Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 549

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Люкс нью проперти солюшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Вонг По Юиен Франкие /Mr.Wong Po Yeun Frankie/ 

Хариуцагч: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар /хуучин нэрээр/,

Гуравдагч этгээд: Таргууд овгийн Шагдарсүрэнгийн Хасбат /РД: ХА72021975/,

Гуравдагч этгээд: Батноров овгийн Батзундуйн Батнаран /РД: ШЗ87051570/,

Гуравдагч этгээд: Алаг морьт овгийн Нямдагвын Давааням /РД: ЧС81021502/,

Гуравдагч этгээд: Боржигин овгийн Дамдингийн Билэгсайхан /РД: ЦЗ71110413/,

Гуравдагч этгээд: “Болдган ББСБ” ХХК /РД: 2822598/, 

Гуравдагч этгээд: “Чингисхаан банк” ХХК /РД: 2698072/

Гуравдагч этгээд: “Хас банк” ХХК /РД: 5508487/

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нямдавга овогтой Даваанямын нэр дээр улсын бүртгэлийн Ү-2204060655, Ү-2204061886, Ү-2204060653, Ү-2204060652, Ү-2204060651, Ү-2204060716, Ү-2204060720, Ү-2204060722, Ү-2204060719, Ү-2204060747, Ү-2204060746, Шагдарсүрэн овогтой Хасбатын нэр дээр улсын бүртгэлийн Ү-2204060750, Ү-2204060751, Ү-2204060752, Ү-2204060748, Дамдин овогтой Билэгсайханы нэр дээр улсын бүртгэлийн дугаар Ү-2204060759, Ү-2204060757, Ү-2204060754, Ү-2204060756, Батзундуй овогтой Батнарангийн нэр дээр улсын бүртгэлийн дугаар Ү-2204061885, Ү-2204060760 тус тус бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл болон гэрчилгээнүүдийг хүчингүй болгох, хууль бус бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзаж буй хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч компанийн нэр дээр олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Буянтогос, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваадорж, Ч.Эрдэнэчимэг, гуравдагч этгээд “Чингис хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар, “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Эрдэнэбаатар, Т.Батжаргал, “Болдган ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Чойжилсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Люкс нью проперти солюшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Вонг По Юиен Франкие /Mr.Wong Po Yeun Frankie/ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Манай компани гадаад, дотоод худалдааны чиглэлээр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжээр 2007 онд байгуулагдсан бөгөөд барилгын төсөл дээр хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагаагаа өргөтгөн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй 100.000 айлын орон сууц хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны хотхоныг барьж байгуулахаар хөрөнгө оруулан ажиллаж байна. Манай компани нь 2008 оноос 2014 оныг дуустал нийт 18.769.831.283,46 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж үүнээс 16.382.398.059 төгрөгийг 21 ширхэг амины орон сууцнуудыг 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй барихад зарцуулаад байгаа бөгөөд өөрийн компанийн нэр дээр уг амины орон сууцнуудын өмчлөлийг бүртгүүлэхээр төлөвлөж байсан боловч өмчлөх эрхгүй нэр бүхий 4 хүний нэр дээр уг амины орон сууцууд хууль бусаар бүртгэгдсэн талаар олж мэдээд 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл гаргаж шалгуулсан. 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн өргөдлийн хариуд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл нь холбогдох хууль тогтоомж зөрчиж хууль бус бүртгэл хийсэн учир зөрчлийг арилгаж холбогдох улсын бүртгэлийг үнэн зөв болгох талаар хяналтын улсын байцаагчийн 2015 оны 2 дугаар албан шаардлагыг Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт хүргүүлсэн талаар манай компанид мэдэгдсэн. Гэтэл Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг нь уг албан шаардлагыг биелүүлээгүй учир манай компани Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга буюу Улсын ерөнхий бүртгэгчид хандан хууль бус бүртгэлийг хүчингүй болгож, уг амины орон сууцнуудын цорын ганц өмчлөх эрхтэй манай компанийн өмчлөх эрхийг хангаж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгож өгөх талаар өргөдөл гаргасан боловч татгалзсан хариу авсан учир Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хөлийн гол, Ногоон зоорь /13180/ гудамжид байрлах 101, 102, 103, 104, 105, 106, 107-1, 107-2, 107-3, 107-4, 108-1, 108-2, 108-3, 108-4, 109, 110, 111, 112, 113, 114, 115, 116 дугаар хаягтай Нямдавга овогтой Даваанямын нэр дээр улсын бүртгэлийн Ү-2204060655, Ү-2204061886, Ү-2204060653, Ү-2204060652, Ү-2204060651, Ү-2204060716, Ү-2204060720, Ү-2204060722, Ү-2204060719, Ү-2204060747, Ү-2204060746, Шагдарсүрэн овогтой Хасбатын нэр дээр улсын бүртгэлийн Ү-2204060750, Ү-2204060751, Ү-2204060752, Ү-2204060748, Дамдин овогтой Билэгсайханы нэр дээр улсын бүртгэлийн дугаар Ү-2204060759, Ү-2204060757, Ү-2204060754, Ү-2204060756, Батзундуй овогтой Батнарангийн нэр дээр улсын бүртгэлийн дугаар Ү-2204061885, Ү-2204060760 тус тус хууль бус бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож манай компанийг уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг манай компанийн нэр дээр олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү” гэв.   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Буянтогос 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: 

“Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн хариу тайлбар буюу бүртгэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдсэн гэдэг нь үндэслэлгүй болох нь хэргийн материалд нотлох баримтаар авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3/1060 дугаар албан бичиг болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэл хяналтын хэлтсийн хяналтын байцаагч Б.Золжаргалын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гэрчийг байцаасан тэмдэглэл зэргээр нотлогдож байна. 

Мөн дээрх өргөдлийн хариунд уг асуудал нь гэмт хэргийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагад хандаж шалгуулна гэсэн хариу өгсний дагуу эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж нэхэмжлэгч компанийн өмчлөлийн хорин нэгэн ширхэг амины орон сууцуудыг энэхүү захиргааны хэргийн гуравдагч этгээдүүд нь гэмт хэргийн замаар олж авсан хууль бус өмчлөл гэдэг нь мөрдөн байцаалтаар тогтоогдож эдгээр этгээдүүд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан нотлох баримт болох 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 12 дугаар тогтоолоор нотлогдож байна. 

Эд хөрөнгийн өмчлөх эрхийн хууль бус бүртгэл буюу гэмт хэргийн замаар олж авсан эд хөрөнгө буюу бүртгэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус бүртгэл гэж үзэх иргэний эрх зүйн онолын ойлголтын дагуу гуравдагч этгээдүүдийн нэр байх 21 амины орон сууцнуудын эд хөрөнгийн эрхийн бүртгэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус учир хууль бус өмчлөл хуулиар хамгаалагдахгүй зөвхөн хууль ёсны өмчлөгчийн хуулийн дагуу бүртгэл хийгдэж авсан эд хөрөнгийн улсын бүртгэлд л Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дах заалтуудын зохицуулалт үйлчлэх бөгөөд анхнаасаа хүчин төгөлдөр бус бүртгэлд энэхүү хуулийн зохицуулалт  хамаарахгүй учир гэмт хэргийн замаар хийгдсэн хууль бус бүртгэлийг хүчингүй болгохыг татгалзсан Улсын ерөнхий бүртгэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дах заалтыг зөрчсөн хууль бус эс үйлдэл бөгөөд “Люкс нью проперти солюшн” ХХК-ийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Буянтогос 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: 

“Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6 болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1-т заасан зарчмыг тус тус зөрчсөн. Бүртгэлийн хэлтэс болон улсын бүртгэгч бүртгэлийн үнэн зөвийг нотлох бусад нотлох баримтыг шаардах, шалгах үүрэгтэй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаар тогтоолын 7-д “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг гэдэгт энэ хуулийн 13.5.2-13.5.5-д заасан баримтуудаас гадна тухайн этгээд уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг нотолсон бусад баримтуудыг мөн хамааруулна” гэж заасан байтал улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчаас хангалттай нотлох бусад баримтыг шаардаагүй нь хууль тогтоомж зөрчсөн байна. 

“Люкс нью проперти солюшн” ХХК-ийн гэх хуурамчаар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан албан бичигт захирал гэх хоёр хүний нэр орсон байхад түүнийг нягталж шалгаагүй бөгөөд нэхэмжлэгч компанийн захирлын албан тушаалыг 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш Ли Вен Чиу гэдэг хүн одоог хүртэл хашиж байгаа нь улсын бүртгэлийн гэрчилгээнээс илхэн харагдах бөгөөд тус компанид 2 захирал байхгүй гэдэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлд байх бичиг баримтаас тодорхой харагдах бөгөөд улсын бүртгэгч өөрийн эрх хэмжээний дагуу энэ хоёр захирлын талаар тодруулж лавлах үнэн зөвийг нягтлаагүй. Мөн “Люкс нью проперти солюшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лин Вен Чиу нь хэрэв Н.Давааням гэх хүнд уг албан бичигт гарын үсэг зурах болон компанийг төлөөлж албан бичиг гаргах эрх олгосон бол Иргэний хууль болон Компанийн тухай хуулийн дагуу итгэмжлэл олгох ёстой бөгөөд улсын бүртгэгч энэхүү итгэмжлэлийг мэдүүлэг гаргагчаас шаардан авах үүрэгтэй байтал энэхүү үүргээ биелүүлээгүй. 

Амины орон сууцны захиалгын гэрээ хуурамч буюу хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд компанийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гарын үсэг зурсан байхад гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэлийг шаардаагүй мөн гэрээнд гэрээний гол нөхцөл болох гэрээний үнэ тавигдаагүй зэргээс энэхүү гэрээ хуурамч гэдгийг нотлох хангалттай баримт байхад хууль бусаар бүртгэл хийсэн, түүнээс гадна хуурамч тамга, тэмдэг ашигласан нь эрүүгийн хэргээр тогтоогдсон, компанийн хувьцаа эзэмшигч нарын 2013 онд байгуулсан санамж бичгийн 7 дугаар зүйлд хаусын 1 м.кв нь 1200 ам доллар байхаар тодорхой заасан гэтэл энэхүү гуравдагч этгээдүүд гэх гэмт хэрэгтнүүдийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан өргөдөл үнийн дүнг 10-19 сая гэж тавьсан зэргээс хангалттай нотлогдож байна.

Мөн мэдүүлэг гаргагчийн гараар бичсэн өргөдлийн утга амины орон сууцын үнийн дүн нь 300-400 м.кв амины орон сууцыг барьж байгуулахад гарах зардлын хаана ч хүрэхгүй нь илт байхад үүнийг мэдсээр байж хууль бус бүртгэлийг хийсэн. Энэ нь мөн санамж бичигт заасан үнэтэй зөрж байна. 

Хувьцаа эзэмшигч компанийн хөрөнгийг шууд өмчлөх эрх байхгүй бөгөөд зөвхөн ногдол ашиг авах байдлаар л эзэмшиж болох бөгөөд ногдол ашиг тараах асуудлыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэдэг болно. 

“Люкс нью проперти солюшн” ХХК-ийн дүрмийн дагуу компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал бөгөөд түүний чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл юм. Хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар дамжуулан шийдвэр гаргах эрх хэмжээтэй, төлөөлөн удирдах зөвлөл нь төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар дамжуулан шийдвэр гаргах эрх хэмжээг хууль болон манай компанийн дүрэмд зааж өгсөн байдаг. Н.Давааням нь энэ компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч ч гэсэн компанийн асуудлаар дангаар шийдвэр гаргах эрхгүй этгээд юм. Мөн үүнтэй адил төлөөлөн удирдах зөвлөлийн нэг гишүүн дангаар шийдвэр гаргах эрх хэмжээ огт байхгүй бөгөөд Н.Давааням нь төлөөлөн удирдах зөвлөлийн нэг гишүүний хувьд төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцож саналаа өгөх эрх хэмжээтэй болохоос биш дангаар дур мэдэн ямар ч үйлдэл хийх эрх хэмжээ түүнд компанийн хууль болон манай компанийн дүрмээр олгогдоогүй. 

Нэхэмжлэгч компанийн өмчлөлийн хорин нэгэн ширхэг амины орон сууцуудыг энэхүү захиргааны хэргийн гуравдагч этгээдүүд нь гэмт хэргийн замаар олж авсан хууль бус өмчлөл гэдэг нь мөрдөн байцаалтаар тогтоогдож эдгээр этгээдүүд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн нь захиргааны хэргийн материалд авагдсан нотлох баримт болох 2015 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 12 дугаар тогтоол, мөн газрын прокурор Л.Бадралтын 2016 оны 02 дугаар сарын  16-ны өдөр өгсөн хариу мэдэгдэх хуудас болон Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн гомдлын хариу зэргээр нотлогдож байна. 

Үүнээс гадна гэмт хэргийн сэжигтэн нарын байцаалтаас харахад Б.Батнаран, Б.Билэгсайхан хоёр нь уг үл хөдлөх хөрөнгийг гэрээний дагуу аваагүй болох нь тогтоогддог бөгөөд тэд мэдүүлэгтээ “Ш.Хасбат, Н.Давааням нар иргэний үнэмлэхийг нь авсан. Тэгээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргасан байсан. Бид энэ талаар юу ч мэдэхгүй” гэх мэдүүлгээс харж болох бөгөөд энэ нь эдгээр хүмүүс гараараа өөрийн биеэр Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдүүлэг гаргаагүй, амины орон сууцын захиалгын гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байна. 

Мөн яллагдагч Н.Давааням, Ш.Хасбат нар нь энэхүү гэмт хэргээ үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн яллагдагчийн байцаасан тэмдэглэлээс тодорхой харж болно.” гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянтогос нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: 

“...Хууль бусаар гэмт хэргийн замаар Нямдавга овогтой Даваанямын нэр дээр улсын бүртгэлийн Ү-2204060655, Ү-2204061886, Ү-2204060653, Ү-2204060652, Ү-2204060651, Ү-2204060716, Ү-2204060720, Ү-2204060722, Ү-2204060719, Ү-2204060747, Ү-2204060746, Шагдарсүрэн овогтой Хасбатын нэр дээр улсын бүртгэлийн Ү-2204060750, Ү-2204060751, Ү-2204060752, Ү-2204060748, Дамдин овогтой Билэгсайханы нэр дээр улсын бүртгэлийн дугаар Ү-2204060759, Ү-2204060757, Ү-2204060754, Ү-2204060756, Батзундуй овогтой Батнарангийн нэр дээр улсын бүртгэлийн дугаар Ү-2204061885, Ү-2204060760 тус тус бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл буюу гэрчилгээнүүдийг хүчингүй болгох, хууль бус бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзаж буй хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч компанийн нэр дээр олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваадорж, Ч.Эрдэнэчимэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

1. Иргэн Давааням  /УЖ79021913/-ын өмчлөлд: 

А/Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204061886 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/, гудамж 112 тоот хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй байна. 

Б/ Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060716 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/, гудамж 111 тоот хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй байна.

В/ Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060719 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/,  107 дугаар байр 4 тоот хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй байна.

Г/ Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060720 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/,  107 дугаар байр 1 тоот хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй байна.

Д/Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060722 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/,  гудамж  110 тоот хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй байна.

Е/Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060746 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/,  107 дугаар байр  2 тоот хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй байна.

Ё/ Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060747 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/,  107 дугаар байр  3 тоот хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй байна.

Ж/ Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060651 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/,  105 дугаар  хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй байна.

З/ Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060652 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/,  106 дугаар  хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй байна.

И/Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060653 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/,  102 дугаар  хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй байна.

Й/Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060655 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/,  101 дүгээр  хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй байна.

2. Иргэн Д.Билэгсайхан /ЦЗ71110413/-ийн өмчлөлд:

А/ Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060757 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/,  гудамж 114 тоот  хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй байна.

Б/ Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060759 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/,  гудамж 115 тоот  хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй байна.

В/ Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060756  дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/,  гудамж 116 тоот  хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй байна.

Г/Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060754  дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/,  гудамж  тоот  хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй байна.

3. Иргэн Ш.Хасбат \ХА72021975\-ын өмчлөлд:

А\ Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060748  дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/,  гудамж  108-1 тоот  хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй өдөр “Чингис хаан” банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна. 

Б\ Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060752  дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/,  гудамж 108-2  тоот  хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй байна.

В\ Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060751  дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/,  гудамж 108-3  тоот  хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй байна.

Г\ Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060750  дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/,  гудамж 108-4  тоот  хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй байна.

4. Иргэн Б.Батнаран \ШЗ87051570\-ын өмчлөлд: 

А\Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204061885  дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/,  гудамж 109  тоот  хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй байна. 

Б\ Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060760  дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/,  гудамж 109-1  тоот  хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай барилга  бүртгэлтэй байна.

Тус эд хөрөнгөнүүдийн захиран зарцуулах эрхийг НШГА-ны 2\20741 тоот албан бичгийг үндэслэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. 

Тус хуулийн этгээд нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах өөрийн эзэмшлийн газар дээр амины орон сууц барьж улмаар 2014 оны 6 дугаар сард тус амины орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр манай байгууллагад холбогдох нотлох баримтуудыг хүргүүлсэн. 

Мөн тус хуулийн этгээдээс ирүүлсэн өмчлөгчийн жагсаалт, мэдүүлгийн дагуу холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэл хийгдсэн байна. 

Улсын  бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т заасны дагуу “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусад учирсан хохирлыг нөхөн төлнө” хэмээн заасан байдаг. Иймд Улсын бүртгэлд өөрчлөлтийг хийлгэх бол холбогдох мэдүүлэг, нотлох баримтыг бүрдүүлэн хандах эрх нь нээлттэй байна. 

Гуравдагч этгээд Д.Билэгсайхан, Ш.Хасбат, Б.Батнаран нар нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

“Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээд уг хуулийн 6.1-д буюу захиргааны акт хүлээн авснаас хойш 30 хоногт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан.  Гэтэл нэхэмжлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газраас татгалзсан хариуг 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хариуг эс зөвшөөрвөл хариуг хүлээн авсан өдрөөс 30 холбогдох шүүхэд гомдол гаргах эрхтэй атал 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжоо алдаж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралдаанд оролцохгүй. Намайг төлөөлж Н.Ундармаа оролцоно” гэв.

Гуравдагч этгээд Н.Даваанямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундармаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“Люкс нью проперти солюшн” ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй ба үйл ажиллагаагаа 2007 оноос эхлэн явуулж байгаа билээ. Энэ хугацаанд компанийн үйл ажиллагааг Н.Давааням хариуцан ажилладаг байсан. Компанийн эзэмшлийн хөлийн гол дах 58 га газрын 50 га газарт дулааны тав дугаар цахилгаан станц барихаар Засгийн газрын тогтоол гарснаар компанийн хэрэгжүүлж буй төсөл зогсонго байдалд орж, хувьцаа эзэмшигч Хонг Конгийн тал компанийн эзэмшлийн хувьцаагаа Н.Даваанямд худалдан борлуулж, шийдвэр гаргах эрхээ шилжүүлэх хэлцлийг хийж байсан. Уг хугацаанд Нийслэлийн Засаг даргын газрын албатай нөхөн олговрын асуудлаар хөөцөлдөж ирсэн. Нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд компанийн барьсан барилгад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан ба үүнийг 2 хувьцаа эзэмшигч мэдэж байсан. Эдгээр гэрчилгээг компанийн нэр дээр гаргуулах асуудалд ямар нэгэн татгалзах зүйлгүй гэдгээ Хонг Конг талын хувьцаа эзэмшигчид удаа дараа мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй. Үл хөдөлөх эд хөрөнгийг барьцаалуулсан барьцаанаас чөлөөлөхөд тодорхой хугацаа шаардлагатай байгаа талаар мөн мэдэгдэж байсан. 

Богино хугацаанд барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгийг бүрэн чөлөөлөх, чөлөөлснөөр гэрчилгээнүүдийг компанийн нэр дээр дахин гаргуулах боломжтой байгаа юм” гэв. 

“Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Эрдэнэбаатар, С.Батцэцэг нар нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Гүнгомбо” ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр манай компанитай барьцаат зээлийн 1010017446 дугаар гэрээ, баталгаат ипотекийн 1010017446-01 дугаар гэрээ, батлан даалтын гэрээнүүдийг тус тус байгуулж, 80.000.000 төгрөгийг 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан. 

Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2204060760 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь гудамжны 109-1 тоот, 327 м.кв талбайтай амины орон сууц, “Гүнгомбо” ХХК-ийн дугаар цохигч төхөөрөмж, халаагч, тэмдэглэх тоног төхөөрөмжүүдийг барьцаалсан. 

“Хас банк” ХХК нь улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд, хуульд нийцүүлсэн барьцаалсан бөгөөд энэ шинжийн хүрээнд “Хас банк” ХХК шударга эзэмшигчид тооцогдох, бүртгэлтэй холбоотой аливаа маргаан “Хас банк” ХХК-ийн хүчин төгөлдөр барьцааны эрхийг хөндөхгүй гэж үзэж байна. 

Мөн маргаан “Люкс нью проперти солюшн” ХХК-ийг Н.Давааням төлөөлсөн, гарын үсэг хуурамчаар зурсан гэх асуудал нь Н.Даваанямын хувийн байдалтай салшгүй холбоотой учир түүнийг биечлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай, мөн хэрэв тийм үйлдэл хийсэн бол уг асуудал нь эрүүгийн журмаар шийдвэрлэгдэх ёстой асуудал. Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол үр дагаврыг захиргааны актын маргаан хэлбэрээр шийдвэрлүүлэх боломжгүй учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

“Чингисхаан банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Сандагдорж шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Чингисхаан банк” ХХК нь “Батжинсрэгт” ХХК-нд 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 2470/01/СС-2014 дугаар зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулан ЖДҮХС-ийн төслийг санхүүжүүлэх зорилгоор 2.000.000.000,00 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэйгээр олгосон болно. 

Ийнхүү зээлийг олгохдоо үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь, 131180 гудамжид байрлах улсын бүртгэлийн Ү-2204060748, Ү-2204060750, Ү-2204060751, Ү-2204060752, Ү-2204060754, Ү-2204060756, Ү-2204060757, Ү-2204060759 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу барьцаалан 6/1-31 тэмдэг бүхий улсын бүртгэгч барьцааны гэрээг баталгаажуулсан байдаг. 

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газрын 6/1-31 тэмдэг бүхий улсын бүртгэгч нь 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бүртгэлд бүртгэж, барьцаалбар үйлдсэн байдаг бөгөөд уг бүртгэгч нь шинээр өмчлөгч бүртгүүлэн үүссэн тухайн хөрөнгүүдийн хувийн хэрэгт 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар улсын байцаагчийн албан шаардлагад тусгагдсан бичиг баримтын бүрдэл дутуу, бүрдэл нь эргэлзээ төрүүлж болохуйц нөхцөл байдалтай байгааг мэдэх боломжтой байсан төдийгүй “Чингисхаан банк” ХХК, “Батжинсрэгт” ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээг бүртгэсэн буруутай үйлдлийг хийж банкинд энэ тухай мэдэгдээгүй нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасны дагуу барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзэж байна. 

Мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.3 дах заалтыг тус тус үндэслэн “Чингисхаан банк” ХХК, “Батжинсрэгт” ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээ, хэлцэл нь хуулийн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр байгаа болно. 

2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар “Батжинсрэгт” ХХК-ийн үндсэн зээл 1.992.080.518, хүү 55.396.212, хүү 23.112.593 төгрөг, нийт 2.070.589.323 төгрөгний үлдэгдэлтэй байна. 

Иймд “Люкс нью проперти солюшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй энэхүү хэрэг маргаан нь “Чингисхаан банк” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг үнэлж, улсын бүртгэгч болон бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан гэх этгээдүүдийн хэн аль нь ямар буруутай үйл ажиллагаа хийсэн болох тухайн шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэр дээр тодорхой тусган өгч, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдүүдийн цаашид хуулийн байгууллагаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болох эсэх тухайг тодорхой дурдаж өгнө үү. 

2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/2015 шийдвэрийн хавсралт болох “Люкс нью проперти солюшн” ХХК-ийн дүрмийн хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагч Luks Realty Development, Нямдагва овогтой Давааням нар нь уг компанийн хувьцааг 80 хувь буюу 80.000 ширхэг, 20 хувь буюу 20.000 ширхэг хувь хэмжээгээр эзэмшүүлэхээр зааж “Люкс реалти деволопмент”-ийг төлөөлж Люк Кинг Тин гэж гарын үсэг зурсан байна. 

Гэтэл энэхүү компанийг үүсгэн байгуулах эх сурвалж болох дүрэмд Монгол талын хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч Н.Давааням нь гарын үсэг зураагүй, нэр нь байхгүй байгаа нь энэхүү дүрэм хуульд нийцсэн дүрэм мөн эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа болно. 

Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах заалтыг үзэхэд “Люкс нью проперти солюшн” ХХК нь Luks Realty Development компанийн охин компани болж байгаа төдийгүй Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дараах хуулийн заалтуудыг зөрчсөн, “Люкс нью проперти солюшн” ХХК-ийг үүсгэн байгуулагч Luks Realty Development компани болон Н.Давааням нараас ямар эрх зүйн баримт бичгийг үндэслэн Лин Вэн Чиуг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон эсэх, “Люкс нью проперти солюшн” ХХК нь хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан эсэх, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргасан эсэх нь дараах нөхцөл байдлуудаар эргэлзээ төрүүлж байх төдийгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай бичиг баримтууд алга байна гэж үзэж байна. 

Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан өргөдөл гаргах эрх бүхий этгээд нь хэн байсан эсэх нь тодорхойгүй. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.10-т заасны дагуу Н.Даваанямаас гуравдагч этгээдэд компанийг төлөөлөх ямар нэгэн эрх олгосон итгэмжлэл, зөвшөөрөл аваагүй байна. 

Энэ бүхнээс үзвэл “Люкс нью проперти солюшн” ХХК-ийг үүсгэн байгуулагч Luks Realty Development компани болон Н.Давааням нараас “Люкс нью проперти солюшн” ХХК-ийг төлөөлөх эрх, итгэмжлэл олгогдоогүй этгээд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 78/2015 дугаар бүхий нэхэмжлэлд гүйцэтгэх захирал /-ийг/ Лин Вен Чиу гэж гарын үсэг зурж нэхэмжлэл гаргасан нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, компанийг төлөөлөх эрхгүй этгээд нь “Эл Ар Си Эм” ХХН-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулан хууль өмгөөлөгч Б.Буянтогост итгэмжлэл олгосон байгаа нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр бус хэлцэл, итгэмжлэл гэж үзэхээр байна. 

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд “Болдган” ББСБ нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Чойжилсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Иргэн Батзундуйн Батнаран, Долгорын Наранцэцэг нар нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Болдган” ББСБ-тай ЗГ-018-2014 дугаар зээлийн гэрээг, ҮЗГ-018-2014 дугаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой барьцааны гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо Ногоон зоорь \13180\ гудамж 109 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн гэрчилгээний 000335098, улсын бүртгэлийн Ү-2204061885 дугаарт бүртгэлтэй 327 м.кв амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 100.000.000 \нэг зуун сая\ төгрөгийг 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. Манай компани, мөн даатгалын компанийн зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгө дээр газар дээр нь очиж танилцан, Б.Батнаран хаалга үүдийг онгойлгож үзүүлэн холбогдох үнэлгээг хийлгэсэн болно. 

Иргэн Б.Батнаран, Д.Наранцэцэг нар нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хойш зээл, хүүгийн төлбөрөөс ямар нэг төлөлт хийгээгүй байна. 

2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар иргэн Б.Батнаран, Д.Наранцэцэг нарын зээлийн өрийн үлдэгдэл 100.000.000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 46.726.666 төгрөг буюу “Болган” ББСБ-д төлөх ёстой өрийн үлдэгдэл 146.726.666 төгрөг байна. 

Нэхэмжлэгч “Люкс нью проперти солюшн” ХХК-тай холбоотой захиргааны хэрэгт Б.Батнаран манай “Болдган” ББСБ-д барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох тухай нэхэмжилсэн байгаа нь хууль, дүрэм журмын дагуу барьцааны бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хийлгэж баталгаажуулсан “Болдган” ББСБ буюу барьцаалагч \шударга эзэмшигч\-ийн эрх, ашгийг хөндөж байгаа тул нэхэмжлэгч  “Люкс нью проперти солюшн” ХХК-тай холбоотой захиргааны хэрэгт Б.Батнаран манай “Болдган” ББСБ-д барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Люкс нью проперти солюшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Вонг По Юиен Франкие /Mr.Wong Po Yeun Frankie/ нь “...Н.Давааням, Ш.Хасбат, Д.Билэгсайхан, Б.Батнаран нарын нэр дээр тус тус бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл болон гэрчилгээнүүдийг хүчингүй болгох, хууль бус бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзаж буй хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч компанийн нэр дээр олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд, хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбар зэргийг харьцуулан үзэж, үнэлсэний үндсэн дээр шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь /13180/  хаягт байршилтай амины орон сууц, гражийн зориулалттай нийт 21 барилгаас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204061886, Ү-2204060716, Ү-2204060719, Ү-2204060720, Ү-2204060722, Ү-2204060746, Ү-2204060747, Ү-2204060651, Ү2204060652, Ү-2204060653, Ү-2204060655 дугаартайгаар гуравдагч этгээд Н.Даваанямын нэр дээр,

Ү-2204060757, Ү-2204060759, Ү-2204060756, Ү-2204060754 дугаарт, Д.Билэгсайханы нэр дээр, 

Ү-2204060748, Ү-2204060752, Ү-2204060751, Ү-2204060750 дугаарт,  Ш.Хасбатын нэр дээр, 

Ү-2204061885, Ү-2204060760 дугаартайгаар Б.Батнарангийн нэр дээр тус тус бүртгэж, гэрчилгээ олгожээ.

Гуравдагч этгээд Н.Давааням нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, “Люкс нью проперти солюшн” ХХК-ийн гаргасан бичгийн хүсэлт, барилгын фото зураг, хаягийн тодорхойлолт, байршлын зураг, план зураг зэргийг хавсарган өгч, 

Гуравдагч этгээд Д.Билэгсайхан, Б.Батнаран, Ш.Хасбат нар дээрх баримтуудаас гадна “...19.600.000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалаар барьсан тул бүртгэн гэрчилгээ олгуулах...” тухай тус бүрт гаргасан “Люкс нью проперти солюшн” ХХК-ийн хүсэлт, Амины орон сууцны захиалгын гэрээ гэх баримтуудыг өгснийг хариуцагч үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэн, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.  

Улмаар 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Билэгнасан” ББСБ болон Н.Давааням нар нь ЗГ140602-01 дугаар зээлийн гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060652, Ү-2204060651, Ү-2204060653 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байх бөгөөд “Билэгнасан” ББСБ нь 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1506/02/01, 2015 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 1406/04/04, 1406/04/01 дүгээр албан бичгүүдээр уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалбараас чөлөөлөх тухай хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргэсэн байна.

“Чингисхаан банк” ХХК болон “Батжинсрэгт” ХХК-иуд нь 2014 оны 8 дугаар сарын 19-ны өдөр 2470/01/СС-2014 дугаартай зээлийн гэрээг байгуулан уг гэрээний үүргийн гүйцэтгэлд Ш.Хасбат, Д.Билэгсайхан нарын өмчлөлд бүртгэлтэй Ү-2204060750, Ү-2204060751, Ү-2204060752, Ү-2204060748, Ү-2204060759, Ү-2204060757, Ү-2204060754, Ү-2204060756 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж Барьцааны гэрээ байгуулсныг, 

“Хас банк” ХХК, “Гүнгомбо” ХХК-иуд 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1010017446 дугаартай зээлийн гэрээг байгуулсан ба хамтран үүрэг гүйцэтгэгчийг төлөөлж Б.Батнаран оролцсон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060760 дугаартай хөрөнгийг үүргийг гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсныг,  

“Болдган” ББСБ, нөгөө талаас Д.Наранцэцэг нар 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр харилцан тохиролцож ЗГ-018-2014 дугаартай зээлийн гэрээг байгуулсан ба мөн өдөр “Болдган” ББСБ, Б.Батнарантай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны ҮЗГ-018-2014 дугаартай гэрээг байгуулсныг тус тус улсын бүртгэлд бүртгүүлжээ. 

 “Люкс нью проперти солюшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянтогос 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл гаргасан байх бөгөөд уг өргөдлийн хариуг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3/1060 дугаар албан бичгээр “...Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Компаний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин хийсэн бүртгэл байх бөгөөд гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй тул хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэв...” хэмээн хариуг өгчээ. 

Улсын бүртгэлийн ерөнхий газар 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 3/1314 дүгээр албан бичгээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст “...Улсын бүртгэлийн дугаар бүхий хувийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тус компанийн дүрмээр тогтоосон журам болон Компаний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн хуурамч байж болзошгүй, холбогдох албан хаагч, этгээдүүд нь Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн хэлбэрээр гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн байж болзошгүй байх тул шалгаж шийдвэрлэж өгнө үү” хэмээн материал шалгуулах хүсэлтийг гаргажээ. 

“Люкс нью проперти солюшн” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт тухайн 21 үл хөдлөх эд хөрөнгийг эрүүгийн хэргийг хянагдаж дуустал ямар нэгэн хөдөлгөөн хийхэд нь хориг тавьж урьдчилсан тэмдэглэлээ хийлгэх тухай хүсэлт болон уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх мэдүүлгийг гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2/14067 дугаар албан бичгээр “... “Чингисхаан банк” ХХК, “Хас банк” ХХК, “Болдган” ББСБ-ын барьцаанаас чөлөөлсөн албан тоот, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас эрх түдгэлзүүлснийг хүчингүй болгосон шийдвэр, мөн эрх бүхий этгээдийн өмчлөгч өөрчлөх тухай шийдвэр зэрэг нотлох баримт болон хууль журамд заасан бусад шаардлагатай нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой” хэмээн татгалзсан хариуг өгсөн байна. 

Нэхэмжлэгч үүнийг хүлээн аваад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 9075 дугаар захирамжаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, “Люкс нью проперти солюшн” ХХК тус шүүхэд дахин 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр захиргааны хэрэг үүсгэжээ. 

Гуравдагч этгээд Б.Батнаран, Б.Билэгсайхан, Ш.Хасбат нар нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хэмээн маргаж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /хуучин/ 12 дугаар зүйлийн 12.1-д “Иргэн, хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2/14067 дугаар албан бичгийг хүлээн аваад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Иргэн, хуулийн этгээд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-13.5.8-д заасан баримтуудыг хавсаргах бөгөөд үл хөлдөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг заавал хавсарган өгөхөөр хуульчилжээ.

Гуравдагч этгээд Б.Батнаран, Б.Билэгсайхан, Н.Давааням, Ш.Хасбат нар үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэн, гэрчилгээ авахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газрыг эзэмшиж байгаа этгээдийн зөвшөөрлийг болон тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг мэдүүлэг болон бусад баримтын хамт хавсарган өгөх ёстой.

Харин гуравдагч этгээд Б.Батнаран, Б.Билэгсайхан, Н.Давааням, Ш.Хасбат нар нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Люкс нью проперти солюшн” ХХК-ийн хэвлэмэл хуудас, захирал Лин Вен Чиу /lin Wen Chiu/-гын гарын үсэгтэй хүсэлтийг гаргасан байх бөгөөд энэ нь 2015250002023 дугаартай эрүүгийн хэрэгт бичиг судлалын шинжилгээ хийж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1407 дугаар дүгнэлтээр захирал Лин Вен Чиу /lin Wen Chiu/-гын гарын үсэг биш, компанийн тэмдэгтийн дардсууд хуурамч болохыг нь тогтоосон байна. 

Түүнчлэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар прокурорын тогтоолоор “...Н.Давааням нь Ш.Хасбаттай бүлэглэн ... 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Люкс нью проперти солюшн” ХХК-ийн хуурамч гэрээ, тамга тэмдэг ашиглан тус газар дээр баригдаж байгаа 21 ширхэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон,  яллагдагч Н.Давааням, Ш.Хасбат нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь өршөөлд хамрагдах үндэслэлтэй байх тул эрүүгийн 2015250000232 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ. 

Иймд мэдүүлэг гаргагч буюу Б.Батнаран, Б.Билэгсайхан, Н.Давааням, Ш.Хасбат нар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг нотлох баримтгүй байхад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “улсын бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцээгүй, хуурамч баримт бичигт үндэслэн, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үүргээ хэрэгжүүлээгүй, хуурамч баримтад үндэслэн эрхийн улсын бүртгэлийг хийсэн нь нотлогдож байх тул “Люкс нью проперти солюшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Нямдавга овогтой Даваанямын нэр дээр улсын бүртгэлийн Ү-2204060655, Ү-2204061886, Ү-2204060653, Ү-2204060652, Ү-2204060651, Ү-2204060716, Ү-2204060720, Ү-2204060722, Ү-2204060719, Ү-2204060747, Ү-2204060746, Шагдарсүрэн овогтой Хасбатын нэр дээр улсын бүртгэлийн Ү-2204060750, Ү-2204060751, Ү-2204060752, Ү-2204060748, Дамдин овогтой Билэгсайханы нэр дээр улсын бүртгэлийн дугаар Ү-2204060759, Ү-2204060757, Ү-2204060754, Ү-2204060756, Батзундуй овогтой Батнарангийн нэр дээр улсын бүртгэлийн дугаар Ү-2204061885, Ү-2204060760 тус тус бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл буюу гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

“Люкс нью проперти солюшн” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт үл хөдлөх эд хөрөнгүүдэд хориг тавих хүсэлт, өмчлөх эрхээ бүртгүүлэх мэдүүлэг гаргасан байх бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө” гэж заасны дагуу дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг бүртгэсэн бүртгэл хүчинтэй байхад мэдүүлгүүдийг хүлээн аваагүй нь энэхүү хуулийн заалтад нийцсэн байна.  

Харин эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгч хуулийн этгээд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу мэдүүлэг болон холбогдох баримтуудыг хавсарган өгч, хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлэх эрх нээлттэй тул 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан мэдүүлгийг хүлээн аваагүй нь хариуцагчийн хууль бусаар татгалзсан үйлдэл гэж үзэх боломжгүй юм.   

Эрхийн улсын бүртгэлийг хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн бол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулахаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасны дагуу дээр дурдсан Улсын бүртгэлийн ерөнхий газар 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 3/1314 дүгээр албан бичгээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан байх тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгоогүй нь хуулийн энэхүү зохицуулалтыг зөрчөөгүй байна.  

Иймд “Люкс нью проперти солюшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Вонг По Юиен Франкие / Mr.Wong Po Yeun Frankie /-ийн гаргасан “хууль бус бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзаж буй хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч компанийн нэр дээр олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Энэхүү шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд “Болдган ББСБ” ХХК, “Чингисхаан банк” ХХК, “Хас банк” ХХК-иудын барьцааны гэрээ хууль тогтоомжид нийцсэн эсэх барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаалагчийн эрх, үүргийн  талаар дүгнэлт өгөөгүй болно. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.6, 7.7, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Люкс нью проперти солюшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Вонг По Юиен Франкие /Mr.Wong Po Yeun Frankie/-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Н.Даваанямын нэр дээр улсын бүртгэлийн Ү-2204060655, Ү-2204061886, Ү-2204060653, Ү-2204060652, Ү-2204060651, Ү-2204060716, Ү-2204060720, Ү-2204060722, Ү-2204060719, Ү-2204060747, Ү-2204060746, Ш.Хасбатын нэр дээр улсын бүртгэлийн Ү-2204060750, Ү-2204060751, Ү-2204060752, Ү-2204060748, Д.Билэгсайханы нэр дээр улсын бүртгэлийн Ү-2204060759, Ү-2204060757, Ү-2204060754, Ү-2204060756, Б.Батнарангийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2204061885, Ү-2204060760 дугаарт тус бүр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл болон гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг “...хууль бус бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзаж буй хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч компанийн нэр дээр олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч “Люкс нью проперти солюшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Вонг По Юиен Франкие /Mr.Wong Po Yeun Frankie/-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.САЙХАНТУЯА