Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2024/0575

 

2024 07 09 128/ШШ2024/0575

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: К******* ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Л*******

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С*******, К.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Ө нарын хоорондын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л*******, хариуцагч Б.С*******, К.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

  1. Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар 31-ний өдрийн дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С*******, К.Н нарын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-24240000003 дугаартай нөхөн ногдуулалтын акт хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

 2. К******* ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-24240000003 дугаартай нөхөн ногдуулалтын актыг 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч,нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хариуг авч эс зөвшөөрсөн тул 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1. Нөхөн ногдуулалтын акт маань 2019 оны ажил, гүйлгээтэй холбоотой үйлдэгдсэн акт байгаа. 2019 онд хийгдсэн ажил гүйлгээ хууль хэрэглээний хувьд 2020 оноос өмнө хийгдсэн бараа, ажил үйлчилгээтэй холбоотой болохоор Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу өнөөдрийн хэрэгжиж байгаа Татварын ерөнхий хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ёстой,

3.2. Нэхэмжлэгчийн талаас борлуулалтын орлогыг ямар нэгэн байдлаар бууруулаагүй байгаа. Борлуулалтууд ном журмын дагуу тайлагнагдаад явсан. Татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын акт тавигдсан үндэслэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг тодорхойлсон. Энэ нь борлуулагч өөрөө бэлтгэн нийлүүлэгчид төлөх албан татварын нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүй тохиолдолд хасахгүй гэдэг заалтыг үндэслээд нөхөн ногдуулалт хийгээд торгууль ногдуулсан байгаа,

3.3. Татварын улсын байцаагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 19.11.1.2 дахь заалтыг буруу хэрэглэсэн. Энд ямар нэгэн татвар ногдох орлого буураагүй, хасахгүй татварыг хассан гэдэг үндэслэл ярьж байгаа бол өнөөдөр маргаан таслах зөвлөлд явж байгаа практик дээр нэмэгдсэн өртгийн албан татварыг борлуулалтаасаа хасахгүй үнийг хассан бол хасахгүй үнээр нөхөн ногдуулалтыг өсгөж тавьж байгаа болохоос татвар ногдуулах дүнгээ нууж хаагаагүй болохоор ямар нэгэн алданги торгууль үүсэх үндэслэл байхгүй гэжээ.

3.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагч нарын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-2424000003 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хууль бус гэж үзсэн үндэслэл үндсэн 2 хэсгээс бүрдэж байгаа.

3.5 Нэгдүгээрт, Процессын асуудлыг ярьж байгаа. Нөхөн ногдуулалтын акт хүчин төгөлдөр болсон огноо буюу эрх зүйн үр дагавар үүсгэх хугацааны хувьд хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Татварын ерөнхий хууль болон Захиргааны ерөнхий хуулийг тус тус зөрчиж байна. Нөхөн ногдуулалтын акт маань 2019 оны ажил, гүйлгээтэй холбоотой үйлдэгдсэн акт байгаа. 2019 онд хийгдсэн ажил гүйлгээ хууль хэрэглээний хувьд 2020 оноос өмнө хийгдсэн бараа, ажил үйлчилгээтэй холбоотой болохоор Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу өнөөдрийн хэрэгжиж байгаа Татварын ерөнхий хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ёстой. Энэ хугацаанаас хойш 4 жилийн хугацаанд нөхөн ногдуулалтын актыг гаргасан байна. Нөхөн ногдуулалтын акт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал актыг тавих ёстой. Хуулийн хүчин төгөлдөр болох ёстой огноо нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байх ёстой байсан. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-т заасны дагуу сараар тайлагнадаг татварын хувьд тухайн жилийн сарын сүүлийн өдрийн тухайн татварыг тайлагнах хугацаанд буюу 12 дугаар сарын тайланг тайлагнах хугацаанд тогтоох ёстой байсан.

3.6. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д хавсралтуудын хамт хүчинтэй болно. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д Татварын улсын байцаагч болон тухайн татварын байгууллагын дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болон гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын дагуу нөхөн ногдуулалтын акт болон түүний дагалдах баримт бичгүүд болох татварын хяналт шалгалтын карт, гардуулсан баримт бичгүүд 01 дүгээр сарын 12, 18-ны өдрүүд гэсэн огноо байдаг. Татвар төлөгчийн гар дээр 01 дүгээр сарын 18-ны өдөр шууданд хийсэн гэж үзэхэд 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор маргаан бүхий акт маань ирсэн. Нөхөн ногдуулалтын акт хүчин төгөлдөр болж байгаа нь 01 дүгээр сарын 12, 18, 25-ны өдрүүдээр аваад үзэхээр 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш үйлдэгдсэн байна. Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар нөхөн ногдуулалтын актын дагалдах баримт бичгүүдийг бүгдийг баталсан байдаг.

3.7. Тэгэхээр энэ бүх бичиг баримт үйлдэгдээд хамгийн сүүлд гарын үсэг зурж баталгаажсан өдөр бол нөхөн ногдуулалтын акт хүчин төгөлдөр болж байгаа огноогоор тодорхойлогдоно. Энэ утгаараа нөхөн ногдуулалтын акт оногдуулсан огноо нь хууль зүйн үр дагавар үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн байна гэж үзэж байгаа.

3.8. Хоёрдугаарт, Татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын акт тавигдсан үндэслэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг тодорхойлсон. Энэ нь борлуулагч өөрөө бэлтгэн нийлүүлэгчид төлөх албан татварын нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүй тохиолдолд хасахгүй гэдэг заалтыг үндэслээд нөхөн ногдуулалт хийгээд торгууль ногдуулсан байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 болон 5.1, 7.1-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн үндсэн үүрэг бараа үйлчилгээний борлуулалтад татвар оногдуулах ёстой. К******* ХХК-ийн хувьд бараа, ажил үйлчилгээг ямар нэг байдлаар нуусан, буруу мэдээлсэн зүйл байхгүй. Харин бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар нотлох баримт байгаа юу, тэрийг хассан уу үгүй юу гэдэг асуудал яригдаж байгаа.

3.9. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь өөрөө онцлог зохицуулалт байгаа. Бараа үйлчилгээний борлуулалтаасаа борлуулалт хийх бүрд нөгөө талын бараа, ажил үйлчилгээ худалдан авсан үнэ дээрээс нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авч төсөвт төлөх үүрэгтэй. Энэ үүрэг огт зөрчигдөөгүй, үүнтэй холбоотой хариуцлага Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.3, 11.19.4, 11.19.5 дахь хэсэгт нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн тохиолдолд гэж тодорхой заасан байдаг. Харин Татварын улсын байцаагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 19.11.1.2 дахь заалтыг буруу хэрэглэсэн. Энд ямар нэгэн татвар ногдох орлого буураагүй, хасахгүй татварыг хассан гэдэг үндэслэл ярьж байгаа бол өнөөдөр маргаан таслах зөвлөлд явж байгаа практик дээр нэмэгдсэн өртгийн албан татварыг борлуулалтаасаа хасахгүй үнийг хассан бол хасахгүй үнээр нөхөн ногдуулалтыг өсгөж тавьж байгаа болохоос татвар ногдуулах дүнгээ нууж хаагаагүй болохоор ямар нэгэн алданги торгууль үүсэх үндэслэл байхгүй. Энэ хуулийн болон практикийн тогтсон зарчмыг зөрчиж нөхөн ногдуулалтын акт гаргасан гэж үзээд нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К******* ХХК-ийн татварын хяналт шалгалт хийх томилолтын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр татварын улсын байцаагч Б.С*******, Н.Н нарт олгогдсон. Татварын улсын байцаагч нар энэ хугацаанд татвар төлөгч байгууллагатай холбогдоод мэдэгдсэнээр хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн байдаг. Татварын хяналт шалгалтын хүрээнд татвар төлөгчөөс ирүүлсэн баримт, татварын удирдлагын нэгдсэн систем дэх баримтуудыг үндэслэн шалгалтыг хийсэн.

4.1. Татварын хяналт шалгалтын ажил 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дууссан талаар К******* ХХК-ийн захирал Н.Нд хяналт шалгалт дууссан актаа гардаж аваарай мэдэгдсэн байдаг. К******* ХХК-ийн захирал нь хөдөө явж байна, нягтлан бодогчтойгоо холбогдож байж болно гэх зэрэг шалтгаануудыг хэлж хяналт шалгалтын актыг гардаж аваагүй байдаг. Тухайн маргаан бүхий акт 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр программд эцэслэгдэн гарсан. Татварын газрын даргын гарын үсэг зурсан нь QR кодоор батлагдаж байгаа.

4.2. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх заалтыг хангаж байна. Нөхөн ногдуулалтын актын илтгэх хуудсыг хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч гарын үсэг зурж, хариуцсан нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Татварын байцаагч нар нөхөн ногдуулалтын актыг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эцэслэн гаргаад тоон гарын үсэг зурснаар акт хүчин төгөлдөр болсон нь харагдаж байгаа. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.6 дахь заалтын дагуу татвар төлөгчид нөхөн ногдуулалтын актыг гардаж авахыг мэдэгдсэн боловч ирж гардаж аваагүй. мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д заасны дагуу манай байгууллагаас гардаж авахыг нь хүлээх үүрэгтэй байгаа. Ингээд ажлын 7 хоногийг тоолж үзэхэд энэ хугацаа нь 01 дүгээр сарын 17-ны өдөр дуусаж байгаа.

4.3. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй. 15.3.2.тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс эхэлж тооцно гэсэн байгаа. Тэгэхээр 2019 оны татварын хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхэлж тоологдоно.

4.4. Татварын ерөнхий хууль 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан боловч 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу Дагаж мөрдөх журмын тухай хуулиа бариад татварын улсын байцаагч нар хуучин татварын тухай хуулийг буцаан хэрэглэж, 2018 онд батлагдсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримталсан. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг удирдлага болгож ажилласан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хувьд 2016 онд батлагдсан хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын шалгалтуудыг хийгээд хариуцлагыг нь Татварыг ерөнхий хуулийг баримталж оногдуулсан байна.

4.5. Татварын ерөнхий хуульд татвар төлөгч нь анхан шатны баримтуудыг татварын хөөн хэлэлцэх хугацаа дуустал Монгол улсын нутаг дэвсгэрт хадгалах гэж заасан байдаг. Гэтэд тухайн татвар төлөгч эдгээр баримтуудыг бүрдүүлж өгч чадаагүй. Мөн татварын хяналт шалгалт хийгдэж байх үед шаардлагатай баримтуудыг гаргаж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд зааснаар татвар төлөгч нь татварын тайлангаа үнэн зөв гаргасан байх шаардлагатай. Татварын тайланг үнэн зөв гаргаагүйтэй холбоотой хариуцлагаа өөрөө хүлээнэ гэж заасан. Манай татварын байгууллага эдгээр заалтуудын баримталсан. Татварын удирдлагын нэгдсэн системд татвар төлөгч нь нэр бүхий худалдан авалт хийсэн компаниудаас бараа ажил үйлчилгээ худалдан авалт хийсэн гэж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хэсэгт гурван схем байдаг. Үүнээс үзэхэд анхан шатны баримт үйлдэгдээгүй гэдэг нь нотлогдож байгаа. Мөн А ХХК болон хэд хэдэн компани нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийгээд, хий бичилтүүд нь татагдсан байдаг. Татварын ерөнхий хуульд зааснаар татварын байгууллага нь татварын хууль тогтоомжуудыг хэрэгжүүлж ажилладаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийгдсэн эсэхийг татварын алба хянан баталгаажуулаад нөхөн ногдуулалтын актыг гаргасан байдаг. Эдгээр нэр бүхий хий бичилт хийгдсэн компаниуд нь хууль хяналтын байгууллагаар хянагдаад, шүүхийн шатанд батлагдсан байгаа. Тэгэхээр манай татварын албаны нөхөн ногдуулалтын акт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагын хэрэгсэхгүй олгож шийдвэрлэв.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч К.Н, Б.С******* нар К******* ХХК-ийн 2019 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-24240000003 дугаар актаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоо бууруулсан гэх зөрчил тогтоон 1,892,327,499.99 төгрөгийн зөрчил илрүүлж,189,232,750.01 төгрөгийн нөхөн татвар, 55,077,040.07 төгрөгийн торгууль, 36,718,026.71 төгрөгийн алданги, нийт 281,027,816.79 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

3. Ингэхдээ нэхэмжлэгч К******* ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийж татвар төлөгчдийг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон аж ахуйн нэгжийн жагсаалтад орсон Г******* ХХК-аас 4 ширхэг 272,727,272.73 төгрөгийн үнийн дүнтэй, А******* ХХК-аас 1 ширхэг 36,363,636.36 төгрөгийн үнийн дүнтэй, Г******* ХХК-аас 1 шихэг 63,636,363,64 төгрөгийн үнийн дүнтэй, П******* ХХК-аас 5 ширхэг 110,509,318.18 төгрөгийн үнийн дүнтэй, И ******* ХХК-аас 66 ширхэг 1,409,090,909.08 төгрөгийн үнийн дүнтэй, нийт 77 ширхэг 1,892,327,499.99 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан авч 2019 оны 8, 9, 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж төсөвт төлөх албан татвараа бууруулсан гэснийг нэхэмжлэгч К******* ХХК-аас эс зөвшөөрч нөхөн ногдуулалтын актын үйлдсэн огноо зөрүүтэй байгаа тул нөхөн ногдуулалтын акт хэзээ хүчин төгөлдөр болсон нь тодорхойгүй гэж тайлбарлан маргасан байна.

4. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудаст хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч гарын үсэг зурж, хариуцсан нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, 42.6-д нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ, 42.7-д татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.6-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол татварын алба уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор татвар төлөгчийн хувийн хэрэгт бүртгүүлсэн хаягт шуудангаар илгээх гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл маргаан бүхий НА 24240000003 дугаар нөхөн ногдуулалтын актыг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн, мөн тус компанийн захирал М.Нтэй утсаар холбогдсон болох нь татварын улсын байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тэмдэглэл болон татварын удирдлагын нэгдсэн системийн өдөр тутмын тэмдэглэлээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг гардуулах үйл ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

5. Нэхэмжлэгч К******* ХХК нь 2019 онд дээрх нэр бүхий компаниудаас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил, үйлчилгээ авалгүйгээр 1,892,327,499.99 төгрөгийн дүн бүхий падаан авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн худалдан авалт хэсэгт тусган хасалт хийж тайлагнасан нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байх бөгөөд энэ үйл баримттай нэхэмжлэгч тал маргаагүй болно.

6. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх, 15.3-д энэ хуулийн 15.1-т заасан хугацааг дараах байдлаар тоолно, 15.3.2-д тайланг сар улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс эхэлнэ, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана гэж зааснаас үзвэл нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил, хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо сар улирлаар гаргаж татвар төлөхөөр заасан татварын төрлийг жилийн эцсийн тайлан гаргаж татвараа төлж дуусгахаар байх тул нэхэмжлэгч компанийн 2019 оны жилийн эцсийн тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор гаргахаар хуульчилсан байна.

7. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч К******* ХХК нь 2019 оны жилийн эцсийн тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор гаргахаар хуульд заасан энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, түүнээс хойш 4 жилийн хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэж тоологдохоор байна.

8. Мөн нөхөн ногдуулалтын акт нь хавсралтын хамт хүчинтэй байх бөгөөд маргаан бүхий акт болон түүний хавсралтын огноо зөрүүтэй байгаа хэдий ч уг актыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн дарга 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан баталгаажуулж татварын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байх тул огноо зөрүүтэй гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй байна.

9. Нэхэмжлэгч компани дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар бодит худалдан авалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, хий бичилттэй баримтыг санхүүгийн тайланд тусгасан нь үнэн зөв, бодит баримтад тулгуурлан санхүүгийн тайлан үйлдэгдэнэ гэсэн шаардлага нөхцөлийг хангаагүй байх бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын ...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, ажил, гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредит бичилт, журнал, бүртгэл гэх мэт санхүүгийн анхан шатны баримт, бүртгэлд уг гүйлгээ гарсан нь тусгагдсан тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцох ёстой.

10. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно, 14.1.1-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн, 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасан тул төлөөгүй татварт холбогдох 1,892,327,499.99 төгрөгийн зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24240000003 дугаар акт Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т заасанд нийцсэн байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 29 дүгээр зүйлийн 29.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч К******* ХХК-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч К.Н, Б.С******* нарт холбогдуулан гаргасан Татварын улсын байцаагч нарын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-24240000003 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ