Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/54

 

Д.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

яллагдагч Д.Г-ийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЗ/3523 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаар эсэргүүцэлд үндэслэн Д.Г-д холбогдох 2206 04841 3624 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-ийн Г, 1986 оны ... дугаар сарын ...-ний өдөр Төв аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Төв аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Д.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” зочид буудлын 203 тоот өрөөнд хохирогч Б.Х-г нөхөртэйгөө хардсаны улмаас түүний үснээс зулгааж, зүүн чихнээс нь хазаж зүүн чихний дэлбэн дээд 2/3 хэсгээр бүрэн таслагдсан, баруун далд зулгаралт, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Д.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хохирогч нь шүүгдэгчийг яллах, хариуцлагыг хүндрүүлэхтэй холбоотой санал хүсэлтийг шүүх хуралдааны аль ч үед гаргаж болохыг заажээ. Хэргийн 7 дугаар хуудсанд зурагдсан гарын үсэг нь хохирогчийн гарын үсэг биш байгаа талаар хохирогч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан байдал болон тухайн үйл явдал болох үед байсан С гэгчээс мэдүүлэг авахуулах зэрэг ажиллагааг зайлшгүй хийлгэх шаардлагатай байна. Хэргийн 54 дүгээр хуудсанд яллагдагчаас мэдүүлэг авсан байх бөгөөд мэдүүлгийн төгсгөлд “тэмдэглэлийг яллагдагч М.Б-т уншиж танилцуулан” гэж бичсэн байгааг дурдаж байна. ...” хэмээн дүгнэж, Д.Г-д холбогдох 2206 04841 3624 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Өнөрбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг хянаад, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байна гэж заасан. Яллагдагч Д.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээс татгалзсан ямар нэгэн гомдол, хүсэлтийг шүүхийн шатанд гаргаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийг хүлээн авч, хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, улмаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахад энэ хуулийн Гучин гуравдугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн.

Мөн шүүгчийн захирамжид дурдсан С-оос гэрчийн мэдүүлэг авснаар гэм буруугийн болон хэргийн үйл баримтад ноцтой өөрчлөлт гарах эсэх, хууль зүйн ямар үр дагавар бий болох талаар тодорхой үндэслэлүүдийг дурдаж, дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Д.Г-д холбогдох эрүүгийн 2206048413624 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЗ/3523 дугаар захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд хянаж, хууль зүйн дүгнэлт хийж, хялбаршуулсан журмаар прокурор ял тохиролцож оруулж ирсэн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийж буцаах нь хэр зохимжтой юм бэ гэдэг байдлаар дүгнэлт хийх боломжтой. ...” гэв.

Яллагдагч Д.Г-ийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Г хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхэлж өөрийнхөө үйлдсэн хэрэг, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөөр ирсэн. Хэрэг болсны дараагаас хохирогчид хохирлыг төлөх тал дээр санаачилгатай ажиллаж, эмнэлгээр дагуулж явж тухай бүрд гарсан эмчилгээний зардлыг өөрөөсөө бүгдийг өгсөн. Хохирогчийн нэхэмжилсэн болон цаашид гарах хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж, прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, тус хэрэг шүүхэд ирсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтэд хохирогчийн эрхийг зөрчсөн, гарын үсэг зуруулаагүй гэдэг асуудал яригддаг. Тухайн үед байсан гэрчийг дахиж оролцуулж мэдүүлэг авах шаардлагатай гэсэн үндэслэлээр хүсэлт гаргасан байдаг. Шүүх С гэдэг гэрчийг зайлшгүй оролцуулж дахин мэдүүлэг авах шаардлагатай гэж үзсэн. Хэрэг болсон асуудлыг Д.Г, Э, хохирогч нар мэдүүлдэг. Энэ дээр ямар нэгэн зөрүү байдаггүй. Ийм учраас дахин гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй. 7 дугаар хуудаст гарыг үсэг зурагдсан эсэх асуудал яригддаг. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа хохирогч өмгөөлөгч авсан байдаг. Хэргийн материалтай мөрдөн байцаалтын шатанд танилцсан. Энэ үед гарын үсэг дуурайлгаж зурсан юм уу, өөр гарын үсэг зурагдсан талаар прокурор, мөрдөгчид гаргаж байсан хүсэлт, гомдол байдаггүй. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд энэ асуудлыг ярьдаг. Хохирогчийн мэдүүлэгт бусад хүмүүсийн мэдүүлж байгаатай адилхан нөхцөл байдлыг мэдүүлсэн ба ямар нэгэн маргаан байдаггүй. Хавтаст хэргийн 7 дугаар хуудаст гарын үсэг зуруулаагүй байна гэдэг. Мөрдөгч хохирогчоос өмгөөлөгч авах уу, өмгөөлөгч авах эрхээ эдлэх эсэх талаар асуусан байдаг. Энэ нь түүнийг өмгөөлөгчөөр хангагдах эрхээр нь хангасан гэж үзэж байна. Иймд прокурортой адил анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хуул зүйн дүгнэлт хийж өгнө үү, мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцаах шаардлагагүй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Прокуророос Д.Г-г нь 2022 оны 9 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” зочид буудлын 203 тоот өрөөнд хохирогч Б.Х-г нөхөртэйгөө хардан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хохирогч Б.Х-ийн өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан хүсэлтийг үндэслэн урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоож, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлгээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг хуульчилсан бөгөөд 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хэргийг хүлээн авч шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг зарлан явуулахаар заасан бөгөөд шүүх хуралдаанаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх зэргийг хянахаар заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж, 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахад энэ хуулийн гучин гуравдугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй.” гэж заасан нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа хийгдэхгүй, харин 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдааныг зарлан явуулахаар байна.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан атлаа шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/3432 дугаар захирамж /хх 79/-аар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоож, улмаар 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцаасан буюу хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан шийдвэрлэж, хууль хэрэглээний зөрчил гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдүүлсэн этгээд нь эрх бүхий албан тушаалтнаас хуульд заасан эрх, үүрэгтэй танилцуулсан баримтаас гадна өөрийн өгсөн мэдүүлэг зөрүүгүй бичигдсэн эсэхийг нягтлан шалгаж, гарын үсэг зурж баталгаажуулснаар тухайн мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангах учиртай.

Иймд, анхан шатны шүүхээс хэргийг хянаад хэргийн 7 дугаар талд авагдсан хохирогч Б.Х-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийн эхний нүүрний доод хэсэгт зурагдсан гарын үсэг нь түүний өөрийнх нь гарын үсэг мөн эсэх талаар үүссэн эргэлзээг арилгах, нэр бүхий этгээдээс гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЗ/3523 дугаар захирамжийг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЗ/3523 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ