дээрээ шар будагтай, буруу талын бүүргийн таг нь байхгүй мотоцикл.  2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Норовоо гэх залуу аймгаас Нямдоржтой хамт ирсэн. Норовоог би танина. ...Би өөрийн хулгайд алдсан ногоон өнгийн Даюун мотоциклийг арлын дугаар, зүүн талын өвдгөвч хугархай, ачаан дээрээ шар өнгийн будаг зэрэг содон шинж тэмдгээр танина. Би өөрийн алдагдсан ногоон өнгийн Даюун маркын тээврийн хэрэгслээ хэсгийн төлөөлөгч Ө.Түмэнхүүгээс хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.  ...Надад мотоциклийг чинь аваад аймаг явчихаад ирье гэж ерөөсөө хэлээгүй худлаа ярьж байгаа юм. Би юу гэж сайн танихгүй хүнд мотоциклоо өгөхөв дээ. Ганц адуу малдаа явдаг унааг минь шөнө унтаж байхад хулгайлаад аваад явсан байсан. Тэр Норовоо гэдэг залууд миний мотоциклийг аваад яв гэж би зөвшөөрөл өгөөгүй, өглөө босоод харахад хулгайлаад явсан байсан” гэх мэдүүлэг /Зхх-ийн 116-118, 123 хуудас/,

                   

               Гэрч “...Манай малчин Бямбадоржтой хамт Норовоо ирсэн. 2 хоног бороо ороод манай малчингийнд байсан. Манай малчин хонио тууж ирэх гээд Баж руу явсан чинь манайд хүрээд ирсэн. Тэгээд удалгүй манай хүү Мөнхбаяртай хамт нуруунд адуунд явсан. Тэгээд 26-ны орой манай малчин Бямбадоржийнд хоносон юм байх гэж бодсон чинь 27-ны өглөө манай хүү Мөнхбаяр ааваа миний мотоциклийг харсан уу гэхээр нь би хараагүй гэсэн чинь Норовоо хулгайлсан юм байна л даа гээд гараад явсан. Норовоог танина, ганц нэг удаа харж байсан” гэх мэдүүлэг /Зхх-ийн 125 хуудас/,

 Гэрч “...2021 оны 08 дугаар сарын 24-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр хороонд *******тэй таараад “чи Хайрхандулаан сум руу манайх руу хамт яваад манай гэрийг цуг нүүлгээд өгөөч” гэж гуйхад  “за тэгье би онцын ажилгүй байгаа, хамт хөдөө явъя” гээд 24-ний орой Шийлэгээтэй хамт приус 20 маркийн машинаар Шийлэгээ түүний эхнэр, хүүхэд, Норовоо бид тавуулаа Хайрхандулаан сум руу явсан. ...Тэгээд ******* бид хоёр 25-ны өдөр Хайрхандулаан сумын 3 дугаар баг гэх газар Ш.Мөнхбаярын саахалт буусан. Манайд ******* 2 хоносон. Тухайн үед 2 хоног бороо ороод би мал руугаа Баж гэх газар руу явсан. Тэгээд би Бажид хоноод байж байтал 04 цагийн үед  ******* ирээд хот руу явах ажилтай болчихлоо гэхээр нь ямар ажил вэ гэхэд ажил явдал болсон гэж байсан. Манайд ирэхдээ Мөнхбаяр ахын мотоциклийг унаад ирсэн. Мөнхбаяр ах унаад аймагт манай хадмынд тавьчих гэсэн, тэгээд би унаад аймаг явах гэж байна гэж хэлээд яваад өгсөн. *******г хулгай хийнэ гэж би ёстой мэдээгүй. Хулгай хийнэ гэж мэдсэн бол дагуулж ирэхгүй байсан юм” гэх мэдүүлэг /Зхх-ийн 128 хуудас/,

                 Гэрч “...2021 оны 08 дугаар сарын 27-ны шөнө гэртээ унтаж байтал шөнийн 03 цагийн үед зүүн зүгээс мотоциклийн чимээ сонсогдсон. Тухайн үед би манайх руу мотоциклтой хүн ирж байна гээд гэрлээ асаах гэтэл мотоциклийн чимээ холдоод байхаар нь явчихлаа гээд буцаад унтсан. Би өглөө 05 цаг 40 минутын үед гэрээсээ гараад хартал мотоцикл байхгүй байхыг мэдээд нөхөр Мөнхбаярт хэлсэн. ...Манай мотоцикл ногоон өнгийн Даюун мотоцикл байгаа юм. Содон шинж тэмдэг нь ачаан дээрээ шар өнгийн будагтай, зүүн талын өвдгөвч нь хугархай өөр сайн мэдэхгүй. Норовоо 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр аймгаас хадам аавын туслах малчин Нямдоржтой хамт гэр нүүлгэлцэх гэж ирсэн байсан. Тэр хулгай гардаг шөнө байхгүй болчихсон байсан” гэх мэдүүлэг /Зхх-ийн 130 хуудас/,

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Зхх-ийн 96-98 хуудас/,

          Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр *******гээс ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркын мотоциклийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  “... L7GPCMLY1L1201387 арлын дугаартай, зүүн талын өвдгөвч хугарсан, ачаан дээрээ будагтай ногоои өнгийн Даюун маркын мотоцикл, шаргал өнгийн улаан дөрвөлжин эмжээртэй 2,8х1,5 хэмжээтэй хивс зэрэг эд зүйлийг хохирогч Ш.Мөнхбаярт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Зхх-ийн 99-101 хуудас/,

           Мөрдөгчийн хохирогч Ш.Мөнхбаяраар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-ийн 102-105 хуудас/,

          2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 09/02 дугаартай “...2020 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун DY-200 маркын мотоцикл 1500000 төгрөг гэсэн” үнэлгээний тайлан /3хх-ийн 132-136 хуудас/,

          Яллагдагч *******гийн "...би 2021 оны 08 дугаар сарын 26-ны орой Мөнхбаярын аав Шийлэгбат ахын гэрт очсон юм. Тэр үедээ Шийлэгбат ахтай адуунд нь хамт явж өгчихөөд Мөнхбаярынх нь гэрт очсон. ...Мөнхбаяр ахаас би аймаг явмаар байна, мотоциклоо өгчих гэж гуйтал уг нь Мөнхбаяр ах тэг гэж хэлсэн юм. Тэгээд би Мөнхбаярын малчин Пүүжээгийн гэрт унтаж байгаад 08 дугаар сарын 27-ны өглөөний 04 цаг өнгөрч байхад босоод Мөнхбаяр ахын мотоциклийг унаад аймгийн төв рүү явсан. Би Ш.Мөнхбаяр ахаас мотоциклийг нь гуйхад тэг тэг гэж зөвшөөрсөн юм. Тэгэхээр нь би үүрээр сэрээд мотоциклийнх нь түлхүүр нь зоолттой байхаар нь унаад явсан юм. Миний авч явсан Мөнхбаяр ахын мотоцикл улсын дугааргүй, ногоон өнгийн Даюун маркийн мотоцикл байсан. Зөв талын таг нь байхгүй, өрөөсөн толь нь байхгүй байсан. Бусдыг нь сайн анзаараагүй. Би ганцаараа мотоциклийг авч явсан" гэх мэдүүлэг /Зхх-ийн 141 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

          *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 03-08-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 106 дугаар гудамжны 19 тоотод байрлах байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 3 ширхэг, хөөрөгний даалин 1 ширхэг, даваа толгойтой дунд гарын хаш хөөрөг 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, цахилгаан таслагч 1 ширхэг, 1 хайрцаг дриллийн хошуу, гар хадагч 1 ширхэг зэргийг нууцаар хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч 817000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч “...Би 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн үед хажуу хашааны Отгоо гэх эгчийг дуудаж хүүхдээр нь хашааныхаа хаалгыг дотроос нь түгжүүлээд “гэр харж байгаарай хот руу явлаа” гэж хэлээд хот явсан. Улаанбаатар хотод байж байгаад 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед жижиг тэргээр ирээд хашааныхаа хаалгыг онгойлгох гэтэл манай хашааны хаалга онгорхой байхаар нь байшин луугаа хартал цонх нь хагарсан, хөшиг нь ярсан байсан. Манай гэрээс том бага нийлсэн 3 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга, цэнхэр даалинтай шинэ цагийн бага гарын хаш хөөрөг, гар дрилл, төмөр тасдагч, хайрцагтай дриллийн хошуу, тавлагч багаж зэрэг эд зүйлс алдагдсан байна. Мөн байшингийн цонхны порчикны шил хагалсан байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 166 хуудас/,

           Гэрч Баясгалангийн “...Би *******ыг танина. 2021 оны 08 дугаар сарын эхээр ******* намхан бор залуутай ногоон шуудайтай юм бариад ирэхээр нь “хаанаас юу аваад ирэв, дөнгөж гарч ирчихээд амьтны юм хулгайлаад байгаа юм уу” гэхэд “хулгай хийгээгүй, миний юм байгаа юмаа” гээд хамт ирсэн хүнтэйгээ гадаа архи ууж байгаад цааш нь хийчихээрэй гэж хэлээд орхиод явахаар нь цааш нь хийх гээд үзэхэд гар дрилл, дриллийн хошуу, төмөр тавлагч, тасдагч зэрэг эд зүйл байхаар нь гэртээ оруулаад орон доороо хийсэн байсан. Харин ******* жижигхэн цагаан юм барьчихсан яваад байсан. Би тэрийг нь анзаарч хараагүй. ...*******тай хамт ирсэн намхан бор залууг харвал танина” гэх мэдүүлэг /2хх-ийн 170-172 хуудас/,

          Гэрч Б.Пэрлийдагвын “...Би хөдөө Өлзийт суманд ажил хийж 2021 оны 07 дугаар сарын сүүлээр Арвайхээр сумын 11 дүгээр багт байрлах гэртээ ирэх үед *******, *******, Цогтоо нар манай гэрт ирсэн. Тэд нар архи уух зорилгоор манай гэрт ирсэн. Тэрнээс хойш *******, ******* нар манай гэрт ирэн очин хонож өнжөөд явдаг байсан. *******, ******* нар хамгийн сүүлд хэзээ манай гэрт ирж хоносныг нь санахгүй байна. Манайд хонохдоо байнга архи ууцгаадаг. Би ч хамт архи уучихдаг. *******, ******* нар заримдаа  манай хашаанд миний машин дотор унтаад өгчихдөг байсан. ******* ******* нар манай гэрт багаж, мөнгөн аяга болон бусад зүйлсийг авчирч байгаагүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 178-179 хуудас/,

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 130 хуудас/,

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 131-137 хуудас/,

           Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн гэрч П.Баясгалангаас  “Улаан өнгийн хар хошуу, хар бариултай Кен гэх бичиглэлтэй цахилгаан дрилл 1 ширхэг, НАОТОNG  гэх бичиглэлтэй хайрцагтай дриллийн хошуу, улаан өнгийн хар бариултай КЕН гэсэн бичиглэлтэй тасдагч багаж 1 ширхэг, хар бариултай хошууны дээд хэсэгт SYЕЕТН 568213 гэх бичиглэлтэй тавлагч багаж 1 ширхэг зэрэг эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /2хх-ийн 139-142 хуудас/,

          Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хохирогч Ц.Бадамаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /2хх-ийн 151-153 хуудас/,

          Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн гэрч П.Баясгалангаар таньж олуулах ажиллагаа явуулсан “А4 цаасан дээр байрлуулсан 6 эрэгтэй хүний цээж зургуудыг харуулахад №1 гэж дугаарласан хүн буюу *******г тухайн өдөр *******тай хамт ирсэн залуу мөн байна гэж хариулав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 154-157 хуудас/,

          Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 98 дугаартай дүгнэлт /2хх-ийн184-194 хуудас/,

          2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 08/19 дугаартай “...5 инчийн хэмжээстэй шахмал тагштай орчин цагийн Монгол дархны хийцтэй мөнгөн аяга 100000 төгрөг,  6 инчийн хэмжээстэй шахмал тагштай орчин цагийн Монгол дархны хийцтэй мөнгөн аяга 150000 төгрөг, 7 инчийн хэмжээстэй шахмал тагштай орчин цагийн Монгол дархны хийцтэй мөнгөн аяга 200000 төгрөг, орчин цагийн хийцтэй даваа толгойтой, дунд гарын хаш хөөрөг 150000 төгрөг, гар цахилгаан дрилл 70000 төгрөг, гар цахилгаан таслагч 70000 төгрөг, хайрцагтай гар дриллийн багц хошуу 35000 төгрөг, гар хадагч 12000 төгрөг, цоожны гол 6000 төгрөг, вакум цонхны шил 60000 төгрөг, нийт 883000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 198-204 хуудас/,

           Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын эхээр шөнийн цагаар Арвайхээр сумын 11 дүгээр багт байрлах хашаандаа байшинтай нэг айлд орж цахилгаан дрилл, тасдагч, цохилттой дрилл зэрэг багажнууд, 3 мөнгөн аяга, нэг ногоон даалинтай хөөрөг байсныг авсан. ******* ах хашаан дотор нь хүлээж байсан бөгөөд би тэр байшингийнх нь цонхыг хагалж ганцаараа орж дээрх эд зүйлсийг авсан. Тэгээд ******* ах бид хоёр Шовоорой гэх айлд буцаж очиж хоночихоод өглөө нь гадуур гарсан. ******* ах 3 мөнгөн аягыг нь хэрэггүй гээд Шовоорой гэх айлын нойлд хаячихсан. Харин  багажнуудыг нь ******* ах өөрөө зарна гээд явсан. Хаана ямар айлд аваачиж өгснийг нь би мэдэхгүй. Би П.Баясгалан гэх айлд багажнуудыг тавих үед *******тай хамт очоогүй. Харин ******* багажнуудыг Баягалан гэх айлд аваачиж тавьснаас хойш 2 хоногийн дараа *******тай хамт очсон юм. ******* тэр хүнээс мөнгө авах гэж байгаа гэж яриад байсан. Би дараа нь багажнуудыг тэнд байгаа талаар эрүүгийн мөрдөгч Мөнхжаргал, Түмэнжаргал нарт зааж өгсөн юм.  Хулгай хийх үед ******* ах бид хоёр хоёулаа л хийсэн. Харин Шовоорой гэх айлд архи уухад Шовоорой болон Цогтбаяр нар хамт архи уусан. ******* ах бид хоёр шөнө очиж унтчихаад өглөө нь хулгай хийсэн эд зүйлсээ аваад гарсан. Би хэдэн төгрөгөөр зарсныг нь мэдэхгүй байна. ******* ах хүнд зарна гэж яриад л байсан. Би хэнд зарах гэж байгааг мэдээгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 215 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,  

         ******* ******* нь М. бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 55 дугаар гудамжны 3 тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтрэн орж булган малгай, хурганы арьс, мөнгөн аяга, мөнгөн товч, мөнгөн ээмэг, харааны нүдний шил, хөнгөн цагаан хувин, сав зэргийг хулгайлан авч 6545000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч "... 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр нөхөр Дашзэвэгийн хамт явсан. 2017 оны 11 дүгээр сарын эхээр гэртээ ирээд хулгай орсон талаар мэдсэн. Эрэгтэй хүний буудаг булган малгай 1 ширхэг, дээл хийх гээд бэлдчихсэн 90 ширхэг хурганы арьс  шинэ цагийн “АА-4 жил” гэсэн бичигтэй, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг,  3 дээлийн хуучны мөнгөн товч 15 ширхэг /буурцган хэлбэртэй 5 ширхэг, бундан хэлбэртэй 5 ширхэг, цулгуй хээгүй 5 ширхэг/, эмэгтэй хүний мөнгөн ээмэг 2 хос /тольтой гэж нэрлэдэг ээмэг, нөгөөх нь хар шигтгээтэй урт унжлагатай/, эрэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг /цулгуй кольцо хэлбэртэй/, задгай мөнгөний өөдөснүүд, дээр үеийн бөөрөнхий шүр, саарал өнгийн хайрцагтай харааны нүдний шил,  хөнгөн цагаан 2 ширхэг төмпөн сав, 1 ширхэг 8 литрийн хөнгөн цагаан хувин зэрэг эд зүйлс алдагдсан. Хурганы арьсаа гадуур цагаан бүрээсний “Өлзий” гэсэн бичигтэй гялгар уутанд дотор нь хоёр салгаж бүгдийг хийсэн. Арай сахлагыг нь эрэгтэй хүний дээл хийнэ, арай нимгэнийг эмэгтэй хүний дээл хийнэ гэж бодоод тоолоод арай сахлаг үстэй 50 ширхэг, арай нимгэн үстэй нь 40 ширхэг болсныг нь ялгаад сахлаг үстэй хэсгийг нь даавуунд боосон юм. Тухайн үед ямар өнгийн даавуунд боосноо би сайн санахгүй байна. Манайд байсан том улаан хүрэн өнгийн давуу байсан, тэр даавууг би олохгүй байгаа юм. Тэр даавуунд боосон байж болзошгүй” гэх мэдүүлэг /4хх-ийн 99-100 хуудас/,

        Гэрч Д.Даваасүрэнгийн "...2017 оны 10 дугаар сарын 20-ны үед байх, өдөр судраа сайн санахгүй байна. Нэг шөнө намайг гэртээ унтаж байхад 11 цагийн үед гаднаас *******, М.Ганболд нар нь орж ирсэн. Орж ирэхдээ эрэгтэй хүний хар өнгийн буулгадаг булган малгай, улаан өнгийн эрээн юм шиг даавуунд боосон элдсэн баахан хурганы арьс, цагаан өнгийн гар хийцийн даавуун уутанд дундуураасаа арай доогуур багцааны савлаж хийсэн борц зэрэг эд зүйлстэй орж ирээд манайд хоносон. Намайг өглөө эрт 7 цагт ажилдаа явахад Ганболд, ******* нар унтаад үлдсэн. Орой 23 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрт М.Ганболд, Уянга сумын Ханангийн Шар хочтой, нэрийг нь санахгүй байна, Шар гэж дуудаад байдаг Сэрчиннамжил гэдэг гэж хэлж байсан санагдаж байна,  тэр залуутай хоёулаа байсан. Ууттай борц нь байхгүй болсон, хурганы арьснууд, булган малгай зэрэг нь байсан. Тэгээд тэр хоёр манайд хоноод би маргааш нь өглөө ажилдаа явчихаад өдөр гэртээ иртэл М.Ганболд, Шар хоёр байсан. Тэгээд Шар гэж хочоор нь дууддаг залуу нь боодолтой хурганы арьсаа жижиг хар цүнхэнд хийгээд аваад явчихсан. Тэгээд Шар буцаж ирээд М. юм яриад байсан. Удалгүй Шар яваад өгсөн Ганболд надад хэлэхдээ Шар намайг хулхидчихлаа гэж ярьж байсан. Тэрнээс хойш 20 орчим хоногийн дараа 2017 оны 11 сар гарсан байхад Шар орж ирээд Ганболд намайг танайд байгаа эрэгтэй хүний буулгадаг малгайг ав гэсэн гэж хэлээд тэр манайд үлдсэн байсан эрэгтэй хүний буулгадаг булган малгайг аваад явчихсан юм. ...Өдөр нь намайг гэртээ харихад манай гэрт М.Ганболд, ******* нар нь байсан, орой ажлаасаа ирэхэд байхгүй байж байгаад шөнө нь тийм булган малгай, хурганы арьс, борц зэрэг эд зүйлстэй ирсэн юм. Ганболд хөдөө айлаас авч ирсэн гэж хэлсэн юм. Тухай хурганы арьсыг боосон байсан даавуу улаан эрээн даавуу байсан байх, улаан цоохор билүү тийм өнгөтэй байсан санагдаж байна, ямар ч байсан улаан өнгө орсон байсан санагдаж байна.” гэх мэдүүлэг /4хх-ийн 119-120 хуудас/,

           Гэрч Н.Сэрчиннамжилын “...Даваасүрэн гэх эмэгтэйг танина. М.Ганболд тухайн айлд амьдарч байхад нь би хамт очиж хоол иддэг байсан, тэгээд таньдаг болсон.  Би эрэгтэй хүний буудаг булган малгай, элдсэн 20 ширхэг хурганы арьс зэрэг эд зүйл авч явсан. Намайг М.Ганболдын амьдарч байсан Д.Даваасүрэн гэх айлд очиход М.Ганболд, Даваасүрэн, мөн Халтар гээд жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй Даваасүрэнгийн охин нар 1 шил Нутгийн буян архи ууж байгаад М.Ганболд гэрийнх нь хойморт байх урт авдрыг онгойлгоод эрэгтэй хүний буудаг булган малгай гаргаж ирээд толгойн дээрээ тавин сууж байснаа “Архангай яваад ирлээ, малгайгаа зарна, чи авахгүй юм уу” гэхээр нь “чи хэдэд өгөх үү” гэж асуухад 150000 төгрөгөөр өгчихнө гэхээр нь би 150000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэндээ М. 1 шил Нутгийн нэртэй архи хувааж уучихаад орой нь гарах гэтэл бараан даавуунд боодолтой байсан хурганы 20 ширхэг арьсыг хар жижиг цүнхэнд хийж өгөөд чамд бэлэглэж байна гэхээр нь би аваад хар цүнхэнд нь хийж үүрээд мотоциклтой Уянга сум руу явсан.  Би булган малгайг нь ганц нэг удаа өмсөж байгаад 2017 оны 11 сард Батмөнх гэх айлын үхрийг тэдний хүү болох Отгонбанди гэх залуутай /жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй/ отроор Уянга сумын Хангай овоо явахдаа тухайн малгайгаа өмсөөд явсан, тухайн үед Отгонбанди гэх залуу малгайгаа зарчих гээд байхаар нь шүдлэн үхэр өгөөрэй гээд Отгонбандид зарсан. Харин хурганы арьсыг нь Баянхонгор аймгийн Баасанжаргал гэх залууд дээл хийх гээд хурганы арьс дутаад байна гэхээр нь эр ямаа өгөөрэй гээд өгчихсөн” гэх мэдүүлэг /4хх-ийн 124 хуудас/,

          Гэрч Б.Отгонбандийн “...Би 2017 оны өвөл Н.Сэрчиннамжилаас буудаг булган малгай худалдаж авсан. Содон шинж тэмдэг нь хоёр чих нь буудаг, хар хүрэн өнгийн булган малгай байгаа юм. Тус малгай одоо надад байгаа, авснаасаа хойш нэг их өмсөөгүй. Би Сэрчиннамжилаас 500000 төгрөгөөр худалдаж авсан. Өвлийн идэш байхгүй гэхээр нь шүдлэн үхэр өгсөн чинь голоод авахгүй байхаар нь 10 хурганы мах нэгийг нь 50000 төгрөгт бодож худалдаж авсан юм” гэх мэдүүлэг /4хх-ийн 127 хуудас/,

         Иргэний нэхэмжлэгч Б.Отгонбандийн “...Сэрчиннамжил надтай отор дээр 2 сар болоод яваад өгсөн. Явахаасаа өмнө надтай булган малгайны наймаа хийсэн. Тухайн үед тэр булган малгайг 500000 төгрөгөөр бодоод төхөөрөөд бэлдчихсэн байсан 10 хурганы мах өгч байсан. Энэ оны 1 сард миний худалдаж авсан булган малгайг цагдаагаас хураагаад авсан. Тэгэхээр 500000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /4хх-ийн 131 хуудас/, 

          Мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн гэрч Б.Отгонбандиас “... Хар хүрэн өнгийн хоёр тал нь буулгагддаг булган малгай” хураан авсан тэмдэглэл, хохирогч Д.Насантогтохоор  таньж олуулах ажиллагаа явуулсан “... тус малгайг би ерөнхий байдал, размер, бүч зэргээр нь таньж байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 137-138/,

         2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/10 дугаартай “булган малгай 380000 төгрөг, хурганы арьс 90 ширхэг 2250000 төгрөг, 5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 90000 төгрөг, мөнгөн товч 15 ширхэг 375000 төгрөг, мөнгөн ээмэг 1 хос 40000 төгрөг, мөнгөн ээмэг 1 хос 120000 төгрөг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 50000 төгрөг, 2 лан цагаан мөнгө 80000 төгрөг, шилэн товч 150 ширхэг 120000 төгрөг, шүр 10 гр 2900000 төгрөг, ойрын харааны нүдний шил 80000 төгрөг, хөнгөн цагаан сав 2 ширхэг 40000 төгрөг, 8 литрийн багтаамжтай хөнгөн цагаан хувин 20000 төгрөг, нийт 6545000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /4хх-ийн 143-144 хуудас/,

          Яллагдагч *******гийн “... 2017 оны 10 сард М. ягаан толгойд хамт явж байгаад энэ айл руу орсон. Байшинтай айл байсан. Би түрүүлж ороод Ганболд араас орсон. Цонхоор нь орсон. Тэр айлаас 1 булган малгай, хурганы арьс зэрэг зүйлс авсан. Тэгээд 1 дүгээр хороонд Даваасүрэн гэх айлд очсон. Ганболд бид хоёр тэр айлд шөнө очсон. Тэгээд хоносон. Би өглөө нь явахдаа Ганболдод та зараад өгчихөөрэй гэсэн. Тэр үеэс хойш М. таарсан. Тэр үед надад 50000 төгрөг гаран мөнгө өгсөн. Яаж зарсныг нь мэдэхгүй байна.Ганболд бид хоёр хоёулхнаа байсан. Сэрчиннамжил гэдэг хүн байгаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /4хх-ийн  202 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг бүлэглэж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ******* *******, ******* ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч ******* *******, ******* ******* нар нь давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан ба анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч ******* ******* *******ыг зургаан жилийн хугацаагаар хорих ялаар, ******* ******* ******* *******г  таван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн тэдгээрийн гэм бурууд тохирсон байх тул гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

            Иймд Өвөрхангай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч ******* *******, ******* ******* нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн өдрийг хүртэл буюу 2022 оны 05 дугаар сарын 11-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 57 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Өвөрхангай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.       

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* ******* нарын 2022 оны 05 дугаар сарын 11-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 57 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд  тус тус оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.