Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2024/0576

 

 

    2024          07           09                                   128/ШШ2024/0576

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А******* ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С*******

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарын хоорондын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, түүний өмгөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов. 

  

ТОДОРХОЙЛОХ нь:  

     1. Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийн шаардлагаа “А******* ХХК-ийн  хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн 7 дах жилийн сунгалтыг хийхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгалт хийхийг хариуцагчид даалгуулах” гэж тодорхойлжээ.

 2. А******* ХХК  нь  Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан боловч 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай албан бичгээр татгалзсан хариу өгсөн тул шүүхэд  нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1. Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд: 

Нэхэмжлэгч "А” ХХК нь 2017 онд Ашигт малтмал газрын тосны газраас зарласан Дорноговь аймгийн Д*******жарг******* сумын нутагт орших Д******* нэртэй (V дугаартай талбайн сонгон шалгаруулалтад орж 525.000.000 /таван зуун хорин таван сая/ төгрөгөөр авсан. Уг талбайг авсан цагаас эхлэн хайгуулын ажлыг 7 жил тасралтгүй хийж, 353 га газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үлдсэн талбайд хайгуулын ажил хийхээр төлөвлөсөн,

3.2. Гэвч 2020 оноос дэлхий нийтээр тархсан "Ковид-19” цар тахлын улмаас төлөвлөгөөт ажил тасалдсан боловч хайгуулын талбайн төлбөр хураамжийг зохих журмын дагуу жил бүр төлж хуульд заасан үүргээ зохих журмын дагуу биелүүлэн А” ХХК-ийн Хайгуулын талбайн 7 дахь жилийн сунгалтын хугацаа 2023 оны 05 сарын 30-ны өдөр дуусахаар байхад хүсэлтийг 2 сарын өмнө буюу 2023 оны 03 сарын 22-нд тус сумын Засаг даргад явуулж, төлбөрөө 2023 онд төлж АМТХ-ын 38-р зүйлийн 1-д заасан үүргээ бүрэн биелүүлж байсан,

3.3. Дорноговь аймгийн Д*******жарг******* сумын засаг даргад тухайн жилийн Байгаль хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар хүсэлтийн хамт хүргүүлсэн боловч тус сумын Засаг дарга болон холбогдох албан тушаалтны зүгээс дараах гурван асуудлыг шийдвэрлэж өгсөн тохиолдолд Байгаль хамгаалах төлөвлөгөөг баталж өгнө гэх шаардлагыг тавьсан. Үүнд: 1. Уурхайн зэргэлдээх айлын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх, 2. Газрын тухай хуульд заасан уурхайн газрын төлбөрийг төлөх 3. Уурхайд үүссэн хаягдал нүүрсний үнсийг булах асуудлыг шийдвэрлэсний дараа төлөвлөгөөг баталж өгөх тухай үүрэг өгсөн,

3.4. Нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөрийг зохих хууль дүрэм журмын дагуу төлж барагдуулж, зэргэлдээх айлд нөхөн төлбөрийн урьдчилгаа төлбөр болгож 5 сая төгрөг өгөхөөр холбогдох иргэнтэй утсаар ярихад Улаанбаатар хотод 2 өрөө байр авна гэсэн тул бид боломжгүй гэсэн хариуг өгсөн. Энэхүү иргэнтэй бид холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр өгөхөөр тохирсон бөгөөд Улаанбаатар хотод 2 өрөө байр авч өгөх үүрэг хүлээгээгүй тул тохиролцоонд хүрч чадаагүй талаар тус сумын Засаг Дарга учир байдлыг хэлж ийм хэмжээний мөнгө өгч чадахгүй талаар мэдэгдсэн,

3.5. Гэтэл сумын Засаг дарга нь АМТХ-ын 38-р зүйлийн 38.2-т заасан "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ." гэх үүргээ биелүүлээгүй. Дээрх нөхцөл байдал нь төрийн захиргааны байгууллагын хоорондын уялдаа холбоогүй, төрийн албан тушаалтны хууль бус буруутай үйлдлээс болж XV тоот хайгуулын лицензийн хугацааг сунгалгүй цуцалсантай холбогдуулан Ашигт малтмал газрын тосны газрын даргын түр орлон гүйцэтгэгч Л.Бд 2023 оны 06-р сарын 12-ны өдрийн тоот албан тоотоор хандсан,

3.6. Гэтэл төлбөрөө хугацаанд нь төлсөн болон дээрх нөхцөл байдал, албан тоотуудыг үл ойшоон хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийлгэх хүсэл хүлээн авахаас татгалзаж "Ашигт малтмалын тухай хуулийн 22-р зүйлийн 22.1-т зааснаар "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэх ямар ч ойлгомжгүй үндэслэлээр сунгалтын хугацаа дууссан гэх тайлбарыг хэлж, сунгалтыг хийхээс татгалзсан,

3.7. Энэ хууль бус үндэслэлгүй үйлдлээс болж тус компани цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нийт 24 ажилчдаа ажлаас чөлөөлж, зөвхөн 2023 оны 1-р сараас 2023 оны 10 сар хүртэлх хугацаанд газрын төлбөр, харуул хамгаалалт, цахилгаан, түлш, ажилчдын нийгмийн даатгал болон бусад зардалд ойролцоогоор 208.349.362 /хоёр зуун найман мянга гурван зуун дөчин есөн мянга гурван зуун жаран хоёр / төгрөгийн хохиролд орж нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчигдсөн гэжээ.

3.8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх анх 2017 онд лицензийг авсан. Ашигт малтмал, газар тосны газраас сонгон шалгаруулалтын журмаар 525,000,000 төгрөгөөр авч өнөөдрийг хүртэл хууль бус зүйл хийгээгүй. Манайх 48 ажилтантай байсан. Энэ асуудлаас шалтга******* 10 гаруй ажилтантай үлдсэн байгаа. Нийт ажилчдаас 80% нь орон нутгийн ажилчид байгаа. Манай компани гадаадын хөрөнгө оруулалттай компани учраас бас маш хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ асуудлын цаана маш олон ажилчид, гэр бүл, орон нутгийн хүмүүс байгаа учраас хайгуулын 7 дахь жилийн лицензийг сунгаж өгнө үү  гэв.

3.9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь Дорноговь аймгийн Д*******жарг******* сумын нутагт орших хайгуулын XV- дугаартай хайгуулын лицензийн 7 дахь жилийн сунгалтыг хийхгүй байгаа Ашигт малтмал, газар тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу хайгуулын XV- дугаартай лицензийн 7 дахь жилийн сунгалтыг хийхийг Ашигт малтмал, газар тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцоно. Захиргааны байгууллагын хууль бус ажиллагаа, эс үйлдэхүйн улмаас "А ХХК нь эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар удаа дараа холбогдох шат шатны байгууллага, дарга нарт хандаж арга буюу шүүхэд нэхэмжлэлийг өгсөн асуудал байгаа. Маргаж буй зүйлийн гол асуудал нь манай үйлчлүүлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон асуудал бөгөөд төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй үйлдлийн улмаас манай үйлчлүүлэгч байгууллагын эрх ашиг зөрчигдсөн асуудал байгаа. /XV-/  Нэхэмжлэгч "А ХХК нь 2017 оноос эхлэн Дорноговь аймгийн Д*******жарг******* сумын нутагт орших Д******* нэртэй хайгуулын XV- тоот тусгай зөвшөөрлийн хугацааг жил бүр сунгуулж, төлбөрийг төлж ирсэн байдаг. Энэ нь Ашигт малтмал газрын тосны газрын мөнгөн гүйлгээний журналаас тодорхой харагддаг. Мөн нэхэмжлэгч нь 7 дахь жилийн сунгалтыг хийлгэхээр 2023 оны 03 сарын 22-ны өдрийн №23/12 тоот, 2023 оны 04 сарын 24-ны өдрийн № тоот албан бичгүүдээр "Тухайн жилийн байгаль хамгаалах төлөвлөгөөг батлуулах тухай холбогдох баримт материалыг бүрдүүлэн хүргүүлж, хуулийн хугацаанд баталж өгөх асуудлаар хандаж байсан бөгөөд тус төлөвлөгөө батлагдаагүй, байгууллагаас шалтгаалахгүй нөхцөл байдлаас үүдэн хугацаа хойшилсон асуудал байгаа. Мөн А ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22-р зүйлийн 22.1-д заасны дагуу хуулийн хугацаандаа 7 дахь жилийн сунгалтаа хийлгэх үүднээс тухай бүрд нь буюу 2023 оны 04 сарын 28-ны өдөр тухайн жилийн лицензийн төлбөрийг төлсөн баримт болон холбогдох материалуудыг хавсарган мөн хүндэтгэн үзэх шалтаг шалтгаануудыг дурдаж, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст 2023 оны 04 сарын 28-ны өдөр 23/15 тоот дугаартай албан тоот, 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 23/18 дугаартай албан тоот, Ашигт малтмалын газрын тосны газрын даргын түр орлон гүйцэтгэгч Л.Бд 2023.06.12-ны өдрийн тоот албан тоотуудаар тус тус хандаж байсан асуудал байдаг. Гэтэл хариуцагч нь дээрх нөхцөл байдал, албан тоотуудыг үл ойшоон хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-т заасан үндэслэлээр сунгалтын хугацаа дууссан гэж хэлбэрийн төдий тайлбарыг хэлж сунгалтыг хийхээс татгалзсан. Хууль зүйн талаас тайлбар хийхэд Захиргааны байгууллага үйл ажиллагаандаа Үндсэн хуулийн оршил хэсэгт заасан эрхэм зорилго, Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндсэн зарчим, Үндсэн хуулийн бусад зарчмыг баримтлах үүрэг хүлээдэг. Мөн захиргааны байгууллага үйл ажиллагаа явуулахдаа захиргааны шийдвэрийн хэлбэр үйл ажиллагаа тодорхой байх, захиргааны шийдвэр үндэслэлтэй байх, захиргааны үйл ажиллагаа шаардлагатай тохиолдолд хийгдэх, зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон байх, захиргааны шийдвэрээр эрх нь хөндөгдсөн иргэд, захиргааны үйл ажиллагаанд оролцогчийн эрхийг аль болох хангахад чиглэсэн эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг сонсох, зөвлөгөө мэдээлэл өгөх болон мэдээллээр хангах, итгэлийг хамгаалах, эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх зарчмыг баримтлах ёстой боловч, хариуцагч Ашигт малтмал, газар тосны газрын Кадастрын хэлтэс нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т заасан тусгай зарчим, 4.2.6-д заасан "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, мөн хуулийн 24-р зүйлд заагдсан Нөхцөл байдлыг тогтоох, 25-р зүйл "Нотлох баримт цуглуулах", 26-р зүйл "Оролцогчийг сонсох" гэх хуулийн заалтуудыг зөрчиж, хайгуулын тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн сунгалтыг хийхээс татгалзсан эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчийг хохироож байна. А ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийг биелүүлэн Дорноговь аймгийн Д*******жарг******* сумын засаг даргад тухайн жилийн Байгаль хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар хүсэлтийн хамт хүргүүлсэн боловч тус сумын засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 38-р зүйлийн 38.2-т заасан "... Сум дүүргийн Засаг дарга энэ зүйлийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ...." гэх хуулийн заалтыг зөрчсөн төр захиргааны байгууллага тэдгээрийн хоорондын уялдаа холбоогүй буруутай үйлдлээс үүдэн нэхэмжлэгчийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Нэхэмжлэгч  хуулиар хүлээсэн үүргийг зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байна. Мөн А ХХК-ийн явуулж буй албан тоотуудад дурдагдаж буй нөхцөл байдлыг огт тогтоож шалгалгүйгээр Ашигт малтмал, газар тосны газрын тосны Кадастрын хэлтэс нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27-р зүйлд заагдсан ажиллагааг хийлгүйгээр "А" ХХК-аас үүсээд буй нөхцөл байдлыг дурдсан асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан. Хариуцагч байгууллагаас ирүүлсэн 2023 оны 05 сарын 04-ний өдрийн тоот албан тоот хавтаст хэргийн 18 дугаар хуудас, 2023 оны 06 сарын 14-ний тоот албан тоот, 2023 оны 06 сарын 26-ны өдрийн № тоот "хариу хүргүүлэх тухай" албан тоотуудаар Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27-р зүйлд заагдсан ажиллагааг хийсэн гэдгийг тус баримтуудаар нотлохгүй. Мөн Дорноговь аймгийн Д*******жарг******* сумын Засаг даргаас 2023.11.28-ний өдөр тоот Нотлох баримт хүргүүлэх тухай гэх албан тоотын тухайд Тусгай зөвшөөрөлтэй холбоотой нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн 50 хувь, Ашиглалтын талбайн ухсан шуудуунд орж ирсэн 4 малчин өрхийн 20 хохирлыг барагдуулаагүй тухайд Тус сумын 1-р багын малчин Д.Өд-5.550.000 төгрөг, Н.Нд-1.500.000 төгрөг, П.Пт-4.800.00 төгрөг, Б.Пд 930.000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд тухайн малчдын гар бичмэл бүхий өргөдөл болон дансны хуулгаар нотлогдоно гэв.

3.10. Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан "А*******” ХХК-ийн гаргасан "А*******” ХХК-ийн Дорноговь аймгийн Д*******жарг******* сумын нутагт орших хайгуулын XV- дугаартай лицензийн 7 дахь жилийн сунгалт хийхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу хайгуулын XV- дугаартай лицензийн 7 дахь жилийн сунгалт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэг: Тусгай зөвшөөрлийн талаар: Дорноговь аймгийн Д*******жарг******* сумын нутагт орших Д******* нэртэй 3924.47 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар шийдвэрээр "А" ХХК-д олгож, мөн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрээр "А*******" ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна. "А*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 354.12 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг хянан үзээд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгож, ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь 3570,35 га болсон байна. Хоёр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахаар заасан. Гэтэл "А*******" ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг нэг сарын өмнө нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө хуулийн дээрх шаардлагыг ханган гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон байна. Чиг Төрийн захиргааны байгууллагаас ашигт малтмалын хайгуулын ХВ- тоот тусгай зөвшөөрлийг шинээр олгохдоо тодорхой эрх үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг, тодруулбал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Кадастрын нэгжээс гаргасан загварын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас нэг сарын өмнө гаргаж байхаар мэдэгддэг. Улмаар тусгай зөвшөөрлийг шилжүүлж авахдаа гаргасан зөвшөөрлийн нотолгоо гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд Монгол Улсын хууль тогтоомж, бусад этгээдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ ойлгож гарын үсэг зурдаг. Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас аливаа нэг шийдвэр гардаггүй болно. Гурав: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн. 37.3-т "эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заасан. Гэтэл төрийн захиргааны байгууллагаас "А*******" ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23/15 дугаартай албан бичигт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10/2206 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байх тул эс үйлдэхүй гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Иймд нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан баримт бичгийг хавсарган ирүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. А******* ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдуулан Ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, манай компанийн Ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлах үйл ажиллагаа биднээс хамаарахгүй шалтгаанаар удааширсан байхад сунгахаас татгалзсан  гэх агуулгаар тайлбарлан маргасан.

3. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Д*******жарг******* сумын нутаг Д******* нэртэй 3924.47 гектар талбайг хамарсан ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийг А******* ХХК-д олгож, тус компани уг талбайд  ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг хянан үзээд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгож, ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн  талбай нь 3570.35 гектар болж, тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 200 дугаартай шийдвэрээр 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгажээ.

4. А******* ХХК-аас 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст хандаж /Маягт К-11/ хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан боловч Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10/2206 албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд баримт бичгийн бүрдүүлбэрийг ханган ирүүлээгүй гэх үндэслэлээр хүсэлтийг  буцаасан тул          А******* ХХК нь Дорноговь аймгийн Д*******жарг******* сумын Засаг дарга Д.Б*******ад 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 23/12 дугаартай албан бичгээр “…2023 оны хайгуулын ажлын Байгаль хамгаалах төлөвлөгөөг боловсруулан хүргүүлсэн боловч, тус сумын Засаг дарга “…уурхайн зэргэлдээх айлын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх,уурхайн газрын төлбөрийг төлөх, уурхайд хаягдсан нүүрсний үнсийг булах асуудлыг шийдвэрлэсний дараа төлөвлөгөөг батлахаар хойшлуулж, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр  баталж энэ өдрөө Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст шалтгааныг дурдаж, холбогдох баримтуудыг хавсаргаж хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдов.

            5. Үүнээс үзвэл Дорноговь аймгийн Д*******жарг******* сумын Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “тус сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан хугацааг зөрчсөн байна.

            6. Үүний улмаас  тус сумын Засаг даргад 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 23/22, 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн тоот албан бичгээр хүргүүлсэн хүсэлтүүдээр  Байгаль хамгаалах төлөвлөгөөг хуулийн хугацаанд хүргүүлсэн боловч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хуульд хугацаанд баталж өгөөгүй болох нь тогтоогдож байна.

7. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасан байх ба  хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компани 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст  /Маягт К-11/ дагуу  хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаж, Байгаль хамгаалах  төлөвлөгөөг батлуулан тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах өдөр хүргүүлсэн байхад хариуцагч захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж хүсэлтийг хүлээж аваагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “бодит нөхцөл байдалд тохирсон” байх гэж заасан зарчмуудад нийцэхгүй байна.

8. Үүнээс гадна XV- дугаартай талбайг сонгон шалгаруулалтаар 525.000.000 төгрөг төлж авсан,  XV- тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт 23.039.575,45 төгрөгийг төлсөн байх тул тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд төрийн захиргаанаас батлагдсан маягтын дагуу гаргаж, түүнд холбогдох материалыг буюу Байгаль хамгаалах төлөвлөөг  тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө гаргаж өгсөн байхад нэхэмжлэгч компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус бөгөөд А******* ХХК-ийн  хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн гэж үзэхээр байна.

9. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “22.1.Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.1-т “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2-д “үйлчилгээний хөлс”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-д “хайгуулын тайлан”, 22.2-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг дуусахаас 1 сарын өмнө гаргаж, нэхэмжлэгч компаниас шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэн тул дээрх хуульд заасан холбогдох бичиг баримт буюу байгаль хамгаалах төлөвлөгөөг батлуулан тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн байх тул тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа сунгуулах хүсэлт гаргасан гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй байна.

            10. Иймд дээрх Ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

11. Мөн хариуцагч захиргааны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ээлжийн амралттай гэх шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ч нэхэмжлэгч талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно”  гэж зааснаар нэхэмжлэгч “…хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байгаа тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааны үргэлжлүүлэх” хүсэлт гаргасан тул хариуцагч талыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 38 дугаар зүйлийн 38.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А******* ХХК-ийн хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн сунгалтыг хийхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, А******* ХХК-ийн хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийг сунгахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧАНЦАЛНЯМ