Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 511

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

иргэдийн төлөөлөгч Б.Бадамсүрэн,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Багахүү,

хохирогч Ю.Эрдэнэцэцэг,

хохирогч С.Хүдэрчулуун, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор,

иргэний нэхэмжлэгч Р.Мөнх-Оргил, түүний өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн,

гэрч Т.Болдбаатар,

шүүгдэгч Д.И, түүний өмгөөлөгч Б.Ганбат, Ж.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.И холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625010966 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.И, 1980 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Говтсүмбэр аймагт төрсөн, 37 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Цайз 60 байр 9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

-Урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 108 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 1 жил 6 сар тэнсэн хянан харгалзсан. 

Шүүгдэгч Д.И нь давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хор ооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт иргэн Ш.Төмөрхуягийн эзэмшлийн 76-26 УНС, 76-40 УНС, 76-19 УНС улсын дугаартай ачааны зориулттай Beiben маркийн  тээврийн хэрэгслүүдийг 45.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг тээврийн хэрэгслүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Тайгын булаг ХХК-д 54.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж Ш.Төмөрхуягт 100.000.000 төгрөгийн хохирол буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

-Мөн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Теди төвд иргэн Ю.Эрдэнэцэцэгийн Ай фоне 6 эс маркийн гар утсыг зараад өгье гэж хууран мэхлэж, итгэл эвдэх  аргаар авч 1.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

-Мөн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Иргэний харъяалал шилжил хөдөлгөөний ерөнхий газар”-ын гадна талын машины зогсоол дээр 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 00 минутын үед иргэн С.Хүдэрчулуунд 57.000.000 төгрөгийн үнэ бүхий 91-11 УНВ улсын дугаартай хар өнгийн тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг барьцаалан 18.000.000 төгрөг, 2-3 хоногийн дараа 2.000.000 төгрөг буюу нийт 20.000.000 төгрөгийг “манай дүү хорт хавдартай, яаралтай мөнгөний хэрэг болоод байна” гэж хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж С.Хүдэрчулуунд 20.000.000 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 121.400.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.И шүүх хуралдаанд: “Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, Хийсэн хэргтээ маш их гэмшиж байна. Хохирогч Эрдэнэцэцэгт хохиролд 300.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх 1.100.000 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулна. Иргэн Хүдэрчулуун, Мөнх-оргил нарт 57 сая төгрөгөөр үнэлэгдсэн Ланд Крузер 200 маркийн автомашиныг өгөхөөр тохиролцсон бөгөөд Хүдэрчулуун, Мөнх-оргил нар хоорондоо тохиролцсон. Хүдэрчулуун нь иргэн Мөнх-оргилд 20 сая төгрөгийг өгч Ланд крузер 200 автомашиныг авахаар болсон. Иргэн Төмөрхуягын 3 ширхэг ачааны автомашины хохирлыг Тайгын булаг ХХК нь 38 сая төгрөг өгч хохиролгүй болгож, 100 сая төгрөгөөр үнэлэгдсэн тэдгээр гурван ачааны машиныг авахаар харилцан тохирсон байна” гэв,

Иргэний нэхэмжлэгч Р.Мөнх-Оргил шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Д.Ихбаяр над руу утсаар холбогдож, Ланд Круйзер-200 маркийн автомашиныг үзүүлээд 20.000.000 төгрөг зээлсэн ба тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь надад өгсөн. Мөнгө өгөхдөө зээлийн болон барьцааны гэрээ хийж нотариатаар батлуулсан ба тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсэн. Тэгээд 04 дүгээр сараас хойш Д.Ихбаяр хоригдсон байсан ба Д.Ихбаярын талаар цагдаад хэлж машинаа олж авсан. Тухайн үед Д.Ихбаярын нэр дээр машин бүртгэлтэй байсан ч гэрээний дагуу миний нэр дээр шилжсэн байсан. Одоо энэ машин битүүмжлэгдсэн байгаа бөгөөд хохирогч С.Хүдэрчулуун надад 20 сая төгрөгийг өгч, би тухайн автомашиныг Хүдэрчулуунд шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон болно.” гэв.

Хохирогч С.Хүдэрчулуун шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2016 оны 03 дугаар сарын 21-ний үед Д.Ихбаяртай уулзсан ба Д.Ихбаяр Ланд Круйзер-200 маркийн автомашинаа зарна гэсэн. Тухайн үед надад автомашиныг худалдаж авах мөнгө байгаагүй тул мөнгөгүй гэдгээ хэлсэн. Д.Ихбаяр тэр үед дүүгийн бие муу тул яаралтай мөнгө хэрэгтэй байна барьцаанд авчих, дараа мөнгийг нь өгчих эсхүл би мөнгийг чинь удахгүй өгнө гэсэн тул би барьцаанд тавьж 03 дугаар сарын 22-ны өдөр Д.Ихбаярт мөнгөө өгсөн. Түүнээс хойш 2-3 удаа утсаар яриад 4-5 сарын үеэр утас нь холбогдохгүй болсон. Наадмын үеэр Д.Ихбаяр надтай уулзаад хэсэг хугацаанд хоригдсон бөгөөд мөнгийг чинь хурдан төлнө гэсэн. Ингээд хэсэг утсаар яриад дараа нь мөнгийг чинь өгч чадахгүй байна, Мөнх-Оргил гэх манай найз чамтай утсаар ярих тул тохирчих гэсэн. Мөнх-Оргил надад машиныг аваад, надад мөнгө өгчих гэсэн ч би мөнгөгүй байсан тул Д.Ихбаяртай ярилцана гэсэн. Удалгүй машин битүүмжлэгдсэн. Маргаантай асуудал байсан тул би Мөнх-Оргилд мөнгө өгөх боломжгүй болсон. Угаалгын газарт машин байхад Баянзүрхийн цагдаа нар машиныг битүүмжилсэн боловч үндэслэлээ тайлбарлаагүй тул машинаа хайж явсаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн. Одоо би Мөнх-оргилд 20 сая төгрөгийг өгч уг Ланд крузер 200 маркийн автомашиныг авахаар харилцан тохирсон тул хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч Ю.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2016 оны 03 дугаар сарын эхээр Ихбаяр нь надаас Ай фоне-6 голд загварын гар утсыг авсан ба 1.400.000 төгрөгөөр тооц гэсэн. Би шалгуулаад ирье гэж хэлээд авч яваад дахиж холбогдоогүй, мөнгө өгөөгүй. Бага хэмжээгээр өгсөөр 300.000 төгрөг төлсөн. Дахиж мөнгө өгөөгүй. 1.100.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэв.

Гэрч Т.Болдбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Ихбаяраас ямар нэгэн мөнгө төгрөг, газар авах талаар харилцан ярилцаагүй, Төмөрхуягийн 3 ширхэг автомашиныг нь шилжүүлж өгөхөд байсан. Мөнгийг нь удахгүй өгнө гэж хэлээд авсан өөр надад хэлэх зүйл алга байна” гэв.

Хохирогч Ш. Төмөрхуяг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ :   ...3 автомашины бичиг баримтуудыг аваад хүргэн Н.Болдаатарын хамт кино үйлдвэрийн тэнд нотариатын газар очсон. .2 залуу хүлээгээд тосож авсан.. намайг бичиг баримтаа нотариатчид өгсний дараа тэр хоёр залуугийн нэг нь бас бичиг баримтаа өгсөн.. миний автомашиныг худалдаж авах гэж байгаа залуу нь та мөнгөн дүнгээ багаар бичүүлчихээ таны төлөх мөнгө чинь багасна гэж хэлсэн.. нотириатч гэрээ байгуудлаад гарын үсэг зуруулахдаа таны автомашинууд энэ хүнийх болж байна ш дээ та мөнгөө авчихаж байгаа юм байгаа биздээ гэж асуухаар нь би эргэж хараад автомашин худалдаж авсан залуугаас мөнгө чинь бэлэн юм байгаа биз дээ гэж асуусан чинь тэр залуу надруу хандаад бэлэн гэж хэлсэн. Нотириатын газраас бид 4 цувраад гарсан. Гадаа гарсны дараа тэр 2 залуу түрүүлээд жижиг цагаан машинд суураад яваад өгсөн... Д. Ихбаярыг мөнгө бэлэн гэж хэлэхээр нь итгээд өгсөн. Ямар ч наймаа итгэдцэл дээр явж байдаг. Ихбаяр хүргэн бид хоёрыг хуураад мөнгөө өгөлгүй гэрээ хийж автомашинуудыг нэр дээр шилжүүлж аваад явсан. Би Ихбаяраас нийт 51.320.000 төгрөгийг л авахыг хүсэж байна. Үнэлгээний мөнгөн дүн миний мөнгөн дүнгээс илүү байлээ гэхдээ би бодит авах ёстой мөнгөө л авахыг хүсэж байна... ” гэсэн мэдүүлэг. /3 хавтас, хх203-208/,

Иргэний нэхэмжлэгч Б.Жадамбаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 12 сарын 22-ны өдөр манай зээлийн гэрээний ажилтан Д. Ганзориг нь иргэн Дашзэвэг овогтой Ихбаяртай түүний нэр дээрх 76-26 УНС , 76-19 УНС , 76-40 УНС тээврийн хэрэгслүүдийг тус бүр нь 18,000,000 төгрөгний зээлийн барьцаанд авч зээл гарган өгсөн. Манай “Тайгын булаг” ХХК-ны зээлийн гэрээний 9 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь гэрээний заалтанд зааснаар зээлээр авсан мөнгө түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд манай компани хохирлоо барагдуулж авдаг учраас ажилчдынхаа нэр лүү тээврийн хэрэгслүүдийг шилжүүлсэн байгаа. 2016 оны 02 сарын 22-ны өдөр Драгон дахь салбарын эрхлэгч Д. Ганзориг нь 2015 оны 12 сарын 22- ны өдөр зээлийн барьцаанд тавигдсан 76-26 УНС , 76-19 УНС , 76-40 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг шилжүүлэн түүнийг нь би 2016 оны 03 сарын 04-ний өдөр эдгээр тээврийн хэрэгслүүдийн Авто тээврийн үндэсний төвд очиж Тайгын булаг ХХК-ны ажилчин Н. Машбат, Б. Дамдинсүрэн нарын нэр дээр шилжүүлж 76-19 УНС , 76-26 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Норпил овогтой Машбат руу 2016 оны 03 сарын 04-ний өдөр шилжүүлж 4981 АРХ, 1081 АРХ улсын дугаар шинээр авсан, 76-40 УНС дугаартай тээврийн хэрэгслийг Баярлах овогтой Дамдинсүрэнгийн нэр лүү шилжүүлж 21-97 ХОҮ улсын дугаар шинээр авсан. Эдгээр тээврийн хэрэгслүүдийн зээлийн гэрээний хугацаа дуусч зарах нөхцөл нь бүрдсэн байсан учраас би шилжүүлсэн. Одоо Норпил овогтой Машбатын нэр дээрх 4981 АРХ, 1081 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөн Баярлах овогтой Дамдинсүрэнгийн нэр дээрх 21-97 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Тайгийн булаг” ХХК-ны өмч мөн. Д. Ихбаяр манай ломбарданд дээрх 3 автомашиныг нийт 54.000.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Дээр нэмээд сүүлд Вендо ХХК-ны хийсэн үнэлгээний хөлс болох 240.000 төгрөгийг манай компаниас гаргасан иймд би нийт 54.240.000 төгрөгийг яаралтай  гаргуулж авах хүсэлтэй эсвэл барьцаанд тавьсан 3 автомашиныг манай компанид шилжүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх59-60, 3 хавтас хх211-212/,

Гэрч Н. Машбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ ... Би тус компанид 2010 оноос БЗД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байх борлуулалтын салбарт засварчин хийж байгаа. Би энэ машинуудын талаар анх удаа сонсож байна. Миний ажилладаг Тайгын булаг ХХК-аас зээлийн барьцаанд тавигдсан машинуудаа ажилладаг хүмүүсийнхээ нэр лүү шилжүүлж байгаад зарсан тохиолдлууд байдаг гэхдээ миний нэр лүү анх удаа шилжүүлсэн байна миний нэр дээр эдгээр тээврийн хэрэгсэл шилусэн талаар мэдээгүй явж байсан. Би Б. Жадамба гэх хүнийг танина. Миний ажилладаг Тайгын булаг ХХК-нд 1-р салбарт зээлийн мэргэжилтэн хийдэг. Б. Дамдинсүрэн нь миний ажилладаг Тайгын булаг ХХК-ны борлуулалтын салбарт ажилладаг... ” гэх мэдүүлэг /1ХХ-ийн 69-70/

Гэрч В.Батхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... би 2015 оны 12 сарын 19-ны өдөр ажиллаж байхад оройн 17:20 цагийн орчим 70 орчим насны Ш. Төмөрхуяг гэх эмэгтэй хүргэн гэх эрэгтэй хүний хамт мөн дээрх тээврийн хэрэгслүүдийг худалдан авах хүн Д. Ихбаяр гэх хүн мөн 30 орчим насны эрэгтэй хүний хамт орж ирээд гурван тээврийн хэрэгслийн итгэмжлэл дээр Ш. Төмөрхуяг болон Д. Ихбаяр нарын хооронд 76-19 УНС, 76-26 УНС, 76-40 УНС улсын дугаартай “Beiben truck ”маркийн тээврийн хэрэгслүүдийг худалдах худалдан авах гэрээг 1961, 1962, 1963 бүртгэлийн дугаартай бүртгэж нотариатаар гэрчилсэн. Иргэн Ш. Төмөрхуягаас Д. Ихбаяр гэх залуу нь тээврийн хэрэгсэл тус бүрийг 15,000,000 төгрөгөөр нийт 45,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж худалдах авахаар болж худалдах худалдан авах гэрээ хийлгээд гарсан. Би худалдах худалдан авах гэрээ хийхдээ худалдагч болон худалдан авагч талуудаас төлбөрийг нь өгсөн үү гэж асуудаг тухайн үед талуудаас асуухад худалдан авагч тал болох Д. Ихбаяр нь мөнгийг нь өгнөө гэж хэлсэн. Тэгээд Ш. Төмөрхуягийн зөвшөөрснөөр худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчилсэн. Миний хажууд гэрээ хийж байх үед тээврийн хэрэгслийг худалдан авах төлбөрийг өгөөгүй. Ш. Төмөрхуяг гэх хүний хүргэн хүү болон худалдан авагч Д. Ихбаяр нар хоорондоо бие биенээ таньдаг хүмүүс шиг харилцаатай байсан. Төмөрхуяг нь хүргэнтэйгээ явж байна гэсэн болохоор нь би итгэлтэй хүнтэй явж байна гэж бодоод гэрээг гэрчилсэн. Д. Ихбаяр нь худалдан авч буй 76-19 УНС, 76-26 УНС, 76-40 УНС улсын дугаартай “Beiben truck” маркийн тээврийн хэрэгслүүдийг үнийн дүнг 15,000,000 төгрөгөөс доогуур багаар үнэлж худалданавах гэрээн дээр үнийг тусгуулах гээд байсан шиг санагдаж байна. Тэгээд хоорондоо ярилцаж байгаад 15,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээнд тусгасан...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх79-80/,

Гэрч Т.Болдбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 12 сарын 03-ны орчим өөрийн танил Ө.Өнөржаргал гэх залуутай ХУД-ийн Оргил худалдааны төвд байрлах ресторанд уулзаад байж байхад Д. Ихбаяр гэгч Ө. Өнөржаргалын найз нь бүдүүн залуугийн хамт ирсэн. Би Ө. Өнөржаргалд Д. Ихбаярын дэргэд 3 ачааны машин байгаа юмманай дүү Б. Ганцогт АНУ-руу сургуульд сурахаар болсон мөнгө хэрэгтэй байгаа зарах хэрэгтэй байнагэж хэлээд сууж байхад Д. Ихбаяр хажууд сууж байсан тэгээл ресторанаас гараад салаад явцгаасан.. 2015 оны 12 сарын 06-ны өдрийн орчим Д. Ихбаяр гэгч залуу над руу залгаад  ахаа та 3 тээврийн хэрэгслээ зарна гэдэг чинь хэвээрээ юу гэхээр .. 2015 оны 12 сарын 10-ны өдөр орчим ирээд Ө. Өнөржаргал руу юм асуух гээд залгах үед Ө. Өнөржаргал манай найз Д. Ихбаяр нь “танай ах хүнтэй наймаа яриулчихаад алга болчихлоо ” гээд байна та утас руу нь залгачих гээд надад 9903 дугаарын утас өгөхөөр нь залгаад Д. Ихбаяртай ярихад хүнтэй юм яриулчихаад ярьсандаа бай л даа гээд ууртай өнгө аястай ярихаар нь за тэгээд авах хүн чинь хаана үзэх юм бэ гэхэд Д. Ихбаяр “ 3 тээврийн хэрэгслүүдээ хотын төв рүү оруулж ирээд асааж үзүүлж байгаад болно, та завгүй байгаа байгаа бол би Ө. Өнөржаргалтай цуг очоод үзье та одоо машин байгаа хашааныхаа хүнтэй ярьчихаад над руу ярь” гэхээр.. 2015.12.19-ний өдөр Д. Ихбаяр над руу над руу залгаад мөнгийн нь бэлэн болгочихлоо машинаа шилжүүл гэсэн.. хадам ээжийн гэрээс гараад бид хоёр Д. Ихбаярт итгээд түүний хэлсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт дэвсгэрт нотариатын газарт очсон.. Д. Ихбаяр асуудал байхгүйгээ ахаа одоо гараад өгчих юм гэж нотариат залууд хэлээд гэрээ байгуулсан... эмээг хүргэж өгчхөөд миний хэлсэн газар хүрээд ир таныг утсаар дуудья найз дээрээ очоод мөнгөө бэлдээд байж байя гэж хэлсэн. Хадам ээжийг гэрт нь хүргэж өгсний дараа Д. Ихбаяр луу залгасан чинь за ахаа одоо мөнгөө бэлдэж байна жоохон байж бай гэсэн улмаар 23 цагийн үед залгасан чинь 1 эмэгтэй авснаа Д. Ихбаяр энд мөнгө төгрөг тоолж байна эргээд залгая гэнээ гээд тасалсан. Эргээд дахиад залгасан чинь утас нь холбогдохгүй байсан.. циркийн тэнд уудзая гэснээ намайг хуураад алга болсон. Д.Ихбаяр надад   хэлэхдээ найздаа 54.000.000 төгрөгөөр зарахаар боллоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх83-85, 3 хавтас, хх215-217/,

Гэрч Хишигсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 12 сарын эхээр над руу Д. Ихбаяр нь миний 88113426 дугаарын утас руу залгаад танайх танайх барилгын компанитай вм байна та миний Норд бенз маркийн өөрөө буулгагч ачааны зориулалттай 3 тээврийн хэрэгслийг нэг бүрийг нь 16.000.000 төгрөгөөр авах уу гэхээр нь худалдаж авахгүй гэтэл та эсвэл барьцаалж аваач эсвэл барьцаанд тавиад өгөөч гэхээр тээврийн хэрэгслүүдийг чинь үзье гэж хэлээд 2015 оны 12 сарын дундуур машинуудыг очиж үзье гэж хэлэхэд машинуудаа асаагаагүй байна гээд оройн 17:00 цагийн орчим СХД-ийн 22 товчоо руу явах замд 22-н товчоо ялимгүй өнгөрөөд баруун гар тийшээ эргээд 20 орчим том машинууд зогсож байсан том хашаанд Д. Ихбаяр болон Ө. Өнөржаргал нартай хамт очиход машинууд нь огт асаагаагүй 2-3 засварчин задуучууд байхаар нь Д. Ихбаяр наад машинуудаа эхлээд асаагаад та нар 4 дүгээр цахилгаан станцын ойролцоо байх манай нутгийн Н. Гансүхийн хашаанд оруулаад ир гэж хэлчхээд Д. Ихбаяр болон Ө. Өнөржаргал нартай хамт буцаад нэг хоногийн дараа миний зааж өгсөн манай нутгийн Н. Гансүхийн хашаа руу оруулж тавьсан байсан. 2 хоногийн дараа Д. Ихбаяр Ө. Өнөржаргал нар машинууд асчлаа та хүрээд ирээч гэхээр нь 4 дүгээр цахилгаан станцийн хашаанд очиж ассан гэх би  очиход 76-26 УНС, 76-19 УНС, 76-40 УНС тээврийн хэрэгслүүдийн нэг машиных нь арлын дугаар зөрөөд нэг машиных нь бинзений турупээр түлш нь асгарч байхаар нь би энэ машинуудыг 10.000.000 төгрөгөөр бодож авахгүй юм байна болилоо авахгүй гэж хэлээд харин наад наад хашаандаа хог битгий тариарай хогоо хамаад явчихаарай гэж хэлээд Д. Ихбаяр болон Өнөржаргал нараас салаад явсан...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх90-91/,

Гэрч Ж. Алтансүх төрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “.. .Талийгаачийн ээж Ш.Төмөрхуяг 2015 оны 12 сарын эхний долоо хоногт Ш. Төмөрхуяг эгч яриад миний хүү Н. Ганцогтын нэр дээрх 76-26 УНС, 76-19 УНС, 76-40 УНС машинуудыг хүн худалдаж авахаар болсон миний хүү машинуудыг асаагаад гаргаад хүлээлгээд хүргээд өгчихөөрэй гэж хэлэхээр нь 99119894 дугаарын утастай Д. Ихбаяр болон хамт явж байсан 43-45 үрчим насны махлаг хүүхэн, 37 орчим насны залуугийн хамт хашаанд” ирэхэд хүлээлгэж өгөөд хашаанаас жолооч Н. Машбат, Н. Мөнхжаргал нараар бариулаад хүлээлгэж өгөөд хүлээлцсэн талаар тэмдэглэл хөтөлж Ш. Төмөрхуягт хэлсэн. 76-26 УНС, 76-19 УНС, 76-40 УНС тээврийн хэрэгслүүд нь 2012 онд үйлдвэрлэгдсэн машинууд 2013 оны 04 сард Монгол улсад орж ирсэн. Тээврийн хэрэгслүүдийг яма байдалтай хүлээлцсэн талаар тэмдэглэлд тусгасан байгаа. 76-26 УНС, 76-19 УНС, 76-40 УНС тээврийн хэрэгслүүд нь миний өөрийн эзэмшлийн аж ахуйн хашаа болох СХД-ийн 32 дугаар хороо баруун түрүү 12 гудамж 13 тоот хашаанд байсан...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх92-93/,

Гэрч П. Төртөгс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ ... Д.Ихбаяр нь 2015 оны 12 сарын 22-ны өдөр манай хүргэн ах Г. Чулуунтогтохоор дамжуулан машинаа зарах гэж байгаа талаар мэдээд 2015 оны 12 сарын 22-ны оройн 20:30 цагийн орчим БЗД-ийн 14 дүгээр хороо Өгөөмөр хотхоны 72 дугаар байрны гадна ирээд намайг машинаа хэдэн төгрөгөөр зарах вэ гэж асуухаар нь би машинаа 60.000.000 төгрөгөөр зарна гэхэд Д. Ихбаяр гадуур хямдхан машин байгаа учраас бэлэн мөнгө ховор байна жоохон доошоо байхгүй юм уу гэхээр нь би 57.000.000 төгрөгөөр аваа гэхэд Д. Ихбаяр нь би машиныг чинь аваад мөнгөөр юм авч хийнэ хамгийн доод талын үнээ хэл гэхээр нь би за 55.000.000 төгрөгөөр зарна гэхэд Д. Ихбаяр 54.000.000 төгрөгөөр машинаа зарчихаа гэхээр нь би бодож байгаад за авбал ав гэхэд Д. Ихбаяр одоо надад 30.000.000 төгрөг байгаа маргааш би хүнээс авлагатай мөнгө дутах гээд байна тойруу утгаар мөнгө бэлэн биш байна гэхээр нь би машинаа бэлэн төнгөөр зарна гэхэд Д. Ихбаяр маргааш ярья гээд яваад 2015 оны 12 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ худалдах худалдан авах гэрээ байгуулаад Д. Ихбаяр одоо бэлэн 44.000.000 төгрөг байна гэж үлдээсэн 10.000.000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлээд миний 36-42 УБО улсын дугаартай тоёота ланд крузер 200 маркийн машиныг худалдаж авсан. 2016 оны 3 сарын 12-ны өдөр Д. Ихбаяр О. Чулуунтогтох ахаар дамжуулан 2 сая, 2016 оны 3 сарын 22-ны өдөр 3 сая нийт 5 сая төгрөгийг өгсөн...  ” гэх мэдүүлэг /1ХХ-ийн 99-101 дүгээр хуудас/

Гэрч Г. Нарантуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Ш.Төмөрхуягийн нэр дээр ачааны зориулалттай 76-40 УНС, 76-26 УНС, 76-19 УНС улсын дугаартай 3 тээврийн хэрэгсэл байсан. Миний төрсөн ах Н. Будхүү 2014 оны 07 сард нас барсан. Талийгаач ахын хүү Б. Ганцогтын нэр дээр 76-40 УНС, 76-26 УНС, 76-19 УНС улсын дугаартай 3 тээврийн хэрэгсэл байсан юм. Б. Ганцогт нь 2015 оны 12 сард АНУ-руу суралцахаар болж Ш. Төмөрхуягт 76-26 УНС, 76-40 УНС, 76-19 УНС улсын дугаатай “ Beiben Truck ” бенз маркийн 3 ачааны машиныг зараад өгөөрэй гэж хэлээд Б. Ганцогтоос Ш. Төмөрхуягт тээврийн хэрэгслүүдийг захиран зарцуулах худалдан борлуулах итгэмжлэлийг 2015 оны 12 сарын 04-ний өдөр хийж өгөөд гадаад руу сургуульд суралцахаар явсан. Тэгээд манай нөхөр Т. Болдбаатар нь ээж Ш. Төмөрхуягийн машиныг авах хүн олчихлоо гээд ээж Ш. Төмөрхуягийг 2015 оны 12 сарын 19-ны өдөр 17:00 цагийн орчим гэрээс нь дагуулж яваад д. Ихбаяр гэх хүнд 76-19 УНС, 76-40 УНС, 76-26 УНС тээврийн хэрэгслүүдийг тус бүрийг нь 15.000.000 төгрөгөөр нийт 45.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар болж гэрээ байгуулж тээврийн хэрэгслүүдийг Д. Ихбаяр гэх хүн рүү шилжүүлсэн. Би Т. Болдбаатар, Ш. Төмөрхуяг нараас машин зарсан мөнгөө авсан юм уу гэж асуухад “ нотариатын газраас гараад Д. Ихбаяр нь өгнө ” гэж хэлэхээр нь нотариатаар тээврийн хэрэгсэл эзэмших эрхээ шилжүүлчлээ гэж хэлсэн. Одоо Ш. Төмөрхуягийн нэр дээр өмнө байсан 76-26 УНС, 76-19 УНС, 76-40 УНС тээврийн хэрэгслүүд байхгүй тээврийн хэрэгслийн мөнгөө Д. Ихбаяр гэх хүнээс одоо болтол аваагүй…” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх105-106/,

Гэрч Э. Отгоо мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ ...2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би эгч Эрдэнэцэцэгийн лангуун дээр түр ороод гарах гэж байтал нэг ах орж ирээд Эрдэнэцэцэг эгчээ ай фонэ 6 маркийн 64 гегабайтын багтаамжтай гар утасаа өгчих доошоо яваад хүнд үзүүлчихээд ориг үгүйг нь шалгуулаад өгье гэсэн.  Тэр үед Эрдэнэцэцэг эгч намайг дагаж явчихаад ир гэхээр нь нөгөө ахыг дагаад лангуунаас гараад доошоо хоёр давхар руу явсан чинь гар утас авсан ах хоёр давхарт очоод хүмүүсийн дунд ороод алга болчихсон. Би хоёр давхраар нэлээн хайж явсан боловч олдоогүй...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх-51/,

Гэрч Б.Баярмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн орчим манай павилоноор ай фонэ 6 маркийн цоо шинэ вакум хайрцагтай гар утсыг зарах гэж байна гэж асууж явсан 37 орчим насны залуу байсан...Ихбаяр гэдэг гэсэн. Хэдээр зарах гэж байгаа талаад асуугаагүй...” /1 хавтас, хх147-148/,

Гэрч Ц.Хойлогдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр над руу 99119894 дугаарын утсаар 23 цагийн орчим “юу байна хөгшөөн чамд мөнгө байна уу найз нь өөрийнхөө ланд 200 маркийн машиныг мөнгөний хэрэг болчихоод 10 сая төгрөгний барьцаанд тавих гэсэн юм.” гэж яриад намайг таньдаг хүн шиг яриад танимхайраад байхаар нь би мэдэхгүй ээ Ихээ гэтэл “би Теди дээр зогсдог шдээ” гэхээр нь би түүнийг санахгүй хэрнээ намайг таниад байхаар нь түүнд надад мөнгө алгаа би хүнээс асуугаад хариу хэлье” гэж хэлээд өөрийн найз Хүдэрчулуунд “ланд крузер 200 маркийн машин 10 сая төгрөгийн барьцаанд тавъя гэнээ гэж хүн хэлж байна” гэж хэлэхэд Хүдэрчулуун машиныг үзье гэж хэлэхээр нь би Ихээ гэгч залууд Хүдэрчулууны дугаарыг өгсөн. Тэгээд би тэр хоёрыг холбож өгсөн...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх-244-245/

Гэрч Ө.Өнөржаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 11 дүгээр сарын сүүлээр Болдбаатар ахтай ХУД-ийн Оргил худалдааны төвд Ихбаяртай анх  танилцаж байсан. Уулзаад сууж байхад Т.Болдбаатар надад 3 ачааны тээврийн хэрэгслүүд байна эдгээрийг зарах эсвэл барьцаанд тавиад мөнгө гаргаж авах хэрэгтэй байна гэхэд би анх 3 тээврийн хэрэгсэл зарах гэж байгааг мэдсэн. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Т.Болдбаатарын хадам ээжээс 3 тээврийн хэрэгслийг шилжүүлж авахаар нотариатын газар луу Д.Ихбаярыг дагаж ороход 3 тээврийн хэрэгслүүд Ш.Төмөрхуягийн хүүхдийн нэр дээр Төмөрхуяг итгэмжлэлээр эзэмшдэг болохыг мэдсэн. Ш.Төмөрхуяг гэх хүнийг анх Д.Болдбаатартай БЗД-ийн 5 дугаар хорооны нотариатын газар ирэхэд анх харж байсан... 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр СХД-ийн нутаг дэвсгэрт Драгон үйлчилгээний төвд байх Сайн ломбардад тээврийн хэрэгслүүдийг тавихаар болж Д.Ихбаяр хамт оръё гээд би үүдэнд хүлээгээд сууж байхад Д.Ихбаяр 3 тээврийн хэрэгслүүдийг тус бүр нь 18 сая төгрөгөөр нийт 54 сая төгрөгөөр Сайн ломбардын зээлийн барьцаанд тавиад Сай.н ломбардаас 54 сая төгрөг авах ёстой байснаас 41 сая төгрөгийг аваад дутуу мөнгийг маргааш үлдсэн 13 сая төгрөгийг аваад нэг мөсөн өгий гэж хэлээд Д.Ихбаяр манай найзын дүү ланд 200 маркийн машин зарах гэж байгаа би үзсэн хөгшин нь энэ машиныг одоо худалдаж өөрийн нэр дээр шилжүүлж аваад банкны барьцаанд тавиад Болдбаатрын мөнгийг гаргаад өгчихье гэхээр нь би Д.Ихбаярт би Болдбаатар ахад 3 машиных нь 45 сая төгрөгийг одоо өгчих үлдсэн мөнгөнөөсөө урьдчилгаа өгөөд лизингээр машин авчих гэж хэлэхэд Д.Ихбаяр тоёота ланд 200 машиныг бэлнээр худалдаж аваад банкинд барьцаанд тавиад Т.Болдбаатрын мөнгийг гаргаад өгчихье санаа зоволтгүй би банктай ярьсан байгаа одоо очоод тэр машиныг үзье гээд Сайн ломбардны гаднаас хөдлөөд БЗД-ийн 14 хороо Өгөөмөр захын хойно байх хороололд очиж Д.Ихбаяр Төртөгс гэх залуутай машины үнийн талаар асууж ярилцаж байгаад уулзахаар болоод салсан. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сайн ломбарднаас үлдсэн 13 сая төгрөгийг аваад БЗД-ийн 16 дугаар хороо Стар төвийн ойролцоо Төртөгстэй уулзаад Тоёота ланд 200 маркийн машиныг 44 сая төгрөгийг өгөөд үлдсэн 10 сая төгрөгийг тээврийн хэрэгсэл зээлээр худалдан авах гэрээ байгуулахаар хоорондоо тохиролцсон. Д.Ихбаяр 3 тээврийн хэрэгслүүдийг Сайн ломбарданд нийт 54 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавиад миний үгэнд ороод Т.Болдбаатар 45 сая төгрөгийг өгсөн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх154-160, хх218-219/,

Хохирогч Ш.Төмөрхуягийн мэдүүлэг /хх53-54/, хохирогч Ю.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /хх56-57/, иргэний нэхэмжлэгч Б.Жапамбаагийн мэдүүлэг /хх59-60/, гэрч Д.Ганзоригийн мэдүүлэг /хх67-68/, гэрч Н.Машбатын мэдүүлэг /хх69-70/, худалдах худан авах гэрээ /хх230-232, 235/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх120-123/, зээлийн гэрээ /хх136-138/, эд хөрөнгө битүүмлэх тогтоол /хх226-227/, гэрч Ц.Хойлогдоржийн мэдүүлэг /хх-244/, гэрч Ц.Батсуурийн мэдүүлэг /хх246-247/, хохирогч Ш.Төмөрхуягийн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.Ихбаяр нь давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт иргэн Ш.Төмөрхуягийн эзэмшлийн 76-26 УНС, 76-40 УНС, 76-19 УНС улсын дугаартай ачааны зориулттай Beiben маркийн  тээврийн хэрэгслүүдийг 45.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг тээврийн хэрэгслүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Тайгын булаг ХХК-д 54.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж Ш.Төмөрхуягт 100.000.000 төгрөгийн хохирол буюу онц их хэмжээний хохирол учруулсан болох нь,

-Мөн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Теди төвд иргэн Ю.Эрдэнэцэцэгийн Ай фоне 6 эс маркийн гар утсыг зараад өгье гэж хууран мэхлэж, итгэл эвдэх  аргаар авч 1.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь,

-Мөн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Иргэний харъяалал шилжил хөдөлгөөний ерөнхий газар”-ын гадна талын машины зогсоол дээр 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 00 минутын үед иргэн С.Хүдэрчулуунд 57.000.000 төгрөгийн үнэ бүхий 91-11 УНВ улсын дугаартай хар өнгийн тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг барьцаалан 18.000.000 төгрөг, 2-3 хоногийн дараа 2.000.000 төгрөг буюу нийт 20.000.000 төгрөгийг “манай дүү хорт хавдартай, яаралтай мөнгөний хэрэг болоод байна” гэж хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж С.Хүдэрчулуунд 20.000.000 төгрөгийн хохирол учруулан болох нь шүүгдэгч Д.Ихбаярын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Ихбаярын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэргийн хэргийн ангилалд багтах бөгөөд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хүнд гэмт хэрэгт тооцогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ихбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ихбаяр нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогч нартай харилцан тохиролцсон, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Ихбаяр нь урьд 2013 онд хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар түүний ялтай байдлын хугацааг өршөөлийн хуульд хамруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хохирогч С.Хүдэрчулуун иргэний нэхэмжлэгч Р.Мөнх-оргил нар нь 91-11 УНВ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн автомашиныг харилцан тохиролцож өгч, авалцахаар шийдвэрлэсэн ба хохирогч С.Хүдэрчулуун нь иргэний нэхэмжлэгч Р.Мөнх-оргилд 20 сая төгрөгийг төлж, иргэний нэхэмжлэгч Р.Мөнх-Оргил нь хохирогч С.Хүдэрчулуунд 91-11 УНВ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн автомашиныг өгөхөөр шүүх хуралдаанд харилцан тохирцож шүүхийн тогтоолд дурьдаж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжтой гэж дүгнэв.

Иймд энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 91-11 УНВ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж иргэний нэхэмжлэгч Р.Мөнх-Оргилд олгох нь зүйтэй.

Түүнчлэн Тайгын булаг ХХК нь хохирогч Ш.Төмөрхуягтай харилцан тохиролцож өөрсдийн сайн дураар хохиролд тооцон 38 сая төгрөгийг барагдуулсан ба хохирогч Ш.Төмөрхуяг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй ба Тайгын булаг авто ХХК-ийн өмчлөлд Beiben маркийн 3 ширхэг автомашиныг шилжүүлж өгөхөд татгалзахгүй талаар хүсэлт гаргаж энэ талаар нотариатаар гэрчлүүлэн шүүхэд хүсэлт гаргасан байх тул энэ хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч Тайгын булаг авто ХХК-д нь иргэний хуульд заасны дагуу өөрт өмчлөх эрх нь шилжсэн 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгөөр үнэлэгдсэн 3 ширхэг ачааны Beiben маркийн автомашины өмчлөгчийн хувьд хохирогч Ш.Төмөрхуягт хохирлыг нөхөн төлсөн нь хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.

Иймд энэ хэрэгт битүүмжлэгдсэн 10-81 АРХ, 21-97 ХОҮ, 49-81 АРХ улсын дугаартай ачааны 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгөөр үнэлэгдсэн Beiben маркийн 3 ширхэг автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж Тайгын булаг авто ХХК-д олгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Д.Ихбаяраас хохирогч Ю.Эрдэнэцэцэгт учирсан хохирол болох 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ю.Эрдэнэцэцэгт олгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

 

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Ихбаярт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцсон бөгөөд шүүгдэгч Д.Ихбаярын урьд цагдан хоригдсон нэг хоногыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцүү байхаар хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.И холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Д.И бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Д.Ихбаярыг 10.000 нэгжээр буюу 10.000*1.000=10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.И урьд цагдан хоригдсон 161 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр дүйцүүлж нийт 2.415 нэгж буюу 2.415.000 /хоёр сая дөрвөн зуун арван таван мянга/ төгрөгийг торгох ялаас хасч, торгох ялыг 7.585.000 /долоон сая таван зуун наян таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.И нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.И нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгуулын ялын төлөөгүй үлдсэн дүнг нэг өдрийн 15 нэгжээр тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.И-с 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ю.Э олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 91-11 УНВ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж иргэний нэхэмжлэгч Р.М-д олгох,

-10-81 АРХ, 21-97 ХОҮ, 49-81 АРХ улсын дугаартай ачааны Beiben маркийн 3 ширхэг автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж Тайгын булаг авто ХХК-д тус тус олгосугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.И хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР           

 

                                         ШҮҮГЧИД                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.МӨНХТУЯА