Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/76

 

О.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

шүүгдэгч О.Г-ы өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/219 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Г-ы гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2207 00284 0207 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн О-ийн Г, 1996 оны ... дугаар сарын ...-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “М” ХХК-д сэрээт хэрчигчийн оператор ажилтай, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Налайх дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/900 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 11 сар 3 хоногийн хорих ялыг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 141 дугаар захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж байсан;

О.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” цахим тоглоомын газраар үйлчлүүлж байсан Ц.Э-тай хэрүүл маргаан үүсгэн нүүрэн тус газарт нь гараараа 3-4 удаа цохиж, улмаар тухайн тоглоомын газраас гарган нүүрэн тус газарт нь 3 удаа хөлөөрөө өшиглөсний улмаас хохирогч Ц.Э-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд, доод уруулд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар: О.Г-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овгийн О-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Э нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Г давж заалдах гомдолдоо: “...Би “М” ХХК-д сэрээт хэрчигчийн оператороор ажилладаг. Үүнтэйгээ холбоотойгоор шүүх хуралдаанд нийтэд тустай ажил хийлгэх ялаас өөр төрлийн ялаар шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн боловч шүүх надад 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь миний хувьд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх үндэслэл болоод байна. Учир нь миний одоо ажиллаж буй ажил байнгын ажлын цагаар ажиллахыг шаарддаг бөгөөд манай гэрт надаас өөр ажил хийдэг хүн байхгүй. Өр зээлтэй байгаа зэргийг минь шүүх харгалзаж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл л оногдуулах ёстой байтал миний урьд өмнөх алдаа оноог минь дэнсэлчихээд намайг шууд л муу хүн мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би урьд нь алдаа хийснээ маш сайн ойлгож байгаа. Түүнээсээ ч болоод их хэмжээний өрөнд орж, өндөр настай ээжийгээ асрах, ар гэрээ авч явах, оюутан дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөх зэрэг олон ачааг өөр дээрээ авч яваа, ахин өмнөх шигээ шоронд орохгүй гэж хичээж зүтгэж байгаа жирийн л нэг залуу. Гэвч шүүх хуралдаан дээр прокурор, шүүгчдийн хэлж буй нөхцөл, хэлэмж ерөөсөө намайг гэмт хэрэгтэн гэж харж тайлбарлаж, намайг л өндөр ял шийтгэл оногдуулахгүй бол болохгүй мэтээр тайлбарлаж байсан нь хүний эрхийн хувьд ч шударга шийдвэр гаргасан гэж үзэхгүй байна. Хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тус маргаан үүссэн шалтгаан бол хохирогчийн илтэд буруутай үйлдэл гэдэг нь хэрэгт цугларсан материал болон гэрчүүдийн мэдүүлэг, бүр шүүх хуралдаан дээр хохирогч надтай зодолдсон гэдгээ ч хэлсэн. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчтой зодолдсоныхоо төлөө ямар нэгэн шийтгэл аваагүй гэдгийг сонсоод өнөөдрийг хүртэл шударгаар шүүлгэх гэж итгэж явсан хүний хувьд гомдолтой байна. Чухамдаа хохирогч миний гарал угсаа, ноорхой хувцастайгаар минь доромжлоогүй бол тус маргаан үүсэхгүй л байсан. Гэвч шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзалгүйгээр шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, надад оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ял, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч О.Г-ы өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулдаг зохицуулалттай. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Ял шийтгэлийн хувьд торгох ял, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах бүрэн боломжтой байсан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасан. Учир нь, миний үйлчлүүлэгч “М” ХХК-д ажилладаг. Хэрвээ нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж эхлэх юм бол тухайн ажлаасаа гарах, чөлөөлөгдөх асуудал үүсч байгаа. Миний үйлчлүүлэгчийн ажил бол байнгын ажлын байр, 40 цагаар 5 хоногтоо байнга ажиллах шаардлага гардаг. Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлээд эхэлбэл энэ ажлаасаа чөлөө байнга авна эсвэл 1-2 сарын хугацаанд ажлаасаа чөлөө авах шаардлага гарна. Үйлчлүүлэгчийн хэлж байгаа шиг өр зээлтэй, гэр бүлээсээ ганцаараа ажил хийдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзах юм бол давхардуулан миний үйлчлүүлэгчид хүнд ял шийтгэл оногдуулж байна. Эрх зүйн байдал хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан шийдвэр гаргаж байна гэдэг гомдол гаргасан. Үүнийг ч гэсэн өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байгаа. Харин зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулснаар ямар үр дагавар үүсэх вэ гэхээр  миний үйлчлүүлэгч хөдөлмөрлөөд цааш явах боломжтой. Зорчих эрхийн хэмжээ хязгаараас холдохгүй явах боломж үүсч байгаа. Торгох ял шийтгэлийн хувьд ажлаа хийгээд олсон орлогынхоо тодорхой хувь тогтоосон хэмжээг төлөөд явах бүрэн боломжтой. Хууль зүйн хувьд шүүх хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж шийдвэр гаргасан нь боломжгүй байна. Тийм учраас өөр ял шийтгэлээр сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг байгаа. Шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Шүүхийн энэ шийдвэр шударга ёсны зарчмын дагуу эрүүгийн хариуцлагын зорилтод нийцсэн ял байна гэж үзэж байгаа. Учир нь, шударга ёсны зарчим нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй гэж заасан байдаг. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг гаргаж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн:

хохирогч Ц.Э-ын: “...Интернэт тоглоомын газарт тоглож байтал О.Г архи үнэртүүлчихсэн, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд намайг тоглоод сууж байх үед ард намайг өдөөд зогсоод байсан. Тэгэхээр нь би эргэж хараад “Ажлаа хийж байна” гэтэл шоолоод инээгээд зогсоод байхаар нь “Чи ямар гайтай юм бэ, хүн зүгээр тоглуулаач, цаашаа зайл” гэж хэлэхэд өөдөөс уурлаад миний араас зүүн талын шанаа руу нэг удаа цохихоор нь уур хүрээд бостол намайг дахин заамдаж аваад толгой руу цохисон. Би зөрүүлээд нэг цохитол тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. О.Г цаашаа яваад өгөхөөр нь би үргэлжлүүлээд тоглож байтал буцаж ирээд миний толгой хэсэг рүү цохисон. Би дахиад бостол “Чи намайг цохидог хэн бэ, гараад ир” гээд байхаар нь “Чи ямар ядаргаатай юм бэ, зүгээр гар” гэж хэлэхэд намайг заамдаж байгаад дахин нүүр, толгой хэсэг рүү цохисон. Бид хоёр зууралдаж байгаад интернэт тоглоомын газрын үүдэнд гартал уруул хэсэгт хоёр удаа өшиглөсөн. ...” /хх 6/,

гэрч М.Т-ын: “...Ц.Э тоглож байтал О.Г ах ард нь зогсоод харж байсан. Хэсэг байж байснаа гэнэт тэр хоёр хоорондоо хэрэлдээд эхэлсэн. ...Ц.Э зүүж байсан чихэвчээ тайлаад босох хооронд нь дахиад толгой руу нь цохиод байсан. Ц.Э босоод иртэл О.Г ах дахиад тонгойлгож байгаад нүүр рүү нь доороос өлгөөд хэд хэдэн удаа цохисон. ...О.Г гадаа тамхи татчихаад орж ирээд Ц.Э дээр очоод дахиад толгой руу нь 2-3 удаа цохиод “Чи миний өөдөөс гар далайдаг хэн бэ” гээд чирээд цахим тоглоомын газрын үүд рүү гарсан. Чирч үүдэнд гаргасны дараа О.Г ах Ц.Э-ын нүүр рүү нь хоёр удаа цохиод, тонгойхоор нь нүүр рүү нь 3 удаа өшиглөсөн. ...” /хх 13/,

хэрэг болсон “Х” тоглоомын газрыг ажиллуулдаг гэрч Д.Б-ын: “...“Х” цахим тоглоомын газарт О.Г гэх залуу Ц.Э-тай хоорондоо муудалцаж, түүнийг цохиж зодсон асуудал гарсан. Тэд ямар учраас хоорондоо муудалцсан талаар би сайн мэдэхгүй байна. ...” /хх 17/

шүүгдэгч О.Г-ы: “...“Х” цахим тоглоомын газарт би өмнөх өдөр нь архи уучихсан учир шартсан байдалтай орсон. ...Ц.Э-ын ард зогсоод, тоглоомыг нь хараад зогсож байсан. Гэтэл намайг “Ямар аймар архи үнэртдэг юм бэ” гээд доромжилсон. Тэгэхээр нь би өөдөөс нь уурлаад маргалдсан. Ц.Э уурлаад босоод ирэхээр нь бид хоёр цамцныхаа энгэрээс барилцаж авсан. Гэтэл миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Би биеэ хамгаалаад зөрүүлээд цохиод, үргэлжлүүлээд бид хоёр цохилцсон. ...” /хх 37/ гэсэн мэдүүлгүүдээр О.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цахим тоглоомын газарт үйлчлүүлж байсан Ц.Э-тай маргаан эхлүүлж, улмаар хохирогчийн халдашгүй байдалд халдан түүнийг түрүүлж цохьсон бөгөөд улмаар түүнийг зодсон байх бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ц.Э-ын эрүүл мэндэд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 384 дугаар дүгнэлтэд /хх 19-20/ дурдагдсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд доод уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд О.Г-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Хэдийгээр харилцан зодолдсон талаар шүүгдэгч, хохирогч хэн аль нь мэдүүлсэн байх боловч шүүгдэгч О.Г нь цахим тоглоомын газарт үйлчлүүлж байсан хохирогч Ц.Э-ыг өдөөн хатгаж маргааныг эхлүүлсэн, хохирогчийг түрүүлж цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг тохирно гэж үзэн сонгон хэрэглэж, уг ялын доод хэмжээгээр буюу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүх аливаа шийдвэр гаргахдаа хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтад үндэслэх ёстой бөгөөд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан “...их хэмжээний өртэй, ...өндөр настай ээжийгээ асардаг, ...оюутан дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлдөг...” зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул түүнд оногдуулсан ялыг бусад төрлийн ялаар солих үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилсан бөгөөд давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, эсхүл өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээ олгогдсон буюу шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх эрхгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зорчих эрхийг хязгаарлах ял нь хүний халдашгүй чөлөөтэй байх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчин явах эрх, эрх чөлөөг хязгаарладаг онцлогтой тул нийтэд тустай ажил хийлгэх ялтай харьцуулбал хүнд төрлийн ялд тооцогддог тул шүүгдэгч О.Г-ы гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн боломжгүй юм.

Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэх агуулга бүхий шүүгдэгч О.Г-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/219 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/219 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Г-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ